Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 00324

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Хохирогч Н.А,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай ирүүлсэн Б.У-т холбогдох эрүүгийн 1838000000371 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.У.

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг “Хув” гэх газар иргэн Н.А-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг “Хув” гэх газар иргэн Н.А-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол буюу баруун атгаалж чөмөгний толгойд хугарал бүхий гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би үснээс нь зулгаагаад доошоо суугаад хойш нь түлхэхэд өтгөн дээр унасан. ...Тэгээд би нөхөртэй нь хэдэн үг солиод эхнэрээс нь уучлал гуйгаад би таны гарыг хугалах юм болоогүй гэж хэлсэн. Хугарчихсан л гээд байсан, тэгээд би гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Хохирогч Н.А-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед ...У хүрч ирээд ...миний үснээс зулгааж хойшоо татаад ...газарт байсан гишүү модоор гарын булчин дундуур цохихоор нь чи яагаад ээж шигээ хүнийг дээрэлхэж байгаа юм бэ гэж хэлсэн чинь миний баруун гарыг хойш нь мушгиж дараад намайг түлхээд унагаасан” гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 513 дугаартай:

1.2. Н.А-н биед баруун атгаалж чөмөгний толгойд хугарал, баруун тохойн үенд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох, гарын тохойн үеэр хүчтэй мушгих зэрэг үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна.

4. Н.А-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

       Хохирогч Н.А нь шүүгдэгч Б.У-тэй 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд шүүгдэгч Б.У нь хохирогч Н.А-д нийт 850.000 төгрөгийн хохирол төлбөр өгөхөөр тохиролцсоноос 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр оношлогоо, эмчилгээ, эм тариа, унаа тээврийн зардалд 550.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн, үлдэх 300.000 төгрөгийн хохиролд шүдлэн үхэр 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцож, дээрх хэргийн улмаас учирсан хохирол, гомдлын талаар эвлэрч, хохирогч Н.А нь цаашид дээрх үлдэгдэлтэй холбогдуулж ямар нэгэн хохирол, гэм хорын хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, санал гомдолгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.У-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.У нь шүүх хуралдаанд хохирогч Н.А-д шүдлэн үхэр өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч 300.000 төгрөгийг бэлнээр хохирогчид өгсөн, одоо 1 тооны ямаа өгнө гэж байх тул хохирогч Н.А нь 1 тооны ямааг үнэлүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.У-с нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.У нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн 1838000000371 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      4. Эрүүгийн 1838000000371 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.А нь 1 тооны ямааг үнэлүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.У-с нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.НЯМСҮРЭН