Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 494

 

Ш.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Очбадар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр магадлалтай, Ш.Э-д холбогдох 20390000200007 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар, Б.Болортунгалаг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, эрэгтэй, 47 настай, боловсролгүй, урьд ял шийтгэлгүй, М овогт Ш.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Э-г хүнийг алах гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-г 11 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-д оногдуулсан 11 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх нийт ялын хэмжээг 11 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-н сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэм хор учруулсны төлбөр буюу 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Очбадар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Очбадар нар хамтран гаргасан гомдолдоо “...шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн Ц.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн сэдэлт, санаа зорилгыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй. Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч Ц.А-с “Ш.Э таныг санаатай гараа далайж байгаад цохисон гэж үзэж байна уу, санамсаргүй цохисон юм уу" гэсэн асуултанд “санамсаргүй цохисон” гэж мэдүүлсэн. Түүнчлэн Ц.А-ны мэдүүлгүүдийг үнэлэхэд талийгаач Б.М, шүүгдэгч Ш.Э нарыг гэрийн зүүн урд хэсэгт ноцолдож байхад нь дундуур нь орж салгах гэж байгаад гарт нь санамсаргүй өртөж, эрүүл мэндэд нь хохирол учирсан гэх хангалттай үндэслэл тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно" гэж заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж гэм буруутайд тооцож ял оногдуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Үүний зэрэгцээ яллагдагч Ш.Э, хохирогч Ц.А-ы биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээтэй тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай. Учир нь шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй үйлдэгдээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Хохирогч Ц.А-ы духны дунд хэсэгт 1,2x0,7 см улаан хүрэн өнгийн зах ирмэг тэгш шарх үүссэн байхад эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл тогтоогдлоо гэж шинжээч эмч Б.О дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй тул дахин дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилгыг бүрэн тогтоогоогүй. Шүүгдэгч Ш.Э, хохирогч Ц.А нарын мэдүүлгүүдэд дүн шинжилгээ хийхэд гэрийн зүүн урд хэсэгт гал тогооны шүүгээн дээр Ш.Э талийгаач Б.М нар урд урдаасаа харсан байрлалтай ноцолдож, тэмцэлдэх үедээ гараараа тэмтрэн хутга авч хутгалсан нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.6 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоож чадаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн гэж үзэж байна. Учир нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Түүнчлэн гэрч нарын мэдүүлгүүдээс харахад гэмт хэрэг ямар сэдэлтээр үйлдэгдсэн, яаж үйлдэгдсэн, ямар байдалтай байхад нь хутга авч хэрхэн хутгалсан болохыг хангалтай нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоосноор хэргийг нөхцөл байдал бодитой тогтоогдож хэргийг бодитой зөв зүйлчлэн үндэслэлтэй дүгнэлт хийж ял шийтгэл халдаах байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Хэргийн материалыг шинжлэн судлахад шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, ёс бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үндэслэл муутай дүгнэлт хийж, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Тиймээс шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах нь зүйтэй” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч А, шүүгдэгч Ш.Э нарын мэдүүлэг болон бусад нөхцөл байдлуудаар болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогддог. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн тухайд хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэдэг. Гэтэл хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ илчилж цагдаагийн байгууллагад мэдээлсэн нөхцөл байдал байгаа. Ш.Э-н хувьд хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан. Хэрэг үйлдэгдэх үед байсан гэрчийн мэдүүлгээр хохирогч Ш.Э-н дээр гарч зодсон үйлдэл гаргасан болох нь нотлогддог. Хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд хохирогч Ш.Э-н өмнөөс ямар үйлдэл гаргасан, ямар нөхцөл байдал үүссэн болох нь хангалттай харагддаг. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдыг санаатай алсан гэж зүйлчлэх нь зүйтэй юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Б.Очбадар өмгөөлөгчтэй санал нэг байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч Ш.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн. Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Э нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Ногоон мод” гэх газар өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нуруун тус газарт хутгалж алсан, Ц.А-н толгойн тус газарт нь цохиж биед нь хүнд гэмтэл учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүхээс Ш.Э-н дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээр тус тус зүйлчилж, гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс “шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хохирогч Ц.А-н биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй” гэх үндэслэлүүдийг дэвшүүлж, хэргийг прокурорт буцаалгахыг хүссэн гомдлыг хяналтын шатны шүүхэд хамтран гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхойлсон тул өмгөөлөгчдийн хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг дахин шалгах, тогтоохтой холбоотой гомдлын хэсэг нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг нэрлэн заасан байх бөгөөд эдгээрийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчилдөг боловч өмгөөлөгчдийн гомдолд дурдсан үндэслэлүүд нь дээрх тохиолдлуудын алинд нь ч хамаарахгүй байх тул шинжээчийн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг үнэлж гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл, ял хөнгөрүүлэх нөхцөл, учирсан хохирол, төлбөр төлөгдсөн байдал зэргийг харгалзан хүнийг алах гэмт хэрэгт оногдуулах наймаас арван таван жил хүртэл хугацаатай хорих ялаас арван нэгэн жилийн хорих ялыг сонгож шүүгдэгчид оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, хэргийн нөхцөл байдалтай харьцуулахад хүнд биш ял гэж үзнэ.  

 

Нөгөөтэйгүүр өмгөөлөгчдийн гаргасан ял шийтгэлийг хөнгөрүүлэхтэй холбоотой гомдлын хэсгийн үндэслэл болсон хохирогчийн хууль бус үйлдэл, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүх дээрх үндэслэлүүдээр дахин хөнгөрүүлэх шаардлагагүй болно.

 

Мөн өмгөөлөгчдийн зүгээс шүүгдэгч Ш.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгын асуудал дээр маргасаар ирсэн байх боловч анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар Ш.Э нь хохирогч Ц.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоосон байх бөгөөд хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсэн атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа гэм буруугийн санаатай хэлбэр нь болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг бөгөөд Ш.Э, Ц.А нарын хооронд өрнөсөн маргаан зодооны улмаас Ц.А-н духанд үүссэн шарх, гэмтлийг болгоомжгүй учруулсан хэмээн шат шатны шүүхэд маргаж буй өмгөөлөгчдийн гомдол үндэслэл муутай, учир шалтгааны холбоос нотлогдоогүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Очбадар нарын “хэргийг прокурорт буцаалгах” талаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Очбадар нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

           ШҮҮГЧ                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН