“Б г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,
Шүүгчид: Г.Банзрагч,
Х.Батсүрэн,
Б.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: М.Батсуурь,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Б г” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “Б г” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0529 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 598 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- ийг оролцуулан,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0529 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 42 дугаар зүйлийн 42.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д тус тус заасныг баримтлан “... Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “Б г” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “Б г” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий “Б г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 598 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0529 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “заасныг тус тус баримтлан “Б г” ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “... Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “Б г” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “Б г” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г хяналтын гомдолдоо: “... Нэг. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: 1.1. “Б г” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар, түүнийг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговрын асуудлаар Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн ... заалтыг хэрэглэнэ.” гэж; Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна.” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““газар” гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг” хэлэхээр; Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ.”; Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж; Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж тус тус заасан.
- Дээрх хуулиудын зорилт, зохицуулалтаас үзэхэд хөрснөөс доош, газрын хэвлийн хэсэгтэй холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиудаар зохицуулж байх бөгөөд “Б г” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлын илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль байна. Энэ хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэжээ.
- Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр ... ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” гэж; Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д “...Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна.” гэж; мөн Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг тооцож олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн сайд, тухайн шатны Засаг дарга нарт даалгасугай.” гэж тус тус заасан. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй байдаг.
- 1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл... сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэж заасан байдаг. Газрын тухай хууль 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, Ашигт малтмалын тухай хууль 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс, тус хуулийн холбогдох хэсгүүд болох 14 дүгээр зүйлийн зарим заалт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эдгээр илүү нарийвчилсан, сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэлгүй, Газрын тухай хуулийг хэрэглэн шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.
- Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй талаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “захиргааны эрх бүхий байгууллагаас маргаан бүхий газрыг ашиглах эрхийг 2017 онд газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр нэгэнт дуусгавар болгосон, үүнтэй холбоотой нэхэмжлэгч шүүхэд маргаан үүсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад 2018 онд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан Засгийн газрын тогтоолд нийцүүлэн нөхөх олговор олгох нь хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.” гэж дүгнэсэн байна.
- Энэхүү дүгнэлтээс үзэхэд 2017 онд дуусгавар болсон байхад 2018 оны тогтоолыг үндэслэн нөхөх олговор олгох үндэслэлгүй гэж ойлгогдож байна. “Б г” ХХК-ийн ашигт малтмал ашиглах зориулалттай газрыг Монгол Улсын Засгийн газар 2015 оны 487 дугаар тогтоолоороо улсын тусгай хэрэгцээнд авсан. Нийслэлийн Засаг дарга 2017 онд газрыг цуцалсан. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга улсын тусгай хэрэгцээнд 2 жилийн өмнө авагдсан байсан газрыг цуцалсан. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээс үзэхэд “Б г” ХХК-ийг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж байгаа газаргүй байсан мэтээр дүгнэсэн байна. Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоол гарах үед “Б г” ХХК нь газар ашиглах эрхтэй байсан болно.
- Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
- Нэхэмжлэгч “Б г” ХХК нь “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “Б г” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “Б г” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдэл зөв боловч эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
- Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхүүдийн дүгнэсэнчлэн: Нэхэмжлэгч “Б г” ХХК нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлах 163.24 га талбай бүхий MV-013869А дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зориулалтаар 2008 оноос хойш эзэмшиж байсан; Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар “... ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй ...” гэсэн үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч этгээдийн тусгай зөвшөөрөл багтсан; дээрх А/609 дүгээр захирамжийг эс зөвшөөрч (өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар) Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/0588 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн; үүнээс өмнө Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоолоор “Улаанбаатар хот-Хөшигтийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны зам” барих зорилгоор зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авсны дотор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбай багтсан зэрэг үйл баримт тогтоогджээ.
- Хэдийгээр нэхэмжлэгч нь Монгол Улсын Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоолын 3 дахь заалт буюу “Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг тооцож олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Зам тээврийн сайд М.Зоригт, тухайн шатны Засаг дарга нарт даалгасугай” гэснийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч шүүхүүдийн дурдсанчлан Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглагч гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан Засаг даргын захирамж, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээд биш; харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ““түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг;”, 4.1.9-д ““уурхайн талбай” гэж энэ хуулийн 4.1.7-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;” 4.1.12-т ““түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглах эрх авсан хуулийн этгээдийг;” гэж тус тус зааснаар түгээмэл тархацтай ашиг малтмал олборлох зорилгоор ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр талбай эзэмшигч этгээд тул тухайн харилцаанд илүү нарийвчилсан зохицуулалттай Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэх учиртай.
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд хэрхэх талаар зохицуулаагүй байх ба мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаар маргаанд Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг хэрэглэнэ; Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авч, тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол уг шийдвэр гаргасан байгууллагаас нөхөх олговрыг шаардах эрхтэй талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ хуулийг хэрэглээгүй нь буруу гэж гаргасан гомдол үндэслэлтэй боловч тухайн хуулийг хэрэглэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих захиргааны акт гаргахыг даалгах шийдвэр гаргахад захиргааны байгууллагын эс үйлдэхүй (татгалзал) хууль бус болох нь тогтоогдож байхын зэрэгцээ холбогдох захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд биелүүлэх боломжтой байх ёстой; өөрөөр хэлбэл, “даалгах” шүүхийн шийдвэр нь “хүчингүй болгох”, “илт хууль бус болохыг тогтоох” (эрх зүйн үйлчлэлгүй болгох) шийдвэрээс ирээдүйд хандаж, захиргаанд “үүрэг” болгох онцгой төрлийн шийдвэрийн хувьд захиргааны байгууллага шүүхийн шийдвэр биелүүлснээр хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчих эрсдэлд орохгүй байх нь хууль ёсны зарчимд нийцнэ.
- Энэхүү тохиолдлын тухайд, хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоол батлагдах үед нэхэмжлэгчийн эзэмшиж байсан MV-013869А дугаартай тусгай зөвшөөрөл хүчинтэй (Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар дуусгавар болсон) байсан ч шүүхэд нэхэмжлэл гаргах үед хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон; Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр ... ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг ... тусгай хэрэгцээнд авсан ... ” тохиолдолд нөхөх олговрыг олгохоор заасан тул шүүх “нөхөх олговортой эргүүлэн авах гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй; энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдол няцаагдах бөгөөд шүүхүүдийн шийдэл зөв юм.
- Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд заасан газар эзэмшигч, ашиглагч биш гэсэн атлаа хэрэглэх ёсгүй Газрын тухай хуулийн холбогдох заалтыг маргаанд хэрэглэсэн; давж заалдах шатны шүүх мөн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, Газрын тухай хуулийн хүрээнд дүгнэлт өгсний зэрэгцээ хянавал хэсэгтээ “хэрэгт ач холбогдолгүй хуулийн заалт хэрэглэсэн” гэсэн үндэслэл дурдаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч шийдвэрийн тогтоох хэсгийн баримталсан хуулийн заалтыг хөндөөгүй; анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг залруулаагүй байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
- Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж жинхэнэ хариуцагчийг татан оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино”, 25.2-т “Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна” гэж заасныг зөрчсөн боловч энэхүү үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх шаардлага байхгүй, алдааг давтахгүй үүднээс дурдах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0529 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 598 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б г” ХХК-ийн “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “Б г” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “Б г” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ