Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 06

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би иргэн Г.Батбаярын “Улаангом сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Улаангом сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай“ шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг дарга Ц.Пүрэвжавд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч иргэн Г.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Намайг 2016 оны 4 дүгээр сард Улаангом сумын Засаг даргын шийдвэрээр тус сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ба уг албан тушаалыг хашиж эхэлснээс хойш хуульд заасан болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг ямар нэгэн асуудал гаргахгүйгээр, хууль журмын дагуу өөрийн чадал, эрдэм оюуныг зарцуулан ажиллаж байсан. Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газар нь 260 гаруй сая төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагаа явуулдаг төсөвт байгууллага бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар төсвийн шууд захирагчийн үүргийг би гүйцэтгэж байсан. Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг нь надад ээлжийн амралтын хуудас олгож, түүний дагуу ээлжийн амралтаа биеэр эдэлж байх хугацаанд надад урьдчилан мэдэгдэхгүйгээр хийж гүйцэтгэж байсан албан тушаалаас шууд чөлөөлсөнд гомдолтой байна. Уг албан тушаал нь Төсвийн тухай хуульд зааснаар төсөвт байгууллагын даргад хамаарах тул Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалт явагдсанаар шалгарсан иргэн нь томилогдох байтал энэ журмыг үл хайхран улс төрийн шалтгаанаар чөлөөлсөн гэж үзэж байна. Би хэдийгээр өөрөө уг журамд зааснаар томилогдоогүй боловч миний урьд уг албан тушаалыг хашиж байсан дарга Ё.Мөнхзул нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвших болсонтой холбоотойгоор түүнийг чөлөөлж, уг газарт хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байсан намайг томилсон. Энэ тохиолдолд би өөрөө дарга больё гээгүй ба эрх бүхий албан тушаалтан томилсны дагуу уг ажлыг хийж байсан, хэрэв томилогдоогүй байсан бол би урьд эрхэлж байсан үндсэн ажлаа хийгээд явж байх байсан. Гэтэл намайг дарга болгосноор миний үндсэн ажилд өөр хүн томилогдсон ба харин одоо намайг даргын ажлаас чөлөөлөхдөө намайг ямар нэгэн ажлын байраар хангаагүй, ямар нэгэн тэтгэмж байхгүйгээр үл барам миний хөдөлмөрлөх эрхийн харилцаа Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд зааснаар зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учраас уг эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Намайг чөлөөлсөн шийдвэрийг надад танилцуулахдаа сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн авч одоо хүртэл өгөөгүй, ер нь үүрэг гүйцэтгэгч байсан тул чөлөөлөгдсөн ч гэсэн хууль үйлчлэхгүй гэсэн байдлаар хандаж байгаад гомдолтой байна. Төрд ажиллах этгээд нь холбогдох ямар нэгэн шалгуурыг хангасан бол адил тэгш эрхтэйгээр орж ажиллах эрхтэй гэж би иргэн хүний хувьд ойлгож байгаа, үүрэг гүйцэтгэгч хийж байсан намайг оролцуулаад дээрх журамд зааснаар сонгон шалгаруулалтыг явуулаад түүнээс томилгоо хийсэн бол би нэхэмжлэл гаргахгүй байсан, хамгийн гол нь ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх шууд зөрчигдөж, ээлжийн амралттай байх хугацаанд шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэж байна. Улаангом сумын Засаг даргын 2016 оны А/233 дугаар захирамжаар миний ээлжийн амралтыг 2016 оны 9 сарын 5-аас олгосон шийдвэр 2016 оны 8 сарын 31-нд гарсан. Ингэхдээ Маршал Ю.Цэдэнбалын ойн арга хэмжээний үеэр ажилдаа буцаж ор гэснээр би ээлжийн амралтаа бүрэн эдэлж чадаагүй ба ажиллаж байгаад 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн 15 хоног амарч 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн 15 хоног амарч 2016 оны 11 сарын 15-нд ажилдаа орох байсан. Энэ хоорондох цалин, ээлжийн амралтын олговор хэрхэн яаж зохицуулагдаж бодогдсоныг ойлгоогүй ба дараа болох биз гэсэн байр суурьтай байтал ийн ажлаас чөлөөлөгдсөн юм. Иймд “Улаангом сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Г.Батбаярыг ажлаас чөлөөлөх тухай Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Улаангом сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтох 2017 оны 02 сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Г.Батбаяр нь танай шүүхэд хандан “Улаангом сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Улаангом сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид аль аль нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч нь одоогоор Улаангомд байхгүй ба итгэмжлэгдсэн төлөөлөгч надад итгэмжлэлээс татгалзах эрхийг ЗХШХШТХ-ийн агуулгаар олгогдсон, татгалзалтай холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргахгүй, дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргахгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Г.Батбаяр нь “Улаангом сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Улаангом сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтох нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзснаа илэрхийлэн шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байна. 

    2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч  өөрийгөө шүүхэд төлөөлөх  эрхийг Ж.Эрдэнэтогтоход итгэмжлэлээр олгосон байгаа ба энэхүү итгэмжлэлийн үнэн зөвийг нотариатч гэрчлэн баталгаажуулжээ. Нэхэмжлэгч уг итгэмжлэлээр  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтоход нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төлөөлж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн бүх эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхүүдийг олгосон байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлд зааснаар нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

       1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Г.Батбаярын “Улаангом сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Улаангом сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 , 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ОЮУНГЭРЭЛ