Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-т холбогдох эрүүгийн 1838006520340 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Б.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикль жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан мотоцикльтой мөргөлдөж иргэн Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикль жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан мотоцикльтой мөргөлдөж иргэн Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би Мөрөн сумын чиглэлээс “Хүүшийн булан” гэх газар руу мотоцикльтой 2 нас 2 сартай охиноо урдаа суулгаад гүүр орох шороон замаар явж байсан чинь урдаас мотоцикльтой миний найз С байна гэж хараад инээгээд тэр залуу руу толгойгоо дохиод мотоциклийнхоо хүрдийг тэр залуугийн мотоцикль руу хальт дарсан чинь тэр залуугийн мотоцикьтой мөргөлдөөд хоёр тийшээ унацгаасан. Би С байна гэж харсан залууг харахад андуурсан байна лээ. Тэр залуугийн зүүн гар нь бэртээд их хэмжээгээр цус гарч байгаа харагдахаар нь би цагдаад дуудлага өгсөн. Мөн тэр залуу ар гэрийнхэнтэйгээ яриад эмнэлэг рүү дуудлага өгөөд удалгүй түргэн ирээд тэр залуу яваад өгсөн. Их л хурдан болж өнгөрсөн. Би бага зэрэг архи уусан байсан юм. Тэрэндээ жаахан халсан байсан учраас С байна гэж андуурч харсан байна. Миний урдаас ирж явсан мотоцикль их хурдан явж байсан. Миний мотоцикль бол 40 миллээс дээш хурдтай яваагүй. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байсан. ...Би Мөрөн рүү “Хилэнт”-ийн гүүрээр гараад шороон замаар явж байсан чинь урдаас нэг мотоцикльтой хүн явж байснаа гэнэт даялаад хөндлөн ороод ирсэн. Тэгэхээр нь мотоциклийнхоо тоормосыг гишгэтэл мотоцикль маань тэр мотоцикльтой мөргөлдөөд газарт унасан. Тэгээд босох гэтэл миний зүүн гараас цус гоожоод мэдээгүй болчихсон. Тэгсэн нөгөө мотоциклийн жолооч араараа нэг жаахан хүүхэд суулгаж явсан. Тэр охин нь зүгээр байсан. Би тэр залуугаас “чи яаж байна аа, чи мотоцикль барьж чаддаггүй юм уу” гэхэд “юу гээд хуцаад байгаа юм бэ, би арав гаруй жил мотоцикль барьж байна” гээд байсан. Тэгээд тэр залуу хэлэхдээ “би найзтайгаа андуураад мотоциклийн чинь урдуур орчихлоо, уучлаарай” гэсэн. Тэр залуу согтуу байсан. Миний гар их гэмтсэн учраас би хот орж гэмтлийн эмнэлэгт гарандаа төмрөөр бэхэлгээ хийлгүүлсэн. Одоо их өвдөж зовиурлаж байна. Надад тэр Б гээд залуу 500.000 төгрөг л өгсөн. Одоо эмчилгээ хийлгүүлсэн зардлаа гаргуулж авмаар байна. Мөн цалингаа гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байсан. Манай төрсөн дүү Б нь Цагаан бургастын даваанаас мотоцикльтой Мөрөн сумын чиглэлд гарч Хилэнтийн гүүр гараад шороон замаар явж байгаа мотоцикльтой мөргөлдөж гар нь гэмтсэн. Би хэргийн газар очиход манай дүүг эмнэлгийн тэрэг аваад явж байсан. Дүүгээсээ юу болсон талаар асуухад эсрэг талд явж байсан мотоцикльтой хүн гэнэт урдуур ороод ирсэн гэж ярьж байсан. Харин нөгөө залуу нь би найзыгаа гэж бодоод урдуур нь орчихлоо гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 412 тоот

1. Б.Б-н биед зүүн сарвууны 2,3,4,5 хуруу ясны хугарал, тархи доргилт, баруун чамархай, баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн дээд хэсэг, дунд хурууний хоёрдугаар үений доод хэсэгт шарх, долоовор хурууны хоёрдугаар үе, дотор хэсэг, баруун сарвууны дотор хажуу хэсэг, зүүн өвдөг, баруун өвдгөнд зулгаралттай, зүүн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 

3. Б.Б-н биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний явцаас хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 32 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.Батын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаартай:

  1. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн үед Мөрөн сумын нутаг “Хилэнт”-ийн гүүрний шороон замд хөдөлгөөнд оролцож Мустанг маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2а “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2 дугаар зүйлийн 2.7а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн”, мөн 1 дүгээр зүйлийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол үүсгэсэн гэж үзэв гэх дүгнэлт /ХХ-ийн 27 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын бүдүүвч зураг /ХХ-ийн 3-6 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 61 дүгээр хуудас/,

Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны хуудас /ХХ-ийн 59 дүгээр хуудас/,

      Эд хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 42, 47 дугаар хуудас/,

      Хохирогч Б.Б-н амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-ийн 66-68 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /ХХ-ийн 181 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838006520340 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Б-тай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хохирол төлөх гэрээ байгуулан 2018 оны 8 дугаар сарын 21-нд 500.000 төгрөг өгсөн, цаашид гарах эмчилгээний зардалд нийт 1.200.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 12-нд 250.000 төгрөг төлсөн, 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор 500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-нд 450.000 төгрөг төлөхөөр, шүүгдэгч М.Б нь дээрх гэрээний дагуу төлбөр төлөх хуваарийг зөрчсөн, төлбөрийг сайн дураараа төлөхгүй байх тохиолдолд иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч М.Б-аас 950.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнссэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 69-71 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 58 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б-н гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлын хувьд Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 415 тоот “М.Б-н биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /ХХ-ийн 37 дугаар хуудас/, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэх Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 73 дугаар хуудас/, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,  түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б-н эзэмшлийн хөх өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч М.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Б-т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

         5. Шүүгдэгч М.Б-н эзэмшлийн Мустанг-5 маркийн хөх өнгийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.    

 

         6. Эрүүгийн 1838006520340 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.  

 

         7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч М.Б-с 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.

 

         8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.НЯМСҮРЭН