| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0300/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/333 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Хохирогч Б.Э,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 1838007640364 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Б.
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвд байрлах иргэн Б.Э-н эзэмшлийн “Баян” нэртэй хүнс барааны дэлгүүрийн цоожийг эвдэн орж бэлэн 100.000 төгрөг, эд зүйл хулгайлж нийт 275.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвд байрлах иргэн Б.Э-н эзэмшлийн “Баян” нэртэй хүнс барааны дэлгүүрийн цоожийг эвдэн орж бэлэн 100.000 төгрөг, эд зүйл хулгайлж нийт 275.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Э ахын дэлгүүр орж пиво авахаар очтол дэлгүүр нь хаалттай гаднаасаа цоожтой байхаар нь хашаагаар нь дамжаад гэрээр нь орж авъя гэж бодоод гэрийнх нь үүдэнд очтол гэрийнх нь хаалга цоожтой байсан. Э ахын дэлгүүр гэртэйгээ залгаа байдаг. Би урьд нь тэднийд орж гардаг байсан. Тэдний гэрийн хаалгаар ороод баруун эргэхээр дэлгүүр рүү ордог хаалга байдаг юм. Гэрийнх нь хаалгыг эвдэж пиво авъя гэж шийдсэн. Тэгээд буцаж машин руу очоод овтерка аваад гэрийнх нь цоожийг хөштөл мултраад уначихсан. Тэдний хаалгаар ороод дэлгүүр рүү нь орсон. Дэлгүүрт ороод үүдэнд байсан нэг сагс 2.5 литрийн хэмжээтэй “Сэрүүн” пиво 2 ширхэг, 2.5 литрийн хэмжээтэй “Брат” нэртэй пиво авсан. Цаашаа дэлгүүрт нь ороод лангуун дотор нь сул мөнгө байхаар нь 5 ширхэг 500-тын дэвсгэрт авсан. Цаана нь бүхэл мөнгө, бутархай мөнгө үлдсэн. Би 20.000 төгрөг, ... ширхэг пиво аваад машиндаа хийгээд явсан. Өөр зүйл аваагүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ...орой 17 цагийн үед гэртээ буцаж ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн бололтой байхаар нь хартал хөшиж онгойлгоод буцаагаад цоожилчихсон байсан. Тэгээд цоожоо аваад гэр рүүгээ ороод дэлгүүр рүү оронгуут хураалттай байсан 2.5 литрийн хэмжээтэй “Сэрүүн”, “Брат” нэртэй пивонуудаас 4 сагс, 3 задгай пиво байсныг авсан байна. Нийт 27 ширхэг том пиво дутсан байсан. Мөн дэлгүүрийн лангуун доор касснаас 100.000 төгрөг авсан байсан. ...Тэгээд маргааш нь Г хэсгийн төлөөлөгч Б-г дагуулаад манай хашаанд очоод мөрийг нь үзтэл эхлээд би яалаа гэж танайд орох вэ дээ ах минь гээд байсан. Хэсэг байж байгаад над руу дөхөж ирээд за уучлаарай ах муухай юм боллоо, би танай дэлгүүрт орсон юм, архины халуунд ийм зүйл боллоо таны хохирлыг барагдуулж өгнө гээд байсан. Тэгээд өдөр 14 цагийн орчим 300.000 төгрөг өгөөд явсан” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-6 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 26 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Хохирогч Б.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч С.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838007640364 дугаартай хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1838007640364 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН