Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2020/00056

 

О-ын Т хэлтсийн

 нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, шүүгч С.У, Б.Б нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14ий өдрийн 142/ШШ2020/00264 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О-н Т-нн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

Татварын өр 130.300.669.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч, шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, прокурор Ц.М, нарийн бичгийн дарга О.М нар оролцов.

Нэхэмжлэгч О Тшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М ХХК нь Т хт 2641194 тоот регистрийн дугаартайгаар 2006 онд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн бөгөөд тус хуулийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу М ХХК нь татвар ногдох зүйл, албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж Т хт тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна. М ХХК нь суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын төрлөөр 581,878.8 төгрөгийн албан татварын өртэй, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын төрлөөр 30,079,095.6 төгрөгийн албан татварын өртэй бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж өгөхөөр хуульд заасан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэж заасан байдаг боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 97,108,895.13 төгрөгийн өр төлбөр үүссэн байна. Монгол улсын Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасан байдаг ба татвар төлөгч нь газрын төлбөрт 2,530,800 төгрөгийн өртэй боловч албан татвараа төлөөгүй байна. Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч М ХХК нь тухай бүрт нь холбогдох татвараа төлсөн байх үүрэгтэй боловч хуулийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулаагүй ба Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаандаа төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах процесс ажиллагааг гүйцэтгэсэн байна. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй М ХХК-ийн өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчид мэдэгдэх хуудас хүргүүлэх, утсаар холбогдох, банкин дахь дансыг хаах, эд хөрөнгө битүүмжлэх, татвар төлөгчийн бусдаас авах авлага, эд хөрөнгөөс гаргуулах, цалин хөлснөөс гаргуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагааг албан бичгээр авсан байна. Хуульд заасны дагуу дээрх ажиллагааг гүйцэтгэж хэрэгжүүлэх боломжгүй болох нь баримтуудаар тогтоогдсон. Мөн татвар төлөгчтэй удаа дараалан утсаар холбогдох, биечлэн уулзаж өр барагдуулах шаардлага тавьж ажилласан боловч тодорхой үр дүнд хүрээгүй ба татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн М ХХК-иар нийт 130,300,669.53 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд гаргасан О-н Т-н хэлтсийн манай компаниас 130300669.53 төгрөгийн татварын өр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанид ноогдуулсан татварын өрийг нягтлах шаардлагатай байгаа тул холбогдох нотлох баримттай танилцаж, өөрсдийн үндэслэлээ гаргаж, эрх ашгаа хамгаалан шүүхийн ажиллагаанд оролцох болно. ... Баримтууд учир дутагдалтай гэж үзэж болохгүй. Аж үйлдвэрийн сайд болон Эрдэнэт технологийн паркийн байгуулсан гэрээг эх хувиас нь өнгөтөөр скайнердаад эх баримтуудыг харж байгаад нотариатч 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан байгаа. Бүүр томруулдаг шилээр хараад засваргүй баримт байна гэсэн. Эрдэнэт технологийн парк чинь улсын хэмжээнд тодорхой бүсүүдэд аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд Засгийн газар тогтоолоо гаргаад тусгай зөвшөөрлөө олгоод уул уурхайн хөнгөн үйлдвэрийн яам гээд олгосон. Т х дээр очиход тасгийн дарга н.Н, байцаагч н.Д нар үзээд системээс арилахгүй байсан. 2017, 2018, 2019 он одоо бол хуулиараа чөлөөлөөд арилгах ёстой гэж байсан. ... 24.000.000 төгрөгийн үлдэж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн татвар бол бас чөлөөлөгдөх боломжтой юм байна лээ. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хууль, Газрын төлбөрийн тухай хуульд 2009 онд өөрчлөлт орсон. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын тушаалд газрын төлбөр ногдуулах аргачлалыг хавсралтаар шийдвэрлэх тухай гэж байгаа. Энэ тушаал гарсантай холбоотой 2011 оны өмнөх тушаалыг хүчингүй болгосонд тооцсон байгаа. Энэ зааврын 8 дугаар зүйлд Газрын тухай хуулийн 7 ба 8 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд тухайн газар нь тогтоолын хавсралтанд алинд хамаарагдаж байгаагаар газрын төлбөрийг чөлөөлнө гэж байгаа. 8 дугаар зүйл нь үйлдвэр технологийн паркаас чөлөөлөх заалт нь байдаг. Энэ заавар байхад орон нутгийн татвар болон газрын алба хуулиа мэдэхгүй ингэж байгаа учраас эвлэрэх боломж байхгүй. ... Үйлдвэр технологийн паркийн албан бичгийг өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болох 24.332.819.1 төгрөгөөс хуулиараа хасагдах ёстой юм байна лээ. Манай компани 2006 онд үйлдвэр технологийн паркийн гишүүн болсон нотлох баримт хэрэгт байгаа. Хэрвээ нэгжийн гишүүн л болсон бол 100 хувь татвараас чөлөөлөгдөх ёстой байсан. Тийм учраас дээрх төлбөрөөс чөлөөлөгдөх ёстой. Газрын төлбөрийн хувьд 2.530.800 төгрөг байгаа. Үйлдвэр технологийн паркийн удирдлагатай байгуулах гэрээ гэж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын Эрдэнэт техно парктай байгуулсан гэрээ байдаг. Үүний хавсралтанд 13 аж ахуйн нэгж байгаагийн 8 дугаарт М ХХК байгаа. Эзэмших газрын хэмжээ 2.3 га гэж байна. Газрын төлбөрөөс чөлөөлөгдөх хэмжээ нь энэ юм. Мөн Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тогтоолд М ХХК-ийн 2.3 га газар орсон байгаа. Энэ тогтоолын хавсралт хэрэгт байгаа. Тийм учраас газрын төлбөрөөс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгөөс 100 хувь, газрын төлбөрөөс 100 хувь гээд үл хөдлөх хөрөнгийн 97.108.895.13 төгрөг гэдэг хэмжээгээр татвараас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй байна. ... Тусгай зөвшөөрөл олгож байгаа яам тамгын газар нь технологийн паркийн тайланг аваад сунгадаг байх. Бидэнд тэрийг шалгах эрх байхгүй. Нөгөө талаар аж ахуйн нэгж байгууллага татвараа мэдүүлэх үүрэгтэй. Мэдүүлээгүй бол торгуультай, алдангитай гэж байгаа. М ХХК хуулийн дагуу татвараа мэдүүлээд дараа нь чөлөөлүүлэх асуудлаа тавьж байгаа. Тэгэхээр Т х татвар төлөгчийн эрх ашигт яаж нийцүүлэх вэ гэдэг асуудлаа шийдэхгүй байгаа юм. Төрийн байгууллагын ажилчид ийм зүйл ярьж болохгүй. Эрдэнэт технологийн паркийн хуулбар үнэн гэсэн нотлох баримт байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт төр болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хуулбар үнэн гэсэн дардастай байна гэж заасан. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор нутаг дэвсгэрийн байршил тогтоох тухай гэж байна. Үүн дотор манай компани орсон явж байгаа. Ядахдаа энэ тогтоолыг мэдэж баймаар юм. Аж үйлдвэрийн сайд гэснээ хоёр өөр яамны тэмдэг дарсан байна гэж байна. Энэ нотлох баримтыг дахиад гаргуулж болно гэжээ.

Прокурор Ц.М шүүхэд гаргасан тайлбартаа:

Т х анх 130.300.669 төгрөг нэхэмжилсэн. Өнөөдөр татварын хэлтсийн даргын тодорхойлолтоор 70.000.000 төгрөг хасагдаад 24.332.819 төгрөг нэхэмжилж байна. Ингээд бусад татваруудтайгаа нийлээд нийтдээ 57.524.593.5 төгрөг нэхэмжилж байна. Үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байна. Би өмнөх шүүх хуралдаанд энэ тусгай зөвшөөрлийг гаргуулах хүсэлт гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй. Өнөөдөр хариуцагч талаас гаргаж өгсөн байна. Дээрээс нь зарим нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өөрийнхөө гаргаж өгсөн баримтанд өөрөө хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн нь эргэлзээтэй байна. Гэрээний огноо засвартай байна. Үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 2017 онд дууссан байна. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Гэтэл гэрээ нь 10 дугаар сар гэсэн огноотой байгаа. Үүн дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй. Гэрээний хавсралт жагсаалт байгаа гэж байна. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай гэрээг батлахдаа Аж үйлдвэрийн яамны тамгаар баталгаажуулсан, гэтэл хавсралт гэж ярьж байгаа жагсаалт нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны тамгаар баталгаажсан ийм нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Үүнийг анхаарч үзээсэй. Үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрлөөр нэгжийн удирдлагатай гэрээ байгуулаад ажиллаж байгаа тохиолдолд тодорхой хэмжээний татвараас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт байгаа боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар энэ гэрээг 100 хувь үндэслэлтэй юм, энэ компани бүх татвараас 100 хувь чөлөөлөгдөх ёстой гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл үйлдвэр технологийн парк үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих Засгийн газрын 2011 оны 104 дугаар тогтоолоор батлагдсан журам байгаа. Энэ журмаараа үйлдвэр технологийн паркийн удирдлагатай байгуулах гэрээ, нөгөө талд нэгжийн удирдлагатай байгуулах гэрээ батлагдсан байдаг. Тэгэхээр дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмын 9 дүгээр заалтанд Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.3, энэхүү журмын 3 дугаар зүйлд заасан нөхцлийг хангаж зохих журмын дагуу гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа этгээдэд холбогдох хуульд заасны дагуу татвар төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ гэж журмаараа зохицуулж өгсөн. Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд гэрээнд заасан хугацаанд үйл ажиллагаагаа эрхлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх хүчингүй болгох үндэслэлийг зааж өгсөн байгаа. Гэтэл хариуцагч байгууллага өөрөө үйл ажиллагаагаа явуулаагүй. Тайландаа үйл ажиллагаагаа явуулаагүй байхад үйл ажиллагаа явуулж байгаа гэж үйлдвэр технологийн паркийн даргатай байгуулсан гэрээ үндэслэлтэй эсэх асуудал эргээд яригдана. Бид нар гэрээг шууд дүгнэх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилж буй 57.524.593.5 төгрөгийг М ХХК-иас гаргуулан Орхон аймгийн Т хт олгуулах нь зүйтэй байна гэжээ.

 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14ий өдрийн 142/ШШ2020/00264 дугаар шийдвэрээр:

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11, 55 дугаар зүйлийн 55.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 57.524.593.5 /тавин долоон сая таван зуун хорин дөрвөн мянга таван зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Т хт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 72.776.076.03 /далан хоёр сая долоон зуун далан зургаан мянга далан зургаан төгрөг гурван мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх хэсэгт "Т-ын ерөнхий хуулийн 18-р зүйлийн 18.1.116, 55-р зүйлийн 55.1.16, 62-р зүйлийн 62.1.36, 70-р зүйлийн 70.16-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 57.524.593.5 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Т хт олгосугай гэж шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан шүүхэд “М” ХХК-ийн “” ХХК-тай 2015-2019 онд байгуулсан үйлдвэрлэл технологийн паркийн нэгжийн удирдлагатай байгуулсан гэрээ, “Э Т” ХХК-д үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон. Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 23 өдрийн 242-р тогтоол, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/200 дугаартай тушаал “Э Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Үйлдвэр технологийн байгууллагын удирдлагатай байгуулах 2015-2017 оны гэрээ болон бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1., Газрын төлбөрийн тухай хуулийн 8-р зүйлийн 1.9.-д үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон газрын төлбөрөөс чөлөөлнө гэж Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх хяналт тавих журмын 9-д Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2, энэхүү журмын 3-р зүйлд заасан нөхцлийг хангаж зохих журмын дагуу гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу татвар, төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ гэж тус тус заасан байх боловч Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 28-р зүйлийн 28.1.4.-т “татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх татвараас чөлөөлөх асуудлыг татварын албаны бүрэн эрхэд хамааруулан зааж өгсөн. Иймд шүүх дээрх хуулийн заалтуудад үндэслэн хариуцагч байгууллагыг татвараас чөлөөлөх, хөнгөлөх үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр “М” ХХК-с төлөгдөөгүй татварын өр 581.578.5 төгрөг, цалин хөдөлмбөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын өр 30.079.096.6 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 24.332.819.14 төгрөг, газрын албан татварын өр 2.530.800 төгрөг, нийт 57.524.593.5 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Т хт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлт хийсэн байдаг. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсан үндэслэлүүд нь өөр хоорондоо харилцан зөрүүтэй, нотлох баримт болон хуулийн зүйл заалтуудад үндэслээгүй, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх асуудлыг татварын албаны бүрэн эрхэд хамааруулсан тул шүүх дээрх хуулийн заалтуудыг үндэслэн татвараас чөлөөлөх, хөнгөлөх үндэслэлгүй гэж дурьдсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтууд нь байна, үл хөдлөхийн болон газрын төлбөрөөс чөлөөлөх хуулийн заалт, журам нь байна, гэвч энэ хуулийн заалтуудыг үндэслэн дээрх татваруудаас хөнгөлөх, чөлөөлөх эрх шүүх эрх мэдэлд байхгүй, энэ нь татварын албаны эрх гэж дүгнэснийг огт ойлгохгүй байна. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.4., Газрын төлбөрийн тухай хуулийн 8-р зүйлийн 1 дэх хэсгийн 9, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 104-р Тогтоолын хавсралтаар батлагдсан “Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмын 9-р зүйлд тус тус зааснаар “М” ХХК-ийн үлдэж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 24.332.819.14 төгрөг, газрын албан татварын өр 2.530.800 төгрөг, нийт 26.863.619.5 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрээр “М” ХХК-с гаргуулахаар шийдвэрлэсэн 57.524.593.5 төгрөгөөс 26.863.619.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О Тнь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан татварын өр 130.300.669.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11., 55 дугаар зүйлийн 55.1.1., 62 дугаар зүйлийн 62.1.3., 70 дугаар зүйлийн 1.-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 57.524.593.5 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Т хт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 72.776.076.03 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

М ХХК нь Т хт 2641194 тоот регистрийн дугаартайгаар 2006 онд бүртгэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттайгаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

М ХХК нь 2014-2019 оны хүртэлх хугацаанд суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын төрлөөр 581.878.8 төгрөгийн албан татвар,  цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын төрлөөр 30.079.095.6 төгрөгийн албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар 97.108.895.13 төгрөгийн татвар, газрын төлбөрийн тухай хуулиар  газрын төлбөрт 2.530.800 төгрөгийн өр нийт М ХХК нь Т хт 130.300.669.53 төгрөгийн татвар, төлбөрийн  өр үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудар тогтоогджээ.

М ХХК нь хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д заасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т  заасан  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө, газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т заасан  газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчжээ.

М ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  татвар, төлбөрийн  өрийг төлөх үүрэгтэй байна.

Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуульд заасан ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэжээ.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 72.776.076 төгрөгөөс татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, М ХХК-иас төлөгдөөгүй татварын өр болох суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын өр 581.578.8 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын өр 30.079.095.6  төгрөг,  үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 24.332.819.14 төгрөг, газрын төлбөрийн  өр 2.530.800 төгрөг, нийт 57.524.593.5 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Т хт олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 292.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14ий өдрийн 142/ШШ2020/00264 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 292.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.О

ШҮҮГЧИД                                                          С.У

                                                                             Б.Б