Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 00337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, 

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 1838000000413 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М.

Шүүгдэгч М.М нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн А.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн А.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.М-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...би тухайн үед архи уугаад тасарсан байсан учраас эхнэртээ яагаад гар хүрэх болсноо мэдэхгүй байгаа. Нэг ухаан ороход л эхнэрийнхээ үснээс зулгаачихсан байж байсан” гэх мэдүүлэг,

Хохирогч А.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай нөхөр сүүлийн хоёр хоног гэртээ архи уусан. Өчигдөр би гэрээ цэвэрлэж байсан чинь учир шалтгаангүйгээр над руу шилэн хундага авч шидээд духан дээр оносон. Яаж байгаа юм бэ гэхэд яадаг юм чи муу янхан, гичий гэх мэтээр доромжлоод байсан. ...Тэгээд би гэртээ ортол шууд барьж аваад үсдэж дараад, нүүр нүдгүй цохиж, үснээс зулгаагаад тавихаа байчихсан. Аав нь болон дүү нь салгах гээд дийлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М архи ууж байгаад эхнэр М-аа хэрэлдсэн. Хэрэлдэж байгаад түүний толгой руу нь гараараа цохисон. Тэгээд М эгчийг усанд явах гээд гарах гэж байхад нь М ууж байсан архиныхаа хундагыг М эгч рүү шидсэн. ...М эгчийг үсдэж дарж унагаад үснээс нь татаж чирээд духаар нь шал мөргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 565 дугаартай:

1.2. А.М-н биед тархинд доргилт, зулайн хуйханд үсний халцралт, духанд зөөлөн эдийн няцралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4. А.М-н биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838000000413 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.М нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М нь хохирогч А.М-тай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эвлэрлийн гэрээ /хх-ийн 44 дүгээр хуудас/ байгуулан, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гомдлын талаар талууд харилцан тохиролцож уучлалт гуйсны үндсэн дээр хохирогч А.М нь шүүгдэгч М.М-аас дээрх үйлдэлтэй холбогдуулж гэм хорын хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч М.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838000000413 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      4. Шүүгдэгчийн ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      5. Эрүүгийн 1838000000413 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НЯМСҮРЭН