| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хишгээ Байгалмаа |
| Хэргийн индекс | 135/2022/00147/и |
| Дугаар | 209/МА2022/00108 |
| Огноо | 2022-12-13 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 209/МА2022/00108
“*******” ХХК, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2022/01472 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК,
******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 150,960,000 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* миний бие 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн *******тэй Дархан сумын 5 дугаар багт байрлах 900 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 4 давхар барилга болон тус үл хөдлөх хөрөнгийн газар болох ******* ХХК-ийн эзэмшлийн 880.2 м.кв талбайтай, баар, буудлын зориулалттай эзэмших эрхийн газар, мөн 40*40 м.кв хашаа /гэрчилгээ гаргаагүй байсан/ зэргийг нийтэд нь 400,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, худалдахаар тохиролцсон. Төлбөрийн нөхцөлийг гэрээний 3.2-т урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл 390,000,000 төгрөгөөс 2019 оны 1 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сард 10,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөр тооцоог 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор барагдуулахаар, мөн төлбөр бүхэлдээ төлөгдөж дуусах хүртэл буюу 2020 оны 07 дугаар 07-ны өдрийг хүртэл сар тутам 2,000,000 төгрөгийг түрээсийн төлбөртэй дүүцүүлэн төлөхөөр тус гэрээний 6.7-д тусгасан. Төлбөр тооцоо дууссаны дараа өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон.
Ингээд гэрээний хугацаа дуусаагүй байхад ******* нь тухайн үл хөдлөх хөрөнгө болон газрыг өөрийн нэр дээр шилжүүлж, банкинд барьцаанд тавин зээл авч үлдэгдэл 390,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй хэсгийг барагдуулах хүсэлт тавьсныг миний бие төлбөр тооцоогоо хурдан дуусгахын тулд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж шилжүүлсэн.
Бид тус өдрийн 0439 дугаартай Зээлийн гэрээ байгуулж гэрээгээр иргэн *******тэй анх байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний тооцоог нийлж *******ээс төлөгдсөн 66,400,000 төгрөгийг гэрээний үнэ болох 400,000,000 төгрөгөөс хасч үлдэгдэл 333,600,000 төгрөгөөр тооцож зээлийн гэрээг байгуулж, төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлөхөөр мөн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон. Гэтэл ******* аль ч гэрээний үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр тооцооны асуудлаа дуусгаагүй төдийгүй, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад худалдан борлуулахаар холбогдох бүртгэлийн байгууллагуудад хандсан байна.
Үүнээс гадна анх байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнд 40*40 метрийн хашааны газар болох 859 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөөч гэхэд нь миний бие Алтантүрүү ХХК-ийн зүгээс холбогдох байгууллагад хандахад тус газрыг дуудлага худалдааны анхны үнэ 34,360,000 төгрөг төл гэсэн шаардлага тавьсан бөгөөд энэ талаар *******т мэдэгдэхэд дуудлага худалдааны анхны үнийг шилжүүлэхэд бэлэн гэсэн тул тус мөнгийг төлж Алтантүрүү ХХК-ийн нэр дээр гэрчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргуулж, *******т шилжүүлэх гэтэл Данс дүүрэн ХХК руу шилжүүлнэ гэсэн учир газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, газрыг шилжүүлэхээр холбогдох материалыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өгсөн.
*******ээс авсан 249,000,000 төгрөгөөс газрын дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 34,360,000 төгрөгийг хасахад 214,640,000 төгрөг болсон. Бидний дундах тооцооны үлдэгдэл тооцоо 333,600,000 төгрөгөөс 214,640,000 төгрөгийг хасахад 118,960,000 төгрөгийн үлдэгдэл тооцоо, С.******* нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6.7-д заасны дагуу сар бүр 2,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг нэг ч төлөөгүй. Миний бие гэрээ байгуулсан өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 16 сараас тооцож 32,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг гэрээний дагуу мөн нэхэмжилж байна.
Иймд нийтдээ *******ээс 118,960,000 төгрөг + 32,000,000 төгрөг = 150,960,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Миний бие ... газар зүйн байршлын хувьд үндсэн замаа дагасан, гол нь хажууд байгаа 40*40 хэмжээтэй хашаатай газар дээр үйл ажиллагааг дэмжих нэмэлт юм барьж болохоор байсан учраас үл хөдлөх хөрөнгүүдийг сонирхож, 400,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Эхний ээлжинд шууд 400,000,000 төгрөг өгөх боломжгүй, мөн авч байгаа үл хөдлөх эд хөрөнгө маань шууд ашиглах ямар ч боломжгүй тул засч үйл ажиллагааг сэргээх, бүрэн хэмжээний засвар хийж үнэлэгдэх хэмжээнд болгосны дараа зээл авч төлбөрийг төлж дуусгах нөхцөлөөр тохиролцсон.
2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2820 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийж, ******* гэдэг хүний ******* гэсэн Хаан банкны данс руу гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг шилжүүлж түлхүүрээ хүлээн авсан. Ингээд 2019 оны 01 сарын 05-ны өдрөөс эхэлж засвар хийх ажиллагаа эхэлсэн. ******* та шүүхийн шийдвэрийн 46,400,000 төгрөгийг төлөөд үл хөдлөх эд хөрөнгүүдээ нэр дээрээ шилжүүлээд үлдэгдэл төлбөрөө төлчих гэсэн.
2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрт байсан 38,000,000 төгрөгийг Оюунсүрэнгийн өмнөөс, зээл хаах зориулалтаар 8,356,000 төгрөгийг *******, Оюунсүрэн нарын өмнөөс тус тус төлсөн, төлбөрийг төлж дуусгаад *******д 20,000,000 төгрөг бэлнээр өгсөн.
Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нотариатаар орж худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээнүүдийг тус тус байгуулсан. ... 2019 оны 6 сар хүртэл хийсэн ил болон далд засварын ажилд материал болон ажлын хөлс тохижилт гээд нийт 314,000,000 төгрөгийн зардал гарсан. .... 2017 оноос хойш төлөөгүй дулааны өр төлбөр болох 5,631,000 төгрөг, усны 264,000 төгрөг зэрэг өр зэргийг байгууллагаас нэхсэн...нийт 270,166,000 төгрөг өгсөн.
Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээ байгуулснаас хойш буюу 2018.12.07-ны өдрөөс хойш нийт 130,870,000+270,166,000=401.036.000 төгрөг төлсөн байна. Иймд ******* бид хоёрын хооронд хийгдсэн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон.
Нэхэмжлэгч гэрээнд зааснаар түрээс нэхээд байгаа нь гэрээний 3.2-т заасан 20 сарын хугацаанд сар бүр 2,000,000 төгрөг төлж дуусгана гэж тохиролцсон тохиролцоог түрээс нэмж авах мэтээр буруу тайлбарлан надаас шаардсан байна. Би үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдаж авсан болохоос огт түрээслэх талаар тохиролцоогүй. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 02 өдөр байгуулсан зээлийн гэрээ бол дүр үзүүлэн хийсэн гэрээ. Энэ гэрээний дагуу шаардлага гаргахгүй гэж эхнээсээ л тохиролцсон.
Иймд Б.Бат-Эрдэнийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 150,960,000 төгрөг гаргуулах тухай Алтантүрүү ХХК, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 912,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд нар давж заалдах гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.а. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хууль зүйн хүрээнд бүрэн бодитойгоор дүгнэж чадаагүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй,
4.б. Мөн дуудлага худалдааны анхны үнэ болох 34,360,000 төгрөгийг хэн нь төлөх байсан талаар талуудын хооронд үүссэн маргааныг үндэслэлтэйгээр дүгнэж шийдвэрлэж чадаагүй,
4.в. Хэрэгт авагдсан 2021 оны 11 сарын 08-ны өдрийн талуудын бичгээр үйлдсэн баримтыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь заалттай нийцүүлэн тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлж дүгнэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн Дархан сумын 5 дугаар багт байрлах 900 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 4 давхар барилга, газар, нэхэмжлэгч “Алтантүрүү” ХХК-н эзэмшлийн 880,2 м.кв талбайтай баар, зочид буудлын зориулалттай эзэмших эрхийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг нийт 400,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, төлбөрийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор үнийг хуваан төлөхөөр тус тус тохирсон, энэхүү гэрээний үнийн үлдэгдэл 118,960,000 төгрөг, гэрээний 6.7-д заасны дагуу төлбөр төлж дуусах хүртэл сар бүр 2,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй боловч төлөөгүй тул 2020 оны 04 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 32,000,000 төгрөг, нийт 150,960,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хэргийн 1-р боть 1/
4. Хариуцагч ******* нь бидний хооронд үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ байгуулснаас хойш нийт 401,036,000 төгрөг төлсөн, гэрээний үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэгч тал нь түрээс нэмж авах мэтээр гэрээний заалтыг буруу тайлбарлаж шаардсан, үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдаж авсан болохоос түрээслэх талаар тохиролцоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж маргасан байна. /хэргийн 1-р боть 38-42/
5. Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах,худалдан авах гэрээний харилцаа үүссэн,
хэргийн 1-р боть 45-р талд авагдсан 2021 оны 11 сарын 08-ны өдрийн “*******, ******* нарын дунд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний үүрэг дуусгавар болж, үлдэгдэл 250,000,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар бэлэн 206,000,000 төгрөг, дансаар 9,000,000 төгрөг, газрын үнэ 34,000,000 төгрөг, нийт 250,000,000 төгрөг өгч, төлбөр бүрэн дууссан болно” гэсэн талуудын бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан баримтаар хариуцагч *******ийн үнэ төлөх үүрэг дуусгавар болсныг баталгаажуулсан байна.
Мөн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5-д зааснаар нэхэмжлэгч талын *******ээс бэлнээр өгсөн үнийн дүн зөрүүтэй гэх тайлбар үндэслэлгүй,
түрээсийн төлбөрт 32,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч 2021 оны 11 сарын 08-ны өдөр гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул энэүү гэрээний дагуу шаардлага гаргах үндэслэлгүй гэж тус тус дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч тал ...6.а.шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хууль зүйн хүрээнд бүрэн бодитойгоор дүгнэж чадаагүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй,
6.б.мөн дуудлага худалдааны анхны үнэ болох 34,360,000 төгрөгийг хэн нь төлөх байсан талаар талуудын хооронд үүссэн маргааныг үндэслэлтэйгээр дүгнэж шийдвэрлэж чадаагүй,
6.в.хэрэгт авагдсан 2021 оны 11 сарын 08-ны өдрийн талуудын бичгээр үйлдсэн баримтыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь заалттай нийцүүлэн тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлж дүгнэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан./хэргийн 2-р боть 34-36/
Хэргээс судлан үзвэл:
7. Талууд нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”- гэж нэрлэсэн гэрээгээр нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн Дархан сумын 5 дугаар багт байрлах 900 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 4 давхар барилга, газар/880.2мкв/,
Нэхэмжлэгч “Алтантүрүү ХХК”-н эзэмшлийн 40х40 харьцаатай хашаа/859.0мкв/-ны газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 400,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, төлбөрийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор хуваан төлөх, улмаар гэрээний үнийг 400,000,000 төгрөг гэж тохиролцсон болох нь талуудын маргаангүй тайлбар, хэрэгт авагдсан “Зээлээр худалдах,худалдан авах гэрээ” зэрэг бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Талуудын хооронд худалдах,худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хэргийн 1-р боть 5-14/
8. Шүүх, талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хэргийг зүйлчилсэн нь зөв байна.
Учир нь Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах худалдах,худалдан авах гэрээгээр худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь “тухайн эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжтэй байдаг.
Гэтэл талууд “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, гэрээний үнэ 400,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон хэдий ч талууд гэрээний үнийг 400,000,000 төгрөг гэж, нэхэмжлэгч тал нь энэхүү гэрээний үнийн үлдэгдэл 118,960,000 төгрөг шаардсан зэргээс үзвэл гэрээгээр “хүү” тохиролцоогүй, гэрээний үнэ нь нэмэгдсэн шинжгүй байх тул нэхэмжлэгч талын “... 5.а.шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хууль зүйн хүрээнд бүрэн бодитойгоор дүгнэж чадаагүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй ...” гэх гомдол үндэслэлгүй байна.
9. Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Зээлээр худалдах,худалдан авах гэрээ”- гэж нэрлэсэн худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн Дархан сумын 5 дугаар багт байрлах 900 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 4 давхар барилга, газар/880,2мкв/,
нэхэмжлэгч “Алтантүрүү ХХК”-н эзэмшлийн 40х40 харьцаатай хашааны газар/859мкв / зэрэг үл хөдлөх эд хөрөнгө нь худалдан авагч буюу хариуцагч *******ийн өмчлөл, эзэмшилд, Г.Мөнхцэцгээс гуравдагч этгээд болох Дансдүүрэн ХХК болон Д.Мягмар нарын өмчлөл, эзэмшилд тус тус шилжигдсэн байна./хэргийн 1-р боть 9,14,153,173, 175,183,218,221,222/ Энэ талаар талууд маргаагүй.
10. Талуудын тайлбараас үзэхэд: хэргийн 45-р талд авагдсан ...250,000,000 төгрөгийг бэлэн, бэлэн бусаар өгч, авалцан гэрээний үүрэг дуусгавар болсон талаарх талуудын гарын үсэг бүхий баримт/гар бичмэл/-аар энэ хэмжээний бэлэн мөнгө өгч, авалцаагүй гэж,
40х40 хашааны газар/859мкв/ эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой анхны дуудлага худалдааны үнэ 34,360,000 төгрөгийг хариуцагч ******* нь өөрөө зөвшөөрч төлсөн тул гэрээний үүрэгт төлөх төлбөрөөс хасаж тооцохыг зөвшөөрөхгүй гэж,
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.7-д заасны дагуу сар бүр 2,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй тул 32,000,000 төгрөг гаргуулах гэж маргасан байна.
10.а. Хэргийн 1-р боть 45-р талд авагдсан ...250,000,000 төгрөгийг бэлэн,бэлэн бусаар өгч, авалцан гэрээний үүрэг дуусгавар болсон гэх агуулгатай талуудын гарын үсэг бүхий баримт/гар бичмэл/-ыг 65,000,000 төгрөг өгч, авахын тулд үйлдсэн гэх нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн тайлбарыг хариуцагч тал нь баримтаар үгүйсгэж мэтгэлцээгүй.
45-р талд авагдсан баримт нь талуудын маргах эрхийг хязгаарлахгүй, улмаар давхар баримтаар нотлогдох ёстой учир үнэлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч талын... 5.в-д тусгагдсан ... талуудын бичгээр үйлдсэн баримтыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь заалттай нийцүүлэн тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий гомдол үндэслэлтэй байна.
10.б. Талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийх үед 40х40 мкв харьцаатай хашаа бүхий газар нь нэхэмжлэгч Алтантүрүү ХХК-н эзэмшилд атлаа эрхийн гэрчилгээгүй байсан, энэ талаар талуудын хэн аль нь мэдэж байсан боловч гэрээ байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д зааснаар эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн байна.
Мөн хуулийн 260.2-т зааснаар худалдагч нь эрх шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хариуцах тул энэхүү газар эзэмшихтэй холбоотой дуудлага худалдааны үнэ 34,360,000 төгрөгийг эрх шилжүүлэхтэй холбоотой зардал гэж үзэж, худалдагч Алтантүрүү ХХК хариуцах нь хуульд нийцэх тул энэ үндэслэлээр хасаж тооцох нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч талын ... 5.б. дуудлага худалдааны анхны үнэ болох 34,360,000 төгрөгийг хэн нь төлөх байсан талаар талуудын хооронд үүссэн маргааныг үндэслэлтэйгээр дүгнэж шийдвэрлэж чадаагүй гэх гомдол үндэслэлтэй байна.
10.в.Талуудын хооронд байгуулагдсан “зээлээр худалдах,худалдан авах” гэж нэрлэсэн худалдах,худалдан авах гэрээний 6.6-д үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг төлөх хүртэл түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг төлнө. Хугацаа 2020 оны 07 сарын 07-н хүртэл гэж/хэргийн 1-р боть 6/ тусгасан байх бөгөөд энэ нөхцөлийн утга нь ойлгомжгүй, ямар агуулгаар оруулсан болохыг талуудын хэн аль нь тодорхой тайлбар гаргаж, мэтгэлцээгүй.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан.
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ,
Хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус хуульчилсан байх ба энэ нь санхүүгийн түрээсийн гэрээний харилцаанд зохицуулагдах заалт гэж ойлгогдож байна.
Гэвч талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, төлбөр төлөх хүртэл хугацаанд тэрээр хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа тул түрээсийн төлбөр авах гэх нөхцөл, агуулгаар буюу Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасантай холбогдуулж тусгасан гэж ойлгогдож байна.
Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 313 дугаар зүйлийн 313.1-д заасан шаардлага, үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын гэрээний төлбөр төлөх хүртэл түрээсийн төлбөрт 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй олгох нь зүйтэй.
11. Хэрэгт авагдсан хариуцагч *******ийн бичгээр гаргасан тайлбар/хх-38/, дулааны нэхэмжлэх/хх-51,136/, Ариг банкны орлогын маягт/хх-52/, хариуцагч *******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-55-74/, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-н харилцагчийн дэлгэрэнгүй тайлан/хх-118-121/, Дархан –Ус суваг ХК-н харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ/хх-149-152/, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хариуцагч *******ээс нэхэмжлэгч *******д нийт шилжүүлсэн мөнгөний тооцоолол/хх-238-239/, нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-240-250/ зэрэг бичгийн баримтуудыг харьцуулан үнэлж, дүгнэхэд :
Хариуцагч ******* нь дансаар болон бэлнээр нийт 258,825,000 төгрөг, Ариг банкны зээлд 46,356,000 төгрөг, дулааны төлбөрт 4,276,150 төгрөг/хх-118/, усны төлбөрт 111,296 төгрөг/хх-150/, нийт 309,568,446 төгрөг төлсөн, гэрээний үүрэгт 90,431,554 төгрөг төлөхөөр байх боловч үүнээс 40х40 мкв хашааны газар/859мкв/ эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой дуудлага худалдааны үнэ 34,360,000 төгрөгийг хасаж, хариуцагч *******ээс гэрээний үүрэгт 56,071,554 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй. /400,000,000 төг-309,568,446төг - 34,360,000 төг= 56,071,554 төг/
12. Иймд нэхэмжлэгч талын ... давж заалдах гомдлын 5.б, 5.в-д тусгагдсан хэсгийг хүлээн авч, нэхэмжлэлийн 150,960,000 төгрөгийн шаардлагаас гэрээний үүрэгт 56,071,554 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж, нэхэмжлэгч Алтантүрүү ХХК болон ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94,888,446 төгрөг /гэрээний үүргээс 62,888,446 төг+түрээсийн 32,000,000 төг/-ийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2022/01472 шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 150,960,000 төгрөг гаргуулах тухай “Алтантүрүү ХХК, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,
“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс гэрээний үүрэгт 56,071,554 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Алтантүрүү” ХХК, ******* нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 94,888,446 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
Тогтоох хэсгийн 2 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 912,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг,
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 912,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 438,307 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай “ гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 912,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АМАРСАНАА
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Х.БАЙГАЛМАА