| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1589 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 1589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б холбогдох эрүүгийн 1806 06805 1793 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймаг Арвайхээр суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэлжилтэй, “ бармен ажилтай, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , О.Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” төвийн орчим согтуугаар Т.Эрдэнэчимэгтэй маргалдаж, улмаар түүний хөл рүү 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-8-12/, шинжээчийн дүгнэлт /хх-18/, шүүгдэгч О.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-40-41/, шүүгдэгч О.Б иргэний үнэмлхийн лавлагаа /хх-23/, шүүгдэгчийн ял шалгах
хуудас /хх-29/ зэрэг болно.
Шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” төвийн орчим согтуугаар Т.Эрдэнэчимэгтэй маргалдаж, улмаар түүний хөл рүү 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Эрдэнэчимэгийн мэдүүлэг: “2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр найзуудын хамт БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” бааранд орж үйлчлүүлсэн. Бид 6-лаа явж байсан учир 2 шил архи захиалж уусан. Тэрнээс өмнө найзынхаа гэрт нэг шил архи хувааж уусан байсан. Тулга гэх найз гараад явчихаар нь араас нь гарч очтол замын хажууд байсан хүмүүстэй муудалцаад байхаар нь би голоор нь орж салгах санаатай очтол хажуу талаас нэг эмэгтэй ирээд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би бас үсдэлцсэн. Тэгээд тэдний нөхөр эхлээд биднийг салгасан. Гэтэл найз Тулга замын эсрэг тал уруу зугтаад гүйчихсэн. Тэгээд тэр хооронд тэр эмэгтэй дахин үсдээд намайг доош нь дарахад нь би газар уначихсан. Тэгээд тэр эмэгтэй миний зүүн талын өвдөг хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэр үед нь миний хөл өвдөөд орилоход тэр эмэгтэй салсан. Тэгээд бид хэсэг маргалдаж байгаад цагдаа дуудаад цагдаа дээр ирсэн. Би эмчилгээний зардал болох 800.000 төгрөг авч эмчилгээ хийлгэсэн. Одоо биеийн байдал хэвийн. Надад гомдол санал байхгүй.” /хх-8-12/ гэх мэдүүлэг,
2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:
1. Т.Эрдэнэчимэгийн биед зүүн хөлийн өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-18/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хооронд байх “Амар” бааранд байсан нөхрийгөө авах гэж очоод цаг орчим хамт сууж байгаад баарнаасаа гараад такси барих гээд зогсож байхад миний хажууд нэг эрэгтэй зогсож байсан. Тэрний эхнэр бололтой нэг эмэгтэй ирээд намайг хараагаад наад эмэгтэйтэйгээ юу хийгээд байгаа юм бэ? гээд тэр залуугаа цохиод авсан. Тэгээд намайг үсдээд авахаар нь би бас зөрүүлээд үсдээд авсан. Тэр эмэгтэй би жирэмсэн, хөл муутай хүн шүү гэж орилсон. Тэгэхээр нь би гараа авахад намайг үсдсэн чигээрээ доош нь дарсан. Тэгээд би тэр эмэгтэйтэй маргалдаад үсдэлцээд доош нь дарахад тэр эмэгтэй газар суучихсан. Тэр үед манай нөхөр болох Догсом-Очир бид хоёрыг салгасан. Салгах үед нь би тэр эмэгтэйг 1-2 удаа өшиглөсөн. Тэгэхэд тэр эмэгтэй орилоод би хөл муутай шдээ гээд суугаад байсан. Тэгээд гэнэт хоёр талаас манай нөхөрийн найзууд тэр эмэгтэйн хамт явсан залуучууд зодолдоод эхэлсэн. Тэгээд салаад би нөхөрийн хамт таксинд суугаад явсан.” /хх-40-41/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-23/,
Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-29/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч О.Б нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” төвийн орчим согтуугаар Т.Эрдэнэчимэгтэй маргалдаж, улмаар түүний хөл рүү 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Эрдэнэчимэгт 800.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч О.Б 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт О.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бямбасүрэнийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар
О.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС