Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1542

 

                            

 

 

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Б.Алтанцэцэг,

Шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.М т холбогдох эрүүгийн 1706 02293 0123 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шуугдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, гавъяа шагналгүй, Нийслэлийн улсын бүртгэлийн газарт бүртгэлгүй, иргэний үнэмлэхгүй,

-Дорнод аймгийн 3 дугаар хэсгийн Ардын шүүхийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 134 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж 1996 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шүүгчийн 25 дугаар захирамжаар тэнсэн суллагдсан,

-1997 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн Сумын шүүхийн 193 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнссэн,

-1998 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Булган аймгийн Сум дундын шүүхийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж 2000

оны 8 дугаар сарын 10-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн,

-2000 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн Сумын шүүхийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

-2000 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн Сумын шүүхийн 192 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

-2002 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн Сумын шүүхийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2002 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадваргүй, регистрийн дугаар  , Ц.М .

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.М  нь 2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ерөнхий боловсролын 53 дугаар дунд сургуульд үйл ажиллагаа явуулдаг "Аян согоо" ХХК-ны цайны газарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар нэвтэрч 616.472 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

-2017 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ерөнхий боловсролын 44 дүгээр дунд сургуулийн 125 тоот өрөөнд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар нэвтрэн орж Ц.Отгонтуяагийн эзэмшлийн сейфийг эвдэж 45.000 төгрөгийн хохирол учруулсан, “Тошиба” маркийн нотебүүк, НР маркын принтер хөгжим зэрэг 888.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлахыг завдсан,

-2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт Орчлон” ХХК-ийн барьж байгаа барилга дээри хамт ажилладаг Д.Расулыг зодож зүүн талын хацар ясны нумны хугарал, дух, ясны баруун талын гадна ялтасны хугарал, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, дух зүүн зулайд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-19-20, 22-23, 175/, хохирогч Ц.Отгонтуяагийн мэдүүлэг /1хх-66-67, 174/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-5-11/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-12-15/, гэрч А.Эрдэнэчулуун, Т.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж, Н.Болдбаатар, С.Баттөмөр нарын өгсөн мэдүүлгүүд /хх-24-25, 26-27, 68-69, 70-71, 72/, эд зүйлийн үнэлгээ /хх-10/, шинжээчийн дүгнэлт /хх-76, 83, 88/, шүүгдэгч Ц.М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-106/, шүүгдэгч Ц.М ын ял шалгах хуудас /хх-111/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-93-97/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1хх-49-55/, хохирогч Б.Расулын өгсөн мэдүүлэг /2хх-23-26/, гэрч Б.Жанузакын өгсөн мэдүүлэг /2хх-27-29/, гэрч Ш.Отгонбатын өгсөн мэдүүлэг /2хх-30-32/, шинжээчийн 4029 дугаартай дүгнэлт /2хх-36/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

a/ Шүүгдэгч Ц.М  нь 2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ерөнхий боловсролын 53 дугаар дунд сургуульд үйл ажиллагаа явуулдаг "Аян согоо" ХХК-ны цайны газарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар нэвтэрч 616.472 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч А.Оюунчимэгийн өгсөн: “...Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг 53 дугаар дунд сургуулийн цайны газарт манай "Аяны согоо" ХХК үйл ажиллагаа явуулдаг. 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр орой 19 цагийн үед 53 дугаар сургуулийн цайны газрыг хааж явсан бөгөөд 8-ны өдөр өглөө 11 цаг 35 минутанд ажил дээрээ ирэхэд гадна хаалга цоожтой цонхнууд бүгд хаалттай байсан ба хойшоо гардаг хаалга онгорхой тенэн дээрх эд зүйл эмх цэгцгүй байсан. Манай хаалга 6-ны өдөр явахад хаалттай байсан бөгөөд хойшоо гардаг хаалга өнөөдөр ирэхэд онгорхой байна. Хойд хаалга гаднаасаа онгойдог. Харин вакум цонх жоохон түлхэхэд гаднаасаа онгойдог. ...Хүнсний бүтээгдэхүүний бүртгэл тооллогын баримт байхгүй. 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр баасан гаригт сургууль тарсны дараа дараагийн 7 хоногийн барааг татсан юм. Тэгэхдээ үлдэгдэл бараагаа тоолж байгаад нэмж бараа авсан болохоор цайны газарт хэдэн нэр төрлийн ямар бараа байсныг мэдэж байсан юм. Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл дээрээ алдагдсан эд зүйлсийн үнэ болон тоо ширхэгийг үнэн зөвөөр гаргаж өгсөн байгаа.. /1хх-20-23/ гэх мэдүүлэг,

Мөн түүний шүүхэд бичгээр гаргасан: “Ц.М холбогдох хэрэгт хохирогч миний бие ямар нэг гомдолгүй байгаа бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй.” /1хх-175/ гэх хүсэлт,

-Мөрдөн байцаалтад гэрч А.Эрдэнэчулууны өгсөн: “...2017 оны 6-7-нд шилжих шөнө 02 цагийн үед спорт заалнаас хүмүүс гарснаар сургуулийн үйл ажиллагаа зогссон юм. 02 цагийн үед хөл хөдөлгөөн зогссоны дараа сургуулиа гадуур нь нэг удаа тойроод гадна үүдний хогийг цэвэрлээд манаачийн байрандаа сууж байгаад үүрийн 06 цагийн үед гарч гадаа хогийг дахиад цэвэрлэсэн. Тэгээд өглөө 08 цаг өнгөрч байх үед ээлж хүлээлгэж өгөөд бууж амарсан.” /1хх-24-25/ гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтад Ц.М ын яллагдагчаар өгсөн: “…2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр би Ботаникийн эцэст зочид буудалд ганцаарааа өрөө авсан. Тэгээд орой нь хулгай хийх газар хайж гадуур явсан бөгөөд 23 цагийн үед 16 дугаар хорооллын 53 дугаар сургуулийн хашаагаар урдаасаа хойшоо нэвт гараад явж байтал уг сургуулийн манаач бололтой хүн согтуу байдалтай явж байсан. Тэгэхээр нь би хулгай хийе гэж бодоод шөнө 00 цаг өнгөрч байх үед буцаж 53 дугаар сургууль дээр очоод зүүн талынх нь нэг вакум цонхыг өөрийн авч явсан хадаасны лоом төмрөөр хөшиж онгойлгоод дотор нь ороход цайны өрөө байсан. Тэгэхээр нь нэр дурдсан зүйлсийг хулгайлж авсан. Мөнгө олох зорилгоор хулгай хийсэн.” /1хх-29-30/ гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-11/,

-Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл /1хх-12-15/,

-Хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-97-98/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

б/ Шүүгдэгч Ц.М  нь 2017 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ерөнхий боловсролын 44 дүгээр дунд сургуулийн 125 тоот өрөөнд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар нэвтрэн орж Ц.Отгонтуяагийн эзэмшлийн сейфийг эвдэж 45.000 төгрөгийн хохирол учруулсан, “Тошиба” маркийн нотебүүк, НР маркын принтер хөгжим зэрэг 888.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлахыг завдсан болох нь:

            Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Отгонтуяагийн өгсөн: “...Миний бие Баянзүрх дүүргийн 44 дүгээр дунд сургуулийн бага ангийн багш ажилтай. Манай анги сургуулийн А байрны 1 давхарын 125 тоотод байрладаг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр дадлагын оюутнуудаар юм хийлгэх гэж гэрээсээ өөрийн “Тошиба” маркийн нөөтбүүк, “НР” маркийн принтер хоёрыг авчирсан байсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 9-ний өглөө 9 цагт сургуулиас “танай ангид хулгай орсон байна” гэхээр нь ангидаа ирэхэд миний сейфны шилэн нүүрийг хагалаад цоожийг нь мулт татаж эвдсэн байсан. Миний хувьд хулгайд алдсан эд зүйл байхгүй боловч нэг жилийн өмнө шавь нарын минь 380.000 төгрөгөөр авч өгч байсан шилэн нүүртэй төмөр сейфны шилийг хагалсан хаалгыг төмрөөр хөшиж эвдэлсэн байсан. Би сейфээ нэхэмжилж байна.” /1хх-67/ гэх мэдүүлэг,

 

Мөн түүний шүүхэд бичгээр гаргасан: “2017 оны 12 сарын 4-ны өдөр Ц.М холбогдох хэрэгт гомдолгүй учир энэ шүүх хуралд суух боломжгүй тул энэ байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.” /1хх-174/ гэх хүсэлт,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Болдбаатарын өгсөн: “...Нямдорж бид хоёр нөгөө ангийн түлхүүрийг аваад хаалгыг онгойлгоход үл таних залуу зогсож байсан. Тэр залуу хар цүнхтэй нөтбүүк, хар өнгийн принтер зэргийг авч гарах гээд бөөгнүүлээд тавьсан байхаар нь бид хоёр тэр залууг барьж аваад цүнхний оосроор нь нөгөө залуугийн гарыг ард нь хүлээд 44 дүгээр сургуулийн захирал Чимэдзаяад хулгай орсон талаар мэдэгдэхэд захирал шууд “цагдаад өг” гэж хэлсэн.“ /1хх-68-69/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Нямдоржийн өгсөн: “...Миний бие 44 дүгээр сургуульд слесарь ажилтай юм. Н.Болдбаатар бид хоёр 125 дугаар ангийн хаалгыг онгойлгож ороод гэрлээ асаатал үл таних хүн зогсож байсан бөгөөд бид хоёрыг хараад гартаа барьсан бахиа газарт хаясан. Тэгэхээр нь би "чи газарт хэвт" гэхэд тэр залуу ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүйгээр газарт хэвтсэн. Н.Болдбаатар бид хоёр цүнхний оосроор гарыг нь хүлээд цагдаа дуудсан.” /2хх-70/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 5250 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 2, 3 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 5 дугаартай гарын мөр, 4 дугаартай бээлийний мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй 2 дугаартай гарын мөр санд 2512875 дугаараар бүртгэгдсэн Цэнгэлийн Мөнх-Очирын зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна. Шинжилгээнд тэнцэж буй 3 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй.” гэжээ /2хх-76/ дүгнэлт,

 

Мөрдөн байцаалтад Ц.М ын яллагдагчаар өгсөн: “Би урьд нь 53 дугаар сургуулиас хулгай хийхдээ хойд талд нь байх 44 дүгээр сургуулийг мэдэж авсан юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 23 цагийн үед 16 дугаар хороололын 44 дүгээр сургууль дээр очоод баруун талаас нь хашааг нь давж ороод багш нарын нөөтбүүк нь байх ёстой гээд сургуулийн урагшаа харсан талынх нь нэг давхрын вакум цонхыг нь өөрийн авч явсан хадаасны лоомоор хөшиж онгойлгоод дотогшоо хичээлийн танхим руу орсон. Ангид байсан шилэн нүүртэй төмөр сейф байхаар нь бахиар шилийг нь црхиж хагалж онгойлгоход дотор нь хар цүнхтэй нөөтбүүк, улаан өнгөтэй жижиг хөгжим, хар өнгөтэй хувилагч принтер байхаар би өөрийнхөө авч явсан цүнхэндээ хийгээд гарах гэж байтал хаалга түлхүүрээр онгойлгох дуу гараад хоёр манаач орж ирээд намайг газар хэвтүүлж байгаад хүлсэн. Тэгээд удалгүй намайг цагдаа нар ирээд барьсан юм.” /2хх-106/ гэх мэдүүлэг,

 

-Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-97-98/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-49-51, 52-55/,

-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-59/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

в/ Шүүгдэгч Ц.М нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт Орчлон” ХХК-ийн барьж байгаа барилга дээрх хамт ажилладаг Д.Расулыг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

-Мөрдөн байцаалтад хохирогч Б.Расулын өгсөн: “…Би хамаатны залуу болох Жанузакын хамт 2017 оны 1 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт Орчлон” ХХК-ны барьж байгаа барилга дээр туслах ажилтанаар анх ажилд орсон…Тухайн үед би нэг давхарт Ц.Мөнх-Очиртой хамт ажил хийж байсан. Ажлаас болж бид хоёр маргалдах болсон…Ц.М бид хоёр гипсэн хавтанг зөөж байсан. Ц.М бид хоёр хамтдаа гипс зөөгөөд дахиж очоод гипс аваад өргөөд явж байхад араас ирээд гипсээр түлхсэн. Тэгэхээр нь би уурлаад та яагаад хүн түлхээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь чи яах гээд байгаа юм бэ гэсэн. Нааш хүрээд ир гээд намайг дуудахаар нь яваад очсон чинь Ц.М гартаа төмөр барьсан байсан. Ингээд шууд төмрөөрөө миний зүүн талын шанаа орчим нэг удаа цохисон. Тухайн үед би ухаан алдаад унасан. Ингээд сэрсэн чинь миний толгой, гар орчим нөгөө гартаа барьсан төмрөөрөө цохиж байсан. Тухайн үед би Ц.М толгойгоо гараараа хамгаалаад тусламж гуйж орилсон. Миний гар руу төмрөөрөө 2-3 удаа цохисон чинь нэг давхарт ажил хийж байсан ах ирээд салгасан.” /2хх-25-26/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Жанузакын өгсөн: “…Би хамаатны залуу болох Б.Расулын хамт 2017 оны 1 сараас эхлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт Орчлон” ХХК-ны барьж байгаа барилга дээр туслах ажилтанаар анх ажилд орсон. Б.Расул бид хоёр бараа материал зөөх туслах ажил хийдэг байсан. 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Б.Расул бид хоёр хамтдаа ажил дээр өглөө 08 цагт ирсэн. Ингээд ажлаа хийж байгаад 16 цаг өнгөрч байхад хөдөлмөр хамгаалалтын инженер Загдсүрэн над руу залгаад “4 давхарт хүрээд ир” гэсэн. Яваад очсон чинь Б.Расулын толгойноос нь цус гарсан байдалтай марлаар боосон байхаар нь асуухад Ц.М гээд ахад зодуулсан гэж хэлсэн. Тэгээд би Б.Расулын хувцсыг нь солиод цагдаа дээр ирсэн чинь бие нь хүнд байна эмнэлэгт яаралтай үзүүл гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлэг очиж үзүүлэхэд хагарсан хэсэг газар нь оёдол тавиулаад толгойн зураг авахуулсан чинь яаралтай эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Ингээд 6 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.” /2хх-27-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Отгонбатын өгсөн: “…Манай “Эрдэнэт Орчлон” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгаа юм. 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би ажил дээрээ өглөө 08 цагт очоод барилгын 1 давхарт гипсэн тааз тогтоож угсрах ажил хийж байсан. Ингээд намайг ажлаа хийж байхад үдээс хойш Ц.М 1 казак залуугийн хамт гаднаас гипсэн хавтан зөөж байсан. Тэгээд зөөж авчраад хаана тавих юм бэ гэж тэр хоёр асуухаар нь наанаа тавьчих гэж хэлсэн чинь тавиад буцаад явсан. Тэгээд 1 минут орчмын дараа гадагшаа хаалганы орчим хүн орилох чимээ гарахаар нь гүйгээд очиход Ц.М казак залууугийн зүүн талын гарын орчим нь труба төмрөөр цохиж байхаар нь боль гэж хэлээд салгасан. Юунаас болж маргалдаж муудалцсан талаар мэдэхгүй. Тухайн үед хоёулаа эрүүл байсан. Намайг очиход гар орчим нь труба төмрөөр 1-2 удаа цохиход нь очоод салгаж авсан. Өмнө нь хаана нь хэдэн удаа цохисон гэдгийг нь би хараагүй.” /2хх-30-32/ гэх мэдүүлэг,   

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4029 дугаартай дүгнэлтэнд:

          1. Д.Расулыг биед зүүн талын хацар ясны нумны хугарал, дух, ясны баруун талын гадна ялтасны хугарал, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, дух зүүн зулайд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

        5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /2хх-36/

  гэх дүгнэлт, 

     

-Өвчний түүх /2хх-5-15/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-16-20/,

-Эмнэлгээс гарах үеийн эпикриз /2хх-43-49/,

-Хохирол нэхэмжилсэн баримтууд /2хх-78-81/,

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-83-86/,

-Шүүгдэгч Ц.М ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2хх-88/,

-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /2хх-103/ зэрэг болно.

 

            Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ц.М  нь 2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ерөнхий боловсролын 53 дугаар дунд сургуульд үйл ажиллагаа явуулдаг "Аян согоо" ХХК-ны цайны газарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар нэвтэрч 616.472 төгрөгийн эд зүйл хулгайлсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ерөнхий боловсролын 44 дүгээр дунд сургуулийн 125 тоот өрөөнд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар нэвтрэн орж Ц.Отгонтуяагийн эзэмшлийн сейфийг эвдэж 45.000 төгрөгийн хохирол учруулсан, “Тошиба” маркийн нотебүүк, НР маркын принтер хөгжим зэрэг 888.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлахыг завдсан, мөн 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт Орчлон” ХХК-ийн барьж байгаа барилга дээр хамт ажилладаг Д.Расулыг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.Оюунчимэг, Ц.Отгонтуяа, Д.Расул нарын мэдүүлгүүд, гэрч Н.Болдбаатар, Ц.Нямдорж, Б.Жанузах, Ш.Отгонбат нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5250, 5298, 4029 дугаартай дүгнэлтүүд, “Дамно” ХХК хөрөнгө үнэлгээний тайлангууд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож авсан тогтоол, шүүгдэгч Ц.М ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ц.М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч үйлдсэн” гэм хэргийг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч үйлдэхийг завдсан” гэмт хэргийг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тус тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэлийг шүүгдэгч Ц.М т тус тус оногдуулахаар тогтов.

 

Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэрэг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасан “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хорих ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялыг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д заасан “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн оногдуулна” гэж заасны дагуу тэдгээрийг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.М ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хуульд заасан хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс хохирлын асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Үүнд: Шүүгдэгч Ц.М нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн хохирол болох 918.299 төгрөгийг гаргуулж хохирогч А.Оюунчимэгт 616.472 төгрөгийг, хохирогч Ц.Отгонтуяад 45.000 төгрөгийг, хохирогч Б.Расулд 256.827 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн ба хохирогч Б.Расул нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр труба 1 ширхэг, хадаасны лоом, “Дөл” гэх бичигтэй асаагуур, бахь, цүнх зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зохих байгууллагад шилжүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Ц.М нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн энэ хэрэгтээ яллагдагчаар цагдан хоригдсон ба шүүх хуралдааны өдрийг хүртэл нийт 396 цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36,13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч үйлдэхийг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.М шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дүйцүүлэн 30 хоногийн хугацаагаар тогтоосон хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 3 жил 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Ц.М оногдуулсан 3 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.М цагдан хоригдсон 396 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар тус тус шүүгдэгч Ц.М нийт 918.299 төгрөгийг гаргуулж хохирогч А.Оюунчимэгт 616.472 төгрөгийг, хохирогч Ц.Отгонтуяад 45.000 төгрөгийг, хохирогч Б.Расулд 256.827 төгрөгийг тус тус олгосугай

 

            7. Хохирогч Б.Расул нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр труба 1 ширхэг, хадаасны лоом, “Дөл” гэх бичигтэй асаагуур, бахь, цүнх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                     Э.ЧИНГИС