Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1587

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, 

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,   

Иргэний хариуцагч Н.Одончимэг,

Шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

           Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д холбогдох эрүүгийн 1803 00705 0374 дугаартай хэргийг 2018 оны 11 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б.Д .

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

         

Шүүгдэгч Б.Д  нь 2018 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 2 цаг 50 минутын үед  Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянцээл” төвийн баруун талын явган хүний гарцтай замд Тоёото Приус маркийн 21-01 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж , хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Т.Ганболдыг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүхийн хэлэцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д  мэдүүлэхдээ: “...Мөрдөн

шалгах ажиллагаанд тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Н.Одончимэг мэдүүлэхдээ: “...Машины хохирлыг хүүгээсээ нэхэмжлэхгүй. Цаашид хохирогчид чадах чинээгээрээ туслана.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-16/, хохирогч Т.Ганболдын өгсөн мэдүүлэг /хх-19-21/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 10529 дугаартай дүгнэлт /хх-37/, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн өвчний түүх /хх-39-47/, иргэний хариуцагч Н.Одончимэгийн өгсөн мэдүүлэг /хх-33/, Тээврийн цагдаагийн албаны 630 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-62, 64/, шүүгдэгч Б.Д ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-75-76/, шүүгдэгч Б.Д ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-80/, шүүгдэгч Б.Д ын ял шалгах хуудас /хх-79/, хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-97/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч Б.Д  нь 2018 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 2 цаг 50 минутын үед  Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянцээл” төвийн баруун талын явган хүний гарцтай замд Тоёото Приус маркийн 21-01 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж , хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Т.Ганболдыг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Т.Ганболдын өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сансарын цагдаагийн кабин дээр гэртээ маргалдсан гэсэн үндэслэлээр байж байгаад зам хөндлөн зүүнээс баруун гар тийш гарч байгаад дээрээсээ доошоо явж байсан машинд мөргүүлсэн. Би явган хүний гарцаар гүйгээд гарч байсан. Би машин ирж байгааг харсан. Тухай машин миний баруун ташаа хэсэг рүү мөргөсөн. Машин аль талаараа намайг мөргөснийг мэдэхгүй байна. Би тэр орой 4 лааз пиво уусан байсан. Б.Д  надад эмнэлгийн ор хоногийн мөнгө өгсөн. Нарийн тооцож гаргаагүй байгаа. Надад гомдол санал байхгүй.” /хх-19-21/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Билгүүний өгсөн: “...2018 оны 8 сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Сүлд 68 буюу 7 дугаар хороо, “Баянцээл”-ийн кобонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ үед 9 цаг өнгөрч байхад хохирогч Т.Ганболд гэдэг хүн гэртээ агсам тавиад байна гэж дуудлага өгсөн. Тэгэхээр нь яваад очтол Т.Ганболд гэдэг хүн гэртээ согтолттой хэрүүл маргаан хийсэн зүйлгүй байсан ба хүүхэд нь “та нар аваад явахгүй бол болохгүй, гарсаны дараа дахин хэрүүл маргаан үүсгэнэ” гэхээр нь аваад кобон дээр авч ирээд тэндээсээ Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү аваад очсон боловч эрүүлжүүлэх байр зайгүй байсан учир Сансарын кобон дээр авч ирсэн. Уг хүнийг ирэх үед кобон дотор нэг хүн байсан ба Т.Ганболд гэдэг хүнийг кобон дотор оруулаад арга хэмжээ авах гэсэн боловч “мөнгө байхгүй” гэхээр нь ар гэр рүү нь хэлтэл “бид нар наад хүнийг чинь хүлээж авахгүй” гэсэн. Ингээд байж байтал дуудлага ирээд авч ирсэн хүмүүстээ шаардлага тавиад байж байхад гаднаас нэг хүн орж ирээд нэг хүн машинд мөргүүлчихлээ гээд Саруул-Од ороод ирсэн.” /хх-27/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад гэрч П.Саруул-Одын өгсөн: “...2018 оны 8 сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Сүлд 10 буюу 7 дугаар хороонд гэртээ нэг хүн агсам тавиад байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд уг газарт очиход Т.Ганболд гэгчийг гэрээс нь аваад хэсгийн байран дээр авч ирээд эрүүлжүүлэх байранд хүргүүлэхээр явуулсан боловч аваагүй ба эргээд 00 цаг өнгөрч байхад ирсэн...Тэгээд удалгүй байх байтал нэг хүн машинд дайруулчихлаа гэхээр нь гартал Т.Ганболд гуай дайруулсан байж байсан.” /хх-29/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Н.Одончимэгийн өгсөн: “...Би 2017 оны 3 сард манай нөхрийн дүү гадагшаа явах гээд манайд өөрийн жолоодож байсан Т.Приус маркын 01-42 УБЛ дугаартай автомашиныг нь худалдан авсан. Тэгээд тэрнээс хойш манай хүү Б.Д  жолоодож явдаг байсан. Би осол гарсан тухай тэр дор нь мэдсэн. Манай хүү гэр рүүгээ залгаад “та хоёр гэмтэл дээр яваад оч” гэхээр нь очтол “нэг согтуу хүн урдуур нь орчихсон” гэж байсан. Уг машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Нөгөө тал чадлаараа л туслаж байгаа. Манай талаас анхны тусламжийг бүрэн үзүүлсэн гэж бодож байна. КТГ болон хэлсэн болгоныг өгч байгаа.” /хх-33/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн шинжээчийн №10259 дугаартай дүгнэлтэд:

1. Т.Ганболдын биед баруун талын дунд чөмөгт ясны толгой аарцгийн хөндий рүү цөмөрсөн, ацетабул ар болон урд багана хэсгээр, мөн умдаг ясны доод салаа дайрсан зөрүү ихтэй хугарлууд, аарцгийн цагирагийн хэлбэр алдагдал, баруун талын дунд чөмөгт ясны толгой хэсгийн хугарал, баруун өгзөгний гадна хэсгээс баруун гуяны гадна дээд хэсэг, зүүн сарвууны гадна хэсэг, алга, хуруунуудад цус хуралт, цээжний зүүн урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.                                                               

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.                                                            

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-д заагдсанаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тонтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.                      .                                              

4. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-37/,

 

Шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 630 дугаартай дүгнэлтэд:

1.Т.Приус маркын 21-01 УНХ дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Д  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дахь заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байтал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 2. Явган зорчигч Т.Ганболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна.” /хх-62/ гэх дүгнэлт,  

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 630 дугаартай дүгнэлтэд:

1.Т.Приус маркын 21-01 УНХ дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Д  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дахь заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байтал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 2. Явган зорчигч Т.Ганболд нь гаргасан үйлдэл нь жолооч Б.Д т эргэлзээ төрүүлж, зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.” /хх-64/ гэх дүгнэлт, 

 

          Мөрдөн байцаалтад Б.Д ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “Хуульд заасан эрх, үүрэгтэй танилцлаа, асуух зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Прокурорын яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би энэ хэрэгт гарсан техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл нэг талыг барьсан дүгнэлт гэж харагдахаар байна. Би осол хэрэг гарах үед явган зорчигчийг хараад тооромзоо гишгээд хөдөлгөөнөө сааруулаад явж байхад явган зорчигч замаар зүүнээс баруун гар тийш гарах гэж байснаа буцаад эргээд хоёр алхсанаа гэнэт л эргэж гүйгээд машины зүүн урд хэсэгт мөргүүлээд газарт унасан. Тэгээд би машиныхаа тооромзыг гишгээд машинаа зогсоосон. Би дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Би осол хэрэг яагаад гарсан талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би одоогоор бэлнээр нэг сая гаран төгрөг гаргаж өгөөд байгаа. Мөн ямар нэг зүйл хэрэгтэй байна гэхээр нь тэр бүрийг нь авч өгсөн. Шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй.” /хх-75-76/ гэх мэдүүлэг,

 

            -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-16/,

  -“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 9 дугаар сарын 1-ний өдрийн №167 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-52-60/,

          -Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн өвчний түүх /хх-39-47/,

          -ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх-95/,

          -Шүүгдэгч Б.Д  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-80/,

          -Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-79/ зэрэг болно.

 

            Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Д  нь 2018 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 2 цаг 50 минутын үед  Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянцээл” төвийн баруун талын явган хүний гарцтай замд Тоёото Приус маркийн 21-01 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Т.Ганболдыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Д ын 2018 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 2 цаг 50 минутын үед  Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянцээл” төвийн баруун талын явган хүний гарцтай замд Тоёото Приус маркийн 21-01 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж , хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Т.Ганболдыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Д  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

          Хохирогч Т.Ганболд нь шүүгдэгч Б.Д аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Харин хохирогч Т.Ганболдын цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдуулан гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

          Шүүгдэгч Б.Д  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Д ын В ангилалын 688105 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

         

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Д ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Д ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Д  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Д ын В ангилалын 688105 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Д т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Хохирогч Т.Ганболд нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС