Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 185

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Б.Баярхүү,

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тд холбогдох 0000 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Д.Т /-

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байрны 17 тоот хаягт байрлах иргэн Д.Иий гэрт эхнэр Т.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож биед нь баруун нүдний зовхи, баруун гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.Таас: “.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...”    гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Т.Эгийн: “...Ингээд 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед хүүхдүүдийн хамт гэртээ унтаж, амарч байхад Д.Тын дуу гараад хүмүүс хоорондоо инээлдэж байсан. Тэгээд би сэрээд ажиглаж харахад Д.Т нь манай байрын 17 тоотод оршин суух найз Д.Иий гэрт эмэгтэй хүмүүстэй хамт сууж байсан бөгөөд тухайн үед уг айлын тагтны хаалга нь онгорхой байсан болохоор сонсогдож байсан. Тэгээд би уг айл руу очиж, хаалгыг нь тогшин ороход Д.Т, Д.И хоёр байсан ба нөгөө өрөөнд үл таних хоёр хүүхэн байсан. Ингээд би Д.Ттай хэрэлдэж, маргалдсан. Тэгсэн Д.Т нь охин болох Анужин бид хоёрыг цохиж зодсон. Ингээд айлын эзэн болох Д.И нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Миний бие маш их гомдолтой байна. Гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, улмаар доромжилж, цохиж зодсон асуудлыг хуулийн дагуу шалгаж, арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Тухайн үед Д.Т намайг үсдэж чирээд, улмаар заамдаж, миний баруун, зүүн талын гуя руу өшиглөсөн. Мөн баруун талын нүд рүү гараараа цохьсон. Баруун, зүүн талын гуя орчмоор хөхөрсөн. Мөр баруун талын нүд хөхөрч хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Т.Анужингийн: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны шөнө гэртээ байж байхад аавын найз Д.И ахын гэрээс 03 цагийн үед манай аавын дуу сонсогдохоор нь ээж Т.Эд хэлчихсэн чинь ээж доошоо гүйж ороод удаад байхаар нь би араас нь яваад ороход ээжийг аав үснээс зулгаагаад айлаас гаръя гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Сүхболдын: “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2017 оны 10 дугаар сарын 13-ны 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон 2 дугаар байрны 17 тоотод нөхөр Д.Т нь согтуугаар намайг зодоод байна гэх дуудлага цагдаагийн хэлтсийн жижүүрээс ирсэн. Энэ дуудлагын дагуу очиход дуудлага  өгсөн Т.Э гэх эмэгтэй өөрийн охин Анужингийн хамт доод айл болох Жаргалан хотхоны 2 дугаар байрны 17 тоотод орчихсон нөхөр Д.Ттайгаа маргалдаад нөхөр Д.Т нь эхнэр Т.Э болон хүүхдээ зодсон гэж дуудлага өгөгч хэлж байсан. Т.Эгийн  үс нь үсдүүлсэн бололтой сэгсийж унасан, баруун нүдний дээд зовхи нь бага зэрэг улайж хөхөрсөн байдалтай байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Гэрч Л.Лхагвадэмбэрэлийн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 08:00 цагаас 13-ны 08:00 цаг хүртэл Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хороог хариуцан Арцат-111 чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сүхболдын хамт 24 цагаар авто эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан юм. Тус шөнийн 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жаргалан хотхоны 2-17 тоот нөхөр нь агсам тавиад байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад Д.Т гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай найз Д.И гэх доод айлдаа найз болон 2 хүүхний хамт байж байсан. Очиход Д.И гэх найз нь цаад өрөөндөө хоёр хүүхнээ цоожилчихоод Д.Тын эхнэрийг оруулахгүй байсан. Д.Тын эхнэр нь энэ өрөөнд хүмүүс байгаа орж үзнэ гээд дайраад байсан. Ингэхээр нь Сүхболд бид хоёр Д.Тын эхнэр, охин хоёрт нь энэ айлын цоожтой хаалгыг бид нар онгойлгох эрх байхгүй. Та нар энэ айлын халдашгүй байдалд халдсан асуудалд орно гэж ойлгуулж Д.И гэх залуугийнхаас гаргасан. Ингээд нөхөр Д.Тыг авч явж эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Тухайн үед Д.Тын эхнэр болон охин нь их айсан байдалтай, эхнэр нь зодуулсан байдалтай, үс нь зулгаагдсан, сэгсийсэн, унасан байдалтай байсан. Д.Тын эхнэр нь ярихдаа манай нөхөр зодоод, үсдээд чирсэн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

Гэрч А.Оюунцэцэгийн: “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн охин Т.Эг гэртээ байна. ажилдаа яваагүй гэхээр нь “юу болов, бие нь өвдсөн юм болов уу” гээд гэрт нь ороход Д.Т байгаагүй. Т.Э хоёр хүүхэдтэйгээ байсан бөгөөд Т.Э унталгынхаа өрөөнд хөнжилдөө шургачихаад босож ирэхгүй байсан. Хоёр хүүхдээс нь асуусан чинь охин Анужин ээж унтаж байгаа гэсэн.  Тэгэхээр нь манай нөхөр Түмэн-Өлзий охин Т.Эгийн унтаж байгаа өрөөнд орж хөнжлийг татаж үзчихээд “хөөе чи хүрээд ирээч, энэ охиныхоо нүд нүүрийг хараач гэсэн. Тэгэхээр би явж очоод харсан чинь Т.Эгийн баруун нүд нь хөхрөөд нүдний цагаан цөцгий нь улайсан байдалтай, нүдний хажуугийн шанаа хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №13131 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Т.Э нь ороод ирэхээр нь санаа зовоод чи яах гэж орж ирж байгаа юм бэ, ийм орой, шөнө болсон хойно айлд орж ирлээ гэхэд Т.Э “чи намайг доромжиллоо, банзал, янханаар дуудаж” хоёулаа маргалдсан. Би ингээд Т.Эг айлаас гаргах гэж ноцолдсон бөгөөд Т.Э Д.Иийд байгаа хоёр хүүхэнийг харна гээд хашгичиж орилж эхэлсэн. Ингэхээр нь эхнэр Т.Эг хүчээр гаргах гэж ноцолдоод айлын шкафны хаалга салгасан. Тэгтэл Д.И уурлаад “Түмээ авгайгаа аваад гар л даа” гэсэн. Ингээд нэг харсан чинь манай охин Анужин ороод ирчихсэн харагдсан. Ингээд хэрүүл маргаан хийж ноцолдоод байж байтал хоёр цагдаа орж ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/,

-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,

-Захиргааны зөрчил авагдсан тухай бүртгэл /хх-ийн 31-33 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Д.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

       Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байрны 17 тоот хаягт байрлах иргэн Д.Иий гэрт эхнэр Т.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож биед нь баруун нүдний зовхи, баруун гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Эгийн мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Т.Анужингийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Сүхболдын мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/, гэрч Л.Лхагвадэмбэрэлийн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч А.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №13131 дугаартай дүгнэлт

  1. Т.Эгийн биед баруун нүдний зовхи, баруун гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Д.Т нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй,

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг тодорхойлсон байдаг ба, тус хуулийн 3 дугаар зүйлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэх зэрэг этгээдийг ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Т, хохирогч Т.Э нар нь 1992 оны 04 дүгээр сарын 18-нд гэр бүл болсныг Сонгинохайрхан дүүргийн 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 565 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. 

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

Шүүгдэгч Д.Т нь өөрийн эхнэр Т.Эгийн бие махбодид халдаж, түүнийг зодон хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, болон хэрэгт авсагдсан бусад нотлох баримтаар тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг заасан ба, харин мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тус зүйл, хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Хүндрүүлэх нөхцөл байдалд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдснийг” хамааруулахаар хуульчилсан, эдгээр шинжийг хангасан бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Д.Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч Т.Э нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад /хх-ийн 53 дугаар хуудас/ мэдүүлсэн тул Д.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.