Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 215/МА2022/00031

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2022/00438 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдал багийн 5- ... тоотод оршин суух, ДЮ ................. регистрийн дугаартай, Ө овогт Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь “МСҮТ”-д холбогдох “Ээлжийн амралтын болон ажлаас буруу халсан үеийн олговор гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Ээлжийн амралтын олговор 600.000 төгрөг гаргуулах,

1.2. Ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацаа /2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл/-ны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 30,485,000 төгрөг гаргуулах

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Миний бие Говь-Алтай аймаг дахь “МСҮТ”-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Гэтэл надад 2016 оны 8-12 сард ажилласан хугацаанд ногдох амралтын мөнгийг нөхөн тооцоогүй ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

 

Ээлжийн амралт олгохгүйгээр ээлжийн амралтын тооцоо хийхгүйгээр ажлаас чөлөөлсөн талаар шүүх Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Авилгатай тэмцэх газар, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар, Төрийн аудит зэрэг газраар хуулийн дагуу шударгаар эрхээ хамгаалуулахаар олон жил явсан.

Санхүүгийн хяналт аудитын албаны дарга хяналт шалгалт хийгээд Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь Б.Б намайг ажлаас чөлөөлөхдөө ээлжийн амралтын эцсийн тооцоог бүрэн гүйцэд хийгээгүйг тогтоосон. Боловсролын салбарт 36 жил тасралтгүй ажилласан миний хөдөлмөрийг үгүйсгэж, эцэст нь хэл аманд хутгаж, би хохирч үлдсэн.

Надад ээлжийн амралтын олговор олгохдоо Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын ээлжийн амралт олгох заавар журмыг зөрчсөн байна гэж үзэж байгаа тул ээлжийн амралтын тооцооны үлдэгдэл 600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.2. Говь-Алтай аймаг дахь МСҮТ нь Б.Б намайг өндөр насны тэтгэвэрт гаргахдаа “Ээлжийн амралт олгох журам”-ыг зөрчиж, ажлаас буруу халсан.

Иймд 2017 оны 02 сараас эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс 30,485,000 төгрөгийг Говь-Алтай аймаг дахь “МСҮТ”-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Тус МСҮТ-ийн номын санчаар ажиллаж байсан Б.Б нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан.

МСҮТ-ийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай Б/14 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын дагуу Б.Б нь 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажлын 29 өдрөөр тооцож, ээлжийн амралтаа биеэр эдэлсэн байна.

Энэ хугацааны ээлжийн амралтын олговорт 79.167.1 төгрөг бодогдож, нийгмийн даатгалын шимтгэл 79.167.1 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 64,250.39 төгрөг суутгаж, 648,253.51 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б.Б Хаан банк дахь 5315025819 тоот дансанд нь шилжүүлсэн байна. /Жич: 2016 онд ногдох амралтын олговроо бүрэн авч, өөрийн биеэр эдэлсэн/.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын дагуу Б.Б 2017 оны ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын эцсийн тооцоог хийхэд 97,050 төгрөг бодогдож, нийгмийн даатгалын шимтгэл 9,705 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 1,735 төгрөг суутгаж, 85,611 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Б.Б Хаан банк дахь 5315025819 тоот дансанд шилжүүлсэн.

Б.Б нь 2017 оноос хойш тэтгэмж болон амралтын мөнгөний тооцооны асуудлаар Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүх, Авилгатай тэмцэх газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хяналт шалгалтын ажлын хэсэгт гэх мэт маш олон хууль хяналтын байгууллагаар шалгуулан зохих хариу, тайлбарыг тухай бүр авч байсан.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2021/00002 дугаар магадлалаар Б.Б тэтгэмж, ээлжийн амралтын олговор 600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00283 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэлд дурдагдсан Санхүүгийн хяналт аудитын алба болон Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт тухайн үед Б.Б хувийн өргөдөл өгч шалгуулж байсан.

Холбогдох хяналт шалгалтын байгууллагад Б.Б амралтын мөнгөний олговортой холбоотой санхүүгийн баримт материалыг тухай бүрд нь гарган өгч байсан.

Уг шалгалт хийсэн байгууллагаас тус МСҮТ-д Б.Б амралтын олговрыг буруу зөрүү, дутуу олгосон байна гэж акт, албан шаардлага ирүүлээгүй.

Б.Б нь хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул тухайн үеийн хэрэгжиж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөх тушаал гарч, холбогдох тооцоог хийж дуусгасан учир тус МСҮТ болон Б.Б нарын хоорондох хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон.

Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон учраас нэмэгдүүлсэн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 30,485,000 төгрөгийг тус МСҮТ гаргах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

 Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б нэхэмжлэлтэй Говь-Алтай аймаг дахь “МСҮТ”-д холбогдох Ээлжийн амралтын олговор 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө овгийн Б.Б-ийн хариуцагч Говь-Алтай аймаг дахь “МСҮТ”-өөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 30,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь “МСҮТ”-д холбогдуулан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 133 /ШШ2022/00438 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Б.Б намайг хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар гомдол гаргах хугацаа сэргээлгэхээр шүүхэд хүсэлт /санаачлага/ гаргаагүйн дээр хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацаа нь сэргээн тогтоох “хүндэтгэн үзэх шалтгаан” хэрэгт судлагдсан баримтаар тогтоогдсонгүй гэх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хөдөлмөрлөх эрхийн 1. Маргаантай 2. Холбогдсон цалин хөлс, амралтын мөнгө, тэтгэмжийн мөнгөтэй холбогдсон асуудлаар 2017 оны 2 сараас хойш эрх ашгаа хамгаалуулах гэж Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн 151 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал 2017 оны 05 сарын 12 өдөр дугаар 15, Говь-Алтай аймгийн Прокурорын газар мэдэгдэх хуудас 2018 оны 08 сарын 03 №166, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар 2018 оны 08 сарын 23 өдөр №183, Говь-Алтай аймгийн Прокурорын газар 2018 оны 08 сарын 27 өдөр №68, Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, 2018 оны 12 сарын 04 өдөр №10/321, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамж 2019 оны 01 сарын 21 өдөр №128/ШЗ2019/0608, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2020 оны 09 сарын 30 өдөр дугаар 133/ШШ2020/00651, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн захирамж 2020 оны 11 сарын 04 дугаар 215/ШЗ2020/00005, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал 2021 оны 01 сарын 12 өдөр дугаар 205/МА2021/00002 Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамж 2022 оны 08 сарын 12 өдөр дугаар 133/Ш32022/01408, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2022 оны 08 сарын 18 өдөр дугаар 133/Ш32022/01431, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2022 оны 08 сарын 19 өдөр дугаар 133/Ш32022/01453 гэж Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 09 сарын 01 өдөр дугаар 133/ШШ2022/00438, Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд 2017 оны 07 сарын 20 №1/285, Монгол Улсын Сангийн яам улсын байцаагчийн албан шаардлага 2018 оны 05 сарын 22 №21-01/03/11, Монгол Улсын Сангийн яам 2018 оны 12 сарын 18 өдөр №12-1/7775 ийм газруудаар тасралтгүй явсан байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 01-ний өдрийн дугаар 133/ШШ2022/00438 шийдвэрийг дахин магадлаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь МСҮТ-д холбогдуулан Ээлжийн амралтын тооцоо хийлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлээр ээлжийн амралтын олговорын зөрүү 600.000 төгрөг гаргуулах, Ээлжийн амралт олгох журмыг зөрчиж, ажлаас буруу халсан гэх үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 30.485.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1. Нэхэмжлэгч нь 2016 оны ээлжийн амралтын олговорын зөрүү 600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээрх ээлжийн амралтын олговорын зөрүү 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд урьд нь гаргаж байсныг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай магадлалаар хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00283 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Эдгээр шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байна.

 

Тиймээс анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б ээлжийн амралтын олговор 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

 2. Нэхэмжлэгч Б.Б нь урьд нь Говь-Алтай аймаг дахь МСҮТ-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах талаар нэхэмжлэл гаргаж байгаагүй боловч 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр энэ талаар анх нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу 1999 оны хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн учраас эдгээр нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлтэй эсэх тухай дүгнэлт хийж, уг хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг агуулгаар хянан шийдвэрлэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

  Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2022/00438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.Э

                                         ШҮҮГЧИД                            Ш.Б

                                                        Т.Ж