| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 133/2022/00351/И/ |
| Дугаар | 215/МА2022/00032 |
| Огноо | 2022-12-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 215/МА2022/00032
Д.Ц-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ж.Б, Б.А нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 133/ШШ2022/00430 дугаар шийдвэртэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 18 байрны 1- ... тоотод оршин суух, ДВ ............. регистрийн дугаартай, С овгийн С.Г,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Жаргалант-Өрөө 9- ... тоотод оршин суух, ДМ .............. регистрийн дугаартай, О овгийн Ц.Л нарт холбогдох
Гэм хорын хохирол 12,349,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Эмчилгээний зардал 1,849,950 төгрөг, мэс заслын урьдчилсан зардал 6,000,000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний урьдчилсан зардал 2,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг, нийт 12,349,950 төгрөг гаргуулах тухай
1.1. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвд сахиулаар 2016 оноос 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилласан.
Цар тахлын хөл хориотой байх үед байгууллагын даргын чиглэлийн дагуу түүний удирдлага дор 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус аймгийн Жаргалан сумын нутагт байрлах Хүнхэр амралтын газарт амрахаар очсон.
Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө тухайн амралтын газрын соёлын төвд Ц.Л /тухайн үед Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга байсан ба одоо Говь-Алтай аймгийн Онцгой байдлын орлогч даргын албан тушаалтай/ манай байгууллагын буюу Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн дарга С.Г нар маргалдаад зодолдох гэхээр нь салгах зорилготой дундуур нь орсон боловч С.Г-д нүүрэн тус газраа цохиулан ухаан алдан унасан байдаг.
Үүний улмаас миний хамрын яс зөрж хугарсан, хэлбэр алдагдсан, хамрын хөндий шархалж, үрэвсэл үүссэн ба дээрх гэмтлүүд нь зайлшгүй мэс заслын хагалгаагаар эмчлэгдэх боломжтой болохыг тухайн үед Улсын 1 дүгээр эмнэлэг, “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэг, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмчийн үзлэг, шинжилгээгээр тогтоосон.
Уг гэмтлийн улмаас баруун талын нүдний хараа 0.2 хувь, зүүн талын нүдний хараа 0.7 хувь болтлоо буурсан байсан бол 2022 оны 02 дугаар сарын 14-ний байдлаар баруун нүдний хараа 0.9, зүүн нүдний хараа 0.1 болтол харах чадвар буурсан байна.
“Болор мэлмий” эмнэлэгт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үзүүлсэн үзлэгээр баруун нүдний өмнөд хоргын өнцөг гэмтлийн шалтгаантай бүтэц алдагдсан буюу мэргэжлийн хэллэгээр рецессия гэж оношлогдсон байдаг ба 2022 оны 02 дугаар сарын 14-ний үзлэгээр тухайн гэмтлийн улмаас нүдний даралт ихсэх өвчинтэй болсон нь тогтоогдсон. Цаашид гэнэт нүдний хараа бүрэн хаагдах эрсдэлтэй учир 14 хоногийн дотор дахин үзүүлэх ба нүдний эмчийн хяналтад тогтмол байх шаардлагатай болсон.
“ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэгт 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн олон зүслэгт компьютер томографикийн шинжилгээгээр хамар ясны хугарал, хамрын таславч муруйсан, хамрын хөндийн салст шархтай, хэлбэр алдагдсан хамрын хугарал, таславч самалдаг хамт засах мэс заслын заалттай гэж оношилсон.
Үүнтэй холбоотой 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн 201600126 дугаартай хэрэг нээн шалгахдаа хавтаст хэрэгт бэхжүүлж, цуглуулсан нотлох баримтаар 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн нутаг дэвсгэрт байрлах Хүнхэр амралтын газрын соёлын төвийн танхимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн С.Г, Ц.Л нар маргалдахдаа хохирогч Д.Ц цохиж түүний биед хамар ясны хугарал таславчийн муруйлт, нүүрний баруун хэсэг буюу хамар, баруун нүдний доод зовхи, баруун хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулсан байна гэж дүгнэсэн.
Энэхүү хэргийн улмаас миний бие нүдний даралт ихсэх болон нүүрний гурвалсан мэдрэл, зүрх судас, тархи мэдрэлийн хавсарсан өвчтэй болж байнгын эмчилгээ хийлгэдэг болсноос гадна хамар ясны хугарлыг хагалгаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон.
Эмчилгээний зардал Улаанбаатар Сонгдо эмнэлэгт эмчлүүлэхэд 6,000,000 төгрөг байна. Мөн хэрэг явдал гарснаас хойш одоог хүртэл хэрэглэсэн эмийн эмчилгээний болон замын зардал 1,849,950 төгрөг болж байна. Үүнээс гадна хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхэд багадаа 2,000,000 төгрөгийн зардал хэрэгтэй болсон гэжээ.
2. Хариуцагч С.Г татгалзал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
2.1. Хариуцагч С.Г татгалзлын үндэслэл: С.Г миний бие Д.Ц гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Өнгөрсөн 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хүнхэр амралтын газрын хоолны танхимд би Д.Ц нүүрэн тус газарт нь цохиогүй.
Уг хэрэг нь Говь-Алтай аймгийн Прокурорын газар, тус аймаг дахь Цагдаагийн газраар 1,1 жилийн хугацаагаар шалгагдаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр уг хэргийг хаасан юм.
Б.М, Л хоёр Д.Ц зодсон гэж тус тус нэг нэг сая төгрөг өгч хохирлыг арилгасан. Намайг хамгаалж дундуур ороод цохиулсан учир бүүр сүүлд нь Б.М, Ц.Л бид гурав нийлж дундаасаа нэг сая төгрөг өгсөн. Энэ хүний хөнгөн хохирол нь ингээд нийт 3,0 сая төгрөг авч арилсан.
Даралт, нүдний гэмтэлд хамаарахгүй гэсэн хотын шинжээч эмчийн дүгнэлт гарсан тул мөнгө нэхэх шалтгаан байхгүй. Миний хувьд намайг хамгаалсан хүн гэж нөгөө холбогдсон хоёртой нийлж, мөнгө өгснөөс би зодож цохисон зүйл байхгүй.
Би зодоогүй учир мөнгө өгөхгүй, түүнд өгсөн 340,000 төгрөгөө авмаар байна.
Тус аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 35/А дугаар тогтоолоор С.Г цохисон гэдэг нь тогтоогдоогүй болно гэжээ.
3. Хариуцагч Ц.Л татгалзал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
3.1. Хариуцагч Ц.Л татгалзлын үндэслэл: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 12 349 950 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ц.Л би Д.Ц биед гэмтэл учруулаагүй. Энэ нь Говь-Алтай аймгийн Прокурорын газрын тогтоол, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр тус тус нотлогдоно гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С овгийн С.Г-аас унааны зардал 129,600 төгрөг /нэг зуун хорин есөн мянга зургаан зуу/, үзлэг, шинжилгээ, эмийн зардалд 1,720,350 /нэг сая долоон зуун хорин мянга гурван зуун тавь/ төгрөг, нийт 1,849,950 төгрөг /нэг сая найман зуун дөчин есөн мянга есөн зуун тавь/ гаргуулан нэхэмжлэгч Б овгийн Д.Ц-т олгож, хариуцагч С овгийн С.Г-д холбогдох нэхэмжлэлээс үлдэх 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэсэг болон хариуцагч О овгийн Ц.Л-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага /бүхэлд нь/-ыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,549 /хоёр зуун арван хоёр мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 44,549 /дөчин дөрвөн мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч С.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Миний бие уг хурал дээр Монгол улсын Ерөнхий прокурорын газраас нэхэмжлэгч Д.Ц-т ирүүлсэн хариу мэдэгдэх хуудсыг мэдсэн. Хэргийн материалтай танилцах явцдаа анзаараагүй байна. Тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болсон шүүхийн хэлэлцүүлгийн хурлын тэмдэглэл, материалд туссан байгаа. Үндсэн хуульд зааснаар гэм буруутай эсэхийг зөвхөн Шүүхийн байгууллага тогтоохоор тодорхойлж өгсөн байгаа учраас миний мэдээгүй Монгол улсын Ерөнхий прокурорын газрын мэдэгдэх хуудсаар буруутгаж байгаад гомдолтой байна. Хэрвээ би мэдсэн бол тухайн үед нь Монгол улсын Ерөнхий прокурорын газрын улсын ерөнхий прокурорт гомдол гаргах эрх надад нээлттэй байсан юм. Иймээс тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 133/ШШ2022/00430 дугаар шийдвэрийг С.Г миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.
Өнгөрсөн 2020 оны 7 дугаар сарын 03-04-ний өдрийн шилжих шөнө Хүнхэр амралтын газрын хоолны зааланд би Д.Ц нүүрэн тус газар цохиогүй. Уг хэрэг нь Говь-Алтай аймгийн Прокурорын газар, тус аймаг дахь Цагдаагийн газраар 1,1 жилийн хугацаагаар шалгагдаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр уг хэргийг хаасан юм.
Хэрэг шалгах явцад Д.Ц нь гэрч М.Энхбатад даргыг /намайг/ хамгаалаад дундуур нь ороод цохиулчихлаа гэсэн. Мөн Б.У бид 2 Ц.Л цохьчихлоо гэж бодоод түүн рүү очоод “эмэгтэй хүнийг ямар болгосноо хар” гэж дайрсан гэсэн мэдүүлдэг.
Гэрч Б.У-ын Д.Ц эгч рүү очоод яасан бэ? зүгээр үү гэхэд Д.Ц намайг Ц.Л цохьчихлоо би С.Г хамгаалаад дундуур нь орсон гэж хэлсэн. Д.Ц архи уусан байсан. Д.Ц архины шилээр хүн цохиогүй. Д.Ц, С.Г дарга 2-ын унасан газар нь хагарсан цонхны шил их байсан. Түүн дээр унаад гараа зүссэн байх гэж мэдүүлдэг.
Гэрч С.А тухайн үед манай нягтлан М.Э, Б.У нар Ц.Л руу цохьсон гээд дайраад байсан. Д.Ц дундуур орж ирээд Ц.Л-д цохиулсан гэж ойлгосон.
Тухайн үед Д.Ц нь М намайг цохилоо гээд манай хамт олон очсон байдаг. Гэтэл М намайг, Д.Ц хамт олноос зайдуу зогсоож гар барьж уучлалт гуйгаад хэн цохисныг Д.Ц-ээс асуухад дахиад Ц.Л цохисон гэж хэлсэн.
Мөн Д.Ц-т зөөлөн эдийн няцрал учирсан нь нүдний хараа болон даралтад нөлөөгүй гэсэн шинжээч Ч.Э-ын дүгнэлт Улаанбаатар хотод гарсан нь хэрэг хаасан прокурорын тогтоолд дурьдагдсан байна.
Тухайн үед М, Л хоёр Д.Ц зодсон гэж тус тус нэг сая төгрөг өгч хохирлыг арилгасан. Намайг хамгаалж дундуур ороод цохиулсан учир сүүлд нь М, Л бид 3 нийлж дундаасаа нэг сая төгрөг өгсөн. Энэ хүний хөнгөн хохирол нь ингээд 3,0 сая төгрөг авч арилсан. Даралт, нүдний гэмтэлд хамаарахгүй гэсэн хотын шинжээч эмчийн дүгнэлт гарсан тул мөнгө нэхэх шалтгаан байхгүй. Миний хувьд намайг хамгаалсан хүн гэж нөгөө холбогдсон хоёртой нийлж мөнгө өгсөнөөс би зодож цохисон зүйл байхгүй.
Тус аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 35/А дугаар тогтоолоор С.Г түүнийг цохисон гэдэг нь тогтоогдоогүй болно гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч С.Г гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
6.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
7. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч С.Г, Ц.Л нарт холбогдуулан гэм хорын хохиролд 12 349 950 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
8. Хариуцагч С.Г нь 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт байрлах Хүнхэр амралтын газрын соёлын төвд Ц.Л-тай маргалдаж тэдний маргааныг салгах зорилгоор дундуур нь орсон Д.Ц гараараа нүүрэнд нь цохьсоны улмаас Д.Ц эрүүл мэндэд нь гэм хор учруулсан байна.
8.1. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Д.Ц нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан гэх хэрэг бүртгэлтийн 201600126 дугаар эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэжээ. /хх 36-42/
8.2. Уг тогтоолыг Д.Ц эс зөвшөөрч Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан байх бөгөөд Улсын ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсанд С.Г нь тус маргааныг таслан зогсоох гэж ирсэн Д.Ц нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн тул прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгджээ. /хх 105/
8.3. Д.Ц нь Ц.Л, С.Г нарын маргааныг салгахаар дундуур нь орох үедээ С.Гд нүүрэндээ цохиулсны улмаас хамрын ясны хугарал гэмтэл авч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Д.Ц энэ талаарх тайлбар, Улсын ерөнхий прокурорын мэдэгдэх хуудас, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 35/А дугаар тогтоолд тусгагдсан мэдээллүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг зэргээр тогтоогдсон байна.
8.4. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 35/А дугаар тогтоолд Д.Ц эрүүл мэндэд учирсан хохирлыг хэн учруулсан болох талаар дүгнээгүй, хариуцагч С.Г нь прокурорын энэ тогтоолоор би Д.Ц цохьсон гэдэг нь тогтоогдоогүй, уг тогтоолд тусгагдсан гэрч нарын мэдүүлгээр би нэхэмжлэгчийн цохиогүй нотлогдож байна гэж мэтгэлцэж боловч уг тогтоолд авагдсан Д.Ц мэдүүлэгт “Түүнийг баруун талаас цохьсон. Баруун талд нь С.Г зогсож байсан учраас С.Г түүнийг цохьсон гэж бодож байгаа” талаарх мэдээлэл тусгагдсан, бусад гэрч нар тухайлбал М.Э, Б.У, С.А нар нь Д.Ц хэн цохьсоныг хараагүй, үйл явдал болж өнгөрсний дараа бие биенээсээ болон Д.Ц-ээс болсон үйл явдлын талаар асууж мэдсэн тухай мэдээлэл авагдан байна. Прокурорын энэ тогтоол нь хариуцагчийн татгалзлыг нотлохгүй байна.
8.5 Харин нэхэмжлэгч Д.Ц нь С.Г түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж тайлбарласан нь Говь-Алтай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоол, 2021 оны 8 дугаар 05-ны өдрийн 35/А дугаар тогтоол, Улсын ерөнхий прокурорын газрын мэдэгдэх хуудас зэрэгт авагдсан Д.Ц эрүүл мэндэд С.Г хөнгөн хохирол учруулсан талаарх мэдээллүүд зэргээр давхар нотлогдож байна.
9. Дээрх үйл баримтыг үгүйсгэх нотлох баримтыг хариуцагч талаас гаргаагүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлож чадаагүй байна.
10. Тиймээс С.Г нь Д.Ц цохиж эрүүл мэндэд нь гэм хор учруулсан буруутай бөгөөд С.Г Д.Ц цохьсон үйлдэл Д.Ц эрүүл мэндэд учирсан гэм хор нь шалтгаант холбоотой байна.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан. Хариуцагч С.Г нь Д.Ц цохьсон үйл баримтыг үгүйсгэж чадаагүй байна.
12. Хариуцагч С.Г нь нэхэмжлэгч Д.Ц эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь хэргийн нотлох баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, хариуцагч С.Г нь Д.Ц эрүүл мэндэд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч С.Г нөхөн төлөх үүрэгтэй.
13. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ц.Л түүний эрүүл мэндэд гэм хор учруулсан болохыг нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэн нэхэмжлэгч Д.Ц хариуцагч Ц.Л-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
14. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 849 950 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болож шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
15. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 133/ШШ2022/00430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Г гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 549 /дөчин дөрвөн мянга таван зуун дөчин ес / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э
ШҮҮГЧИД Ж.Б
Б.А