| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0179/э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 191
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бид холбогдох эрүүгийн 1830002870199 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат, 1996 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар баг “Х” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Г.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг “Хи” гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Б.Оын 2 /хоёр/ даагыг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 1830002870199 дугаартай хэргээс:
- Ялладагч Г.Бийн “...2018 оны 07 дугаар сарын эхээр /яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна / улсын баяр наадмын өмнө Баруун-Урт суманд мал мах авдаг Заяа гэдэг хүнээс 2 даага өгнө гэж хэлээд 400.000 төгрөг авсан. 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Заяа гэдэг хүн аймгаас ирээд надаас 2 даагаа авна гэхээр нь би “Хө” гэх газарт 2 чих цуулбар имтэй загасан тамгатай зээрд азаргатай адуунаас загасан тамгатай зээрд даага, 2 чих цуулбар имтэй загасан тамгатай хонгор азаргатай адуунаас 2 чих цуулбар имтэй загасан тамгатай хонгор даагыг манай өөрийн хаваржааны барилга дээрээс барьж өгөөд ачаад явуулсан. Заяа гэдэг хүнд хэлэхдээ би өөрийнхөө адуунаас ачуулж өгч байна гэж хэлээд явуулсан. Уг 2 азаргатай адуу нь хоёулаа манай багийн Баатарсүх гэдэг хүний адуу гэдгийг мэдэж байсан. Би Б.О гэдэг хүний 2 дааганы хохиролд 1.000.000 төгрөг төлж, хохирлыг барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
- Хохирогч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Асгат сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. 2018 оны 07 дугаар сарын 14-16-ны хооронд загасан тамгатай 2 чих цуулбар имтэй хонгор азаргатай адуунаас хонгор зүсмийн 2 чих цуулбар имтэй загасан тамгатай охин хонгор даага, зээрд азаргатай адуунаас загасан тамгатай эр зээрд даага алга болсон байсан. Бор голтой хонгор зүсмийн загасан тамгатай 2 чих цуулбар имтэй охин хонгор даага, зээрд дааганд содон шинж гээд байх зүйл байхгүй 2 даагаа алдсан. Би алдсан даагануудаа тус бүрийг 500.000 төгрөгөөр үнэлнэ. Надад нийтдээ 1.0 сая төгрөгийн хохирол учирсан. Миний хохирлыг Г.Б бүрэн төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй болж хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7/,
- Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хувиараа мал мах авч зарж борлуулдаг хөдөлмөр эрхэлдэг юм. Асгат сумаас мал мах авдаг болоод 7 жил гаруй болж байна. 2018 оны 07 дугаар сарын эхээр /яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна гэх/ Асгат сумын иргэн Г.Б нь надад уралдаанд явахаар боллоо, 2 дааганы мөнгө өгчих гээд 400.000 төгрөг надаас авсан. Тэгээд би 2018 оны 07 сарын дундуур наадмын дараа Асгатаас мал цуглуулах ажилтай очоод Г.Боос даагаа авъя гэхэд надад чихийг нь имнэсэн туранхай зээрд даага, хонгор даага 2 барьж өгсөн. Тамгыг нь анзаараагүй. Тэр 2 даагыг би аваад Баруун-Урт суманд байх Гы эзэмшлийн “Д” нэртэй мал нядалгааны газарт оруулж нядлуулсан. Г.Б нь надад хэлэхдээ өөрийнхөө малаас өгч байна гэж хэлж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
- Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 194 дугаартай тодорхойлолт /хх-ийн 18/,
- Асгат сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10/,
- Хохирогч Б.Оын хохирол төлөгдсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 22/,
- Шүүгдэгч Г.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17/зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг “Хи” гэх газраас Б.Оын 2 даагыг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.О, гэрч Б.А нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын малыг хулгайлж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Б.Оын 2 даагыг хулгайлж бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Г.Бийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Г.Бийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Бид ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Бийн үйлдсэн Эрүүгийнхуулийнтусгайангийн17.12 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Б.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийнхуулийнтусгайангийн17.12дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бид хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэх, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Бийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийнхуулийнерөнхий ангийн 7.1 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгтзаасныгбаримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бид хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Бид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийнхуулийнерөнхий ангийн 7.1 дүгээрзүйлийн 5 дахьхэсэгтзааснаартэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Бид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА