Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 215/МА2022/00033

 

 

ГАА-ийн Б сумын ЗД-ыг төлөөлөн ГАА-ийн ПГ-ын

гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Б.А, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2022/00537 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ГАА-ийн Б сумын ЗД-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Б сумын 1-р баг Регистрийн дугаар: 32 ........., “Т Ш Х” ХХК-д холбогдох,

Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 6.134.709 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181.245 төгрөг, алданги 55.412 төгрөг нийт 6.371.366 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.Нэхэмжлэгч ГАА-ийн Б сумын ЗД-ыг төлөөлж ГАА-ийн ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т Ш Х” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 10.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр газар тариалан, төмс хүнсний ногоо тариалах төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан. Сумын засаг даргатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 сарын 25-ны өдөр дууссан бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 6,134,709 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181,245 төгрөг, алданги 55,412 төгрөг нийт 6,371,366 төгрөгийг Б сумын Сум хөгжүүлэх санд төлөхөөр байна.

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг энэ хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар “Т Ш Х” ХХК-иас 6,371,366 төгрөгийг гаргуулж Б сумын Төрийн сан банк дахь 100050455401 тоот дансанд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож  байна. “Т Ш Х” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төрийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх гэрээний үүргийг биелүүлэхээр прокурорын нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Т Ш Х” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй газар тариалан, төмс хүнсний ногоо тариалах төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан юм. Ингээд төмс, манжин тариалсан юм. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүчтэй хар шуурга болж Говь-Алтай аймгийн Б сумын нутаг дэвсгэр дээр 20 тонны контейнер унаж, 100 гаруй гэр нурж байгалийн онц аюултай үзэгдэл болж, улмаар миний төмс ашиглах боломжгүй хөлдөж устсан байсан. Ингээд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас тарьсан 12 тонн ногоо бүгд хөлдөж зээл төлөх боломжгүйд хүрсэн тул нэхэмжлэж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад тэтгэвэр, тэтгэмж, орлого байхгүй. Мөн төсөл хөтөлбөр болон зээлд сум хөгжлийн санд өртэй тул хамруулдаггүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг төлөх боломжгүй. Би зээл авсан учраас эргүүлэн төлөх талаар ойлгож байсан. 2019 оны 05 дугаар сард 4,500,000 төгрөг төлсөн. Тэгээд үлдэгдэл 5,500,000 төгрөгийг төлөх боломжгүй болсон гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т Ш Х” ХХК-аас сум хөгжүүлэх сангийн үндсэн зээлийн үлдэгдэл 6,134,709 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181,245 төгрөг, алданги 55,412 төгрөг, нийт 6,371,366 (зургаан сая гурван зуун далан нэгэн мянга гурван зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Б сумын сум хөгжүүлэх санд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч “Т Ш Х” ХХК-иас 116,892 /нэг зуун арван зургаа найман зуун ерөн хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т Ш Х” ХХК-иас сум хөгжүүлэх сангийн үндсэн зээлийн үлдэгдэл 6,134,709 төгрөг, хүү 181,245 төгрөг, алданги 55,412 төгрөг нийт 6,371,366 төгрөг гаргуулж шийдвэрлэсний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Т Ш Х” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, З хувийн хүүтэй газар тариалан төмс хүнсний ногоо тариалах төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан юм. Ингээд төмс манжин тариалсан юм. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүчтэй хар шуурга болж Говь-Алтай аймгийн Б сумын нутаг дэвсгэр дээр 20 тонны контейнер унаж, 100 гаруй гэр нурж байгалийн онц аюултай үзэгдэл болж, улмаар авсан зээл маань надаас шалтгаалахгүйгээр үр дүнгүй болж төмс ашиглах боломжгүй хөлдөж устсан байсан. Ингээд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас тарьсан 12 тонн ногоо бүгд хөлдөж зээл төлөх боломжгүйд хүрсэн ингээд миний байдлыг харгалзан 6,371,366 төгрөгөөс 3,185,683 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2022/00537 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Говь-Алтай аймгийн Б сумын Засаг дарга Я.М, “Т Ш Х” ХХК-ийн захирал Д.Б нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2018/01 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн болон барьцааны гэрээ байгуулагджээ.

 

“Т Ш Х” ХХК нь 10,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр газар тариалан, төмс хүнсний ногоо тариалах төсөл хэрэгжүүлэхээр авсан байна. Зээлийн гэрээний дагуу зээл эргэн төлөх сүүлчийн хугацаа 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссан, зээлийн үлдэгдэл 6,134,709 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181,245 төгрөг, алданги 55,412 төгрөг нийт 6,371,366 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч “Т Ш Х” ХХК-ны захирал Д.Б нь зээлийн гэрээ болон гэрээний үүргийн талаар маргаагүй байна.

 

Хариуцагч нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлийн хөрөнгөөр тарьж ургуулан хураан авсан 12 тонн ногоо бүгд хөлдөж зээл төлөх боломжгүйд хүрсэн байдлыг харгалзан 6,371,366 төгрөгөөс 3,185,683 төгрөгийг хүлээн зөвшөөрч буй тул гэрээний үүргээс хэсэгчилэн чөлөөлж өгөхийг хүсчээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар талууд хэлэлцэн тохирч хүү тогтоож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцохоор заасан нь хуульд нийцэж байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямарч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй байна. Хариуцагч гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу хүндэтгэн үзэх үндэслэл зааж гэрээний үүргээс хэсэгчилэн чөлөөлөх хүсэлт гаргасныг хангах боломжгүй байна.

 

Зээлийн гэрээнд энэ талаар тохиролцоогүй хуульд энэ үндэслэлээр хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх зохицуулалт тусгагдаагүй байна.

 

2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүчтэй хар шуурга болоход хариуцагч нь тариалсан төмс, хүнсний ногоогоо хурааж хадгалсан, өөрийн өмч хөрөнгийн эрсдэл, ашиг орлогыг өмчлөгчийн хувьд тооцож хариуцахаар байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2022/00537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.892 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

                         ШҮҮГЧИД                            Б.А

                                                                      Ш.Б