Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 215/МА2022/00034

 

 

М.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ж.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2022/00535 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 4- ... тоотод оршин суух, У овгийн М.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн 4- ... тоотод оршин суух, Б овгийн Ц.Б-д холбогдох 3,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагчийн өмгөөлөгч М.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: 28-01 УБР улсын дугаартай Daihatsu Boom Luminas маркийн авто машиныг 9 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Б нь тухайн авто машиныг М.Б өмчлөлд шилжүүлсэн, М.Б нь 3 200 000 төгрөгийг Ц.Б-д шилжүүлсэн. Үлдэгдэл 5 800 000 төгрөгийг М.Б нь улсад ажилласан жилийн тэтгэмжээ авахаар Ц.Б-д шилжүүлэхээр амаар тохиролцож гэрээ байгуулсан боловч үлдэгдэл 5 800 000 төгрөгийг шилжүүлээгүй байхад Ц.Б нь авто машинаа буцаан авахаар ирэхэд нь 3 200 000 төгрөгөө буцааж өгөөд авто машинаа авч явахыг зөвшөөрсөн гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн 3 200 000 төгрөгөө буцаан авахаар тохиролцсон боловч буцааж өгөөгүй тул 3 200 000 төгрөгөө нэхэмжилжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Миний бие өмчлөлдөө бүртгэлтэй 28-01 УБР улсын дугаартай DAIHATSU Boon Luminas маркийн автомашиныг худалдан борлуулах зарыг олон нийтийн шүлжээнд байршуулахад М.Б над руу би таны автомашиныг худалдан авъя гэж ярих үед би Улаанбаатар хотод байсан тул Автомашиныг миний нөхөр Говь-Алтай аймагт унаж байгаа, очоод үзээрэй гээд нөхөр Л.Н-ын утасны дугаарыг өгсөн.

Тухайн автомашиныг худалдах, худалдан авах гэрээг миний нөхөр Л.Н нь М.Б-тай хийсэн. Хоорондоо төрөл, садангийн холбоотой хүмүүс учраас 9,000,000 төгрөгөөр автомашиныг худалдан авах талаар тохирсон болохоос Н.Ж-тай гэрээ хийгээгүй.

М.Б нь миний данс руу 3 200 000 төгрөг шилжүүлээгүй 3 000 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Одоо уг 3 000 000 төгрөгийг миний бие буцаан өгөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ц.Б-аас 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 200 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:  Миний хувьд гэрээ хэлцэл хийж автомашин худалдаж авах талаар М.Б-тай хэлцэл хийгээгүй, манай нөхөр Л.Н нэхэмжлэгч М.Б хоёрын дунд болсон хэлцэлийг надтай хийсэн гэж намайг хариуцагчаар татаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243.1 дэх хэсэгт заасан заалтыг баримтлан Ц.Б надаас 3 000 000 төгрөг гаргуулан М.Б-д олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2022/00535 дугаартай шийдвэрийг дахин магадлаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Ц.Б, М.Б нарын хооронд авто машин худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

           1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлын хүрээд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

          2. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн 3 200 000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Ц.Б нь гэрээний дагуу  шилжүүлсэн авто машинаа буцаан авсан тул 3 200 000 төгрөгөө буцаан авах ёстой гэсэн тайлбарлажээ.

 3. Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч М.Б 3 000 000 төгрөг шилжүүлсэн боловч авто машиныг ашигласан тул төлбөрт нь 3 000 000 төгрөгийг суутгаж тооцно.  3 000 000 төгрөгийг миний бие буцаан өгөх боломжгүй. Б.Б нь надтай гэрээ хийгээгүй тул би 3 000 000 төгрөгийг хариуцан төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

         4. Нэхэмжлэгч М.Б хариуцагч Ц.Б нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хөдлөх хөрөнгө болох автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ц.Б нь 28-01 УБР улсын дугаартай DAIHATSU Boon Luminas маркийн автомашиныг худалдан авагч М.Б өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч М.Б нь автомашины үнэд 9 000 000 төгрөгийг улсад ажилласан жилийн тэтгэмжээ авахаар Ц.Б-д шилжүүлэх талаар тохиролцсон байна.  

          5. Анхан шатны шүүх М.Б, Ц.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

          6. Хариуцагч Ц.Б нь Автомашин худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч М.Б-тай нөхөр Л.Н байгуулсан болохоос би уг гэрээг байгуулаагүй гэж тайлбарлах боловч Ц.Б нь автомашины өмчлөгчийн хувьд худалдан борлуулах зарыг олон нийтийн сүлжээнд байршуулсан, уг зарын мөрөөр нэхэмжлэгч М.Б холбогдоход нөхөр Л.Н-тай уулзаж, авто машиныг үзүүлж, автомашины үнийн зарим хэсгийг өөрийн эзэмшдэг дансаар дамжуулан бэлэн бусаар хүлээн авсан байна.

Тиймээс М.Б нь манай нөхөр Л.Н-тай автомашин худалдах, худалдан авах гэрээ хийсэн тул намайг хариуцагч хариуцагчаар татаж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх  Ц.Б-ын татгалзал үндэслэлгүй байна. 

            7. Нэхэмжлэгч М.Б хариуцагч Ц.Б нарын хооронд хийгдсэн авто машин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

8. Түүнчлэн гэрээний дагуу шилжүүлсэн автомашинаа хариуцагч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Тонхил суманд оршин сууж байсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-аас буцаан авсан, уг үйлдлийг нэхэмжлэгч М.Б эсэргүүцээгүй тул Ц.Б иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 9. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй.

10. Мөн зохигчийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үндэслэн нэхэмжлэгч  Ц.Б 3 000 000 төгрөгийг автомашины үнэд бэлэн бусаар хариуцагч Ц.Б-д төлсөн, хариуцагчид 3 200 000 төгрөг төлсөн гэх үйл баримтыг нотлож чадаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Ц.Б-аас 3 000 000 гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

12. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2022/00535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор , анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б 

                  ШҮҮГЧИД                            Ж.Б

                                                        Ч.Э