Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 118/2018/0018/З |
Дугаар | 221/МА2019/0032 |
Огноо | 2019-01-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2019/0032
2019 оны 01 сарын 16 өдөр |
Дугаар 221/МА2019/0032 |
Улаанбаатар хот |
Г.Ж нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.С, гуравдагч этгээд Б.А нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Б.А, түүний өмгөөлөгч Б.А нарын давж заалдах гомдлоор, Г.Ж нэхэмжлэлтэй, Завхан аймгийн И сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Г.Ж 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Г.Ж И сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр жинхлэн томилохгүй байгаа И сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Г.Ж И сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр томилуулахыг И сумын Засаг даргад даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Ж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, И сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу ажилд томилохыг И сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Гуравдагч этгээд Б.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...И сумын Засаг даргаар М.Г болсноосоо хойш миний ажлыг авах арга хэмжээ авсан. Мөн Төрийн албаны зөвлөлөөс болон Эрүүл мэндийн газраас сонгон шалгаруулалт зохион байгуулан заавал орох ёстой гэж шахаж байгаад оруулсан. Тэр шалгалтын үед тог тасарсан. Тухайн үед би Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ч одоо хүртэл хариу өгөөгүй.
Гэтэл И сумын Засаг дарга намайг ажлаас халж Г.Ж буюу 2014 онд тэтгэвэрт гарсан хүнийг ажилд авсан. Би хүлээн зөвшөөрөхгүй өөрийн эрх ашгаа шүүхээр хамгаалуулж Тосонцэнгэл сумын шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс “намайг үндэслэлгүй халагдсан байна” гээд ажилд эгүүлэн тогтоосон.
Г.Ж, Засаг дарга хоёр “энэ хүн жирэмсэн ажилдаа ороод буцаад жирэмсний амралтаа авчихна тэр хооронд чи акт авчихаарай” гэсэн яриа байдаг. Намайг томилохгүй маш удсан тул би шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж ажилдаа орсон. Засаг дарга “би сонгон шалгаруулалт зарлаагүй. Төрийн албаны зөвлөлөөс зарласан” гэж хэлдэг. Би одоо 1 нас хүрээгүй хүүхэдтэй, үүндээ төвөгшөөлгүй төрийн ажлыг алдаа дутагдалгүй хийж байна. Би И суманд бие ядруу нялх хүүхэдтэй 225 км бартаа даваа их донсолгоотой замаар явах боломжгүй учир Тосонцэнгэлийн шүүхээс онлайнаар орохоор шүүгчийн туслахтай ярихад “Шүүхийн Тамгын газарт ханд” гэсэн. Шүүхийн Тамгын газар “7 хоногийн өмнө хүсэлтээ өгөх ёстой. Та одоо орох боломжгүй” гэсэн.
Би шүүх хуралд орж өөрийн бодит байдлыг тайлбарлан Засаг дарга болон Г.Ж нарын ярихыг сонсох байсан боловч шүүх хуралд орох боломжгүй болсон. Надад одоогийн байдлаар шүүхийн шийдвэр ирээгүй бөгөөд өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн хуулбарыг авсан.
Засаг дарга “ажил гараад завгүй шийдэж чадаагүй” гэх тайлбарыг шүүх хуралд хэлсэн байна. Бодит байдал дээр намайг яаж халах уу урьд нь буруутчихлаа гээд явж байсан. Шүүх хууль болон бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх “Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу нэхэмжлэгчийг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох нөөцийн жагсаалтад бүртгэгджээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь дээрх тогтоол нь сул орон тоо бий болсон тохиолдолд томилох эрх бүхий этгээдийн захиалгаар хийгдэх хуулийн зохицуулалттай ба гуравдагч этгээд Б.А И сумын Засаг даргын 2016 оны Б/11 дүгээр захирамжаар сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр томилогдсон бөгөөд сул орон тоо гараагүй. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчаас “...би сонгон шалгаруулалтын захиалга өгөөгүй. Төрийн албаны зөвлөлөөс зарласан” гэх тайлбарыг хэлсэн ба хариуцагч Төрийн албаны зөвлөлд ямар нэгэн захиалга өгөөгүй гэдгээ хэлдэг.
Анхан шатны шүүхээс “...хариуцагчийн зүгээс хууль бус эс үйлдэхүй үргэлжилж байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна” гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоологдох хуулийн зохицуулалттай ба нэхэмжлэгч 2017 оноос хойш өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Төрийн албаны зөвлөл, сумын Засаг даргад удаа дараа хандсан ба уг зөрчигдсөн эрхийн талаар нэхэмжлэл гомдол гаргаагүй 1 жил 3 сар болсон байгааг шүүхээс анхаараагүй.
Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу урьдчилсан нөхцөл буюу газрын даргатай зөвшилцөх саналыг явуулж хариу авсан гэх боловч хариу нь гуравдагч этгээдийг ажлаас чөлөөлөхөөс өмнөх санал байх ба томилсон захирамж шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон.
Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийг томилохдоо Эрүүл мэндийн газрын даргатай дахин зөвшилцөн санал солилцох хуулийн шаардлага гарна гэж үзэж байна.
Шүүхээс “гуравдагч этгээдийг сонгон шалгаруулалтад орсон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнэсэн боловч гуравдагч этгээд сонгон шалгаруулалттай холбогдох гомдол гаргасан, уг гомдлын хариуг аваагүй байгаа зэрэг тайлбарыг нягтлан шалгаагүй.
Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, гуравдагч этгээд болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Ж 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргасан хүсэлт, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1/498 дүгээр албан бичигт дурдсанаар тэрбээр 2014 оны 4 дүгээр сард тэтгэвэрт гарсан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгосон байх тул шүүхээр хамгаалагдах төрийн албатай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол гэж байхгүй.
Иймд Төрийн албаны салбар зөвлөлөөс явуулсан сонгон шалгаруулалтын дүнгээс үл хамаарч нэхэмжлэгчийг И сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй.
Түүнээс гадна гуравдагч этгээд Б.А нь Завхан аймгийн И сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр томилогдон ажиллаж байхад тухайн ажлын байрыг сул орон тоо мэтээр Салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарласан нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл хариуцагч сумын Засаг дарга М.Г сонгон шалгаруулалт зарлах хүсэлтийг Салбар зөвлөлд хүргүүлээгүй гэдгээ Завхан аймаг дахь Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо тайлбарласан байдаг.
Хэдийгээр Эрүүл мэндийн газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах боловч уг хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсэн зохицуулалтыг энэ тохиолдолд төсөөтэй хэрэглэж, үнэхээр сул орон тоо гарсан гэж үзвэл ажил олгогч болох Сумын Засаг даргаас энэ талаар нийтэд мэдээлэх шаардлагатайгаас гадна 17.15-д зааснаар төрийн албаны төв болон салбар байгууллага нь төрийн жинхэнэ албаны сул орон тоог нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохион байгуулах ёстой.
Түүнчлэн нэхэмжлэгч Г.Ж сонгон шалгаруулалтад тэнцсэнтэй холбогдуулж Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс удаа дараа шаардсаны дагуу Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Б.А үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэхэмжлэгчийг томилсон боловч Сум дундын шүүхийн мөн өдрийн 219 дүгээр шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, Б.А И сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон байгааг энэхүү маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай.
Учир нь иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр 2 хүнийг нэг албан тушаалд эгүүлэн тогтоох, эсхүл томилохыг даалгах байдлаар шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хэрэгжих бодит боломжтой байх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад үл нийцнэ.
Хариуцагчийн зүгээс иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Г.Ж чөлөөлж, Б.А эгүүлэн томилсон, улмаар Б.А жирэмсний амралтаа эдлэх болсонтой холбогдуулан 12 дугаар сарын 22-ны өдрөөс Б/09 дүгээр захирамжаар Б.А үүрэгт ажлаас түр чөлөөлж, Г.Ж түр томилсон, жирэмсний амралт дууссантай холбогдуулан 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Г.Ж чөлөөлж, Б.А томилсон байна.
Гэтэл анхан шатны шүүхээс иргэний хэргийн шүүхийн шийдвэр болон дурдсан захирамжуудыг үл харгалзан нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр томилохыг хариуцагчид даалгаж буй нь үндэслэлгүй.
Харин ч бодит байдалд нэхэмжлэгч Г.Ж тэтгэвэрт гарсан атлаа Эрүүл мэндийн төвийн дарга Б.А 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар тус байгууллагад их эмчээр томилогдон ажиллаж байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,
ТОГТООХ нь:
1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн /2012 оны/ 17 дугаар зүйлийн 17.15, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ж Завхан аймгийн И сумын Засаг даргад холбогдуулж гаргасан “И сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээд Б.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН