Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/0425

 

Ж.Г-ийн нэхэмжлэлтэй,

Баянхонгор аймгийн Засаг даргад

холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                       Г.Банзрагч

                                                  М.Батсуурь

                                                  Б.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:              Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

     Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ж.Г-ийг  урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх”,

      Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2020/0016 дугаар шийдвэр,

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлалтай,

       Шүүх хуралдаанд оролцогч: нэхэжмлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Д.С нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2020/0016 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлин 4.4, 6 дугаар зүйлийн 6.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 27-ны өдрийн А/209 дүгээр “Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Г-т  ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгож, Ж.Г-ийг  урьд эрхэлж байсан албан тушаал болох Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 3 сар 10 хоногийн олговор болох 4.503.580 /дөрвөн сая таван зуун гурван мянга таван зуун ная/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г-т  олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Ж.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ийн “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүхээс Ж.Г-ийг  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй гэсэн ба уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчинө, Хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчилд тооцох заалт буюу “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэдэгт хамаарч байна гэжээ.

4. Ж.Г нь тус сургуульд хэрэгтэй эд хөрөнгийг хууль ёсны дагуу авсан, тухайн хөрөнгө нь сургуулийн эд хөрөнгөд тооцогдсон тухай баримт хэрэгт авагдсан, тус хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн үйл баримт тогтоогдоогүй талаар Прокурорын шийдвэр гарсан байхад энэ хориглолтыг зөрчсөн нь ажлаас халах үндэслэл гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд тооцогдож байна.

5. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-д зааснаар тус хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нь удаа дараа буюу гурав түүнээс дээш удаа тогтоогдсон бол “хариуцлага хүлээлгэх, албан тушаал бууруулах” тухай тусгайлан зохицуулсан байна. Гэхдээ орон нутгийн нөхцөл байдал, тухайн үеийн үйл баримтаас дүгнэхэд Ж.Г нь өөрийн нөхрийн ажиллуулж байгаа дэлгүүрээс л юм авсан гэсэн үйл баримт болохоос хувьдаа завшсан, ашигласан шинжтэй үйл тогтоогдоогүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

 6. Давж заалдах шатны шүүхээс Ж.Г-ийг  буруутгаж байгаа нэг үндэслэл нь “багш нарт түлшний хөнгөлөлт олгосон” гэх үндэслэл юм. Энэ үндэслэлд дурдсан асуудлыг тухайн сургуулийн хамтын гэрээгээр зохицуулсан асуудал. Хөдөлмөрийн хуулийн 18 дугаар зүйлийн 1.10-д зааснаар “Хамтын гэрээ”-гээр зохицуулах харилцааг хуульчилсан бөгөөд уг зохицуулалтаар “багш нарт хөнгөлөлт үзүүлэх тухай” асуудлыг тусгаж шийдвэрлэсэн асуудлын хүрээнд зохицуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс анхаараагүй. Энэ байдалд дүгнэлт хийгээгүй.

7. Шүүх хууль зөрчсөн Захиргааны актыг үнэн зөв байна гэж дүгнэх, уг дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргах нь бодитой байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ асуудал нь Ж.Г-ийг  ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ тал дээр гаргасан шүүхийн дүгнэлтийн үндэслэл бодитой биш юм.

8. Сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө заавал “Боловсролын газрын даргын саналыг авах” зохицуулалтыг илүү нарийвчилсан хуулиар зохицуулсан. Гэтэл шүүхээс энэ үйл баримтыг “санал аваагүй” гэх нөхцөл байдал нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй гэж үзлээ гэжээ.

9. Боловсролын байгууллагын удирдах албан тушаалтанг томилох чөлөөлөхдөө заавал тухайн шатны боловсролын байгууллагын удирдлагатай зөвшилцөх үүргийг хуулиар хүлээлгэсэн байдаг ч энэ хуулийн заалтыг албан тушаалтан, шүүхээс ч хэрэглэхгүй байгаа нь хууль зөрчсөн гэх үндэслэл юм.

10. Ж.Г-ийг  Баянхонгор аймгийн Засаг дарга нь нэг удаа ажлаас хууль бусаар чөлөөлсөн, нэг удаа хууль бусаар сахилгын арга хэмжээ авсан энэ бүхэнд Ж.Г нь шүүхэд хандаж хүчингүй болгож байсан. Мөн Баянхонгор аймгийн Засаг даргыг хууль зөрчсөн тул өөрт нь сахилгын арга хэмжээ авахуулахаар шүүхэд хандаж улмаар Ерөнхий сайдаас Баянхонгор аймгийн Засаг даргад арга хэмжээ авахуулахыг даалгасан шийдвэр гаргасан.

11. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн Засаг даргаас тус сумын сургуульд удаа дараа хяналт шалгалт явуулах, зөрчил илрүүлэх, үл ялих зүйлээр шалтаглан Хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байх зэрэг ажлын байрны дарамт шахалтыг удаа дараа явуулж байсан бөгөөд хамгийн сүүлд энэ маргаан бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж юм. Энэ бүх нөхцөл байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт өгсөн байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Г-ийг  “Ажлаас халах” арга хэмжээ нь тохироогүй юм.

12. Иймд, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2020/0016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

14. Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/578 дугаар захирамжаар Бууцагаан сумын сургуулийн захирлаар Ж.Г-ийг  эгүүлэн томилсон, мөн даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/209 дүгээр захирамжаар ... төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ... хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Г-ийг  ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан, нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч маргасан үндэслэлээ ...ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, ... ямар нэгэн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулсан зүйл байхгүй, ... хөдөлмөрийн гэрээнд заасан ямар нэг хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, ... Баянхонгор аймгийн Төрийн аудитын дүгнэлт ч гэсэн үндэслэлгүй гарсан гэх зэргээр маргажээ.

15. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 88/БНА-2020/93/СТА-ТШЗ дугаар актаар “...хүүхдийн хоолны зардлын төсвийн хэмнэлтээр худалдан авалт хийж тайлант хугацааны эцэст 2869,7 мянган төгрөгийн хүнсний материал нөөцөлж үлдэгдлээр тайлагнасан” зөрчилд, мөн өдрийн 65/БНА-2020/93/СТА-ТШЗ дугаар актаар “... цалингийн зардлаас байгууллагын багш, ажилтан нарт 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/30 тоот тушаалаар 15,0 сая төгрөгийн түлшний хөнгөлөлт олгосон” зөрчилд тус тус төлбөр тогтоосон, түүнчлэн, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/243 тоот Аудитын гэрчилгээгээр  “анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийсэн, төсвийг зориулалт бусаар зарцуулсан” гэх үндэслэлээр “Хязгаарлалттай санал дүгнэлт” авсан, мөн газрын  2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 54/93-2020/СТА-ТШЗ дугаар албан шаардлагаар Ж.Г-т  сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авч холбогдох баримтыг ирүүлэхийг аймгийн Засаг даргаас шаардсан үйл баримтууд тогтоогджээ.

16. Дээрх хяналт шалгалтын явцад Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Г нь өөрийн нөхөр болох Л.Баярнямаас 7.230.034 төгрөгийн эд зүйл, бараа материал төсвийн хөрөнгөөр худалдан авч, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7.230.034 төгрөгийг өөрийн нөхрийн дансанд шилжүүлсэн үйлдэл тогтоогдсон, нэхэмжлэгч уг үйл баримттай маргаагүй байна.

 17. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургууль нь төсвийн байгууллага бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18“төсвийн … байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн /шууд захирагч/ байх-аар заасны дагуу тус сургуулийн захирал Ж.Г нь “төсвийн шууд захирагч” бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д зааснаар төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах” эрх бүхий этгээд байна.

18. Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар нийтийн албан тушаалтан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, ... гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан, тухайн тохиолдолд нэхэмжлэгч Ж.Г нь өөрийн нөхөр Л.Б-аас төсвийн хөрөнгөөр бараа худалдан авсныг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

19. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хориглолт нь тухайн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны “шийдвэр гаргах” үйл ажиллагаанд шууд хамаарахаар заасан, харин уг шийдвэрийг ямар зорилгоор гаргасан, уг шийдвэрийн улмаас төсвийн хөрөнгөд, эсхүл өөр бусад этгээдэд  хохирол учирсан байхыг шаардаагүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... Ж.Г нь тус сургуульд хэрэгтэй эд хөрөнгийг хууль ёсны дагуу авсан, тухайн хөрөнгө нь сургуулийн эд хөрөнгөд тооцогдсон тухай баримт хэрэгт авагдсан, тус хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн үйл баримт тогтоогдоогүй гэх гомдол үндэслэлгүй.

20. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4... энэ хуулийн 11 ... дүгээр зүйлд заасныг зөрчсөн … бол нийтийн албанаас халах”-аар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ... /бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах/”-аар, түүнчлэн Ж.Г-т эй байгуулсан  Хөдөлмөрийн гэрээ-ний 10.2.6-д “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан ... /бол хөдөлмөрийн гэрээг цуцлах/”-аар тус тус тусгайлан заасан байх тул Ж.Г-ийг  ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан маргаан бүхий акт хуульд нийцсэн,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нь удаа дараа буюу гурав түүнээс дээш удаа тогтоогдсон бол “хариуцлага хүлээлгэх, албан тушаал бууруулах” тухай тусгайлан зохицуулсан, ... Ж.Г-ийг  “ажлаас халах” арга хэмжээ нь тохироогүй гэх зэрэг хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийг хүлээж авахгүй.

 21. Анхан шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийж, “...төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан зэрэг нь тогтоогдоогүй, мөн хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар тухайлан, нэг бүрчлэн тодорхой заагаагүй ... байхад нэхэмжлэгчийн буруугаж, эрх ашгийг нь зөрчсөн” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

22. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 (энэ заалтыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон)... аймаг ...-ийн боловсролын газрын саналыг үндэслэн /ерөнхий боловсролын сургуулийн захирал/-ыг чөлөөлөх” гэж заасан, тодорхой зөрчил гаргасан тохиолдолд шууд ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульд тусгайлан заасан нөхцөлд “боловсролын газрын саналыг аваагүй нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... боловсролын байгууллагын удирдах албан тушаалтанг томилох чөлөөлөхдөө заавал тухайн шатны боловсролын байгууллагын удирдлагатай зөвшилцөх үүргийг хуулиар хүлээлгэсэн байхад ...  шүүхээс ч хэрэглэхгүй байгаа нь хууль зөрчсөн гэх гомдлыг хангахгүй.

23. Эдгээр үндэслэлээр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Ч.ТУНГАЛАГ

 

                     ШҮҮГЧ                                              Д.МӨНХТУЯА