Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 206

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,                                                                                                                       

 Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,

 Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох эрүүгийн 1830003010196 дугаартай  хэргийг  2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат, 1977 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, М.М. 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

   Шүүгдэгч М.М нь 2018 оны10 дугаар сарын 06-ны шөнийн 23.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр баг... тоотод эхнэр С.Тгийн толгойн тус газарт цайран тогоогоор цохиж зодсоноос эрүүл мэндэд нь “ толгойн баруун чамархайн үстэй хэсгийн зүсэгдсэн шарх, бүхий гэмтэлтэй ” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

   Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найзуудтайгаа гэртээ архи уугаад архины хэмжээ боллоо гээд унтсан. Харин манай эхнэр найз 2 намайг унтуулахгүй босоорой гээд татаж чангаадаад байсан. Манай эхнэр намайг бос гээд алгадсан тэгэхээр нь миний уур хүрээд босч ирээд эхнэрээ тогоогоор цохисон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин архи ууж ийм үйлдэл гаргахгүй гэв. 

Эрүүгийн 1830003010196 дугаартай хэргээс:  

 

- Хохирогч С.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:“...Манайх Уулбаян сумын төвд байдаг юм. Би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр гэртээ хүүхдүүдээ харж, би өөрөө Уулбаян сумын сургуульд үйлчлэгч ажилтай. 2018 оны 10 дугаар сарын 06-ны орой гэр бүлийн найзууд болох Э, Н, Эр гэх хүмүүстэй жаахан архи уугаад манай нөхөр бараг уугаагүй унтлаа, амарлаа гээд хэвтээд өгсөн юм. Тэгсэн манай найз Н М.Мыг бос гээд татаад байсан юм. Би гал дээр мах чаначихаад нөхөртөө идүүлэх санаатай босооч гээд зөөлхөн алгадаад автал өөдөөс гэнэт уурлаад зуухан дээр байсан ширмэн тогоогоор миний толгойг цохиж хагалсан. Тэгсэн миний толгойноос цус гараад тогтохгүй болохоор нь эмнэлэг дээр очиж гурван оёдол тавиулсан. Надад одоо ямар нэг шаналж байгаа өвчин, зовиур байхгүй болсон. Надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

 

- Гэрч Д.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:“...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би нөхөр Эрийн хамт Уулбаян суманд ирсэн байсан юм. Тэгээд үдийн алдад 12 цагийн орчим найз Тг амарсан гэхээр нь хөдөө гэр рүүгээ авч явсан. Манай хөдөө гэрт очоод 2 шил Ерөөл архи хувааж ууцгаасан юм. Тэгээд архи ууцгаасан хүмүүс дахиж архи уух санаатай сумын төвд ирээд хамт явсан. Эын гэрт ирж нэг шил архи уугаад манай нөхөр Эр тэдний гэрт согтоод унтсан. Тэндээсээ Т, М.М бид гурав гэрт нь очоод байж байтал араас Э нэг шил архи авчирч  өгсөн. Тэгээд тэр архийг нь уух гэсэн чинь М.М уухгүй гээд хэвтээд өгөхөөр нь би хувааж уух санаатай М.Мыг татаад байсан боловч босож ирээгүй, тэгсэн эхнэр нь татаад алгадсан чинь М.М гэнэт босож ирээд зуухан дээр байсан тогоог аваад толгой руу нь цохиод авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

- Гэрч Ш.Эрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найз Эаар гэр рүүгээ хүргүүлэхээр М.М, түүний эхнэр Т, манай эхнэр Н нарын хамт Уулбаян сумаас урд зүгт ойролцоогоор 7-8 км-т “Ү” гэдэг газарт байдаг гэр рүүгээ явсан. Уулбаян сумаас гарахдаа би 2 ширхэг 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авч яваад манайд очиж нөгөө 2 шил архийг хувааж уусан юм. Манайд хоол, цай идэж, уугаад сумын төв рүү ирсэн. Эын гэр рүү нь очиж М.М, түүний эхнэр Т, манай эхнэр Н нарын хамт 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад би Эынд унтаж үлдсэн. Би унтаж байсан болохоор тэрнээс хойш болсон үйл явдлыг мэдэхгүй байна. Шөнө 23 цаг өнгөрч байхад М.Мын гэрт очиход М.М эхнэр Ттой маргалдсан гэж байсан. Эхнэр Т нь эмнэлэг рүү явчихсан байсан учраас гэртээ байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 534 дугаар дүгнэлтдээ: “С.Тгийн биед толгойн баруун чамархайн үстэй хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо  ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 24 /, 

 

 - Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаартай тодорхойлолт /хх-ийн 32/,

 - Хохирогч С.Тгийн хохирол, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 38/,

 - Шүүгдэгч М.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/зэрэг баримтууд болно.

 

 Шүүгдэгч М.М нь 2018 оны10 дугаар сарын 06-ны шөнө 23.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр баг ... тоотод  хохирогч  С.Тгийн толгойн тус газарт цайран тогоогоор цохиж эрүүл мэндэд нь “толгойн баруун чамархайн үстэй хэсгийн зүсэгдсэн шарх, бүхий гэмтэлтэй” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Мын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.Т, гэрч Д.Н, Ш.Эр нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

  Шүүгдэгч М.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч М.Мын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.М нь хохирогч С.Тг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Прокуророос М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

  Шүүгдэгч М.Мт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийнхуулийнтусгайангийн11.6 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирогч С.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал болон мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.   

 

   Шүүгдэгч М.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Эд мөрийн баримтаар хураагдсан тойргийн урт нь 1.36 см, өргөн 44 см, өндөр нь 14 см цайвар өнгийн металл тогоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Мт буцаан олгохоор тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

   1. Шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2. Эрүүгийнхуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан М.Мт оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.М торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

   5. Ялтан М.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тойргийн урт нь 1.36 см, өргөн 44 см, өндөр нь 14 см цайвар өнгийн металл тогоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан М.Мт буцаан олгосугай. 

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА