Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 212/МА2022/00104

 

 

 

 

                                 

 

 

 

 К.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2022/00793 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч тус аймгийн *** оршин суух К.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн *** оршин суух Ш.А-, тус аймгийн *** оршин суух Х.Х- нарт холбогдох,  

           

“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгч К.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр *** захаас Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн Ш.А-ээс стандарт блокоор барьсан 54 м.кв барилгын материалын үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүрийг 14.000.000 төгрөгийг Ш.А-ийн *** тоот данс руу шилжүүлэн худалдаж авсан. Уг дэлгүүрийг 2007-2008 оны үед А захын захирал болох талийгаач О.Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн гэсэн тул Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 “бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна” гэж заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй.

1.2. Анх уг үл хөдлөх хөрөнгийг Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Д.Б, Д.Д нар өөрийн хөрөнгөөр стандарт блокоор сэлбэгийн дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулж байгаад дэлгүүрийг Ш.А-д 8.000.000 төгрөгөөр худалдсан. 2017 онд миний бие уг дэлгүүрийг Ш.А-ээс 14000000 төгрөгөөр худалдаж авсан. Дэлгүүр анхнаасаа үл хөдлөхийн гэрчилгээгүй байсан. А захын захиргаа нь миний үл хөдлөх хөрөнгийг нураах, салгаж авах эрхгүй.

1.3. Мөн би 2020 онд Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Х.Х-аас А захад хүнд даацын сэлбэг зарж байсан 24 м.кв стандарт блокоор барьсан дэлгүүрийг 9.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг 9.000.000 төгрөгийг дэлгүүрийн эзэн Х.Х-ын хүсэлтийн дагуу Х.Х-ын төрсөн ах болох Х.Асылбекийн Хаан банкны *** тоот данс руу 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Дэлгүүрийг мөн адилхан 2007-2008 оны үед А захын захирал байсан талийгаач О.Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө барьж болох талаар зөвшөөрөхөд Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Б.Е нь өөрийн хөрөнгөөр үндсэн блокоор уг дэлгүүрийг барьж үйл ажиллагаа явуулсан. Б.Е нь Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Т.А- үл хөдлөх дэлгүүрийг 3.000.000 төгрөгөөр үнэлэн худалдсан. Иргэн Т.А- нь уг үл хөдлөх хөрөнгийг дугуй засвараар үйл ажиллагаа явуулж байгаад Х.Х-ад 7.500.000 төгрөгөөр худалдсан. Х.Х- нь уг дэлгүүрийг хүнд даацын авто машины сэлбэгийн дэлгүүр болгож ажиллуулж байгаад 2020 онд дэлгүүрийг Д- надад 9.000.000 төгрөгөөр худалдсан. Одоо хүртэл барилгын материалын дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байна.

1.4. Тухайн объектод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй, захын захиргаанд газар ашигласны төлбөр гэж төлдөг. Гэтэл захын захиргааны зүгээс худалдаа үйлчилгээний орлого багассантай холбогдуулан түрээслэгч нарын барилга нураах, салгаж авахыг шаардсан нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдаж байна.

1.5. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг дэлгүүрийн зориулалттайгаар ашиглаж байгаа ба газрын төлбөрийг эзэмшигчид нь төлж байгаа тул уг үл хөдлөх хөрөнгүүд нь газраас салгаж үл болох хөрөнгө байгаа. Мөн уг газрын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж байгаа боловч улсын бүртгэлд өөрийн нэр дээрээ бүртгүүлээгүй учраас зээлийн барьцаанд тавьж дэлгүүрт хөрөнгө оруулалт хийж өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна.

1.6. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн аливаа үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах эрхтэй. Хөрөнгийг шударгаар олж авч байгаагийн нэг хэлбэр нь хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн хувьд хариуцагч нараас хэлцлийн үндсэн дээр дэлгүүр худалдаж авсан үйл баримт байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авах үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад тухайлан ач холбогдол өгөөгүй байсан боловч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахаар хөөцөлдөхөд тус хэлтсээс нэхэмжлэгч надад гэрчилгээ олгох боломжгүй гэсэн хариу өгсөн учраас шүүхэд хандсан.

1.7. Тухайн үл хөдлөх хөрөнгүүд миний хөрөнгө гэдэгт ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн хөрөнгүүдийн хувьд гуравдагч этгээдүүдийн зүгээс шаардлага гаргаагүй. А захтай байгуулсан гэрээний агуулгаас харахад тухайн захаас газар түрээсэлж ашиглаж байгаа учраас төлбөр төлж байгаа эсэх, эсхүл зах дотор үйл ажиллагаа явуулсны төлөө төлбөр төлж байгаа эсэх нь төдийлөн тодорхой биш ч гэсэн миний хувьд зах дотор худалдааны үйл ажиллагаа явуулсны төлөө төлбөр төлөхөөр тохиролцсон гэж үзэж байна.

1.8. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “барилга байгууламж гэдгийг орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг ойлгоно” гэж заасан. Хариуцагч нараас худалдаж авсан объектууд Иргэний хуулийн 84.3-т заасан газраас салгаж үл болох хөрөнгө байгаа учраас иргэний өмчлөх эрхийг баталгаажуулж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагч Ш.А-ийн тайлбар:   

2.1. Миний бие 2017 онд К.Д-ад 54 м.кв үл хөдлөх барилгын материалын дэлгүүрийг худалдсан нь үнэн. Тухайн үед тус дэлгүүрийг худалдан авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, би зарахад уг дэлгүүрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 14.000.000 төгрөгөөр худалдсан. Газрын тал дээр мэдэх юм байхгүй.

 

3. Хариуцагч Х.Х-ын  тайлбар:  

3.1 Миний бие А захын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан С гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. Миний бие тус дэлгүүрийн объектыг иргэн К.Д-ад зарахдаа А захыг хариуцсан хүний хэлснийг хэлж өгсөн. Захын захиргаа мөн адил хэлсэн байх.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2022/00793 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн ***ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч К.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч К.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заасан. Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд 3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан.          

5.2. К.Д- нь бетон суурьтай өрлөг бүтээц бүхий үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүрийн 54 м.кв байшинг иргэн Ш.А-ээс 2017 онд 14.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 2020 онд Х.Х-аас мөн бетон суурь өрлөг бүтээц бүхий 24м.кв талбайтай машины сэлбэгийн дэлгүүрийг 9.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Улмаар худалдаж авсан цагаас хойш тус үл хөдлөх хөрөнгүүдэд өнөөдрийг хүртэл барилгын материалын дэлгүүр, сэлбэгийн дэлгүүр ажиллуулж байна. Тус хугацаанд аливаа этгээдээс тухайн хөрөнгийн талаар ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй өнөөдрийг хүрсэн. К.Д- тус хөрөнгийг шударгаар олж авсан өмчлөгч мөн юм. Иргэний хуулийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу тус үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрх төлбөрийг төлснөөр К.Д-ад үүссэн.

5.3. Анх тус үл хөдлөх хөрөнгийг барьж бий болгосон Д.Б, Д.Д нар нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас дараа дараагийн худалдан авагч нар болох Ш.А-, К.Д- нар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн байшингийн хувьд ч анх тус үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан Б.Ерболат нь улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас дараагийн худалдан авагч өмчлөгч нар болох Т.А-, Х.Х-, К. Д- нарт мөн адил үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүйгээр зохих үнийг төлж худалдаж авсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэн бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, төлбөр шилжүүлсэн дансны хуулга байшинг шилжүүлэн авч зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа зэргээр нотлогдоно.

5.4. Иргэний хуулийн Иргэний хуулийн 84.1-д “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ” гэж заасан. 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, мөн хуулийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасан. Тус эд зүйлсийг бүтээж бий болгосноор эд юмс болох бөгөөд түүнийг эзэмшилдээ авснаар эд хөрөнгө болно. Газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгө гэнэ. Үл хөдлөх хөрөнгө газартай салшгүй байдлаар барьж байгуулж зориулалтын дагуу ашиглах боломжтой болсноор үл хөдлөх эд хөрөнгө болно. Харин тийнхүү бий болсон үл хөдлөх хөрөнгө нь өөрөө хэлцэл гэрээний зарчмаар бусдад худалдагдах боломжтой.

5.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “газар эзэмших эрх “А” захын эзэмшилд байгаа бөгөөд ИХ-ын 150.1 -д зааснаар “А” захаас газарт барилга барих эрх олгосон талаарх баримт байхгүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл тус тохиолдолд бичгийн баримт олдохгүй байгаа боловч анх 2007 онд тус газарт байшин бариулсан түүнээс хойш 15 жил тус байшинд бусад этгээд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд “А” захаас гомдлын шаардлага гаргаагүй. Иймд “А” зах тус нийтэд илэрхий үйл баримтын талаар маргаагүй тул бодит үйл баримтаар зөвшөөрөл өгсөн гэж тооцож болно.

Шүүх “А” захын ашиг сонирхол тус тохиолдолд хөндөгдөх агуулга илэрхийлжээ. Гэтэл Иргэний хуулийн Иргэний хуулийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан мөн хуулийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна” гэж заасны дагуу тус байшингууд 15 жил бусдын эзэмшил, ашиглалтад байсан тул тэргүүн ээлжид өмчлөх эрхийг баталгаажуулах эрхтэй этгээд бол нэхэмжлэгч мөн.

5.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг зөрчсөн. Тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг төрөөс баталгаажуулсан баримт бичиг байхгүй /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/ байхгүй, газар эзэмшигч /А зах/-ын зүгээс анх өөрийн газарт бусад этгээдийг өөрийн хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгө барих эрх боломжийг олгож /2007, 2008/ бариулсан, өнгөрсөн цаг хугацаанд тус үл хөдлөх хөрөнгийн газар дээр нь оршин буй асуудлаар аливаа гомдол гаргаагүйгээрээ хүлээн зөвшөөрсөн атал одоо нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад шаардагдах газар эзэмшигчийн зөвшөөрлийг бичгээр гаргаж өгөхгүй байгаа тул тус эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ шүүхийн журмаар тогтоолгож эрхээ баталгаажуулахаас өөр арга зам нэхэмжлэгчид байхгүй. Тус байшингууд үл хөдлөх эд хөрөнгө гэдэг нь маргаагүй үйл баримт бөгөөд түүнийг худалдах, худалдан авах хэлцлээр худалдан авч өмчлөгч нь К.Д- болсон гэдэг нь бодит. тодорхой үйл баримт. Харин тус өмчлөх эрхээ баталгаажуулах баримт дээр дурдсан нөхцөл байдлын улмаас байхгүй учраа шүүхийн журмаар өмчлөх эрхээ баталгаажуулахаар хандсан. Иймээс шүүхэд хандсан байтал шүүхийн зүгээс “үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ байхгүй”, “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авч байгаа талаар улсын бүртгэлд бүртгүүлж шинэ өмчлөгч болоогүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ямар ч логикгүй дүгнэлт байна. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй хөрөнгийг тус журмаар шилжүүлэн авсан бол шүүхэд тус хөрөнгийг өөрийн эд хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах ямар ч шаардлага байхгүй юм.

5.7. Мөн талууд худалдан авах гэрээний харилцааны үндсэн дээр дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж худалдсан одоогийн өмчлөгч нь К.Д- мөн гэдэгт маргаагүй байхад шүүх зохигчдын маргаагүй асуудал болох “А” захын газар эзэмших эрх болон шаардлагын агуулгаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан мэтгэлцэх зарчим болон шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй байх, хөндлөнгийн байх гэх үндсэн зарчмыг зөрчсөн байна.

5.8. Шүүх хүчин төгөлдөр хууль хэрэглэх зарчмыг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д “мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т “4.1.Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “А” захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв хэмжээтэй сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр К.Д-ыг тогтоох үндэслэлгүй юм “ гэжээ. Гэтэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль 2018.11.01-аас мөрдөгдөж эхэлснээр хүчингүй болж тус харилцааг 2018.06.21-ны өдөр батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль зохицуулж эхэлсэн. Иймд шүүх хүчин төгөлдөр бус болсон хууль хэрэглэж тус маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэж заасныг ноцтой зөрчжээ. Иймд Баян-Өлгий аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2022.09.13-ны өдрийн 739 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгч К.Д-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

            7. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг маргааны талаарх материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгжүүлснийг ойлгох бөгөөд К.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн уг шаардлагыг биелүүлээгүй, хангаагүй байна.

 

8. Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хууль дээдлэх нь шүүхийн ... үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж шүүхийн хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчмын агуулгыг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх Монгол Улсын Их Хурлаас 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталж, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон /Төрийн мэдээлэл сэтгүүл, 2018, №29 /1034/, 968 дахь тал/ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэргийн үйл баримтад хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг ноцтой зөрчжээ.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд хууль тогтоох байгууллагаас хүчингүй болсонд тооцсон буюу хүчин төгөлдөр бус хуулийг хэрэглэсэн анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдаа зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үр дагаврыг бий болгоно.

 

9. Нэхэмжлэгч К.Д- нь “54 м.кв барилгын материалын болон 24 м.кв автомашины сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Ш.А-, Х.Х- нарт тус тус холбогдуулан гаргасан, хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй, харин Ш.А- нь ...би зарахад уг дэлгүүрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 14.000.000 төгрөгөөр худалдсан. Газрын тал дээр мэдэх юм байхгүй” гэж, Х.Х- нь “А захын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан С гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. Миний бие тус дэлгүүрийн объектыг иргэн К.Д-ад зарахдаа “А” захыг хариуцсан хүний хэлснийг хэлж өгсөн. Захын захиргаа мөн адил хэлсэн байх” гэж тус тус хариу тайлбар ирүүлсэн ба “А” захын эзэмшил гэх газарт баригдсан гэх уг 54 м.кв, 24 м.кв хөрөнгүүдийн талаар хариуцагч нар тухайлан маргаагүй нөхцөл байдал тогтоогджээ.

Гэвч нэхэмжлэгч К.Д- нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүрийг Ш.А-ээс 14.000.000 төгрөгөөр, 24 м.кв талбайтай автомашины сэлбэгийн дэлгүүрийг Х.Х-аас 9.000.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх боловч  “/тухайн дэлгүүрүүд баригдсан газрыг/ Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт “Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна” гэж заасны дагуу эзэмших эрхтэй. “А” захын захиргаа нь миний үл хөдлөхийг нураах, салгаж авах эрхгүй. Миний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж байна” гэж дурдсанаас үзвэл, анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл, тэдгээрийн уялдаа холбоо, нийцлийг тодруулсны эцэст “А” захыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар, эсхүл гуравдагч этгээдээр татан оролцуулах эсэх асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсний дараа маргааныг эцэслэн шийдвэрлэх байжээ.

 

            10. Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаа “дэлгүүрүүдийн барилгын өмчлөгчөөр тогтоолгоно” гэж тодорхойлсон боловч үндэслэлээ “бусдын газар дээр барилга, байгууламж барьсантай холбогдуулан тухайн /дэлгүүрүүдийн/ газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах эрхтэй” гэж, түүнчлэн “өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй А захын үйл ажиллагаатай холбоотой” шаардлага гаргаснаас гадна “А” ХХК болон нэхэмжлэгч К.Д- нарын хооронд байгуулагдсан “Талбай түрээслэх тухай” 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэж, 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан журмыг баримталж “А” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тус хуулийн этгээдийн маргааны зүйлийн талаарх байр суурийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгасны эцэст  хэргийг шийдвэрлэх нь хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нээлттэй явагдах, талуудын мэтгэлцэх зарчим хангагдах ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            11. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүх хүчин төгөлдөр хуулийг хэрэглээгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ үндэслэлээр болон дээрх бусад үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж маргааны зүйл, үйл баримтыг зөв тогтоох, түүнд тохирох материаллаг хуулийн зохицуулалтыг оновчтой сонгож, хэрэглэх талаар гаргасан өмгөөлөгчийн давж заалдах гомдлын бусад үндэслэлд урьдчилсан байдлаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэж, хуульд зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалт, 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсгийг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2022/00793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч К.Д-ын өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, К.Д-ад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК