Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 188

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагчаар аймгийн ерөнхий прокурорын орлогч Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн М.Год холбогдох 1830000000189 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Мах маркетад туслах ажилтай, ам бүл 6, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Бага дөрвөлжийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын  шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоног баривчлах ялаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, М.Г.

 

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч М.Г нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 07 дугаар сард, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ө.Мг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд баруун нүдний дээд доод зовхи, нүдний салс, хацрын хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талынн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 09 сарын 25-ны орой Саятанд айлын 2 хонь хийгээд байж байхад эхнэр залгаад хүүтэйгээ бид 2 очлоо гэсэн.Ирээд хамт явж байхдаа эхнэр эхлээд намайг доромжлоод бид хоёр маргалдсан.Би уурандаа нэг нүд рүү цохичихоод орхиод явсан. Айлд очиж архи уугаад гэртээ ирээд элдэв янзын авир гаргасан. Ө.М бид 2 гэрлэлтийн батлуулаагүй. Ө.Мгийн тэвэрч явсан хүүхэд миний төрсөн хүүхэд. 7,8 сард гаргасан үйлдлээ санахгүй байна. Би нээх айхтар ууртай бишээ.Намайг эхлээд доромжлохоор нь тэвчээгүй. тэрүүхэн хооронд уурлаад цохисон Намайг ажлаа тараад ирэхэд Ө.М хааяа согтуу байж байдаг. Би айхтар архи уудаггүй, хааяа уухаараа тасартлаа уудаг.Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв. 

 

- Хохирогч Ө.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: Тэр өдөр манай найзын төрсөн өдөр болоод хөдөө гэр рүү нь явсан юм. Орой 20 цагийн орчимд аймаг руу ирж байтал манай нөхөр М.Г “ хаана байна “ гээд байхаар нь “ аймаг руу орж байна “ гэтэл тосож авна гээд намайг 48 дугаар байрны засмал зам дээр тосож авсан. Тэгээд гэр рүүгээ явж байх замдаа хоорондоо маргалдаж муудсан. Гэтэл Г нь гэрийн ойролцоо очиж миний баруун нүд рүү гараараа цохиж, гэмтэл учруулчихаад яваад өгсөн. Шөнийн 02 цагийн орчим гэртээ согтуу ирээд агсам согтуу тавьж намайг дахиж зодох гээд байхаар нь охин Эг цагдаа дууд гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирж Гыг аваад явсан...Ер нь бол намайг олон удаа зодож байсан. Тэр болгонд нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр миний төрсөн өдрөөр архи уучихаад гэр бүлийн асуудлаас болж маргалдаж муудчихаад намайг зодно гээд байхаар нь гараад зугатаатал араас барьж аваад хөлнөөс чирээд гэрт оруулж зодсон. 2018 оны 07 дугаар сарын 20-ны орчим байх шөнө орж ирээд надтай маргалдаж намайг зодсон. Тухайн үед надад ямар нэгэн хохирол учраагүй. ...Архи уувал их түргэн зантай болчихдог. Архи уугаад гэртээ ирэхдээ хүүхдийн асуудлаас болж хоорондоо мууддаг. Тэгээд хутга барьж ална гээд айлгаад байдаг. Энэ үйлдэл нь хэд хэдэн удаа давтагдаж байна. Үүнийг манай хүүхдүүд мэднэ. М.Гыг архи уугаад ирвэл бид нар гэрт байдаг хутга шөвгөө нуудаг... гэх мэдүүлэг /хх-ийн .../,

 

- Яллагдагч М.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой айлд ажил хийж өгчихөөд 20 цаг 30 минутын орчим эхнэр Ө.Мтой утсаар ярихад аймаг руу орж ирж байна гэхээр нь уулзъя гээд Баруун-Урт сумын 7 дугаар багийн 48 айлын орон сууцны хойд талын засмал зам дээр уулзсан. Тухайн үед Мяндсан холбоонь архи уучихсан байдалтай, 4 сартай хүүгээ тэврээд явж байсан. Тэгээд бид хоёр гэр рүүгээ хамт явж байгаад би өөрийн эхнэр Мгийн баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд гэрийн гадаа хүргэж өгөөд буцаад өөр айлд хонохоор явсан. Айлд очоод 2 шил архи уучихаад буцаж гэр рүүгээ шөнө 01 цагийн орчим байх очтол манай эхнэр намайг зайл гээд байхаар нь уурлаж хоорондоо маргалдсан. Гэтэл  шөнө цагдаа ирж намайг эрүүлжүүлэх байранд хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 /,

 

- Гэрч Э.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай ээж М 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн орчим найзынхаа төрсөн өдөрт явлаа гээд явсан. Орой 23 цагийн орчим бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, баруун нүд нь хавдаж хөхөрсөн ирсэн. Би тухайн үед “ таныг хэн зодсон бэ “ гэхэд  Г ахыг зодсон гэж байсан.  Шөнө Г ах согтуу орж ирээд хэл амаар доромжилж байгаад гал тогооны өрөөнөөс хутга авч ээжийг дайрахаар нь би булаацалдаж байгаад хутгыг нь авсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.

...2016 оны 6 сарын сүүлчээр Г ах гадуур архи ууж ирээд манай ээжтэй маргалдаж байгаад үснээс нь зулгааж, толгойруу нь өшиглөж, хутга гаргаж ээжийг ална гээд дайрхаар нь би хутгыг нь авах гэж булаалцалдаж байгаад миний гарын шууг зүсэж байсан. Одоо хүртэл сорви нь байгаа.

...2018 оны 06 сарын 17-ны өдөр ээжийн төрсөн өдөр болсон. Тэр орой манай гэрт найзууд нь ирээд архи ууж байгаад Г ах нэг хүнтэй маргалдаж муудсан. Тэгээд тараад явсны дараа нь ээж Мг гэртээ хүн дуудлаа гэж ээжийн толгойг зодож хагалсан. Мөн гар хөл нь хөхөрсөн харагдсан.

...2018 оны 07 сарын 20-ны шөнө 02 цагийн орчим байх Г ах гаднаас архи ууж ирээд ээжийг дуудаж босгоод хоорондоо маргалдаж байсан. Манай ээж гэнэт том өрөө рүү гүйгээд ороод иртэл араас нь орж ирээд цохиж унагаад хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгээд гал тогооны өрөө рүү орж хутга хайгаад байхаар нь ээж бид хоёр гарч зугтаасан. Тэгээд араас гарч ирээд ээжийг газар унагаж дээрээс нь гараараа цохиод байсан...гэх мэдүүлэг /хх-06/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 523 дугаартай дүгнэлтэд: 1.Ө.Мгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, нүдний салс, хацрын хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх- 11/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дүгээр сарын 10-ны өдрийн 545 дугаартай дүгнэлтэд: 1. Э.Эгийн  биед зүүн гарын шууны хэсгийн цайвар өнгийн сорви бүхий  гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг  сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх- 44/,

 

-  М.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/,

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн Засаг даргын 2018.10.09-ний өдрийн 5/725 дугаартай тодорхойлолт /хх-27/,

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын  шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-29/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоол/хх- 30-32/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3/733 дугаартай албан бичиг/хх- 34/

 

- Хохирогч Ө.Мгийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-36/,

 

- М.Гын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-37/,

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 95 дугаартай Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний тухай прокурорын санал /хх-45/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч М.Г нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 07 дугаар сард,  мөн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ө.Мг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд баруун нүдний дээд доод зовхи, нүдний салс, хацрын хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Гын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчӨ.М, гэрч Э.Э нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 523 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг судалбал, М.Г нь согтуурсан болон эрүүл үедээ гэр бүлийн маргааны улмаас хамтран амьдрагч Ө.Мг байнга буюу 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 07 дугаар сард,  2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд тус тус зодсон байх бөгөөд энэ нь хохирогч Ө.Мгийн “ Тэр өдөр манай найзын төрсөн өдөр болоод хөдөө гэр рүү нь явсан юм. Орой 20 цагийн орчимд намайг 48 дугаар байрны засмал зам дээр тосож аваад гэр рүүгээ явж байхдаа хоорондоо маргалдаж муудсан. Г нь гэрийн ойролцоо очиж миний баруун нүд рүү гараараа цохиж, гэмтэл учруулчихаад яваад өгсөн. Шөнийн 02 цагийн орчим гэртээ согтуу ирээд агсам согтуу тавьж намайг дахиж зодох гээд байхаар нь охин Эг цагдаа дууд гэж хэлсэн. Ер нь бол намайг олон удаа зодож байсан.. 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр миний төрсөн өдрөөр архи уучихаад гэр бүлийн асуудлаас болж маргалдаж муудчихаад намайг зодно гээд байхаар нь гараад зугатаатал араас барьж аваад хөлнөөс чирээд гэрт оруулж зодсон. 2018 оны 07 дугаар сарын 20-ны орчим байх шөнө орж ирээд надтай маргалдаж намайг зодсон. Тухайн үед надад ямар нэгэн хохирол учраагүй. Архи уувал их түргэн зантай болчихдог. Архи уугаад гэртээ ирэхдээ хүүхдийн асуудлаас болж хоорондоо мууддаг. Тэгээд хутга барьж ална гээд айлгаад байдаг. Энэ үйлдэл нь хэд хэдэн удаа давтагдаж байна. Үүнийг манай хүүхдүүд мэднэ. М.Гыг архи уугаад ирвэл бид нар гэрт байдаг хутга шөвгөө нуудаг... гэх,

гэрч Э.Эгийн “ ээж М 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн орчим найзынхаа төрсөн өдөрт явлаа гээд орой 23 цагийн орчим бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, баруун нүд нь хавдаж хөхөрсөн ирсэн. Би тухайн үед “ таныг хэн зодсон бэ “ гэхэд  Г ахыг зодсон гэж байсан.  Шөнө Г ах согтуу орж ирээд хэл амаар доромжилж байгаад гал тогооны өрөөнөөс хутга авч ээжийг дайрахаар нь би булаацалдаж байгаад хутгыг нь авсан. 2016 оны 6 сарын сүүлчээр Г ах гадуур архи ууж ирээд манай ээжтэй маргалдаж байгаад үснээс нь зулгааж, толгойруу нь өшиглөж, хутга гаргаж ээжийг ална гээд дайрхаар нь би хутгыг нь авах гэж булаалцалдаж байгаад миний гарын шууг зүсэж байсан. Одоо хүртэл сорви нь байгаа.2018 оны 06 сарын 17-ны өдөр ээжийн төрсөн өдөр болсон. Тэр орой манай гэрт найзууд нь ирээд архи ууж байгаад Г ах нэг хүнтэй маргалдаж муудсан. Тэгээд тараад явсны дараа нь ээж Мг гэртээ хүн дуудлаа гэж ээжийн толгойг зодож хагалсан. Мөн гар хөл нь хөхөрсөн харагдсан.2018 оны 07 сарын 20-ны шөнө 02 цагийн орчим байх Г ах гаднаас архи ууж ирээд ээжийг дуудаж босгоод хоорондоо маргалдааад ээж том өрөө рүү гүйгээд ороод иртэл араас нь орж ирээд цохиж унагаад хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгээд гал тогооны өрөө рүү орж хутга хайгаад байхаар нь ээж бид хоёр гарч зугтаасан. Тэгээд араас гарч ирээд ээжийг газар унагаж дээрээс нь гараараа цохиод байсан “ гэх мэдүүлгүүд, шинжээчийн 545 дугаартай дүгнэлтэд зэргээр тогтоогдоно.

 

М.Г нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа гэр бүлийн маргаан, үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ө.Мг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

 

Шүүгдэгч М.Гын хамтран амьдрагч Ө.Мг зодсон дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж тодорхойлсон хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул М.Гыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.

Шүүгдэгч М.Годэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. 

 

Прокуророос уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж шүүх дүгнэв. 

Энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах, шүүгдэгч М.Гын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч Ө.М гомдолгүй гэсэн, хохирогч, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, тэрээр түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.  

Иймд прокуророос гаргасан хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

М.Г ньСүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосон, энэ хугацаа дуусаагүй болох нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3/733 дугаартай тодорхойлолтоор нотлогдох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 159 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан дээрх торгуулийн ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан М.ГодСүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй. 

 

4. Шүүхийн шатанд ялтан М.Год таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Г шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийхялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

6. Ялтан М.Гнь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН