| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0176/э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 194
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох 1830002480175 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Д.Э.
Холбогдсонхэргийнталаар /яллахдүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Энь 2018 оны 08дугаар сарын13-ныөдрийн 19 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” толгойн хойд талын асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота приус-10 маркийн 63-56 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн А.Сг мөргөж, түүний эрүүл мэндэд нь “баруун хөлийн шаант тахилзуур ясны хөндлөн зөрөөтэй ил хугарал, зүүн бөөр орчим, ахар сүүл орчим зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмтхэрэгтхолбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би таксинд явдаг юм.2018 оны 08 сарын 10-ны өдөр төвөөс хүн аваад зүүн хойшоо явж байтал замын хойд талаас эрэгтэй хүүхэд машин өнгөрөх үед шууд хаалганы хажуугаас гүйгээд ороод ирсэн. Машиныхаа зөв талаар мөргөсөн. Эгчтэйгээ хөтлөлцөөд хойно байж байснаа гэнэт эгчийнхээ гарыг тавиад л гүйсэн. Намайг тоормос гишгэхэд л ороод ирсэн. Би хэдэн км цагийн хурдтай явж байснаа хараагүй, ер нь би ойролцоогоор 40,50 километр цагийн хурдтай явдаг. Энэ явдал Дийн хүүхдийн тоглоомын газрын хаалганы урд болсон. Хүүхдийг манай эхнэр авч яваад хотод эмчилгээ хийлгэсэн.Эмчилгээний зардалд нийт 1.500.000 төгрөг төлсөн. Ээжтэй нь холбоо барьсан, хүүхдийн биеийн байдал хэвийн болсон, ээжтэйгээ цуг явж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.
-Яллагдагч Д.Эын: Би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед өөрийн эзэмшлийн Пирус-10 маркын 63-56 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ таксинд явж Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг Хишиг дэлгүүрийн зүүн талын таксины зогсоол дээрээс хүн авчихаад Бага Д хүргэж өгөх гээд Д тоглоомын талбайн хойд талын засмал замаар баруун зүгээс зүүн зүгрүү засмал замаар явж байхад замын хойд талаас гэнэтхэн хүүхэд гарч ирээд миний машины зөв тал буюу зүүн талын урд талын дугуй хэсгээр мөргөж, арын дугуйгаар хүүхдийн хөл дээгүүр нь машинтайгаа гарчихсан. Тэгээд би машиныхаа тормос гишгэж зогсоод машиныхаа толинд харахад хүүхэд газар уначихсан, хоёр хөлөө жийгээд суучихсан уйлж байхаар нь очиж хүүхдийг өргөж, замаас гаргаж суулгасан. Тэгэхэд миний ард явж байсан цагдаагийн машин эмнэлэгийн түргэн тусламж дуудаж, мөн хүүхдийн ар гэрт нь мэдэгдсэн. Харин би тэндээсээ цагдаагийн газар дээр ирж ослын талаар мэдүүлэг өгсөн. ...Би ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Ер нь бол хэдэн км/цагийн хурдтай явж байснаа анзаараагүй юм. ...Миний анхаарал болгоомжгүйгээс болж энэ зам тээврийн осол гарсанд харамсаж байна. Хүний хүүхдийг гэмтээсэндээ маш их харамсаж гэмшиж байна. Хуулийн бага хариуцлага оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
-Бага насны хохирогч А.Сгийн хууль ёсны төлөөлөгч Т.Аын: 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5 настай хүү С, охин 5 сартай Со, манай төрсөн ахын хүүхэд болох 14 настай Э нарын хамт гэртээ байсан юм. 16 цагийн үед манай хүү С, Эийн хамт гэрээс гарч гэрийн гадаа тоглож байгаад С орж ирээд “ээжээ хүү нь Төмөртэйн тоглоомын талбай руу тоглоод ирье” гэж надаас хэд хоног гуйгаад байсан болохоор “за за тэгдээ” гэж хэлчихээд гэртээ охиныхоо хамт байж байхад 19 цагийн үед манай танил эгч У нь над руу хүүг маань осолд орсон талаар хэлсэн. Тухайн үед осол болсон газарт очсон. Цагдаа нар У эгч рүү залгаж осол болсон талаар хэлж У эгч надад хэлсэн юм. Тэгээд би осол болсон газар очиход түргэний машин, цагдаа нар ирээд би эмнэлгийн машинтай хүүтэйгээ Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Хүүг маань мөргөсөн машин нь ямар машин байсан талаар мэдэхгүй байна. Манай хүү Сгийн баруун хөлний савхан яс нь шилбээрээ хугарсан, ахар сүүл, зүүн бөөр орчимдоо зулгарсан байсан. Зам тээврийн осол миний бодлоор Приус маркийн 63-56 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Э гэгчийн анхаарал болгоомжгүйгээс болж энэ осол гарсан гэж үзэж байна. Д.Э нь эрүүл байсан. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 453 тоот шүүх эмнэлгийн дүгнэлт, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 70 тоот замын цагдаагийн дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Надад гаргах гомдол санал байхгүй. Харин 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгө нь манай хүүгийн цаашид хийгдэх эмчилгээний зардал юм. Надад гаргах гомдол санал байхгүй, Нэхэмжлэх зүйл байхгүй. Урьд нь 1.500.000 төгрөгөө Д.Эаас нэхэмжилж байсан мөнгөө авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүү А.Сгийн эрүүл мэнд сайжирч ясны ургалт нь явагдаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/
-Насанд хүрээгүй гэрч С.Эийн: 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед дүү Сгийн хамт Д толгойн тоглоомын талбай руу очиж байх замдаа дүү Сгаа хөтлөөд Д толгойн ар талын засмал зам руу яг орох гэж байхад манай дүү С гэнэт гараас мултраад засмал замын хойд талаас урагш гүйчихсэн. Тухайн үед машин харагдаагүй хирнээ манай дүүг зам гарах гээд гүйх үед гэнэт баруунаас зүүн тийш чиглэлтэй машин гарч ирээд машины хамрын хойд талын хэсгээр мөргөөд хоёр дугуй нь манай дүүгийн хөлөн дээгүүр гараад хөлийг нь хугалсан. Тэгээд цагдаа нар ирж эмнэлэг болон манай дүүгийн ээжийг дуудсан. Тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Гэнэт л гарч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20/
-Гэрч Б.Мын: Манай ач, зээ нар Дийн тоглоомын талбай дээр тоглох гээд явсан юм. Тэгээд намайг гэртээ байхад манай бэр “С осолд орсон байна” гэж цагдаагаас ярьж байна гэсэн. Тэгээд би эмнэлэгт очсон чинь ээж нь очсон байсан. Хамт явсан эгч нараас нь асуусан чинь замын хажууд гараас нь хөтлөөд явж байсан чинь гэнэт л гараа мулталж аваад машинд мөргүүлсэн гэж байсан. Одоо манай тэр хүүхдийн хөл нь хугарсан. Улаанбаатар хот явж хадуулах шаардлагатай гэж байгаа юм. С манай хүүгийн хүүхэд юм. Одоо 6 настай юм. Миний ачийн баруун хөлийн шилбэ нь хугарсан байна. Хамт явсан хүүхдүүд нь 13-15 насны 4 эмэгтэй хүүхэд явж байсан юм. Тэд нар дандаа эгч нар нь юм. Сгийн ээж нь Амаржаргал гэдэг хүн байгаа ажилгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 18/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 453 дугаартай“А.Сгийн биед баруун хөлийн шаант тахилзуур ясны хөндлөн зөрөөтэй ил хугарал, зүүн бөөр орчим, ахар сүүл орчим зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүднь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаарамь насанд аюултай шинжид хамаарагдах гэмтэл тул гэмтлийн хүндзэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх химийн шинжилгээний 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 111 дугаартай: Д.Эаас авсан гэх цусанд спирт илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 26/,
-Техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №70 дугаартай дүгнэлтэд: 1. Тоёота приус-10 маркийн 63-56 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Явган зорчигч А.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 30/
- Хэргийн газарт үзлэг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-6/
- Бага насны хохирогч А.Сгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7/
-Бага насны хохирогч А.Сгийн насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-8/
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх- 9/
- Д.Эын 1023084 дугаартай Жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх- 10/
-Д.Эын 1023084 дугаартай Жолоочийн үнэмлэх /хх-ийн арын хавтсанд үдээстэй /
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3/297 дугаар тодорхойлолт /хх-ийн 41/
- Д.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/
- 01988147 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх- 44/
- Д.Эын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 /
- Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2/419 тоот албан бичиг
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Аын Эмчилгээний төлбөр авсан тухай тодорхойлолт.2018.09.16.
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2018.08.30.
- Прокурорын томилолт.2018.10.16.зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Д толгойн хойд талын хатуу хучилттайзам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Приус-10 маркийн 63-56 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2“Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний иргэн А.Сг мөргөж, түүний эрүүл мэндэд нь “баруун хөлийн шаант тахилзуур ясны хөндлөн зөрөөтэй ил хугарал, зүүн бөөр орчим, ахар сүүл орчим зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч А.Сгийн хууль ёсны төлөөлөгч Т.А, насанд хүрээгүй гэрч С.Э, гэрч Б.М нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 453, 111 дугаартай дүгнэлтүүд, Техникийн шинжээчийн 70 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Д.Э тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоозамын гадна байгаа явган зорчигч хүүхдүүдийг харсан атлаа хурд сааруулалгүй явснаас тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадалгүй зам дээр гэнэт гарч ирсэн хүүхдийг мөргөсөн хийгээд гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд анхаарал, болгоомжгүй, хурд тохируулж яваагүйгээс хүүхдэд мөргөж, бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулжээ.
Шүүгдэгч Д.Эын зам тээврийн осол гаргаж, бусын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг шинжүүдийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч А.Сгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан,шүүгдэгч Д.Э хохирогчийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг төлсөн,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ахохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл, гомдол гаргаагүй байна.
Шүүгдэгч Д.Эын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгтбитүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйбөгөөд эд мөрийн баримт хураагдсан Д.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1023084 дугаартай А, В ангиллын үнэмлэхийгшийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тусудирдлагаболгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Эг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин зам тээврийн осол гарган, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил6 / зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Д.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсанД.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1023084 дугаартай А, В ангиллын үнэмлэхийг, гүйцэтгэх хуудасны хамтаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цолмонд үүрэг болгосугай.
4. Шүүгдэгч Д.Эт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь дээрх тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Эт мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Сгийн хууль ёсны төлөөлөгч Т.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН