| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2022/00560/И |
| Дугаар | 212/МА2022/00103 |
| Огноо | 2022-11-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 212/МА2022/00103
С.Н-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/00835 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч **** оршин суух С.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв /дарга Ч.Ү-/, хамтран хариуцагч тус аймгийн *** оршин суух К.А-, тус аймгийн **** оршин суух А.М-, Г.А- нарт холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Амьтан судлагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Амьтан судлагчийн орон тоонд дахин шалгалт зарлаж намайг сонгон шалгаруулалтад оруулахыг даалгах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Ердос, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Ч.Ү-, хамтран хариуцагч К.А-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие 2013 онд Этүгэн их сургуулийг сувилагч мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшиж төгссөн. Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалаар тус Бугат сумын голомт хяналтын бага эмчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн ба 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 17 дугаар тушаалаар амьтан судлалын лаборантаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
1.2 Миний бие ажиллах хугацаанд үр бүтээлтэй ажиллаж өөрийгөө байнга хөгжүүлж байсан ба 2015 онд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Үндэсний газар, НЛМ Норвегийн Тусламжийн байгууллагаас хамтарсан сургалт “Хүрэхүйн тухай ярилцъя” гэрчилгээ, 2018 онд ЗӨСҮТөв, ЭМЧХолбооны Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах батламж, 2022 онд Засгийн газрын хэрэг эрхлэх, MERIT үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээ гэрчилгээ, 2022 онд БОАЖЯ, MERIT Хариуцлагатай уул уурхайн эрх зүйн орчин ба туршлага гэрчилгээ, Удирдлагын академи, MERIT Ахисан түвшний Жендерийн дүн шинжилгээ үнэмлэх зэрэг сургалтуудад хамрагдаж мэргэжил мэргэшлээ дээшлүүлсэн бөгөөд 2021 онд Ховд их сургуульд Биологийн ухааны магистрын зэрэг төгссөн.
1.3 С.Н- миний бие Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргад хүсэлт гаргасан ба хүсэлтийн агуулга нь манай байгууллагын биологичийн орон тоо сул гарсан тул намайг тус албан тушаалд томилж өгнө үү гэсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар болсон боловч намайг дипломын индекс таарахгүй гэсэн шалтгаанаар тус шалгалтад бүртгэхээс татгалзаж миний эрхийг зөрчсөн.
1.4.Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын намайг бүртгэхээс татгалзсан нь хууль бус бөгөөд дипломын индекс таарахгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, сул орон тоо болох Биологичийн орон тооны дипломын индекс болон миний магистрын дипломын индекс таардаг бөгөөд Ч.Ү- нь намайг ялгаварлан гадуурхах бодлого баримтлан намайг шалгалтад оруулаагүй.
1.5.Тус төвийн даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай А/12 дугаартай тушаалаар тус төвийн амьтан судлагчийн орон тоонд сонгон шалгаруулалт ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар К.А-, гишүүдээр А.М-, Г.А- нарыг томилсон болно.
1.6. Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн амьтан судлагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, амьтан судлагчийн орон тоонд дахин шалгалт зарлаж намайг сонгон шалгаруулалтад оруулахыг даалгаж өгнө үү.
2. 2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Ч.Ү-ийн хариу тайлбар, татгалзал:
2.1.Тус төвд гарсан амьтан судлагчийн сул орон тоонд амьтан судлалын лаборант С.Н-ын шатлан дэвшүүлэх зарчмаар томилж өгөх талаар 2022 оны 5 дугаар сарын 09-нд төвийн даргад гаргасан хүсэлтийг судалж үзээд С.Н- нь тус төвийн амьтан судлалын лаборантын албан тушаалд 8 дахь жилдээ ажиллаж байгаа тухайн ажлын байрандаа мэргэшсэн ажилтан тул дэвшүүлэн томилох боломжгүй, иймээс амьтан судлагчийн сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар боллоо гэсэн хариуг өөрт нь өгсөн. Мөн шатлан дээшлэх зарчим нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд үйлчилдэг болохоос биш төрийн үйлчилгээний албан хаагчид хамааралгүй.
2.2. С.Н- нь нэгдүгээрт амьтан судлагчийн сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авах зарын дагуу шалгалтад орох талаар ямар нэгэн хүсэлт гаргаж, материал бүрдүүлж өгөөгүй, хоёрдугаарт шалгалт авах өдөр, С.Н- нь ажил дээрээ байгаагүй тул төвийн дарга миний бие архив, бичиг хэрэг, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан Г.А-ыг С.Н-тай утсаар яриулж дуудуулан шалгалтад оруулах гэсэн боловч шалгалт эхэлсэн хойно хоцорч ирсэн. С.Н- нь манай байгууллагын олон нийтийн цахим сүлжээ дэх цахим хуудасны админаар нь ажилладаг учраас сонгон шалгаруулалтын зарыг хэн хэнээс сайн мэдэж байсан. С.Н- нь шалгалтад бүртгүүлэх бүрэн боломжтой байсаар байтал шалгалтад бүртгүүлээгүй байсан. Би түүнийг шалгалтад бүртгүүлсэн байх гэж бодсон.
2.3. Маргаан бүхий ажлын байранд биологичийн мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэн хүн өрсөлдөх эрхтэй. Ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг болон аймгийн Эрүүл мэндийн газраас ажиглагчаар оролцсон хүний нөөцийн мэргэжилтэн Б.Н-, халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн А.У- нар нь С.Н- шалгалтад оруулахаар бүртгүүлээгүй байна. С.Н- нь сувилагч мэргэжилтэй, биологийн ухааны магистр зэрэг хамгаалсан байх тул танай зарлагдсан ажлын байрны тавигдах шаардлагыг хангахгүй, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн арга Ө.Хуралай, Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Нуржол нараас С.Н-ын боловсролын бичиг баримт дахь үндсэн мэргэжил нь ажлын байрны шаардлагыг хангах эсэх талаар утсаар тодруулахад магистр мэргэжил биш мэргэшүүлэх сургалтад хамрагдана, энэ нь эрдмийн зэрэг хамгаалсан боловсролын зэрэг, үндсэн мэргэжил нь бакалаврын зэрэгтэй сувилагч байна гэсэн тайлбар өгснийг сонсоод шалгалтад ороогүй шүүхэд хандана гээд гарч явсан ба төвийн даргыг ялгаварлан гадуурхаж шалгалтад оруулаагүй гэсэн нь үндэслэлгүй гүтгэлэг байна. Харин ч түүнийг залуу хүн байна гэж дэмжээд, байгууллагын мэдээлэл технологийн ажлыг хариуцуулаад цалингийн 10 хувийн нэмэгдэл олгоод цалинжуулж байсан.
2.4 Иймд С.Н-ын нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх өгнө үү.
3.Хамтран хариуцагч А.М-ын хариу тайлбар, татгалзал:
3.1. Тус төвийн даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай А/12 дугаартай тушаалын дагуу тандалт, тархвар судлалын тасгийн эрхлэгч К.А-, халдвар судлагч их эмч А.М- миний бие болон архив бичиг хэрэг, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан Г.А- нарын 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилтан сонгон шалгаруулах комисст томилогдож, тус төвийн амьтан судлагчийн сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авах ажлыг зохион байгуулсан.
3.2. Тухайн өдөр ажлын цагаар С.Н- нь ажилдаа байгаагүй тул төвийн дарга сонгон шалгаруулах комисст үүрэг өгч шалгалтад оруулахаар дуудуулсан ба С.Н- ирээд сонгон шалгаруулалтад ажиглагчаар оролцож байсан ЭМГ-ын хүний нөөцийн мэргэжилтэнд төвийн даргад өмнө нь өгсөн өргөдлөө танилцуулж би шууд шалгалтгүйгээр томилогдох эрхтэй, магистр төгссөн гэж байсан.
3.3. ЭМГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн чиний үндсэн мэргэжил нь бакалаврын зэрэгтэй сувилагч бөгөөд бакалаврын мэргэжлийн индекс таарахгүй байна. Магистр мэргэжил биш мэргэшүүлэх сургалтад хамрагдан хамгаалсан боловсролын зэрэг гэж тайлбарлахад С.Н- тэгвэл би шүүхэд хандана гээд өөрөө шалгалтад орохгүй яваад өгсөн.
3.4 Харин С.Н- нь өөрөө байгууллагын цахим хуудасны админ хийдэг мэргэжилтэн бөгөөд цахимд нийтэлсэн зарыг мэдсээр байж шалгалтад бүртгүүлээгүй байсан.
3.5 Төвийн дарга С.Н-ыг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхаж байгааг миний бие хараагүй бөгөөд харин ч залуу хүн гэж дэмжлэг үзүүлэн байгууллагын мэдээллийн технологийн ажилтан, цахим хуудасны админаар хавсран ажиллуулж нэмэлт урамшуулал цалин өгч байдаг.
3.6 Иймд нэхэмжлэгч С.Н-ын нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
4.Хамтран хариуцагч К.А-ийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Миний бие К овогтой А- нь Өлгий сумын *** багт оршин суудаг, дээд боловсролтой ба биологич мэргэжилтэй. Тус төвд 2013 оноос эхлэн шимэгч судлагчаар, 2014 оноос эхлэн тандалт тархвар судлалын тасгийн эрхлэгчээр өнөө хүртэл тасралтгүй ажиллаж байна.
4.2. Төвийн сургалтын танхимд 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн хүмүүс ирээд бүртгүүлж байсан хугацаанд тус төвийн дарга Ч.Ү-, аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн А.У-, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Н- нарыг утсаар дуудаж, ирүүлээд шалгалтад орох хүмүүсийн материалыг үзүүлж байсан.
4.3. Сонгон шалгаруулалт бүртгэл явуулахад тус төвийн амьтан судлалын лаборант С.Н- нь ирээгүй тул миний бие утсаар ярьж шалгалт болох гэж байна хурдан ир гэж дуудсан ба цагтаа амжиж ирсэн байсан.
4.4. Эрүүл мэндийн газрын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Н- нь С.Н-ад чиний дипломын индекс таарахгүй байна. Шалгалтад орохгүй шүү гэж хэлсэн нь үнэн болно.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Б-гийн хариу тайлбар, татгалзал:
5.1.Нэхэмжлэгч төрийн албан хаагчийн үүргээ ухамсарлаж, аливаа шалгалтад орохдоо бичиг баримт, материалаа өгөөд бүртгүүлэх ёстой байсан. Би тухайн үед сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцээд, хоёрдугаар шатанд нэг хүнтэй өрсөлдөөд хамгийн дээд оноо авч тус орон тоонд томилогдсон.
5.2. Би шалгалтад тэнцээд энэхүү орон тоонд томилогдсон учраас дахин шалгалтад орох сонирхолгүй байна. Энэхүү ажилд томилогдсон учраас өмнө Улаанбаатар хотод ажиллаж байсан ажлаасаа гараад Баян-Өлгий аймагт ирсэн. Тийм учраас хэрэв шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тохиолдолд миний шударгаар шалгалтад тэнцсэн явдал маань хүчингүй болж эрх маань зөрчигдөх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/00835 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.3, 158.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н-ын хариуцагч Баян-Өлгий аймгийн Зоноозын өвчин судлалын төвийн дарга Ч.Ү- болон хамтран хариуцагч К.А-, А.М-, Г.А- нарт холбогдуулан тус төвийн даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Амьтан судлагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Амьтан судлагчийн орон тоонд дахин шалгалт зарлаж, намайг сонгон шалгаруулалтад оруулахыг даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
7.1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг болон Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй гэсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
7.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... С.Н-аас маргаан бүхий Амьтан судлагчийн сул орон тоонд дээрх хугацаанд бүртгүүлэхээр материалаа ирүүлж улмаар түүнийг бакалаврын дипломын индекс таарахгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээр татгалзсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн намайг дипломын индекс таарахгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэжээ. Гэвч нэхэмжлэгч нь шалгалт болохоос өмнө болон шалгалт болох өдөр хүртэл шалгалтад орох тухай хүсэлтээ хэд хэдэн удаа илэрхийлж байсан. 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр буюу шалгалт болох өдөр С.Н- нь шалгалтад орохоор биечлэн ирэхэд чиний дипломын индекс чинь таарахгүй байна хэмээн хууль бусаар татгалзсан нь хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байгаа. Тухайлбал хамтран хариуцагч К.А- нь хариу тайлбар дээрээ “... ЭМГ-ын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Н- нь С.Н-ад чиний дипломын индекс чинь таарахгүй байна. Шалгалтад орохгүй шүү гэж хэлсэн нь үнэн болно” гэжээ. Хамтран хариуцагчийн дээрх тайлбараас харахад С.Н-ыг ялгаварлан гадуурхаж, хууль бусаар шалгалтад оруулаагүй нь харагдаж байгаа боловч анхан шатны шүүхээс С.Н-ыг шалгалтад орох тухай хүсэлт гаргаагүй, дипломын индекс чинь таарахгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан гэж маргасан нь хууль үндэслэлгүй болсон хэмээн дүгнэсэнд гомдолтой байна.
7.3. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан ба Хөдөлмөрийн тухай хуульд төрийн үйлчилгээний албан тушаалыг сонгон шалгаруулалтын журмаар томилохоор хуульчилж, журамлаагүй мөн энэ талаарх нарийвчлан зохицуулсан заалт байхгүй байхад хариуцагчаас сонгон шалгаруулалт явуулсан нь өөрөө үндэслэлгүй болсон байна” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь өөрөө хувийн эрх зүйн харилцаа болохын хувьд хориглосноос бусдыг зөвшөөрөх учиртай. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид Төрийн үйлчилгээний албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг хориглосон зохицуулалт байхгүй байх тул Зоонозын өвчин судлалын төвөөс “Амьтан судлагчийн” сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан нь өөрөө үндэслэлгүй хэмээн хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй.
7.4. Хэрэв шүүхээс тухайн шалгалтыг хууль бус байсан хэмээн үзэж байгаа бол маргаан бүхий орон тоонд дахин сонгон шалгаруулалт зарлаж С.Н-ыг шалгалтад бүртгэхийг даалгах ёстой байсан ба мөн шалгалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой хэмээн үзэж байна.
7.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Амьтан судлагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Амьтан судлагчийн орон тоонд дахин шалгалт зарлаж С.Н-ыг сонгон шалгаруулалтад оруулахыг даалгаж өгнө үү.
8. Хариуцагч тус аймаг дахь Зоонозын өвчин судлалын төвийн дарга Ч.Ү-ийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. С.Н- нь шалгалтад бүртгүүлээгүй болох нь миний шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас уг анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсэж байна.
9. Хамтран хариуцагч К.А-ийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
9.1. Шалгалт авахаас өмнө манай байгууллагын дарга С.Н- гэдэг хүн та нартай хамт маргааш шалгалтад орно шүү гэж хэлсэн. Тэгээд манай төвийн дарга Ч.Ү- намайг шалгалтыг авах комиссын даргаар томилсон хэдий ч надад уг шалгалтад их оролцоо байгаагүй. Яагаад гэвэл Эрүүл мэндийн газраас хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Н-, харин нөгөө нэг мэргэжилтэн нь халдварт өвчин хариуцсан У- гэх хүмүүс байсан. Уг хоёр хүнд дарга шалгалтад орох хүмүүсийн материалыг танилцуулсан. Тэгээд шалгалт эхлэхээс өмнө С.Н- харагдаагүй учраас өрөөндөө гүйж очиж С.Н-ыг дуудсан. С.Н- ирсний дараа өмнөх өдөр шалгалтад орно гээд байсан дарга маань гэнэт С.Н- чиний индекс таарахгүй учраас чи шалгалтад орох боломжгүй гэж хэлсэн.
10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
10.1. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Өргөдлөө 5 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байна. Мөн мэргэшил, мэргэжилтэй холбоотой маргаантай асуудал байгаа. С.Н-ын үндсэн мэргэжил нь сувилагч хүн юм. Биологийн ухааны чиглэлээр магистр төгссөн. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолд албан тушаалыг боловсруулах нийтлэг журам гэж байгаа. Үүний хойд талд мэргэшил гэж юуг ойлгох талаар тодорхой тайлбарласан. Үүнд: дипломын дараах 3 сараас дээш хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулсан байхыг ойлгох бөгөөд тухайн сургалтад хамрагдсан, төгссөн баримт бичиг болон мэргэшлийн баримт бичгийг үндэслэн тогтооно гэж заасан. Тийм учраас С.Н- ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байсан.
10.2. Мөн шалгалт 5 дугаар сарын 30-ны өдөр зарлагдаж, тухайн өдрөөс 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл материал хүлээж авахаар зарласан. Тухайн хугацаанд С.Н- ямар нэгэн баримт бичиг, материал бүрдүүлж, бүртгэлд албан ёсоор ороогүй байсан. Тийм учраас эдгээр нөхцөл байдлуудыг болон анхан шатны шүүхийн шийдвэрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээрээ үлдээх үндэслэлтэй.
ХЯНАВАЛ:
11. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
12. Нэхэмжлэгч С.Н- нь хариуцагч тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон хамтран хариуцагч Ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэгт ажилласан К.А-, А.М-, Г.А- нарт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Амьтан судлагчийн сул орон тоо”-ны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, “Амьтан судлагчийн орон тоо”-нд дахин шалгалт зарлаж, намайг сонгон шалгаруулалтад оруулахыг даалгахыг хүссэнийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
13. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо.
13.1. Нэхэмжлэгч С.Н- нь Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 дугаартай тушаалаар Бугат сумын голомт хяналтын бага эмчээр томилогдож, улмаар мөн төвийн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар тушаалаар Зоонозын өвчин судлалын төвийн амьтан судлалын лаборант Х.Р өндөр настны тэтгэвэрт гарсантай холбогдуулан оронд нь голомт хяналтын бага эмч ажилтай нэхэмжлэгч С.Н-ыг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилж, одоо хүртэл ажиллуулж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
13.2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаас тус төвд гарсан “Амьтан судлагчийн сул орон тоо”-нд сонгон шалгаруулалт зарлаж, улмаар 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/12 дугаар тушаалаар ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар тус төвийн тандалт, тархавар судлалын тасгийн эрхлэгч К.А-, гишүүдээр халдварт судлагч их эмч А.М-, дүн бүртгэл, бичиг хэргийн ажилтан Г.А- нарыг томилж, ажилтан сонгон шалгаргуулж авах журмыг хавсралтаар тус тус баталж, тус ажлын хэсэг нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр уг маргаан бүхий “Амьтан судлагчийн сул орон тоо”-нд бүртгүүлсэн нэр бүхий 9 хүнээс шалгалт авч, сонгон шалгаруулалтыг явуулжээ.
14.3. Ажил олгогчоос “Амьтан судлагчийн сул орон тоо”-нд сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтын талаар тус төвийн болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын сайтад мэдээлэл тавьж, материал хүлээн авах хугацааг “2022.05.30-2022.06.06-ны өдөр” гэж зааж тус тус зарласан байх бөгөөд уг хугацаанд нэхэмжлэгч С.Н- нь уг сонгон шалгаруулалтад холбогдох материалаа бүрдүүлэн бүртгүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус төвийн “Өргөдөл гомдлын дэвтэр”-т шүүхээс үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, мөн зохигчдын тайлбараар тогтоогджээ.
Түүнчлэн нэхэмжлэгчээс “... “Амьтан судлагчийн сул орон тоо”-нд дээрх хугацаанд бүртгүүлэхээр материалаа ирүүлсэн, улмаар түүнийг “бакалаврын дипломын индекс таарахгүй” гэсэн үндэслэлээр хариуцагч бүртгэхээс татгалзсан” гэж маргах боловч хариуцагчаас бүртгэхээс татгалзсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
15.4. Нэхэмжлэгч С.Н- нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр буюу маргаан бүхий орон тоонд сонгон шалгаруулалтын шалгалт авах өдөр шалгалт авах байранд ирсэн боловч шалгалтад оролцоогүй, тус шалгалтын ажиглагчаар сууж байсан аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Н-тай уулзаж, түүнээс “Б.Н- нь ...таны бакалавраар эзэмшсэн мэргэжил сувилагч байгаа тул ажлын байрны шаардлагад нийцэхгүй байна, магистр гэдэг нь мэргэшүүлэх сургалт болохоос мэргэжил биш..” гэсэн хариуг авснаар шалгалтад оролцолгүй явсан болох нь тус төвийн бичиг хэрэг, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан Г.А-ы тайлбар, гэрч Б.Н-ын мэдүүлэг болон 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тус төвийн ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогджээ.
16. Иймд нэхэмжлэгчээс тухайн маргаан бүхий сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дараа материал өгч бүртгүүлсэн эсэх, ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг болох хамтран хариуцагч нар нь нэхэмжлэгч С.Н-аас маргаан бүхий “Амьтан судлагчийн сул орон тоо”-нд бүртгүүлэхээр материал ирүүлснийг “түүний дипломын индекс таарахгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан тухай эрхийн акт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
17.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль...-аар тогтооно гэж, мөн зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль...”-аар зохицуулна гэж тус тус зохицуулсан бөгөөд анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
18. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/00835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ