Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 189

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Гт холбогдох 1830003050204 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн 1989 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 3 дугаар баг, Чулуутын ... тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Г

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” бааранд иргэн Т.Тыг шар айрагны шилээр толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт духны хэсгийн болон толгойн үстэй хэсгийн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б бааранд ороод хүн цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би болсон явдлыг санахгүй байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Бид эвлэрсэн. Улсын яллагчийн 600.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна.. гэв.  

-Яллагдагч С.Гийн: Би 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой Уы караокед 19 цаг өнгөрч байхад найз Б түүний найзын хамт 3 шил 0.75 литрийн архи уугаад тасарсан байсан. Тэгээд орой “Б” баарнаас гарч байснаа санаж байна. Хэдэн цагт баар руу орсон талаараа мэдэхгүй байна. 10 дугаар сарын 04-ний өглөө аавындаа байж байхад М ирээд “та манай найз Т гэдэг залууг бааранд надтай уулзаад зогсож байхад нь пивоны шилээр цохисон шүү дээ” гэж байсан. Миний хувьд болсон асуудлыг санахгүй байгаа юм. Тэр өдрөө Ттай нь уулзчихаад хөдөө явъя гэж бодож байсан боловч хайгаад олоогүй. Мөн Сүхбаатар сум руу унаа гарах гээд яваад өгсөн. Манай дүү Мтэй маргалдсан гэж бодоод цохисон юм шиг байгаа юм. Би дүү Мийн найзыг шилээр цохисондоо гэмшиж байна. Би Т.Тын хохирлын мөнгө гэж 500.000 төгрөг бэлэн өгсөн...гэхмэдүүлэг /хх-24-25/

 

- Хохирогч Т.Тын: Би 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед ураг төрлийн хамаатан болох Б.Аын хамт “У” караокед орж нэг цаг дуулж 2 шил пиво уучихаад тэндээсээ гарч “Б” баар руу 23 цагийн үед орсон. Тэнд 1 шил пиво авч ууж байгаад ангийн хүүхэд болох А.Мтэй тааралдсан. Тэгээд бид хоёр цуг бие засах өрөө рүү орж юм ярьж байгаад буцаад баар руу орж ширээн дээрээ сууж байгаад А.М рүү очиж “явлаа шүү” гэдгээ хэлж байтал А.Мтэй цуг явж байсан гэх танихгүй залуу миний араас пивоны шилээр толгой руу цохиж унагасан. Би тухайн үед манарч түргэн зуур ухаан алдсан. Би бие засах өрөө рүү А.Мтэй хамт орсноо санахгүй байгаа. Тухайн үедээ хэнд зодуулж цохиулсан талаараа би мэдээгүй.Миний эмчилгээний зардал мөнгө гэж” надад 500.000 төгрөг өгсөн. Өөр нэхэмжлэх зүйлгүй...гэхмэдүүлэг /хх-05-06 /,

 

- Гэрч Б.Аын: Т.Т бид хоёр ураг талын хамаатан хүмүүс юм. Бид хоёр 21 цагийн үед “У” караокед орж нэг цаг дуулчихаад хажууд талд нь байдаг “Б” баар руу хамт орсон. Тэнд бид хоёр нэг нэг пиво авч уусан. Баарны бие засах өрөөнд Тын таньдаг гэх Мтэй тааралдаж юм ярьж байгаад буцаад баар руу орсон. Би тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад буцаад ширээн дээрээ ирээд суутал Т нь байхгүй алга болчихсон байсан. Яг тэр үед дугуй ширээнд сууж байсан хүмүүсийн нэг нь архи пивоны шилээр нэгнийгээ цохиж унагаж байсан. Би тухайн үед Тыг цохиод унагаж байна гэж бодоогүй. Тыг тэр хавиар хайж байгаад гадаа гартал М нь Тыг дагуулаад гараад ирсэн. Тухайн үед Т нь хүнд зодуулсан байдалтай нүүр нь цус болчихсон байсан. Мтэй цуг явж байсан нэг ширээнд сууж байсан эрэгтэй хүн архи юм уу пивоны шилээр цохисон байх...гэх мэдүүлэг /хх-ийн 10/

 

- Гэрч А.Мийн: Би 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой хамаатны ах Б, Г нарын хамт “У” караоке руу орж  1 цаг дуулчихаад гарсан. Тэндээсээ “Б” баар руу Б, Г мөн Мө гэдэг ахын хамт орж тайзны өөдөөс харсан ширээн дээр сууж хоёр хоёр пиво авч ууцгаасан. Гэтэл хажуу талын ширээнд Б ахын найз нь цуг сууя гээд бид нар бүгдээрээ хамт сууцгаасан. Тэгээд бие засах өрөө  рүү ортол манай ангийн хүүхэд болох Т.Ттай тааралдаж юм ярьж байгаад салаад буцаад ширээ ширээндээ очиж суусан. Би тэгээд ширээндээ сууж байтал Т нь ирээд “би явлаа” гээд надад утасныхаа дугаарыг өгсөн. Тухайн үед бүжгийн талбай дээр бүжиглэж байсан Г ах миний араас өнгөрөхдөө Т.Тын толгой руу пивоны шилээрээ цохиж унагасан. Тухайн үед би Т.Тыг газраас босгож бие засах өрөө рүү хамт дагуулж орж цусыг нь цэвэрлэж өгөөд цуг явж байсан хүнийг нь олж хүлээлгэж өгсөн. Ямар учраас цохисон талаар би мэдэхгүй. Тэр хоёр бааранд байхдаа хоорондоо маргалдаж муудсан зүйл байхгүй. Би баарнаас гараад явж байхдаа Г ахыг “та яагаад зүгээр байсан хүн цохиж байгаа юм бэ” гэхэд онц юм надад хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 530 дугаартай дүгнэлтэнд: 1.Т.Тын биед тархи доргилт духны хэсгийн болон толгойн үстэй хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 13-14/,

 

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл.2018.10.04. /хх- 03/

 

-  С.Гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/,

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018.10.16-ны өдрийн 3/439 дугаартай тодорхойлолт /хх-27/,

 

- Шүүгдэгч С.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-28/

 

- Хохирогч Т.Тт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 31/ 

 

- Яллагдагч С.Гт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 30/ 

 

- С.Гийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх- 35/ 

 

-Хохирогч Т.Тын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-36/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх Прокурорын санал № 85/ хх-37 / зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” бааранд иргэн Т.Тыг шар айрагны шилээр толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт духны хэсгийн болон толгойн үстэй хэсгийн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь С.Гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчТ.Т, гэрч А.М, Б.А нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 530 дугаартай дүгнэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг тодруулбал, С.Г нь үйлчилгээний газарт архи ууж согтуурсан үедээ хохирогч Т.Тын толгойд шар айрагны шилээр цохиж гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа ямар ч шалтгаангүйгээр хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч С.Гийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

С.Г нь гэмт хэргийн улмаас хохирогч Т.Тт учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэдгээ хэрэгт мэдүүлжээ

 

Шүүгдэгч С.Гийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.          

 

Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж үзлээ. 

Дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч С.Гийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн, хүсэлтээ прокурорын газарт гаргасан зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

С.Г нь эрхэлсэн ажилгүй буюу түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзнэ.

Шүүгдэгч С.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Гт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 6сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Шүүхийн шатанд ялтан С.Гт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Г дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Ялтан С.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч Т.Тын эмчилгээний зардалд 500.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН