Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 186

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч  Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бэд холбогдох эрүүгийн 1830000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг “Т” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Х.Б. 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Яллагдагч Х.Б нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэр “Н” гэх газраас 2017 оны 11 дүгээр сард бусдын 6 тооны адууг хулгайлж иргэний нэхэмжлэгч Г.Дд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талынн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч  Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...2017 оны 11 сард 6 адуу хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. 3 адууг Н.Б гэдэг адуу авч байсан хүнд нэг нэгээр нь зарсан. 3 адуу нь манай адуунд байж байгаад шуурганаар алга болсон. Би ар гэрийнхэндээ өөрийнхөө 20 гаруй хонь, ямаанаасаа 6-7 нь, нэг үнээтэйгээ заръя, та нар 1.000.000 төгрөгийг өгчих гэсэн чинь үнээг чинь өгөхгүй. Өөрөө төлбөрөө төл гэж хэлсэн. Би 20 гаруйхан хонь, ямаагаар яаж төлөх юм бэ? гэсэн чинь намайг дургүйцсэн гэж ярьсан байна лээ. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

 

- Яллагдагч Х.Бийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг “Т” гэх газар нутагладаг. Т гэх газар нь Уулбаян сумын төвөөс зүүн хойд зүгт 30 орчим км-т байдаг. Би Н.Б гэх хүний хурга, ишгийг 2017 оны 08 дугаар сараас эхлэн өөрийн гэртээ хариулж сарын 200.000 төгрөгөөр цалинжиж ажилласан юм. 2017 оны 10 дугаар сарын 20-ны орчимд байх Н.Бы адуу, үхэр миний хариулж байсан хурга, ишиг отроор Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг “Т” гэх газарт гарсан. Би адуу хариулж байсан хүмүүстэй саахалт хонио хариулах болсон. Оторт гарснаас хойш 20 гаруй хоногийн дараа би буцаж Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Т” гэх газар руу морьтой явж өөрийн эзэмшлийн 1 тооны үрээгээ аваад буцах ёстой байсан бөгөөд уг үрээгээ барих гээд Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Н” гэх газар очиход миний хязаалан насны үрээнд хонгор гүү, сартай хүрэн зүсмийн шүдлэн насны үрээ, хүрэн зүсмийн охин шүдлэн, хээр зүсмийн эр унага, халиун зүсмийн эр унага, хүрэн зүсмийн охин унага байхаар нь бөөнд нь туугаад оторт гарсан. “Т” гэх газар руугаа явж гүүг нь чөдөрлөж, тэр хавиараа хариулсан. Харин адууны оторт гарсан хүмүүс дээр Түмэнцогт сумаас цагаан өнгийн Пробокс машинтай хүн ирж адуу авч Э буюу П гэж дууддаг айлд адуугаа нядалж байгаа талаар мэдсэн. Б нь нэг удаа П буюу Э гэх айлд ирснийг мэдээд 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Бд охин шүдлэн адууг 250.000 төгрөгөөр зарж мөнгийг нь би авсан. Үүнээс хойш 4-5 хоногийн дараа дахин ирэх үед нь хонгор зүсмийн гүү, сартай хүрэн зүсмийн шүдлэн насны үрээг 950.000 төгрөгөөр зарсан. Миний хувьд урьд ирэх үед нь гурил, будаа, эмээлийн мод зэргийг захиж авчруулж байсан бөгөөд уг мөнгөн төлбөрт 440.000 төгрөгийг тооцож үлдээгээд бэлнээр 510.000 төгрөг авсан. Уг мөнгийг өөртөө хэрэглээд дуусгасан. Бд адуу зарахдаа минийх юм, ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг, 

 

- Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: …Миний бие Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг даргын тамгын газарт нярав ажилтай юм. Тус сумын Засаг даргын захирамжийн дагуу миний бие Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Т, Н гэх газраас 6 тооны адуу 2017 оны 11, 12 дугаар сарын үед Х.Б нь хулгайлсан гэх үйлдэлд орон нутгийн тамгын газраас төлөөлж нэхэмжлэгчээр оролцож байна. Миний хувьд нэхэмжлэлээ дэмжиж үнэлгээний комиссын үнэлгээгээр гарсан 1.800.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хх- 05/,

 

- Гэрч Н.Бы: 2017 оны 11 дүгээр сард байх би Түмэнцогт сумын төвөөс урд зүгт 60 орчим километрт хүмүүс отроор гарсан байсан учир тамир тэнхээ муу адууг худалдаж авч цааш нь борлуулж байсан. Харин Х.Б гэх залуу надад адуу өгье гээд хонгор гүү, хүрэн байдсыг 950.000 төгрөгөөр зарсан. Үүнээс өмнө сартай хүрэн үрээг 400.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгийг шууд өгсөн. Харин 950.000 төгрөгийн үнэнд эмээлийн мод, гар утас, эсгий гутал, хүнсний зүйл авчирч өгсний үнэнд 400 гаруй мянган төгрөгийг суутгаж бусад мөнгийг нь бэлнээр нь өгсөн. Х.Б нь манай адуу гэж байсан. Өөрөө гэрийнхээ гадна барьж аваад П буюу Эын гэрийн гадна авчирч би нядалсан. Дахин уг хүнтэй наймаа хийсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх- 07/- 08, 

 

- Гэрч М.Баын: Би хувьдаа Истана маркийн авто машинтай бөгөөд Улаанбаатар хот руу ачаа болон хүн зөөдөг юм. 2018 оны 01 дүгээр сард байх сайн санахгүй байна. Түмэнцогт сумын төв дээрээс 14-15 орчим адууны мах ширтэй нь ачсан. Түмэнцогт сумын төвөөс урд зүгт 60 орчим километрт нутаглах айлаас Б нь 10 гаран тооны адууны мах ачуулсан. Уг махнуудыг Улаанбаатар хотод “Э” зах болон Улиастайн хятад иргэдэд зарсан...гэх мэдүүлэг/хх- 09-10, 

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/75 дугаартай захирамж /хх- 03/

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ /хх- 18/ 

 

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зарлал/ хх- 19/

 

-  Х.Бын Урьд Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/,

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 11-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/ хх- 26-28/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2018 оны 09 сарын 18-ны өдрийн 1/658 дугаартай тодорхойлолт/ хх- 29/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2018 оны 10 сарын 11-нийы өдрийн 1/752 дугаартай албан бичиг

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018.08.27-ны өдрийн 9/348 дугаартай тодорхойлолт /хх-22/,

 

-   Яллагдагч  Х.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-20/,

 

- Яллагдагч  Х.Бийн Оршин суугаа газрын тодорхойлолт/хх-21/,

 

- Х.Бийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх- 33/, 

 

-  Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын 2018.08.23-ны өдрийн 5/15 дугаартай “ Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай”  тогтоол / хх-34 / зэрэг баримтууд болно.

 

 

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 11 дүгээр сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг “ Н ” гэх газраас бусдын хонгор гүү, сартай хүрэн зүсмийн шүдлэн насны үрээ, хүрэн зүсмийн охин шүдлэн, хээр зүсмийн эр унага, халиун зүсмийн эр унага, хүрэн зүсмийн охин унага нийт 6 тооны адууг хулгайлж иргэний нэхэмжлэгчид 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Х.Б, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Д, гэрч Н.Б, М.Ба нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Х.Б нь зарж борлуулан, ашиг олох зорилгоор бусдын малыг хулгайлан гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын адууг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, зарж борлуулан бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна. 

 

Шүүгдэгч Х.Бийн бусдын 6 тооны адууг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй тул Х.Бээс хохиролд 1.800.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг даргын тамгын газарт олгоно. 

Уулбаян сумын үнэлгээний комиссоос Х.Бийн хулгайлсан хонгор гүүг 700.000 төгрөг, сартай хүрэн зүсмийн шүдлэн насны үрээ, хүрэн зүсмийн охин шүдлэнг тус тус 400.000 төгрөгөөр, хээр зүсмийн эр унага, халиун зүсмийн эр унага, хүрэн зүсмийн охин унагыг тус тус 100.000 төгрөгөөр үнэлжээ.

 

Х.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Бийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Х.Б нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 11-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дуусахаас өмнө шинээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн дээрх 115 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 152 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулах хорих ялд нэмж, нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч  Х.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ Мал хулгайлах /-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан ялтан Х.Бэд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 152 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон, бүгд 19 хоногийн хорих хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 19 хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Бэд оногдуулсан 2 жилийн 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

5. Ялтан Х.Бэд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх эхэсэгт заасныг баримтлан Х.Бээс хохиролд 1.800.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

 

7.  Ялтан  Х.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН