Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 187

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,                                                                                                                       

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.Эрдэмбилэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Аод холбогдох 1830001640174 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2,  дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Д.А.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоотод байх иргэн Д.Огийн гэрт нэвтрэн орж Хайер /HAIER/ маркийн 32 инчийн өнгөт зурагтыг хулгайлж бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайд эгч Д.О Сүхбаатар аймгийн Наран суманд ажиллаж амьдардаг. Манай хүргэн ахынх зун манайд түр хугацаанд ирсэн байсан. Зурагт, тогоо шанагаа авчирсан юм. Манайд эгчийнх ирж амьдарч байгаад 2,3 хоногийн өмнө явсны дараа 2018 оны 05 сарын 20-ны өдөр зурагтыг нь авсан. Энэ хашаа, байшин хэний нэр дээр байдгийг мэдэхгүй, би багаасаа л энд амьдарч байна. Манай гэр мөн. Би дүүтэйгээ хоёулаа амьдардаг. 

Эгчийг гэрт байгаа гэж бодоод очсон байхгүй болохоор нь үүдний таамбарын цонхыг хадсан байсан банзыг аваад орсон. Түлхүүргүй байсан болохоор таамбарныхаа цонхоор орсон. Зурагтыг нь авсан. Ломбарданд тавих гэсэн олдохгүй байхаар нь таксины ахад 15 хоногийн хугацаатай тавъя гэж тохиролцсон. Би Улаанбаатар хотод барилга дээр ажилладаг. Би хот яваад дарга нараасаа мөнгөө аваад зурагтныхаа мөнгийг явуулчихъя гэж бодсон. Зурагтыг нь буцааж өгөөд хүнд зарсан байсан 80.000 төгрөгийг мөн эгчид өгсөн. Хэрэг хийсэндээ гэмшиж байна... гэв.

 

- Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн орчимд найз Батхүүтэй туулайтай цэцэрлэгийн хажууд таараад 1 шил “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи хувааж уугаад тэндээсээ манай найз гэртээ харьж, харин би тэндээсээ Баруун-Урт сумын 6 дугаар баг ... тоотод байх хүргэн ах Энхжаргалын гэрт ирэхэд байшин нь цоожтой байхаар байшингийнх нь зүүн талынн таамбарын цонхыг банзаар таглаж, хадсан байсныг нь гараараа хуулж татаж аваад цонхоор орж миний төрсөн эгч Д.Огийн эзэмшлийн Хайер маркийн өнгөт зурагтыг хулгайлан авч, буцаж гараад танихгүй нэг ахад 80.000 төгрөгөөр зараад Улаанбаатар хот явсан. Тухайн үед би уг байшинд амьдардаггүй байсан бөгөөд манай хүргэн ах Энхжаргал, манай эгч Д.О нар амьдардаг байсан юм...гэх мэдүүлэг /хх- 38-39/

 

- Хохирогч Д.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: Уг хулгайд алдагдсан зурагт нь миний өөрийн эзэмшлийн зурагт юм. Уг байшин нь Аын эзэмшлийн байшин. Манайх аав ээжээс 5 бөгөөд хамгийн том эгч нь М, ах Ал, дараа нь би, миний доор дүү А, Н гэсэн 5 хүүхэдтэй айл юм. ... тоотод байх хашаа байшингаа одоо Аын нэр дээр шилжүүлнэ... гэх мэдүүлэг /хх- 10-13/,

 

 - Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би өөрийн эзэмшлийн Соната-6 маркийн 41-13 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явдаг юм. Тэр өдөр Цайрт руу явдаг засмал замын дэргэд байдаг Б нэртэй дэлгүүрийн гадаа зогсож байхад сахалтай туранхай 30 орчим насны залуу ирээд таксинд явах уу гэсэн. Тэгээд тэр хүнийг аваад ... тоот хашааны үүдэнд зогсоод тэндээс бүтээлгээр ороосон телевизор авч гарч ирсэн. Уг телевизорыг тэр залуу ... худалдааны төвийн ломбард, Т худалдааны төвийн ломбард, Ж худалдааны төвийн ломбард зэргээр орж авахгүй, зарим нь хаалттай байна гэж гарч ирсэн юм. Намайг уг телевизороо авах уу гэхээр нь би 80.000 төгрөгөөр авсан. Тэгэхээр нь би таксинд явсан 5.000 төгрөгөө хасаад би 75.000 төгрөг өгсөн. Тэр залуутай би өдрийн 1000 төгрөгний хүү бодоод 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр аваарай гээд амаар тохиролцоод салцгаасан. Би уг залууд цаасан дээр өөрийн нэр, утасны дугаар, машины дугаар зэргийг бичиж өгсөн юм. Тэр залуу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөсөө хойш надруу ярихгүй холбоо барихгүй болохоор нь би 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Батсайхан гэгч айлд 150.000 төгрөгөөр зарсан. Батсайханы эхнэр нь байсан мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хх-17/,

 

-Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай нөхрийн найз Б гэдэг хүн хямдхан телевизор зарна гэхээр нь нөхөр бид хоёр Хайер маркийн 32 инчийн өнгөт зурагт 150.000 төгрөгөөр худалдаж авсан юм”  /хх- 18-19/,

 

- Гэрч Э.Нийн мөрдөн байцаалтад өгсөн Манай төрсөн ах Оын найз гэдгээр нь танина. Сүүлд 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр телевизор өргөөд манайруу орж ирсэн юм. Тэгээд юун зурагт болох талаар нь асуухад “ах нь Улаанбаатар хотруу явах гэхээр зардлын мөнгө байхгүй, манай ах Шагай уг зурагтыг барьцаанд тавиад зардлаа хийгээд яв” гэж хэлсэн юм. Тэгээд удалгүй улсын дугаарыг нь мэдэхгүй цагаан өнгийн машинтай ирээд уг зурагтаа аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх- 20-21/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд. 2018.05.20. /хх-03-07/

 

- Эд мөрийн баримт хураан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл.2018.06.18. /хх- 8/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт суман дахь Эд зүйлийн үнэлгээ. 2015.05.21. /хх- 26/

 

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “А“ ХХК-ны ТХҮ-918/004 дугаартай Үнэлгээний дүгнэлт /хх- 53-55/

 

- Хохирогч Д.Огийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх- 65/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018.09.24-ний өдрийн 6/341 дугаартай тодорхойлолт /хх- 40 хуудас/                                                                                                                                                                                                                                                                    

 

- Д.Аын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 43 хуудас/

 

- Д.Аын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 41 хуудас/

 

- Н.Алн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 56 хуудас/

 

- 000129745 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх- 58/,

- Хохирогч Д.Огийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-65/,

 

   - Д.Аын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-67/,

 

   - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 сарын 09-ний өдрийн 5/42 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-68/,

 

   - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 сарын 09-ний өдрийн 94 дугаартай Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-69/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн ... тоот дахь гэрээсээ иргэн Д.Огийн өмчлөлийн Хайер /HAIER/ маркийн 32 инчийн өнгөт зурагтыг хулгайлж бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.О, гэрч Б.Б, Д.А, Э.Н нарын мэдүүлгүүд, “А” ХХК-ны ТХҮ-918/004 дугаартай Үнэлгээний дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-5-7/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Д.А нь Улаанбаатар хот явах зардал хийх, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор өөрийн эзэмшлийн байшингаас тухайн үед түр амьдарч байсан төрсөн эгч Д.Огийн Хайер маркийн 32 инчийн өнгөт зурагтыг хулгайлан бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулан гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

 

Д.Аын  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх  хэсэг/ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах/ буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Од учирсан 320.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн нь хохирогч Д.Огийн 2018.09.25-ны өдрийн Прокурорын газарт гаргасан хүсэлтээр нотлогдоно. Д.Огийн алдагдсан Хайер /HAIER/ маркийн 32 инчийн өнгөт зурагтыг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК ТХҮ-918/004 дугаартай Үнэлгээний дүгнэлтээр 320.000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүгдэгч Д.Аын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Прокуророос уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж шүүх дүгнэв.

 

 Энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах, шүүгдэгч Д.Аын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч буюу түүний төрсөн эгч  Д.О гомдолгүй гэсэн, хохирогч, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, тэрээр түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.  

Иймд прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний саналын хүрээнд шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Д.Аын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, мөн түүний согтууруулах ундаа хэрэглэдэг, айлаар амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дүгээр зүйлийн 3.3-т зааснаар шүүхээс тэнсэх нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоолоо. 

 

Д.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Д. Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах/ буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 3.3-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Аод шүүхээс тэнссэн нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Аод мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Од учирсан 320.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөнийг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.Аод шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.НАСАНБУЯН