Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2019/0019

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 09 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0019

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.К, Д.О, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн захирал Д.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0758 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, А.К нарын давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус яамны тендерийн Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал С.Г 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн шийдвэр, захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон “Н” ХХК-ийн хооронд байгуулсан “Завхан аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2 дугаар тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийхийг даалгах”-ыг хүсчээ.  

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0758 дугаар шийдвэрээр:

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7, 36.16, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.6, 39.7, 39.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан “Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн шийдвэр, захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон “Н” ХХК-ийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2 дугаар тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, А.К нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй.

Нэхэмжлэгч “А” ХХК 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Барилга, хот байгуулалтын яамны тендерийн үнэлгээний хорооны “Н” ХХК-ийг Завхан аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах тендерийн ялагчаар шалгаруулсан дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ Барилга, хот байгуулалтын яамны Үнэлгээний хороо дээрх шийдвэрийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл, ТӨХ, ТСБЗ-ны 4.4.3, 4.4.4, 4.4.5-т заалтыг ноцтой зөрчсөн.

Тухайлбал Үнэлгээний хорооны Завхан аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах тендерт “Н” ХХК-ийг 89.3 оноогоор үнэлэхдээ тус компанийн “Хот төлөвлөлтийн архитектор”-ийн оноог хууль бусаар үнэлсэн.

Өөрөөр хэлбэл захиалагчийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.4.4-т Хот төлөвлөлтийн архитектор 2 хүн байх, 3-аас доошгүй жил тухайн мэргэжлээр ажилласан байх, бакалаврын зэрэгтэй гэсэн шалгуур тавигдсан боловч гүйцэтгэгчээр шалгарсан “Н” ХХК уг ажлын хийж гүйцэтгэхээр Д.Ч гэх нэг л хүн санал болгосныг тендерийн хороо үнэлж авах ёстой 5 оноог бүхлээр нь өгч буй нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.4.4-т “Хот төлөвлөлтийн архитектор-2” байх гэсэн заалтыг зөрчиж үнэлгээ өгсөн байна.“Н” ХХК-ийн Хот төлөвлөлтийн эдийн засагчаар санал болгосон этгээдийн оноог мөн хууль бусаар үнэлсэн.

“Н” ХХК нь Хот төлөвлөлтийн эдийн засагчаар “П.Э” гэх мэргэжилтнийг санал болгосон ба П.Э гэх мэргэжилтний намтар, мөн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг нь зурагдаагүй зэрэг үйл баримт, “Н” ХХК-ийн тендерийн материалд тодорхой байхад Үнэлгээний хороо тендерийн санал боловсруулах зааварчилгааны 4.5.5-т “Санал болгож буй мэргэжилтний намтар, намтар нь тухайн мэргэжилтний болон санал ирүүлж буй эрх бүхий этгээдээр гарын үсэг зурагдсан байх” гэсэн шаардлагыг хангаагүй. П.Э бүр тендерт материал бүрдүүлж өгөөгүй, гарын үсгийг нь өөрийнх нь зөвшөөрлөөр компани зурсан гэх “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байхад Үнэлгээний хороо гүйцэтгэгч компанийн авах ёстой 6 оноог бүхлээр нь өгч шүүх дээрх үйл баримтыг харгалзан үзээгүй” Үнэлгээний хорооны үнэлгээ хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэж буй нь тун ойлгомжгүй зүйл болжээ. “Н” ХХК-ийн Авто инженерийн ажлын байранд санал болгосон мэргэжилтэн А.Ч, Авто зам барилгын инженер мэргэжлийн бакалавр зэрэгтэй. Гэтэл ТӨХ-д захиалагчаас тавьж буй авто замын инженерийн шаардлага нь авто замын инженер бакалавр, мөн мэргэшлийн зэрэгтэй байх гэсэн шаардлага тавьсан боловч мэргэшлийн зэргийг хангаагүй. Зөвлөхийн авах ёстой 3 оноог бүхлээр нь өгсөн нь мөн ТӨХ-ийн 4.4.4-т заасныг зөрчсөн байсныг шүүх дүгнэж үзээгүй.

Түүнчлэн “Н” ХХК геодезийн инженерийн ажлыг, “Г” ХХК гүйцэтгэхээр санал болгосон. Уг компани нь геодезийн ажлыг хийж гүйцэтгэхээр “Г” ХХК-ийн мэргэжилтэн О.Х, Б.Г гэх мэргэжилтнүүдийг санал болгосон. Эдгээр мэргэжилтнүүдийн мэргэжил, мэргэшлийн зэргийн нотлох баримтууд тендерийн баримт бичигт тусгагдаагүй байхад Үнэлгээний хороо “Н” ХХК-д авах ёстой 3 оноог бүхлээр нь өгсөн нь илт хууль зөрчиж байгаа юм. Тухайлбал геодиз инженерийн ажлыг геодизи, инженер мэргэжилтэй бакалавр зэрэгтэй хүн байхаар ТӨХ-д заасан байхад энэхүү шаардлага хангаагүй баримтыг үндэслэн оноо өгч буй Үнэлгээний хорооны шийдвэр нь ТӨХ-н 4.4.4, ТСБЗ-ны 4.5.5 дахь заалтыг тус тус зөрчсөн байхад шүүх уг үйл баримтын нэгийг нь ч дүгнээгүй.

“Н” ХХК ус хангамж ариутгах татуургын ажилд санал болгож буй мэргэжилтэн Д.Б ТӨХ-д заасан цахилгаан инженерийн бакалавр болон мэргэшлийн зэрэгтэй байх гэсэн шаардлагыг хангаагүй, материалууд нь хэрэгт авагдаагүй байхад мөн авах ёстой 3 оноог бүхлээр нь өгч буй нь ТӨХ-н 4.4.4-т заасныг зөрчсөн.

“Н” ХХК цахилгааны инженерийн ажилд санал болгож буй М.О ТӨХ-д заасан дулаан хангамжийн инженер мэргэжилтэй бакалавр, мэргэшлийн зэрэгтэй байх шаардлагыг хангаагүй, Дулаан хангамжийн инженер Б.Н ТӨХ-д заасан дулаан хангамжийн инженерийн бакалавр, мэргэшлийн зэргийн шаардлагыг хангаагүй ТӨХ-д заасныг зөрчсөн. Холбоо дохиоллын инженер Д.С ТӨХ-д заасан бакалавр болон мэргэшлийн зэрэгт байх шаардлагыг хангаагүй, Инженер геологийн ажлыг “Б” ХХК гүйцэтгэхээр санал болгосон. “Б” ХХК уг ажлыг Д.С, Д.М, Д.М нарын мэргэжилтнүүдийг санал болгосон боловч эдгээр мэргэжилтнүүдийн бакалавр мэргэшлийн зэргийн баримтууд тендерийн материалд авагдаагүй, материалын бүрдүүлэлт нь ТӨХ-д заасан шаардлагад нийцээгүй байхад инженер геологийн авах ёстой 6 оноог “Н” ХХК-д бүхлээр нь өгч буй Үнэлгээний хорооны шийдвэр ТӨХ-н 4.4.4, 4.4.5 ТСБЗ-ны 7.4-т заасныг тус тус зөрчсөн байсан.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа дүгнэж үзээгүй, Завхан аймгийн ерөнхий хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах тендерт шалгарч буй “Н” ХХК тендерийн баримт бичиг нь ТӨХ-д заасан шалгуур шаардлагын дагуу бүрдүүлээгүй мөн захиалагчаас боловсруулж өгсөн тендерийн баримт бичгийн 2-р бүлгийн СБЗ-ны 4.4.3-т заасан санал болгож буй мэргэжилтнүүдийн олонх нь тухайн зөвлөх компанийн үндсэн ажилтан байх эсвэл тогтвортой хамтран ажилладаг байх гэсэн шаардлагыг хангаагүй хоёрхон үндсэн ажилтантай компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж буй Үнэлгээний хорооны шийдвэр нь хууль ёсны байна гэж дүгнэж буй анхан шатны шүүхийн шийдвэр дээрх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “Н” ХХК-ийн тендерийн баримт бичигт үндэслээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг ноцтой зөрчсөн.

Угтаа бол нэхэмжлэгч дээрх үндэслэлээр Барилга, хот байгуулалтын Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус гэдгээ хэрэг хэлэлцэх үед тайлбарласныг шүүх дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцээгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0758 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр болон хууль зүйн хувьд, мөн цаг хугацааны хувьд ч “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийх боломжгүй байна.

1.Хариуцагч Барилга, хот байгуулалтын яам уг тендерт шалгарсан гуравдагч этгээд “Н” ХХК-ний хооронд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ байгуулагдсан, өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний гүйцэтгэл 60 орчим хувьтай, санхүүжилтийг гэрээнд заасны дагуу гүйцэтгэлээр авч байгаа талаар гуравдагч этгээдийн зүгээс тайлбарласан.

Үндсэндээ “А” ХХК-ийн хувьд дээрх гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр тендер шалгаруулалттай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад шүүгчийн мөн оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5266 дугаар захирамжаар актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

Иймд нэгэнт хэрэгжиж эхлээд тодорхой гүйцэтгэлтэй явж буй тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах боломж цаг хугацааны хувьд үгүй болжээ.

2.Нэхэмжлэл болон давж даалгах гомдолд дурдсанчилан тендерийн үнэлгээний хорооноос “А” ХХК-ийн тендерийн баримт бичгийг үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн Үнэлгээний хорооны гишүүдийн өгсөн тус тусын үнэлгээ /оноо/-ний талаар дүгнэх эрх шүүхийн тухайд хязгаарлагдмал болно.

Гэхдээ гол үндэслэл болох зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх голлох мэргэжилтнүүдийн чадварын үнэлгээнд “Хот төлөвлөлтийн эдийн засагч” байх шаардлагад дээд тал нь 6.0, “Холбоо дохиоллын инженер” байх шаардлагад дээд тал нь 3.0 оноо өгөх боломжтойгоос үнэлгээний хорооны гишүүд нэхэмжлэгчид “0” оноо тус тус өгсөн талаар хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тендерийн баримт бичгээс тус тус үзэхэд эдгээр үнэлгээ нь “холбогдох мэргэжилтнүүдийн дипломыг зөвхөн нотариатаар гэрчлүүлээгүй” гэх хэлбэрийн төдий шалтгаанаар бус харин дээрх шаардлагыг бүрэн хангаагүйтэй холбоотой байна.

Учир нь нэхэмжлэгчээс санал болгосон Хот төлөвлөлтийн эдийн засагчид “Эдийн засагч мэргэжилтэй Ц.Х, /тендерийн баримтын 138 дахь талд авагдсан/, Холбоо дохиоллын инженерт Мэдээллийн технологи мэргэжилтэй Н.Батбаяр /тендерийн баримтын 201 дэх талд авагдсан/ нарыг мэргэжлийн шаардлагыг хангахгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

Мөн эдгээрээс бусад шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар Үнэлгээний хорооны гишүүдийн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт өгсөн үнэлгээг харьцуулан үзэхэд зөвхөн “Н” ХХК-д хамгийн дээд оноог өгөөгүй, тухайлбал зөвлөхийн үйлчилгээг заасан хугацаанд гүйцэтгэсэн байдалд “А” ХХК-д 7.4, гуравдагч этгээдэд 5.1, даалгаварт ажлыг төлөвлөсөн байдалд “А” ХХК-д 5.0, гуравдагч этгээдэд 4.7, инженер геологичид “А” ХХК-д 2.4, гуравдагч этгээдэд 2.3 гэх зэргээр нэхэмжлэгчид илүү оноог;

-ажлын аргачлал, арга зүй, шинэлэг санаа, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадавхи, тухайн аймаг, орон нутгийн талаарх мэдээлэл, ижил төстэй зөвлөхийн үйлчилгээний туршлага, зургийн ерөнхий архитектороор ажилласан туршлага, газар зохион байгуулагч, автозамын инженер, геодезийн инженер, дулаан хангамжийн инженерийн шаардлагад нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт адил үнэлгээ өгсөн болох нь тус тус тогтоогдож байна.

Харин гуравдагч этгээд “Н” ХХК-ийн санал болгосон инженер техникийн ажилтнуудад тавигдах шаардлага, ажилтны тоо зэргийг  нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан дарааллаар тендерийн баримт бичгээс тулгаж үзэхэд:

-тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.4.4-т хот төлөвлөлтийн архитектор 2 байх шаардлагад зөвхөн Д.Ч бус мөн Д.Ч санал болгосон нь түүний бакалаврын болон магистрын диплом, сертификатын хуулбараар;

-авто инженерийн ажлын байранд санал болгосон А.Ч “Мэргэшсэн инженер” зэргийг авто замын барилга угсралт, засварын хүрээнд авсан болох нь түүний мэргэшсэн инженерийн гэрчилгээгээр;

-геодезийн инженерийн ажлыг гүйцэтгэх “Геомоп инженеринг” ХХК-ийн мэргэжилтэн О.Х, Б.Г нар геодезийн мэргэжлээр төгссөн нь тэдгээрийн баклаврын диплом, Б.Гансүх “Мэргэшсэн инженер”-ийн гэрчилгээг геодезийн хэмжилт, зураглалтын хүрээнд авсан болох нь түүний мэргэшсэн инженерийн гэрчилгээгээр;

-ус хангамж, ариутгах татуургын ажилд санал болгосон Д.Б сантехникич мэргэжлээр төгссөн болох нь дипломын хуулбар, “Мэргэшсэн инженер” зэргийг ус хангамж, ариутгах татуургын системийн зураг төслийн хүрээнд авсан болох нь түүний мэргэшсэн инженерийн гэрчилгээгээр;

-цахилгааны инженерийн ажилд санал болгож буй М.О цахилгааны инженерийн мэргэжлээр төгссөн болох нь дипломын хуулбар, Зөвлөх инженерийн зэргийг цахилгаан систем, шугам сүлжээний хүрээнд авсан болох нь түүний батламжаар;

-дулаан хангамжийн инженерт санал болгосон Б.Н халаалт, агаар сэлгэлтийн мэргэжлээр төгссөн болох нь дипломын хуулбар, “Мэргэшсэн инженер” зэргийг барилга байгууламжийн дулаан хангамж, газар сэлгэлтийн зураг төслийн  хүрээнд авсан болох нь түүний мэргэшсэн инженерийн гэрчилгээгээр;

-холбоо, дохиоллын инженерт санал болгосон Д.С радио холбооны мэргэжилтэй болох нь дипломын хуулбар, “Мэргэшсэн инженер” зэргийг барилга байгууламжийн холбоо, дохиолол, мэдээлэл, автомажуулалтын зураг төслийн хүрээнд авсан болох нь түүний мэргэшсэн инженерийн гэрчилгээгээр;

-инженер технологийн ажлыг гүйцэтгэх “Буйр хөрс” ХХК-ийн инженер Д.М, Д.М нар инженер геологич мэргэжлээр төгссөн болох нь тэдгээрийн дипломын хуулбараар тус тус тогтоогдож байх тул эдгээр нэр дурдсан мэргэжилтэнгүүдийн “мэргэжлийн диплом, мэргэшлийн зэргийг нотлох баримт тендерийн баримтад авагдаагүй байхад өндөр оноо өгсөн” гэх гомдол үндэслэлгүй байна.

Харин хот төлөвлөлтийн эдийн засагчид санал болгосон П.Э нь газар зүйч, газар зүйн багш мэргэжлээр төгссөн, зөвлөх эдийн засагчийн зэргийг бүс нутаг, хот байгуулалтын хүрээнд авсан болох нь түүний гэрчилгээгээр тогтоогддог, мөн намтар нь авагдсан, гэхдээ хамтран ажиллах гэрээнд гарын үсгийг төлөөлж зурсан байхад дээд буюу 6 оноог өгсөн нь эргэлзээ төрүүлэхүйц, өөрөөр хэлбэл яг энэ шаардлагад нэхэмжлэгчээс эдийн засагч мэргэжлийн хүнийг санал болгосныг шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр “0” оноо өгсөн байдаг.

Гэвч техникийн үнэлгээний хувьд нийтдээ “А” ХХК 80.3, “Н” ХХК 89.3 оно авсан байх тул энэхүү үнэлгээнээс хамаарч өөрчлөлт орох, түүнчлэн үнэлгээг дахин хийх нөхцөл байдал үүсэхээргүй байна.  

Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг оролцогчдоос хүлээн авахаас өмнө буюу 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас гуравдагч этгээдэд 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгогдсон байх тул “Н” ХХК-ийг уг тендерт оролцох эрхгүй этгээд гэж үзэхгүй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, А.К нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН