Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/0419

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй,

 “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-нд

холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                       Г.Банзрагч

                                                   М.Батсуурь

                                                   Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “...“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/27 дугаартай “Иргэн Б.А-тай байгуулсан гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах”,

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0482 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 537 дугаар магадлалтай,

                Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А-ыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0482 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2, 3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д холбогдуулан гаргасан “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Гэрээг цуцлах тухай” А/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 537 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх “... гэрээг цуцпах үндэслэл бүрдсэн, хариуцагчаас удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн байхад сонсгох ажиллагаа хийгээгүй гэж хариуцагчийг буруутгах бопомжгүй...”, ...хэдийгээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2017 оны А/45 дугаар тушаалаар баталсан журам нь захиргааны хэм хэмжээний нэгдсэн санд бүртгэгдээгүй ч талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлөөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам"-ыг үндэслэн гэрээг байгуулсан тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 4. Тодруулбал, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлын тушаалын дагуу байгуулагдан ажилласан хэсгийн томилолтоор Б.А нь түрээсийн орон сууцыг зориулалтын дагуу ашиглаагүй болохыг тогтоосон бөгөөд ...Б.А нь өөрөө орон сууцанд хамтран амьдрагчтайгаа хамт амьдраагүй, бусад этгээдүүдийг байрлуулсан зөрчил гаргасан нь Төрийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээг цуцалсан хариуцагчийн   тушаал үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна...” гэж дүгнэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, Энэхүү дүгнэлтээрээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Хариуцагчийн тушаал үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй гэж буруу дүгнэсэн тухай: Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/27 дугаартай “иргэн Б.А-тай байгуулсан гэрээг цуцлах тухай” тушаал нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2017 оны А/45 тоот тушаалаар баталсан “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын 6.2.1 дэх “түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй нь 2 ба түүнээс дээш удаа давтагдсан” заалтыг үндэслэн, тушаах нь хэсгийн 1 дэх заалтаар “...Б.А-тай байгуулсан Увс/ЗГБ-З дугаар гэрээний 6.7 дахь “орон сууцыг дамжуулан түрээслүүлэх, түрээсийн гэрээнд заасан хамтран амьдрагчдаас илүү тооны хүнийг байнга амьдруулахыг хатуу хориглоно” гэх заалтыг үндэслэн “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээ”-г 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөр цуцалсугай...” гэсэн байдаг.

6. Уг маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн түрээсийн орон сууцыг түрээслэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, түүнтэй байгуулсан гэрээг эрх зүйн үйлчлэлгүй захиргааны хэм хэмжээний актад үндэслэж цуцлан хариуцлага ногдуулснаараа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан  “...шийдвэр нь үндэслэл бүхий байх...”, 56 дугаар зүйлийн 56.4- т “Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байх...” шаардлагад тус тус нийцээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” зааснаар захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдсэн байх ёстой.

7. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3-2/50 дугаартай лавлагааны хуудсаар маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-н ерөнхий захирлын 2017 оны А/45 тоот тушаалаар баталсан “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй болохыг тодорхойлсон.

8. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасны дагуу түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй нь 2 ба түүнээс дээш удаа давтагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэх буюу түүнтэй байгуулсан гэрээг цуцлах боломжгүй юм.

9. Хүчингүй  болгуулахаар  шаардаж  буй  хариуцагчийн  тушаал  нь  түрээсийн төлбөрийг  хугацаандаа  төлөөгүй  гэх  зөрчлийн  үндэслэлийг  эрх  зүйн  үйлчлэлгүй хэм  хэмжээний  актад  үндэслэсэн.  Өөрөөр  хэлбэл  зөрчлийг  тодорхойлох  хэм хэмжээ  нь  хүчин  төгөлдөр  болоогүй,  эрх  зүйн  үйлчлэлгүй  тул  түрээсийн төлбөрийг  хожимдуулж  төлснийг  зөрчил  гаргасан  гэж  үзэх  боломжгүй,  түүнд үндэслэн хариуцлага ногдуулж буй маргаан бүхий захиргааны акт шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Мөн эрх зүйн үйлчлэлгүй захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн хариуцлага ногдуулсныг гэрээ байгуулах үндэслэлд дурдсан гэдгээр зөвтгөх нь хууль ёсны зарчимд харш юм.

10. Гэтэл шат шатны шүүхээс эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр болоогүй захиргааны хэм хэмжээний актад үндэслэсэн, илт үндэслэлгүй хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Шат шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй юм.

11. Түүнчлэн хэрэгт цугларсан баримтаар түрээслэгч нь түрээсийн орон сууцанд амьдран суугаагүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүхээс гэрээнд заасан зориулалтаар нь ашиглаагүй буюу амьдран суугаагүй гэж нэхэмжлэгчийг буруутган, түүний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хууль бусаар халдаагүй гэж буруу дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгаагүй.

12. Мөн нэхэмжлэгч түрээсэлж байсан орон сууцандаа гэрээнд зааснаас илүү тооны хүн амьдруулаагүй, бусдад дамжуулан түрээслээгүй, мөрийтэй тоглоомчид цуглуулаагүй, архидан согтуураагүй талаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байхад нэг талын бусад /цагдаагийн байгууллагын тодорхойлолт, иргэдийн гаргасан өргөдөл, гомдол зэрэг/ баримтаар давхар нотлогдоогүй баримтыг үндэслэж зөрчил гаргасан гэж дүгнэж байгаад гомдолтой байна.

13. Хариуцагч мэдэгдэх, сонсгох ажиллагааг Захиргааны ерөнхий хууль болон зохигчийн хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй байхад хариуцагчийг буруутгаагүй тухай:  “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын 2018 онд 1/1/885, 1/1/1503, 2019 оны 1/1/461 дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг нэхэмжлэгчид баталгаат шуудангаар хүргүүлж байсан. Түүнчлэн хариуцагч байгууллага 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр маргаан бүхий захиргааны акт гаргахдаа нэхэмжлэгчтэй холбоо барьж, гэрээ цуцлах тушаалыг танилцуулсан. Энэ нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлах тушаал гаргахаас өмнө түүнд мэдэгдэх боломжтой байсан ч энэ ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байсан.

14. Хариуцагч байгууллагаас 2018, 2019 онд мэдэгдэл хүргүүлж байсан нь тухайн цаг үед хамаарах болохоос 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцлах тушаал гарах тухай мэдэгдэх, санал сонсох ажиллагаанд хамаарахгүй, маргаан бүхий актыг хууль ёсны гэж зөвтгөх үндэслэл болох боломжгүй байтал шат шатны шүүхээс хариуцагчийн хийх ёстой эрх ашиг нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх, саналыг сонсох үйлдлээ хийгээгүй эс үйлдэхүйг зөвтгөж байгаа нь буруу юм.

15. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.9 дүгээр хэсэгт зааснаар гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 7 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэхээр тохиролцсон. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид түүнтэй байгуулсан гэрээг цуцлах тухай тушаал гарах гэж байгаа тухай мэдэгдэж, түүнд санал гаргах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн.

16. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хуульд заасан дээрх үндэслэлүүд байсаар байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж...” хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

17. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 482 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 537 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өнгө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

18. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

19. Нэхэмжлэгч Б.А-гаас “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн байхад ... гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан, тушаал гаргахаас өмнө ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг зөрчсөн гэж, хариуцагчаас ... түрээсийн гэрээнд заасан үүргээ цаг тухайд биелүүлээгүй, ... төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй..., гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ... гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй, ... /энэ талаарх/ мэдэгдлүүдийг хүргүүлж байсан гэж тус тус маргажээ.

20. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, “Төрийн   орон   сууцны   корпораци”  ТӨХХК, иргэн Б.А нар 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Увс/ЗГБ-3 дугаартай “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх” гэрээгээр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэр, Галданбошигт хороолол, 29 дүгээр байрны 5 давхарт, 23 тоот 36.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг иргэн Б.А-д түрээслүүлэхээр тохиролцсон, уг гэрээний 6.2.1-д  “түрээслэгч  нь  түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй нь ажлын 5 ба түүнээс дээш хоногоор, 2 ба түүнээс дээш удаа давтагдсан бол ... /гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болох/”-оор заасан, хэрэгт авагдсан түрээсийн  болон  ашиглалтын  төлбөрийн  тооцооллын  баримтаар түрээслэгч Б.А нь түрээсийн төлбөр болон орон сууцны ашиглалтын зардлыг хугацаанд нь бүрэн төлдөггүй, тухайн орон сууцанд өөрөө оршин суудаггүй болох нь тогтоогдсон байх тул энэ үндэслэлээр түрээсийн гэрээг цуцалсан “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын маргаан бүхий 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/27 дугаар тушаалыг хууль бус гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

21. Түүнчлэн, “Төрийн   орон   сууцны   корпораци” ТӨҮГ-аас удаа дараа “...түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон цахилгаан, ус, дулаан зэрэг ашиглалтын төлбөрийг төлөх, ...  байрыг албадан чөлөөлөх хугацаа тогтоосон” мэдэгдлийг хүргүүлж байсан,  нэхэмжлэгч Б.А нь гэрээнд  заасан  хаяг  дээрээ буюу тухайн орон сууцанд амьдардаггүйн улмаас эдгээр мэдэгдлүүдийг мэдээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй, Захиргааны ерөнхий хуулийн  26 дугаар зүйлийн 26.1-т заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах журмыг хариуцагч зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтүүд зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хариуцагч мэдэгдэх, сонсгох ажиллагааг Захиргааны ерөнхий хууль болон зохигчийн хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй байхад хариуцагчийг буруутгаагүй, ... хариуцагч байгууллагаас 2018, 2019 онд мэдэгдэл хүргүүлж байсан нь тухайн цаг үед хамаарах болохоос 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцлах тушаал гарах тухай мэдэгдэх, санал сонсох ажиллагаанд хамаарахгүй гэх гомдол үндэслэлгүй.

22. Зорилтот бүлгийг төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамруулах харилцааг зохицуулах зорилгоор “Төрийн өмчийн түрээсийн орон сууцад зорилтот бүлгийн иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2017 оны А/45 дугаар тушаалаар баталсан, уг журмыг дагуу гэрээ байгуулж төрийн өмчийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслэх эрх олгогдсон иргэн Б.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь уг журмыг захиргааны хэм хэмжээний нэгдсэн санд бүртгүүлээгүйн улмаас хөндөгдөхгүй, ... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг энэ үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн түрээсийн орон сууцыг түрээслэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, түүнтэй байгуулсан гэрээг эрх зүйн үйлчлэлгүй захиргааны хэм хэмжээний актад үндэслэж цуцлан хариуцлага ногдуулсан ... шүүх Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “... хариуцагчийн  тушаал  нь  түрээсийн төлбөрийг  хугацаандаа  төлөөгүй  гэх  зөрчлийн  үндэслэлийг  эрх  зүйн  үйлчлэлгүй хэм  хэмжээний  актад  үндэслэсэн гэх гомдлыг хүлээж авахгүй.

23. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд “...захиргааны хэм хэмжээний нэгдсэн санд бүртгэгдээгүй нь уг журмын дагуу анх сонгон шалгаруулалтад орох, гэрээ байгуулах, гэрээний нөхцөл шаардлагыг тогтоохтой холбоотой асуудалд уг журмыг баримтлах эсэхэд хамаарахаас бус журмын дагуу хүсэлтээ гарган, гэрээний нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсны дараа гэрээний нөхцөл шаардлагыг зөрчсөнийг нь зөвтгөх үндэслэл болж тайлбарлагдахгүй”, хэдийгээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2017 оны А/45 дугаар тушаалаар баталсан журам нь захиргааны хэм хэмжээний нэгдсэн санд бүртгэгдээгүй ч талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлөөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг үндэслэн гэрээг байгуулсан тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үндэслэл бүхий дүгнэлтүүд хийсэн байна.

24. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0482 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 537 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Ч.ТУНГАЛАГ

 

                     ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА