| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0518/э |
| Дугаар | 540 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 540
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч Г.М-,
хохирогч И.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Г-ийн М-т холбогдох эрүүгийн 000__0000000 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, **** оны 00 дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, А-ын 00-000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг харицах чадвартай, А овогт Г-ийн М- /РД:**00000000/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.М- нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны Иргэдийн хурлын иргэний танхимд ажлаа хийж байсан И.С-ээс гар утсаар чинь яриад өгье гэж хуурч, “С-**7” загварын гар утсыг залилан авч, 324.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.М-аас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч И.С-ээс: “...2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай бүх хэсгийн ахлагч нар ажил дээрээ шилдэг хороо шалгаруулах гээд ачаалал ихтэй ажиллаж байсан. Би утсан дээрээ ажлын тайлангаа бичсэн, мөн аж ахуйн нэгжийн камерын зурагнуудыг авсан, хорооны иргэдийн регистрийн дугаарыг хадгалсан байсан. Гэтэл М- ирж надтай мэндлээд ойр зуурын зүйл ярьж байснаа хэсгийн ахлагчтай уулзах гээд явсан. Тэгээд эргэж ирээд надаас “таны утас фэйсбүүк ордог уу, би найз охинтойгоо ярьчихаад өгье” гэж асуухаар нь би утсаа өгсөн. М- эхлээд миний дэргэд утсаар ярьж байснаа коридорт гараад явсан, 3 орчим минутын дараа харахад М- коридорт байхгүй байсан. Тэгэхээр нь би эгч дээр нь очоод дүү чинь утас авчихлаа гэдгийг хэлсэн. Гомдолтой байна...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч И.С-ийн: “...2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим би өөрийн ажлын байран дээрээ сууж байх үед гаднаас М- орж ирээд ойр зуур яриа өрнүүлж байгаад, Сараа эгч ээ, таны утас үнэгүй ярьдаг билүү, би авгайтайгаа яръя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд С-**7 загварын утсаа өгсөн. Тэгсэн чинь М- миний хажууд утсаар залгаж, хүнтэй ярьж байгаад цааш алхаад коридорт гарсан, тэр үед би утасны сүлжээ унаад байгаа юм байх даа гэж бодсон. Тэгээд хэсэг анхаарал сулраад 3-5 минутын дараа харахад М- байхгүй болсон байсан, араас нь гараад хайсан боловч олдоогүй, хорооны утсаар өөрийнхөө дугаар руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй гэж хариулж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч С.Б-гийн: “...15 цагийн орчим С-ийн нөхрийн дүүгийн хүүхэд болох М- манай ажил дээр орж ирсэн, нэг харахад С-ийн гар утсыг бариад оролдоод зогсож байсан. 5 орчим минутын дараа С-, яанаа миний утсыг М- аваад алга болчихлоо гэж хэлээд араас нь гарсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Д.Д-ын: “...М- ажил дээр орж ирсэн, С- эгчээс, авгайтайгаа яръя, утсаа түр өгч бай гэж хэлээд утсыг нь авсан ба үүдэн дээр чанга, чанга ярьж байгаад цаашаа коридор руу гарсан, тэгэхээр нь би С- эгчид утсыг чинь аваад гарчихлаа гэхэд гадаа ярьж байгаа юм байлгүй дээ гэж хэлээд тоогоогүй. Тэгээд хэсэг хугацааны дараа М- орж ирэхгүй байсан ба С- эгч араас нь гараад миний утсыг аваад алга болчихож гэж хэлсээр орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Г.М-ын: “...Тухайн үед би хүнд 40.000 төгрөгийн өртэй байсан, өр нэхэгдээд байхаар нь С- эгчийн утсыг худлаа хэлж аваад өрөө даръя гэж бодож очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
“Д” ХХК-ний 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХУ2-18-524 дугаартай дүгнэлтэд “С-**7” маркийн гар утас 324.000 төгрөг гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг
Шүүгдэгч Г.М- яллагдагчаар мэдүүлэхдээ: “...С- эгчээс мөнгө гуйя гэж бодоод очсон боловч уулзах үед асууж чадахгүй байсан юм. Тэгэхээр нь гар утсыг авгайтайгаа ярьчихаад өгье гэж хэлж аваад хажууд нь ярьж байгаад цааш коридорт гараад хэсэг ярьж байгаад үүдээр гараад цааш явсан. Тэгээд автобусанд суугаад шууд “Х” зах дээр очоод танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд утас зарсан мөнгөө өрөндөө өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 31 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 дүгээр хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 30 дугаар хуудас/,
-Боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Г.М- нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны Иргэдийн хурлын иргэний танхимд ажлаа хийж байсан И.С-ээс гар утсаар чинь яриад өгье гэж хуурч, “С-**7” загварын гар утсыг залилан авч, 324.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч И.С-ийн мэдүүлэг / хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч С.Б-гийн мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, “Д” ХХК-ний 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХУ2-18-524 дугаартай дүгнэлтэд “С-**7” маркийн гар утас 324.000 төгрөг гэсэн эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.М-ыг бусдыг хуурч мэхлэн, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Хохирогч И.С- нь шүүх хуралдааны шатанд “шүүгдэгчээс утасны үнийг нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.М-аас 324.000 төгрөгийг гаргуулж хохирогч И.С-т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна.