Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 786

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Хохирогч: Б.Ц,

Гэрч: Г.Б, Б.Б, С.М, Н.Х, Ц.Б,

Шүүгдэгч: Г.А, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805033990739 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.А, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч  Г.А  нь 2018 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парао” караокед Б.Цтай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж улмаар түүний үснээс нь зулгаан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Агийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 07-нд миний төрсөн өдөр байсан тул найзуудтайгаа тэмдэглэсэн. “Парао” караокед 4-5 найзуудын хамт 21 цагт орсон. Бид нар 21-24 цаг хүртэл суусан. Манай найзууд тамхи татахаар түрүүнд нь гарсан байсан. Би Го гэдэг найзын хамт тооцоо хийж, карт уншуулах гэтэл Хаан банкны пос машины сүлжээ нь тасраад карт уншихгүй хүлээгээд байж байтал цаад талын өрөөнөөс 4-5 тарган хүмүүс гарч ирсэн. Тэдгээр хүмүүс тооцоогоо хийхдээ баарны хүмүүстэй хэрэлдсэн. Хаан банкны посс машин уншихгүй байна, түр хүлээгээрэй гэтэл тэдгээр хүмүүс бухимдаад нэмээд нэг шил архи авна гээд маргалдаж байсан. Тэр үед би найзтайгаа хажууд нь хүлээгээд зогсож байсан бөгөөд тэдгээр хүмүүст хандан “харин посс машиных нь сүлжээ болохгүй байна гэнээ” гэтэл “та нар дуугүй бай” гээд хэл амаар доромжилж эхэлсэн. Дараа нь манай найз Го нэг эмэгтэйтэйтэй хэрэлдээд барьцалдаж авсан. Би салгах гээд дундуур нь ортол 4-5 эмэгтэй бид хоёрыг үсдэж дараад, гарын хуруунаас хазсан. Энэ үед манай найз Ту гаднаас орж ирэхэд нь найзуудаа дуудаж салгуулаарай гэсэн. Тэгээд манай найзууд гаднаас орж ирж салгасан. Энэ үед миний цүнх алга болсон байсан. Цүнхэн дотор бичиг баримтууд, 40.000 гаран төгрөг, iphone-5 маркийн утас байсан. Тэгээд цүнхээ хайгаад байж байтал Б.Ц гэх эмэгтэй хана түшээд дээшээ гарах гээд явж байхаар нь миний цүнх алга болсон байна, та нараас нэг нь үлдэх хэрэгтэй байна гээд авч үлдсэн. Тэгэхэд Б.Ц бас намайг үсдэж дараад зодсон. Энэ үед гадаа цагдаа ирээд цахилгаан бороохойгоо Б.Цын биед нааж, бид хоёрыг салган цагдаагийн газар руу авч явсан. Цагдаа дээр ирэхэд цагдаа нь Б.Цыг эрүүлжүүлэхэд хийх үү, яах уу? гэж байсан. Би өргөдлөө бичээд сууж байхад намайг хэл амаар доромжлон, миний өргөдлийг урсан” гэв.

            Хохирогч Б.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай ажлын үсчин эгч медаль авсан тул түүнийг нь угаах гээд 19 цагийн үед Парао караокед намайг дуудсан. Би 21 цагийн үед нөхөртэйгөө араас нь орсон. Бид хоёрыг ороход манай хэд нилээн халчихсан байсан. Нөхөр бид хоёр тус бүр 2 шил пиво уусан. Тооцоогоо хийх гээд гарч ирэхэд Г.А нэг намхан хүүхний хамт текний хажууд зогсож байсан. Тооцоогоо хийх гэтэл карт уншихгүй байна гэхээр нь АТМ явах уу, эсвэл ажил руу орж бэлэн мөнгө авч ирэх үү гээд учраа олохгүй, баарны хүмүүстэй маргалдаж байсан чинь хажуунаас энэ хоёр хүүхэн “тооцоо хийж болохгүй байна шүү дээ, согтуу байгаа юм уу” гээд яриа өдөөд байсан. Энэ үед манай нөхөр Голомт банкны зээлийн картаар тооцоо хийгээд гарах гэтэл энэ хүүхний найзууд нь гаднаас ороод ирсэн байсан. Манай ах, эгч нар түрүүлээд гараад явчихсан байсан. Би Гтэй хамт гарах гэтэл эд нар хойноос дуудаад маргалдсан. Гэтэл нэг хүүхэн Гийн хойноос нь үсдээд зодоон эхэлсэн. Баарны хүмүүс салгаад гарах гэж байтал манай нэг жирэмсэн найзыг маань бөөнөөрөө үсдээд дарсан байхаар нь би очиж салгасан. Гэтэл намайг хойноос нэг хүүхэн үсдээд би хойшоо газар унаад босч иртэл өөдөөс нэг хүүхэн нь нүүр рүү өшиглөсөн. Би манараад хартал хүмүүс гараад гүйж байсан. Би гарах гээд манараад зогсож байтал энэ хүүхэн Го гээд хүүхэнтэйгээ намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл гадаа цагдаа ирчихлээ гэхээр нь цагдаа дээр очиж учраа олъё, гарцгаая гэхэд цагдаа нь өөрөө ороод ирнэ биз, чамайг гаргахгүй гэхээр нь хаалга онгойлгон энэ хүүхнийг түлхэж гаргаад гутлыг нь тайлж аваад гэдэс рүү нь цохьсон. Тэр үед Го гэдэг хүүхэн миний араас үсдээд буцааж баар луу чирж оруулсан. Энэ үед цагдаа ирсэн. Цагдаагийн машинд би нөхөртэйгөө, энэ хүүхэнтэй, Го гээд найзтай нь дөрвүүлээ явсан” гэв.

            Гэрч Г.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн орой манай Хаан банкны посын машин ажиллахгүй байсан. Шүүгдэгчийн талаас хохирогчийн талын хүмүүст учир байдлыг хэлэхэд тэдгээр хүмүүс нь ойлгохгүй хоорондоо маргалдсан, хэн нь хэнийгээ цохиж зодсоныг би хараагүй. Хоорондоо зууралдаад, үсдэлцээд байсан. Хохирогчийн талаас 3 хүн, шүүгдэгчийн талаас 4 хүн нийт 7 хүн хоорондоо зодолдоод байсан. Манай баар камертай, дараа нь шүүгдэгчийн талаас хүмүүс ирж эд зүйлээ алдчихлаа гээд камер шалгаж, бичлэг хийгээд явсан. 2 сарын дараа цагдаа камерын бичлэг авахаар ирсэн боловч манай бичлэг устсан байсан. Би бичлэгийг үзсэн. Бичлэг дээр эдгээр хүмүүс үсдэлцээд л байсан. Цохисон эсэхийг нь хараагүй. Цүнхийг нь нэг эрэгтэй хүн аваад гарч байсан. Бичлэгийг тэр залуучууд утсандаа бичээд гарсан. ...сүүлд нь хохирогчийн дух хэсэг нь цус болсон байсан. Энд тэнд үсдэлцээд байсан болохоор хэн нь хэнийг зодож цохьсоныг хараагүй...” гэв.

            Гэрч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэрийн хамтаар сүүлд очсон бөгөөд караокед 1 цаг орчим болсон. Би 100 грамм архи, 2 шил пиво уусан. Тооцоо хийх гэтэл Хаан банкны карт уншихгүй байна гэсэн. Би өөрийнхөө кредит картаар тооцоогоо хийчихээд түрүүлж, гадагш гартал манайхан байхгүй байхаар нь буцаад ортол үүдэнд манай эхнэрийг 2 талаас үсдчихсэн байсан бөгөөд нэг нь өшиглөсөн. Энэ үед гүйж ороод үсэн дээр дараад салгасан. Тэгэхэд хажууд бас залуучууд зодолдоод байх шиг байсан. Эхнэрийг аваад гарах гэтэл цагдаа ирсэн гэхээр нь цагдаа руу гүйсэн. Нэг залуу миний цамцыг урчихсан. Урагдсан цамцтай байсан болохоор цагдаа хамгийн түрүүнд намайг бариад машинд суулгасан. Б.Цыг Г.А өшиглөсөн. ...Гадаа хаалганаас хартал манай эхнэрийг үсдээд дарсан байхад нэг хүн өшиглөсөн тэр үед нь би гүйж очсон...” гэв.

            Гэрч С.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр манай гэр бүлийн хүн бид хоёр оройтож очсон тул бид хоёрыг хүлээж байсан. Сууж байгаад гарахдаа манай найз Г.А, Гэгийн хамт тооцоо хийх гээд үлдсэн. Би гарчихаад эргээд ортол манай картыг түрүүлж уншсан чинь хажууд байсан 2 эмэгтэй хэнийх нь картыг уншдаг юм гээд маргалдсан. Гэтэл нэг нь эвгүй үг хэлтэл зодоон болсон. Би салгах гээд чадаагүй. Тухайн үед бүгд л үсдэлцээд байсан. Г.А, Гэ хоёр нөгөө талын 2 хүнтэй үсдэлцээд байсан...” гэв.

            Гэрч Н.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би зодоон болсны дараа гаднаас орж ирсэн. Хохирогчийн талаас 3-4 эмэгтэй, манайхаас 2 эмэгтэй ноцолдож байсан. Тэгтэл цагдаа ирээд яваад явсан...” гэв.

            Гэрч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нөхөр бид 2 төрсөн өдөрт уригдаад 19 цаг өнгөрч байхад очсон. Гарахдаа тооцоо хийж байхад эрчүүд түрүүлээд гарсан байсан. Ту бид хоёр ариун цэврийн өрөө орчихоод гараад иртэл маргаан эхэлсэн байсан. Карт уншихгүй байна гээд л маргалдаад байсан. Гэтэл хохирогчийн талаас хэнийх нь картыг уншаад хэнийх нь картыг уншдаггүй юм бэ? гээд нэг нь маргаан эхлүүлсэн. Го тэд нартай зодолдоод би салгах гэж байгаад өөрөө цохиулсан. Энэ хүүхэн үлдсэн байсан. Тэгтэл цагдаа нар ирсэн. Хохирогчийн талаас 4 хүүхэн байсан. Цаанаас бас залуучууд гараад ирсэн байсан. Манай талаас дөрвүүлээ байсан...” гэв.

Хохирогч Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Парао караокед байна хүрээд ир гэхээр нь нөхөр Бгийн хамт Парао караокед очоод 2 цаг дуулаад 2 шил 0,5 литр сэнгүр пиво уучихаад бүгдээрээ гаръя гээд текэн дээр очоод тооцоо хийж чадахгүй байгаа юм биш үү, бид нарын карт унших боломжгүй гэхээр нь бид нар яаж тооцоогоо хийх вэ, бид нар харимаар байна гэхэд хажуунаас 2 танихгүй эмэгтэй та  нар тооцоогоо хийгээч, мөнгөгүй болохоор тооцоо хийж чадахгүй байгаа юм биш үү, бид нарын карт уншиж байна гэх зэргээр өдөөд байсан. Зөөгч нь хаан банкны картнаас бусад банкны карт уншиж байна гэхээр нь манай нөхөр Голомт банкны карт уншуулж тооцоо хийчихээд гарсан. Манай 2 найз бид 3 гарах гэхэд нэг эмэгтэй нь манай найз Гийг үсдсэн. Тэгэхээр нь би эргэж хараад манай найзыг үстсэн эмэгтэйг үсдээд зууралдаад байж байхад уг караокены ажилчид салгасан. Хажууд манай найз Оыг үсдсэн байсан тэгэхээр нь би очоод салгахад нэг эмэгтэй миний үснээс үсдсэн, тэгээд зууралдаж байхад хажуунаас миний нүүр рүү хар үстэй, түүнийгээ задгай тавьсан хар плажтай 158 см орчим өндөр бүлтгэр нүдтэй өсгийтэй гутал өмссөн байсан эмэгтэй өшиглөсөн. Тэгэхэд манай нөхөр ирж салгахад уг эмэгтэйчүүдийн хоёр нь үлдсэн бусад нь гараад явсан. Би гарах гэхэд намайг өшиглөсөн эмэгтэй нэг эмэгтэйтэй хамт намайг уг караокеноос гаргахгүй байсан ба цаанаас нэг хүн цагдаа ирж байна гэхээр нь цагдаа ирсэн гэж байна гаръя гэхэд намайг өшиглөсөн эмэгтэй цагдаа нар өөрсдөө орж ирнэ биз гээд гаргахгүй миний үснээс татахаар нь би уг эмэгтэйг түлхээд хаалга онгойлгоход уг эмэгтэй газар унасан.Тэгэхээр нь би гэдэс рүү нь нэг удаа цохиход хажууд нь байсан эмэгтэй миний үснээс татаад хаалга хаасан. Тэгэхэд цагдаа нар цахилгаан бороохойгоо дуугаргаад орж ирсэн. Тэгээд бид нар уг караокеноос гараад цагдаагийн машинд сууж цагдаагийн  газар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 21-23/,

Яллагдагчаар Г.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэ бид хоёр тооцоо хийх гэхэд зөөгч посс машины сүлжээ болохгүй байна гэхээр нь хүлээж байтал хажууд хэдэн танихгүй хүмүүс ирээд зөөгчтэй нь маргаад байсан. ...Тэгэхээр нь би посс машин нь уншихгүй гэж байна бид нар бас хүлээж байна гэхэд уг хүмүүс Гэ бид хоёрыг та хоёр янхан минь дуугүй байж бай гээд хэл амаар доромжлоод дайраад байхаар нь би та нар тэгээд юу юм хүн доромжлох хуультай байдаг юм шүү гэхэд хэнийг нь мэдэхгүй байна нэг эмэгтэй нь Гэгийн мөр лүү нь түлхэхэд Гэ уг эмэгтэйгийн гарыг нь холдуулахад тэр эмэгтэй Гэг үсдээд дарсан. Тэгэхээр нь би салгах гээд цүнх болон гутлаа тайлаад текний хажуу буланд тавиад голоор нь ороод салгахад цаанаас нь хамт явж байсан хүмүүс нь Гэ бид хоёртой зууралдаад миний үсийг зулгаасан...Тэгээд удалгүй цагдаа нар ирэхэд маргалдаж зууралдаж байсан хүмүүс нэг мэдэхэд алга болсон байсан. Б.Ц гэх эмэгтэй миний үснээс зулгаагаад доош дарсан тэгэхэд цагдаа нар орж ирж Б.Ц гэх эмэгтэйг цахилгаан бороохойгоо дугарган биед нь цохиулж надаас салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-42/,

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 17 дугаар хороонд эхнэр бид хоёрыг манай эхнэрийн найзууд медаль авсан гээд дуудсан болохоор эхнэртэй хамт очоод би 2 шил 0,5 литр пиво 50 грамм архи уугаад дуулж байгаад уг караокеноос гарах гээд тооцоогоо хийх гэж тэкен дээр очиход зөөгч нь посс машин нь уншихгүй байна түр хүлээж бай гэхээр нь хүлээж байхад хажууд байсан танихгүй хоёр хүүхэнтэй манай эхнэр найзтайгаа ярилцаад уг танихгүй хүүхнүүд нь тооцоогоо хийж чадахгүй гээд үгээр идээд байсан юу ярьсныг нь би сайн анзаараагүй, зөөгчтэй нь уулзаад тооцоогоо хийчихээд эргээд харахад манай эхнэрийг 2 танихгүй эмэгтэй үсдсэн байсныг нь салгах гэхэд хамт байсан залуучууд нь намайг зодох гээд дайраад байсан. Тэгээд би эхнэрээ аваад гарах гэхэд манай эхнэрийг хэн нь мэдэгдэхгүй нэг нь татаад үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

Гэрч Ж.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хажууд хэдэн танихгүй эмэгтэйчүүд тооцоогоо хийж чадахгүй байна уу гэх зэргээр доромжлоод байсан. Тэгээд өөр банкны картаар үйлчилж болно гэхээр нь тооцоогоо хийчихээд гарах гэхэд намайг нэг танихгүй эмэгтэй үсдсэн. Тэгэхээр нь би тавь гэхэд тавихгүй байсан. Тэгээд бид нар хоорондоо зууралдаж газар унасан тэгээд салаад гадаа гараад буцаж орох гэхэд оруулахгүй байсан. Уг караокены хаалга нь онгорхой байсан болохоор харахад дотор Б.Цыг урт хар үстэй, хар өвдөг хүрсэн плажтай, 160 орчим см намхандуу эмэгтэй нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд би орох гэхэд нэг залуу оруулахгүй байсан. Удалгүй цагдаа нар авч явсан...Надад гэмтэл учраагүй..” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Төрсөн өдөр тэмдэглэж байсан хүмүүсээс 4 эмэгтэй үсчин гэх эмэгтэйчүүдээс 3 эмэгтэй хоорондоо маргалдаж зууралдсан. Тэгэхэд нэг нэгнээ үсдээд тавихгүй байсан. Тэгэхээр нь би зөөгчтэйгөө салгах гээд дундуур нь ороход салахгүй зууралдаад байсан тэгээд цагдаа дуудсан удалгүй цагдаа  нар ирээд аваад явсан...Үсчин гээд нэг эмэгтэйгийн дух хэсэг нь халцарсан байсан. Өөр гэмтсэн хүн хараагүй...манайх камертай одоо хадгалах хугацаа нь дууссан устгасан байна. Манай камер бараг сар хадгалдаг тухайн үеийн бичлэг автоматаар хоног нь хэтрээд устсан.Төрсөн өдрөө тэмдэглэж байсан гэх эмэгтэйчүүдийн дөрвөн эмэгтэй нь өсгийтэй гуталтай байсан. Зодолдох явцад нэг цагаан плажтай нь оролцоогүй, хар өмдтэй нэг гутал нь сугарсан өрөөсөн хөлөндөө өсгийтэй гутал өмссөн нэг эмэгтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32/,

Гэрч С.Мы  мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Аг зуураад авсан, тэгэхэд Г.А уг эмэгтэйгээс салгах гээд салж чадахгүй хамт газар унаад зууралдаж байхад цагдаа орж ирээд салцгаа гээд салгаад аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 59/,

Шинжээчийн 7342 тоот дүгнэлтэд: “...Б.Цын биед дух, хөмсөгний голд, зовхинд цус хуралт, бугалаганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-н 37/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 17, 49-51/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парао” караокед Б.Цтай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Хохирогч Б.Цын: “...манай найз Оыг үсдсэн байсан, тэгэхээр нь би очоод салгахад нэг эмэгтэй миний үснээс үсдсэн, тэгээд зууралдаж байхад хажуунаас миний нүүр рүү хар үстэй, түүнийгээ задгай тавьсан хар плажтай 158 см орчим өндөр бүлтгэр нүдтэй өсгийтэй гутал өмссөн байсан эмэгтэй өшиглөсөн. Тэгэхэд манай нөхөр ирж салгахад уг эмэгтэйчүүдийн хоёр нь үлдсэн бусад нь гараад явсан. Би гарах гэхэд намайг өшиглөсөн эмэгтэй нэг эмэгтэйтэй хамт намайг уг караокеноос гаргахгүй байсан ба цаанаас нэг хүн цагдаа ирж байна гэхээр нь  цагдаа ирсэн гэж байна гаръя гэхэд намайг өшиглөсөн эмэгтэй цагдаа нар өөрсдөө орж ирнэ биз гээд гаргахгүй миний үснээс татахаар нь би уг эмэгтэйг түлхээд хаалга онгойлгоход уг эмэгтэй газар унасан. Тэгэхээр нь би гэдэс рүү нь нэг удаа цохиход хажууд нь байсан эмэгтэй миний үснээс татаад хаалга хаасан...Би намайг Г.А өшиглөсөн, шууд хараад таньж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 40-42/, uэрч Ж.Гийн: “...тооцоогоо хийчихээд гарах гэхэд намайг нэг танихгүй эмэгтэй үсдсэн. Тэгэхээр нь би тавь гэхэд тавихгүй байсан. Тэгээд бид нар хоорондоо зууралдаж газар унасан, тэгээд салаад гадаа гараад буцаж орох гэхэд оруулахгүй байсан. Уг караокены хаалга нь онгорхой байсан болохоор харахад дотор Б.Цыг урт хар үстэй, хар өвдөг хүрсэн плажтай, 160 орчим см намхандуу эмэгтэй нүүр рүү нь өшиглөж байсан. Тэгээд би орох гэхэд нэг залуу оруулахгүй байсан. Удалгүй цагдаа нар авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/, гэрч Б.Бгийн: “...зөөгчтэй нь уулзаад тооцоогоо хийчихээд эргээд харахад манай эхнэрийг 2 танихгүй эмэгтэй үсдсэн байсныг нь салгах гээд хамт байсан залуучууд нь намайг зодох гээд дайраад байсан. Тэгээд би эхнэрээ аваад гарах гэхэд манай эхнэрийг хэн нь  мэдэгдэхгүй нэг нь татаад үлдсэн...Манай эхнэрийг шүүгдэгч гээд байгаа эмэгтэй нүүр лүү нь өшиглөж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28/, гэрч Г.Бгийн: “...Төрсөн өдөр тэмдэглэж байсан хүмүүсээс 4 эмэгтэй үсчин гэх эмэгтэйчүүдээс 3 эмэгтэй хоорондоо маргалдаж зууралдсан. Тэгэхэд нэг нэгнээ үсдээд тавихгүй байсан. Тэгэхээр нь би зөөгчтэйгөө салгах гээд дундуур нь ороход салахгүй зууралдаад байсан. Тэгээд цагдаа дуудсан удалгүй цагдаа  нар ирээд аваад явсан...Үсчин гээд нэг эмэгтэйгийн дух хэсэг нь халцарсан байсан....Тухайн маргаан зодоон болсны маргааш шүүгдэгч гэж байгаа хүний нөхөр нь өөр хүмүүсийн хамт ирж камерын бичлэгийг утсан дээрээ хуулбарлаж аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 32/,  шинжээчийн 7342 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хохирогч Б.Цд гэмтэл учруулаагүй, би өөрөө зодуулсан гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Г.Аг гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь тухайн үед хар өнгийн даашинзтай байгаагүй, эрээн цамц, цагаан өмдтэй байсан гэж мэдүүлж байх ба үүнийг нь түүнтэй хамт тухайн үед хамт явж байсан нөхөр, найзууд болох гэрч С.М, Н.Х, Ц.Б нар шүүх хуралдаанд баталж байгаа гэх боловч тухайн гэрч нараас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авах үед энэ талаар мэдэхгүй байгаа талаар мэдүүлж байжээ.

Энэ нь уг гэрч нарын мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлэхэд эргэлзээ төрүүлж байгааг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгчийн нөхөр болон найзууд болох тухайн үед хамт байсан гэрч нар нь шүүгдэгчийг хохирогчийг өшиглөөгүй болохыг нотолсон мэдүүлэг өгөөгүй, хэн өшиглөснийг хараагүй, зууралдсан байсан талаар мэдүүлгүүд өгсөн болно.

Харин шүүгдэгч нь хохирогч Б.Цын нүүрэн тус газарт цохиж, гэмтэл учруулсан болох нь хохирогчийн шүүгдэгчийг шууд заан мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г, Б нарын мөн хохирогчийг өшиглөж байхыг харсан гэсэн мэдүүлгүүдийг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэсэн ба эдгээр мэдүүлгүүд нь  шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгч нь тухайн үеийн камерын бичлэгийг үзсэн гэсэн мэдүүлэг, гэрч Балжиржанцагийн “маргааш нь шүүгдэгчийн нөхөр, өөр хүмүүстэй ирж бичлэгийг хуулбарлаж авсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн нөхрийн “бичлэгийг хуулбарлаж авсан найз маань устгасан байсан” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн болсон үйл баримтын талаарх бичлэг нь байсан байх ба уг бичлэгийг шүүгдэгч, түүний нөхөр гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ хохирогч Б.Цтай маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Цын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь сорви арилгах эмчилгээ хийлгэх 250.000 төгрөг, Компьютер томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, унааны зардал, нийт 400.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирогч нь сорви арилгах эмчилгээ хийлгээгүй байх бөгөөд уг хор уршиг бодитой учраагүй, унааны зардал нэхэмжилсэн хохирлын талаарх баримт байхгүй байх тул хохирогчийн энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Харин хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал 8.000 төгрөг, Компьютер томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, нийт 128.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Г.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч Г.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, бага насны 2 хүүхэдтэй, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Г.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г. Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Аг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г. Г.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Г.Ад шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агээс 128.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Цд олгосугай.
  6. Хохирогч Б.Ц нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР