Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 782

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Иргэдийн төлөөлөгч: Б.Ганзаяа,

Улсын яллагч: Н.Онон,

Хохирогч: Б.Б, Б.А, тэдгээрийн өмгөөлөгч С.Энхбат,

Шүүгдэгч: З.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт З.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805039010746 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч З.Б нь согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Сот-ийн 2/1-р байрны гадна 2 хүнийг буюу Б.А, Б.Б нарыг шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хутгалж Б.А, Б.Б нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр би архи уусан. Тэгээд юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд хүн хутгалчихлаа гэлүү, хутгалуулчихлаа гэлүү хажуунаас хүн хэлсэн. Тэгээд би байрны гадаа сууж байгаад цагдаа нарт баригдсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

Хохирогч Б.Бий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр манай хоёр найз эхнэр хүүхэдтэйгээ ирсэн. Бид хоёр шил архи уусан, орой явах гэхээр нь би гаргаж өгөх гээд гарахад шүүгдэгч үгийн зөрүүгүй ирээд хутгалсан, гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирсон, ажилдаа явж чадахгүй байгаа. 12 сар хүртэлх цалин 7.500.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр эхнэр, хүүхдийн хамт Б.Бий гэрт очсон. Шөнө гарч яваад машиныхаа хажууд зогсож байхад хутгалуулсан. Гомдолтой байна, эмчилгээний зардал авсан. Өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, гадаадад явж ажиллах олох байсан орлого 15.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Б.Бий мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн орой 21 цагийн үед манай гэрт Б.А, Б хоёр эхнэр хүүхдүүдтэйгээ ирсэн. Тэр өдөр манайд Б.А, Б бид гурав 2 шил архи хувааж ууж, хоол унд идээд дуудлагын жолооч дуудаад Б.А эхнэр хүүхэдтэйгээ түрүүлж гарсан. Араас нь Б эхнэр хүүхэдтэйгээ би хамт гараад машиныхаа хажууд зогсож байсан. Б.А бид хоёр хоорондоо юм яриад зогсож байтал гэнэт хүн ирээд хутгалсан. Би хутгалуулсныхаа дараа газар суусан. Б.Аыг хутгалсныг би хараагүй. Бид хоёр уг нь зэрэгцээд зогсож байсан. Хутгалуулсны дараа Б түргэн, цагдаа дуудаад түргэн ирээд гэмтлийн эмнэлэг авч явсан. ...Миний биеийн хэвлийн баруун хэсэгт 1 удаа хутгалсан. ...Нарийн гэдэс тасарсан гэсэн. ...Маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-28/,

Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б эхнэр, хүүхэдтэйгээ би эхнэр хүүхэдтэйгээ Б.Бий хорооллын эцсийн Сотын байранд гэрт нь очсон. ...Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад дуудлагын жолооч дуудаад ирчихлээ гэхээр нь би эхлээд авгай хүүхэдтэйгээ гарсан. Гарсан чинь дуудлагын жолооч ирээгүй байсан. Тэгээд хүлээж байтал Б эхнэр хүүхэдтэйгээ, Б.Б нар гарч ирээд дуудлагын жолооч цаанаас алхаад хүрээд ирсэн. Дуудлагын жолоочид түлхүүрээ би өгөөд тэр жолооч машинд суугаад машин асаагаад машины гэрэл асаачихсан байсан. Миний санаж байгаа нь хутгалуулсныхаа дараа гараараа хутгалуулсан газраа дараад машин налаад хэвтэж байснаа санаж байгаа. Хагалгааны өмнө бол наркоз хийхийн өмнө муухан санаж байна. Хэвлийн зүүн орчимд хагалгаанд орсон. Гэдэс 2 зүсэгдсэн, нурууны гол мах руу хутга зоогдсон гэж хэлсэн. Одоо цэргийн төв эмнэлгийн гэмтэл яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Би одоо бодоод байхад ямар хүн намайг хутгалсныг ч мэдээгүй. Б сүүлд хэлэхдээ тэр хүн юу байна дүү нар гэж асуусан гэж хэлсэн. Би тэрийг санахгүй байгаа. Бид 3 бага зэргийн согтолттой байсан. Огт маргалдах зүйл болоогүй. Эмчилгээний бүх зардлаа гаргуулахаа нэхэмжлэх болно. ...Зүгээр байж байгаад ийм болсонд маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-33/,

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хамаатан Б.Бий гэрт эхнэр хүүхдүүдийн хамт ирсэн. Бид нартай хамт хамаатан Б.А мөн бас эхнэр, хүүхдүүдийнхээ хамт ирж Б.Бий гэрт уулзаж хамаатнаараа цугларсан. Б.Б, Б.А бид хэд 2 шил архи уугаад жоохон ярилцаж хөөрөлдөж байгаад 2018 оны 7 дугаар сарын 25-ны шөнийн 02 цаг өнгөрөөгөөд явахаар такси дуудаж жолооч ирэхээр нь гараад Б.Б, Б.А бид гурав хоорондоо ярилцаад яг салах гэж байхад танихгүй настай эрэгтэй хүн ирээд “за юу байна, дүү нар” гэхээр нь би “юмгүй, ах та зүгээр явчих” гээд мөрнөөс нь жоохон түлхчихээд эргээд эхнэр хүүхдүүд рүүгээ харчихаад эргэх хооронд нөгөө танихгүй хүн манай хоёр хүнийг цохиод авах шиг болохоор нь гүйгээд очиход гарт нь хутга шиг зүйл харагдахаар нь нөгөө хэдэд наад хүн чинь хутгатай байна гээд холдуулах зуур нөгөө эрэгтэй хүн гүйж яваад Сот-2 байрны 01-р орцны өмнө очоод суучихсан. ...Би Б.Бийг хутгалж байхыг нь хараагүй, харин Б.А харсан юм шиг байсан. Тэр хүнтэй зууралдаад нэг удаа цохиж байхад нь нөгөө хүн Б.Аыг зөрүүлээд хутгалчих шиг болсон. Тэгэхээр нь би Б.Аыг тэр хүнээс холдуулаад араас нь дагаж яваад цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Гэрч Д.Лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө “Транс серверс” ХХК-д жолоочоор ажиллаж байхад 02 цагийн үед 90111373 дугаараас Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сот 2/1-р байрны гадаа 88-28 шиг санагдаж байна, приус 20 маркийн машин дуудлага өгсөн. Би жаахан ачаалалтай байсан учир 02 цаг 40 минутын үед очиход саарал өнгийн приус 20 маркийн автомашины гадаа 3 залуу, 2 эмэгтэй, 1 орчим насны хүүхэд хүмүүс хүлээж байсан. ...Би очоод түлхүүрийг нь аваад машинд нь суутал нэг эмэгтэй хүүхэдтэйгээ урд талын сандал дээр сууж байсан. Тэгтэл бор өнгийн цамцтай залуу бид 3 салах ёс гүйцэтгье гээд жолоочийн эсрэг талд 2 найзтайгаа юм яриад зогсож байснаа 2-3 минутын дараа хутгалуулчихлаа ш дээ гэж эхнэртээ хэлээд доошоо машин налаад суухаар нь би гайхаад цонхоо буулгаад хартал бор өнгийн цамцтай залуу машины хаалга налаад сууж байснаа хажуу тийшээ газар ухаан алдаад уначихсан. Тэгтэл цагаан өнгийн фудболктой залуу мөн хутгалуулчихсан гээд машины урд талд түшээд суусан. Бор өнгийн цамцтай залуугийн урдаас хар өнгийн хүрэмтэй ногоондуу өнгийн барилга дээр өмсдөг шиг өмдтэй эрэгтэй гартаа хутга барьчихсан зогсож байснаа эргэж хараад Сот 2/1-р байрны гадна очоод суучихсан... Их хурдан хугацаанд болж өнгөрсөн. ...Маргалдаж байгаа дуу чимээ сонсогдоогүй гэнэт л хутгалуулчихлаа гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 10/,

Шинжээчийн 9220 тоот дүгнэлтэд: “...Б.Аын биед хэвлийн зүүн доод хэсэгт бүдүүн гэдэс, нурууны том булчинг гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-н 42/,

Шинжээчийн 9219 тоот дүгнэлтэд: “...Б.Бий биед хэвлийн баруун өмнөд хэсэгт нурууны том булчин, гадна ташуу булчинг гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-н 45/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 699 тоот дүгнэлтэд: “...З.Б гэмт хэрэг үйлдэх үедээ энгийн согтолттой байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан байна. З.Б гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна. З.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Болсон явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хх-н 86-87/,

Яллагдагчаар З.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим гэртээ 1 шил 0.5 граммтай Хараа архи уусан. Тэгээд би согтсон нэг сэрсэн чинь намайг “чи хүн хутгалчихлаа гэлүү би хүн хутгалчихсан гэж хэллүү” хажуунаас танихгүй хүн хэлсэн. Би тэр үед гартаа миний гэртээ хадгалдаг хятад улсын чинжаал хутга байсныг барьсан зогсож байсан. ...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 140-141/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-4/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 6/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 24/, хохирогч нарын өвчний түүх /хх-н 51-72/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 95-99/, Хохирлын баримтууд /хх-н 105-108, 115-120/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 146/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

             Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч З.Б нь согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Сот-ийн 2/1-р байрны гадна 2 хүнийг буюу Б.А, Б.Б нарыг шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хутгалж Б.А, Б.Б нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Бий: “...Араас нь Б эхнэр хүүхэдтэйгээ би хамт гараад машиныхаа хажууд зогсож байсан. Б.А бид хоёр хоорондоо юм яриад зогсож байтал гэнэт хүн ирээд хутгалсан. Би хутгалуулсныхаа дараа газар суусан. Б.Аыг хутгалсныг би хараагүй. Бид хоёр уг нь зэрэгцээд зогсож байсан. Хутгалуулсны дараа Б түргэн, цагдаа дуудаад түргэн ирээд гэмтлийн эмнэлэг авч явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26-28/, хохирогч Б.Аын: “...Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад дуудлагын жолооч дуудаад ирчихлээ гэхээр нь би эхлээд авгай хүүхэдтэйгээ гарсан. Гарсан чинь дуудлагын жолооч ирээгүй байсан. ...Дуудлагын жолоочид түлхүүрээ би өгөөд тэр жолооч машинд суугаад машин асаагаад машины гэрэл асаачихсан байсан. Миний санаж байгаа нь хутгалуулсныхаа дараа гараараа хутгалуулсан газраа дараад машин налаад хэвтэж байснаа санаж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 31-33/, гэрч Б.Бийн: “...2018 оны 7 дугаар сарын 25-ны шөнийн 02 цаг өнгөрөөгөөд явахаар такси дуудаж жолооч ирэхээр нь гараад Б.Б, Б.А бид гурав хоорондоо ярилцаад яг салах гэж байхад танихгүй настай эрэгтэй хүн ирээд “за юу байна, дүү нар” гэхээр нь би “юмгүй, ах та зүгээр явчих” гээд мөрнөөс нь жоохон түлхчихээд эргээд эхнэр хүүхдүүд рүүгээ харчихаад эргэх хооронд нөгөө танихгүй хүн манай хоёр хүнийг цохиод авах шиг болохоор нь гүйгээд очиход гарт нь хутга шиг зүйл харагдахаар нь нөгөө хэдэд наад хүн чинь хутгатай байна гээд холдуулах зуур нөгөө эрэгтэй хүн гүйж яваад Сот-2 байрны 01-р орцны өмнө очоод суучихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, гэрч Д.Лын: “...Би жаахан ачаалалтай байсан учир 02 цаг 40 минутын үед очиход саарал өнгийн приус 20 маркийн автомашины гадаа 3 залуу, 2 эмэгтэй, 1 орчим насны хүүхэд хүмүүс хүлээж байсан....Би очоод түлхүүрийг нь аваад машинд нь суутал нэг эмэгтэй хүүхэдтэйгээ урд талын сандал дээр сууж байсан. Тэгтэл бор өнгийн цамцтай залуу бид 3 салах ёс гүйцэтгье гээд жолоочийн эсрэг талд 2 найзтайгаа юм яриад зогсож байснаа 2-3 минутын дараа хутгалуулчихлаа ш дээ гэж эхнэртээ хэлээд доошоо машин налаад суухаар нь би гайхаад цонхоо буулгаад хартал бор өнгийн цамцтай залуу машины хаалга налаад сууж байснаа хажуу тийшээ газар ухаан алдаад уначихсан. Тэгтэл цагаан өнгийн фудболктой залуу мөн хутгалуулчихсан гээд машины урд талд түшээд суусан. Бор өнгийн цамцтай залуугийн урдаас хар өнгийн хүрэмтэй ногоондуу өнгийн барилга дээр өмсдөг шиг өмдтэй эрэгтэй гартаа хутга барьчихсан зогсож байснаа эргэж хараад Сот 2/1-р байрны гадна очоод суучихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, шинжээчийн 9220, 9219 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч З.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, хоёр хүнд учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З.Б нь согтуурсан үедээ хохирогч Б.Б, Б.А нарыг хутгалж хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч З.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б, Б.А нарын биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогч нарын эмчилгээний баримтаар гарсан зардалд хохирогч Б.Аад 972.000 төгрөг, хохирогч Б.Бд 772.000 төгрөг тус тус төлсөн байна.

Хохирогч Б.Б, Б.А нар нь өмгөөлөгчийн хөлсөнд тус бүр 5.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өмгөөлөгч заавал авахыг хохирогчид үүрэг болгоогүй ба өмгөөлөгч авах нь хохирогчийн өөрийн эрхийн дагуу шийдвэрлэх асуудал юм. Хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.  

Хохирогч Б.Бий 12 сар хүртэл ажиллаж авах ёстой цалин 7.500.000 төгрөг, хохирогч Б.А нь гадаадад ажиллаж олох ёстой байсан орлого 15.000.000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Хохирогч Б.Бы тухайн байгууллагаас авсан цалингийн хүснэгт байх боловч уг цалинг хохирогч авсаныг нотлоогүй, хөдөлмөрийн гэрээ болон нийгмийн даатгал төлсөн гэх баримт байхгүй, хохирогч Б.Аын Солонгос улсад ажиллаж олох ёстой байсан цалин нэхэмжилсэн 15.000.000 төгрөг нь ямар нэгэн нотлох баримт байхгүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч З.Бг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 08 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч З.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын баримтаар гарсан зардлыг төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан хорих ялаас доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

Хохирогч Б.Б, Б.А нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, хор уршиг бүрэн төлөгдөөгүй, гомдолтой гэсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй тул дээрх заалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд шүүхээс оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг буюу өндөр настай ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25.5 см урттай бор иштэй 1 ширхэг хутга, хар даавуун гэрийн хамт устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З.Бг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, хоёр хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар З.Бг 07 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Бд оногдуулсан 07 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Аад 972.000 төгрөг, хохирогч Б.Бд 772.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Б.А, Б.Б нар нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25.5 см урттай бор иштэй 1 ширхэг хутга, хар даавуун гэрийн хамт устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Хохирогч Б.Б, Б.А нарын өмгөөлөгчийн хөлс тус бүр 5.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР

 

   ШҮҮГЧИД                                    А.АЛТАНХУЯГ

                                                        

  Ц.МӨНХ-ЭРДЭНЭ