Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02056

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02056

 

2022 11 30 210/МА2022/02056

 

 

П.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2022/02543 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: П.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЭТТ- ХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, сургалтын чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2012 оноос 2018 оны 06 дугаар сар хүртэл тус компанид ажиллаж байгаад Австрали улсад суралцахаар явахдаа 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/210 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар сургалтын чөлөө авч, 2021 оны 02 дугаар сард сургуулиа төгссөн. Ковид-19 цар тахлын улмаас улс орнууд хилийн хоригоо чангатгаж, улс хооронд зорчих боломжгүй болж, чөлөөний хугацаа дуусахаас өмнө буюу 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын удирдлагуудад чөлөө сунгах хүсэлтэй байгаа талаар мэдэгдсэн. Харин 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэн Т.М- чөлөөний хугацааг сунгах боломжгүй гэсэн агуулгатай захидал ирүүлсэн. Монголд ирсний дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр очиход ажлаас халсан тухай 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/1141 тоот тушаалыг надад хүлээлгэж өгсөн. Мөн 2018 оны 07 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй. Иймд ажлаас хууль бусаар халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, сургалтын чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: П.Г- нь тус компанийн Орон нутаг, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад Австрали Улсын Куйнсландын Технологийн их сургуулийн эрх зүйн магистрын хөтөлбөрт хамрагдах болсон тул гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/210 дугаар тушаалаар 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл чөлөө олгож, суралцахад нь зориулан замын зардалд 3,969,700 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Гүйцэтгэх захирлын 2018 оны Б/210 тоот тушаалаар олгогдсон чөлөөний хугацаа дуусгавар болохын өмнө буюу 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр П.Г-ын хаягаас чөлөөний хугацаа сунгуулах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд өргөдөлдөө чөлөөний хугацааг 2021 оны 08 дугаар сар хүртэл сунгаж өгнө үү. Хэрэв хил нээгдвэл үүнээс наана очих боломжтой гэж дурдсан байдаг. Гэвч П.Г- нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирээгүй, мөн ямар нэгэн хүсэлт дахин гаргаагүй тул гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/1141 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. П.Г- нь чөлөөний хугацаа дуусгавар болсон, Ковид-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалсан Олон улсын хил хаагдсан нөхцөл байдал арилсан, агаарын хил нээгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, чөлөөний хугацааг сунгуулах болон өөрт тохиолдож буй бэрхшээлтэй асуудлын талаар компанид мэдэгдээгүй тул ажил тасалсан гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцалсан. Дээрх шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, П.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг баримталсан хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. Гүйцэтгэх захирлын 2021 оны Б/1141 тоот тушаал буюу ажлаас чөлөөлсөн тушаалыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр П.Г-ын и-мэйл хаягаар хүргүүлж, түүнд мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. П.Г-ын нэмэгдүүлсэн шаардлага болох 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ЭТТ- ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч П.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хариуцагч ЭТТ- ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Г- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар ЭТТ- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт ... Нэхэмжлэгч П.Г- ажлаас халагдсан тушаалыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гардаж авсан, хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнийг тухайн өдөр мэдсэн гэж шүүх үзлээ гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Шийдвэрт ... Нэхэмжлэгч П.Г- ажлаас халагдсан тушаалыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн бөгөөд энэ тухай гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

Дээрх шүүхийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасны дагуу ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авсан даруйдаа 30 хоногт багтаан байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргаж Хөдөлмөрийн маргаан таслах комисс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрээ гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрт ажилтан ажлаас халагдсан тухай гомдлыг Хөдөлмөрийн маргаан таслах комисс зэрэг эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсан нь тухайн нэхэмжлэлийг шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй юм гэж дүгнэсэн байна.

Улсын дээд шүүхийн 2012 оны Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжид ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажилтан гомдлоо шүүхэд гаргасан эсэх, гаргаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхэд шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх... Мөн ажилтан ажлаас халагдсан тухай гомдлыг Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Хүний эрхийн байгууллага, Цагдаа, Прокурорын байгууллага зэрэг эрх бүхий этгээдэд гомдол гаргаж байсан нь тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх шууд үндэслэл гэж үзэх боломжгүй, харин хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан судасны эцэст шүүх бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй юм гэжээ.

Миний хувьд ажлаас халагдсан тушаалыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гардаж аваад Хөдөлмөрийн тухай хууль солигдож өөрчлөгдсөнийг мэдээд уншиж танилцахад 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байсан тул хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад гомдлоо гаргасан юм. Би зөрчигдсөн эрхээ 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдэж байхад миний хөдөлмөрийн маргаан чухам яагаад 1999 оны хуучин Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэгдэх ёстойг би сайн ойлгохгүй байна. Хөдөлмөрийн тухай хууль буцаж үйлчлэх ёсгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргасан.

Улсын дээд шүүхийн зөвлөмжид заасны дагуу хууль шинэчлэгдэн өөрчлөгдсөн явдал, аль хуулийг барьж маргааныг хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй байгаа нөхцөл байдал, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад гомдлын шаардлагаа гаргаж байсан зэрэг нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бол сэргээн шийдвэрлэх бүрэн боломжтой нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч өөрөө хуульч мэргэжилтэй, Австрали улсад эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан. Ажил олгогч нь 1999 оны Хөдөлмөрийн хуулийг баримталж ажлаас чөлөөлсөн. 1999 оны хууль энэ тохиолдолд үйлчлэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч П.Г- нь хариуцагч ЭТТ- ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, сургалтын чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагаас сургалтын чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх шаардлагыг зөвшөөрч, харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 17, 24-25, 153/

3. П.Г-ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль /2021/ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө гарсан, уг тушаал нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж гарсан тул анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэсэн нь зөв.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг буруу тооцсон алдааг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх нь зүйтэй.

4.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр ... халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. гэж заасан бөгөөд талууд ажлаас халсан тушаалын 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гардуулан өгсөн үйл баримтад талууд маргаагүй тул уг хугацаанаас нэхэмжлэл гаргах хугацааг тоолсон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

4.б. Нэхэмжлэгч нь 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар ЭТТ- ХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хандаж гомдол гаргаж, тус комисс нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ...Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн П.Г-ыг ажлаас халах тухай Б/1141 дүгээр тушаалыг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэв гэх агуулгатай хариу өгчээ. /хх. 4-5, 8-10/

4.в. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох маргаан нь шууд шүүхэд харьяалагдах маргаан гэж зөв дүгнэсэн.

Иймд П.Г- нь Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хариуг гарснаас хойш шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргасныг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

5. ЭТТ- ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1141 дугаартай тушаалын 1 дэх заалтад Гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/210 тоот тушаалаар П.Г-т олгосон 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл чөлөөний хугацаа дуусгавар болгожээ. Ажил олгогч Ковид-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан олон улсын хил хаагдсан нөхцөл арилсан, агаарын хил нээгдсэн байхад П.Г- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажилдаа ирээгүй ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн дүрмийн 9.5.3, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.12, 4.1.2, 4.1.4, 8.1.3, 8.3.1, Хөдөлмөрийн гэрээний 4.1.3, 4.4.2-т заасныг тус тус үндэслэсэн П.Г-ыг ажлаас нь чөлөөлжээ. /хх 33/

5.а. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэхэд П.Г- нь ...Ковид 19 цар тахалтай холбоотой чөлөөний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгуулах тухай хүсэлтийг цахимаар ЭТТ- ХК-д илгээсэн үйл баримтын хувьд талууд маргаагүй. /хх.28/

Хариуцагч байгууллагаас чөлөө сунгах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн эрхийн акт гаргаагүй боловч эс үйлдэхүйгээр 2021 оны 08 дугаар сар хүртэл хүлээсэн байна.

5.б. Гэтэл П.Г- нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хариуцагч байгууллагад Ковид-19 цар тахлын улмаас улс орнууд хилийн хоригоо чангатгаж, улс хооронд зорчих боломжгүй байгаа тухай хүсэл зоригоо илэрхийлж, чөлөөний хугацааг сунгах талаар хүсэлт гаргаагүй тул ЭТТ- ХК-аас талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.4.2-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.1-д ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. /хх 70, 101-105/

Иймд хариуцагч байгууллагаас П.Г-ыг хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцжээ.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2022/02543 дугаар хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Г- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР