Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 803

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

           Шүүгдэгч: Б.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харчин овогт Баярсайханы Б.Бт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805051630968 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Энглиш” баарны гадаа иргэн Б.Б.Чыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Чын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн үед ажлынхаа Г.Бтай “Энглиш” баар руу орох гээд алхаад явж байхад баарны гадна хэсэг залуучууд, 1 эмэгтэй хоорондоо юм яриад маргалдаад байсан. Хажуугаар нь зөрөх гэтэл тэнд байсан согтуу эмэгтэй нь бид хоёр луу орилж чарлаад агсраад байсан. ...Нөгөө согтуу эмэгтэй машинаас гарч ирээд над руу дайрахад хамт явж байсан Г.Б салгаад би тэр эмэгтэйтэй газар өнхөрч унасан. Тэгэхэд нөгөө согтуу залуу дээрээс намайг 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Ч бид хоёр “Энглиш” баар руу орж ганц хоёр пиво уух гээд баарны үүдэнд тамхи татаад зогсож байхад баарнаас хэдэн хүүхэн залуучууд орилоод ална, тална гээд гараад ирсэн. ...Тэгэхэд Б.Ч гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд хамт явж байсан залуу нь гарч ирээд бид нар луу дайраад намайг зодох гээд ирэхээр нь би зугтаад явсан. Тэгээд буцаад ирэхэд Б.Ч нөгөө эмэгтэй хоёр газар зууралдаад унасан байсан. Тэгэхэд намайг хөөсөн нөгөө залуу Б.Чын толгой руу нь өшиглөж харагдсан. Тэгэхэд цаанаас цагдаа ирээд тэр залуучуудыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Гэрч А.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед өөрийн найз Э, Б.Б нарын хамт 3, 4 дүгээр хорооллын “Дурсамж” бааранд орж 1 шил 0,75 литрийн архи, ундаа, ус захиалж уусан. Тэгээд бид 3 бааранд бүжиглэж байхад тэнд сууж байсан 3 залуу манай найз Эыг өдөөд байсан. Тэгээд би уурлаад бааранд тэр залуучуудтай муудалцсан. Мөн хажуу ширээний 2 залуутай бас маргаад байх шиг байсан. Тэгээд баарнаас гараад нэг мэдсэн бид 3 хүнтэй муудалцаад би нэг мэдсэн муудалцсан хүнтэйгээ зууралдаад газар унасан байсан. Б.Б ирж салгаад цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Тухайн үед би нилээд муудсан байсан болохоор зарим юмаа сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Яллагдагчаар Б.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: “...өөрийн найз А.Э, Э нарын хамтаар 3, 4 дүгээр хорооллын Дурсамж бааранд ороод 1 шил 0,75 литрийн архи захиалж уугаад С тасраад, А.Э нэлээн муудаад бид 3 баарнаас гарсан. Гадаа гараад 2 залуу үүдэнд таараад тэр хоёр залууг бааранд байсан хоёр залуутай андуураад маргаан үүсгэсэн. Тэгээд тэр залуу гар утсаараа бичлэг хийж байсан. Би Сг өргөөд машинд суулгаж байхад А.Э тэр хоёр залуутай муудалцаад байсан. ...Тухайн үед би  гараад муудсан байсан, зарим юмаа санахгүй орж гараад байгаа юм. Тэгээд нэг мэдсэн цагдаа нар ирээд А.Эийг аваад явсан....Хохирогч Б.Б.Чын биед учирсан гэмтлийг би цохиж учруулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Хохирогч Б.Б.Чтой эвлэрч, эмчилгээний зардал болох 750.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24, 30-31/,

Шинжээчийн 12020 тоот дүгнэлтэд: “...Б.Б.Чын биед хоёр нүдний зовхи, зүүн чих, зүүн чамархайн хуйх, зүүн сарвуу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт  /хх-н 20/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/ Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Компьютерт томографийн оношлогоо /хх-н 22/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд / хх-н 34-43, 53/, хохирогчийн хүсэлт /хх-н 59/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Энглиш” баарны гадаа иргэн Б.Чыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б.Чын: “...Нөгөө согтуу эмэгтэй машинаас гарч ирээд над руу дайрахад хамт явж байсан Г.Б салгаад би тэр эмэгтэйтэй газар өнхөрч унасан. Тэгэхэд нөгөө согтуу залуу дээрээс намайг 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, гэрч Г.Бийн: “...Тэгэхэд Б.Ч гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд хамт явж байсан залуу нь гарч ирээд бид нар луу дайраад намайг зодох гээд ирэхээр нь би зугтаад явсан. Тэгээд буцаад ирэхэд Б.Ч нөгөө эмэгтэй газар зууралдаад унасан байсан. Тэгэхэд намайг хөөсөн нөгөө залуу Б.Чын толгой руу нь өшиглөж харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/, гэрч А.Эийн: “...Мөн хажуу ширээний 2 залуутай бас маргаад байх шиг байсан. Тэгээд баарнаас гараад нэг мэдсэн бид 3 хүнтэй муудалцаад би нэг мэдсэн муудалцсан хүнтэйгээ зууралдаад газар унасан байсан. Б.Б ирж салгаад цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Тухайн үед би нэлээд муудсан байсан болохоор  зарим юмаа сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, шинжээчийн 12020 тоот дүгнэлтэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б.Б нь согтуурсан үедээ хохирогч Б.Б.Чыг найз А.Этэй зууралдан газар унасан байхад нь нүүр лүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 59/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР