Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/76

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: О.Хишигсүрэн,

Шүүгдэгч О.М

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Л овгийн О-ийн М, Х овгийн Л-ын Б нарт холбогдох эрүүгийн 1827001520061 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Барилга инженерийн сургуулийн 4 дүгээр курст суралцдаг, ам бүл 6, аав ээжийн хамт Архангай аймгийн ........ гэх газар оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэл Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Л овгийн О-ийн М                 

2. Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Түвшрүүлэх суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ээж дүү нарын хамт Архангай аймгийн ....... гэх газар оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй Х овгийн Л-ын Б   

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч О.М, Л.Б нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 05-наас 2018 оны 08 дугаар сарын 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутгаас хохирогч Г.Н-гийн 1 тооны адууг хулгайлахыг завдсан,

Мөн 2018 оны 08 дугаар сарын 05-наас 2018 оны 08 дугаар сарын 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутгаас Г.М-ын 2 тооны адууг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М нь мэдүүлэг өгөхгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б  нь мэдүүлэг өгөхгүй гэв.

            Яллагдагч Л.Б нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байх “Төвхөн” хийдэд мөргөхөөр найз О.М-ийн хамт явахаар болж би өөрийнхөө халиун зүсмийн хоёр мориор явж, найз О.М болохоор хээр зүсмийн өөрийнхөө морьтой явсан. 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бид хоёр Төвхөн хийдэд мөргөөд оройтсон. Тэгээд хүмүүсээр зам заалгаад Төвхөн хийдийн баруун тал руу буухаар болсон. Тэгээд Архангай аймгийн цагаан сүмийн рашаан руу явах чиг рүү явсан. Улмаар бид хоёр модон дундуур явж байгаад төөрсөн. Модны зах руу бараадаж гараад иртэл нөгөө газар луугаа гараад ирсэн. Тэгээд морь сулраад явахаа болиод ирсэн. Тухайн газар холбоотой чөдөрлөөд тавьсан хоёр морь байсан. Тэр хоёр морийг бид хоёр нэг нэгээр нь эмээллэж унаад гэртээ харьсан. Мөн тэр хоёр чөдөртэй морин дээр очтол хажуугаас адуунууд хүрээд ирсэн. Тэгэхээр нь өөрийнхөө хазаар цулбуурыг авч чөдөртэй байсан морины ногтыг нь залгаад нэг морийг бугуйлдахаар шидтэл толгойд нь орсон. Нөгөө морь үргээд чирээд давхитал ногт нь тасраад нөгөө адуунууд алга болсон. Бид хоёр гэртээ унаж очсон морио би өөрийнхөө адуунд О.М өөрийнхөө адуунд нийлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113,169 дүгээр хуудас/,

        Яллагдагч О.М нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр найз Л.Б-ийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байх “Төвхөн” хийдэд мөргөхөөр явсан. Төвхөн ууланд 18:00 цагийн орчим мөргөөд Бат-Өлзий талаас гарч ирсэн гэх хүмүүсээр зам заалгаад хамт буусан. Тэр хүмүүсээс Цагаан сүм орох зам заалгатал хойд зүг рүү зааж даваад орчихно гэж хэлсэн. Тэр хүмүүсийн заасан зүг рүү явсан. Гадаа харанхуй болж байсан учраас модон дотор төөрч явж байгаад модны зах руу гарч иртэл орой анх мод руу орсон газар луугаа гараад ирсэн. Унаж явсан морь сулдсан байсан. Явж байтал морь унгалдахаар нь тэр зүг рүү нь очтол холбочихсон тушаатай хоёр морь байсан. Л.Б-тай ярилцаад энэ хоёр морийг унаж яваад буцаагаад тавьчихая гэж ярилцаад тэр 2 морийг бариад өөрсдийнхөө эмээлийг сольж эмээллэж байтал хажууд байсан адуунууд үнэрлээд хүрээд ирсэн. Тэр хоёр эмээллэсэн морио үлдээгээд хүрээд ирсэн адуунаас нэг морь барьж аваад унаж яваад буцаагаад тавьчихая гэж ярилцаад Л.Б хазаарынхаа цулбуурыг тайлж аваад Л.Б нэг морь чирээд явсан. Бугуйл нь тасраад явчихсан. Тэгээд нөгөө хоёр эмээллэсэн морио унаад өөрсдийнхөө унаж явсан морьдыг сул тавиад тууж явсаар байгаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116,171 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2018 оны 08 дугаар сарын 05-ны орой гүүгээ саачихаад 21:30 минутын орчимд адуугаа гэрийнхээ хойд “Ар хэцүү” гэх газар луу гаргасан. Маргааш нь адуугаа олоогүй. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай адуу гол дээр хүрээд ирсэн. Тэгтэл 1 хээр морь алга байсан. Тэгтэл хүзүүндээ бугуйлгатай хүрээд ирсэн. Тэр өдөр Санж гэх газар Г.М- 2018 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө хоёр морио алдсан сурагтай байсан. Манай хээр морь бол унаган адуу болохоор ийш тийш явахгүй. Явсан ч эргээд ирдэг болохоор тухайн хоёр морийг хулгайлсан хүмүүс манай морийг бугуйлдаад алдсан байх гэж бодож байгаа юм. Тухайн хээр морийг энэ жил унаагүй догшин морь болохоор барьж авч чадаагүй байх. Тэгэхээр Г.М-ын 2 морийг хулгайлсан хүмүүс манай морийг хулгайлаад алдсан гэж бодож байна. Нас гүйцсэн морь болохоор 750 000 төгрөгөөр үнэлж байна. Малын хулгай хийж байгаа хүмүүсийг олж тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 156-157 дугаар хуудас/,

Хохирогч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2018 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн Хойд агуйтын Санж гэх газраас Төвхөн хийд рүү хөтөлдөг хөтөлгөөний хээр зүсмийн хур дэлтэй зөв гуяндаа 5 тоо тамгатай, нас гүйцсэн, хамар цагаан, сартай зээрд морь зэргийг гэрийнхээ ойролцоо шөнө чөдөрлөсөн. Сартай зээрд морио халиун морьтой холбоод тавьсан. 2018 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 23:00 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад гэрэл тусгаад үзтэл 6 морь зургууллаа байсан. Өглөө босоод иртэл хээр морь, сартай зээрд морь байхгүй байсан. Манай унаган адуунууд болохоор ийш тийш явахааргүй гэрийн гаднаас хөдөлдөггүй морьд байсан. Жуулчин хөтөлдөг номхон морьд байсан. Хоёулаа нас гүйцсэн морьд байсан болохоор нэг бүрийг нь 750.000 төгрөг нийт 1.500.000 төгрөг болж байна. Архангай аймгийн Тарны постонд Б, Г нарын хамт 3 хоноход гурвуулаа хоол унд бензины зардалд 220.000 төгрөгний зардал гаргасан. Учир нь постоор орж магадгүй гээд замын цагдаа нарын шалгаж байгаа мал мах ачиж явсан машинуудыг үзэж харсан юм. Мөн Бат-Өлзий сумын төв Архангай аймгийн Цэнхэр Төвшрүүлэх зэрэг сумуудаас нийт 310.000 төгрөгний шатахуун зарцуулсан. Нийтдээ 530.000 төгрөгний зардал гарсан. Гомдолтой байна. Алдсан морио олж гарсан зардлаа төлүүлмээр байна. Хулгай хийсэн нөхөдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Хохирогч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:

“...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би морио эрж хайсан зардал болон тухайн морио өдөр өдрөөр хийх байсан мөнгөн дүн 2 морины 600.000 төгрөг нийт 1.130.000 төгрөгийг авсан болохоор ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/,

Гэрч Ч.Л-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Хэзээ хаанаас авчирсаныг мэдээгүй. Бат-Өлзий сумын цагдаа нараас яваа гээд хүмүүс ирэхээр нь мэдсэн. Манай адуунууд зөв гуяндаа 5-н тоо тамгатай хээр морь байсан. Манай хүү Б зөвхөн хайрханд гарчихаад ирье гээд гарсан хүүхэд байгаа юм. Хэнтэй хамт явсаныг мэдээгүй. Гэрээсээ явахдаа өөрийнхөө хоёр халиун моьтой явсан. Манай удмын гал тамгатай нэг нь соёолон үрээ, нөгөө нь нас гүйцсэн морь байгаа юм. Одоо гэрийн гадаа адуу байгаа юм. Би адуундаа ерөөсөө яваагүй. Гэрийнхээ гадаа 2 азарга адуу уядаг тэр адуунд байхгүй байсан. Сувиа адуунд нийлүүлсэн юм билээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

Гэрч Г.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2018 оны 08 дугаар сарын хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Сартай зээрд морь авчирсан байсан. Их номхон морь байсан дүүдээ унуулахаар найзаасаа авлаа гэж байсан. Өдөр ийш тийш явнаа гэж хэлэлгүй яваад 1 хоноод маргааш оройноо ирсэн. Он сар өдрийг нь мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

Эрүүгийн хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас, 148 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 3-8 дугаар хуудас, 141-146 дугаар хуудас/

Эрүүгийн 182700150062 дугаартай хэргийг эрүүгийн 1827001520061 дугаартай хэрэгт нэмж нэгтгэх прокурорын тогтоол /хх-н 1дүгээр хуудас/

Хөрөнгийн үнэлгээний  “Лэндс” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 97-100 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээний  “Лэндс” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 159-162 дугаар хуудас/

Шүүгдэгч О.М, Л.Б нарын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121, 127 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч О.М, Л.Б нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 05-наас 2018 оны 08 дугаар сарын 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутгаас хохирогч Г.Н-гийн 1 тооны адууг хулгайлахыг завдсан,

Мөн 2018 оны 08 дугаар сарын 05-наас 2018 оны 08 дугаар сарын 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутгаас Г.М-ын 2 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Г.М-ын мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэг /хх-ийн 85-87 дугаар хуудас, хохирогч Г.Н-гийн мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэг /хх-ийн 156-157 дугаар хуудас, гэрч Ч.Л, Г.Ч нарын мэдүүлгүүд /хх-ийн 92-93, 94-95 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний  “Лэндс” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 97-100 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний  “Лэндс” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 159-162 дугаар хуудас/ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.М, Л.Б нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.М, Л.Б нар нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

            Иймд шүүгдэгч О.М, Л.Б нарыг бусдын малыг хулгайлахаар завдсан, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч О.М, Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг зэргийг устгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б, О.М нар нь гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан Л.Бийн 2 тооны халиун зүсмийн морьд, О.Мийн унаж явсан 1 тооны хээр зүсмийн морьд зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдохгүй байх тул  Л.Бийн  унаж явсан 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны адуу, О.Мийн унаж явсан 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн  тогтоолуудыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                     

1.Шүүгдэгч Л овгийн О-ийн М, Х овгийн Л-ын Б нарыг бусдын малыг хулгайлахаар завдсан, бусдын малын хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  О.М-д 460 /дөрвөн зуун жаран/ цаг, Л.Б-ид 460 /дөрвөн зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М-д 460 /дөрвөн зуун жаран/ цагийн, Л.Бид 460 /дөрвөн зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. О.М, Л.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй,  хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Л.Б, О.М нарын гэмт хэрэгт үйлдлэхдээ ашигласан эд зүйлс болох  эмээл 1 ширхэг, хазаар 2 ширхэг, суран бугуйл 1 ширхэг зэргийг устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Л.Б-ийн  800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн, О.Мийн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн, Л.Б-ийн  унаж явсан 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны адуу, О.М-ийн унаж явсан 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар О.М, Л.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.М, Л.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                        Ц.ДАГИЙМАА