Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/81

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн,

Шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овгийн И.Б-өд холбогдох эрүүгийн 1827001860079 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                         Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ........ оршин суудаг, гавъяа шагналгүй, Б овгийн И.Б /РД:ЙР83010717/

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч И.Б нь 2018 оны 09 дүгээр сарын18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн Мөстийн дэнж гэх газарт Б.Цын толгойн тус газарт ташуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Б мэдүүлэхдээ: “...Би Мөстийн дэнж гэх газар морь булигуулах тэмцээн дээр ах Б гэдэг хүн энэ морин дээр чинь би буруу хараад тамхи ороогоод татсан ч чадна гээд яриад байсан. Тэгэхлээр нь би энэ ийм юм ярьдаг хэн бэ? гэж бодоод дүүг нь очоод ташуурдчихсан юм. Өөр маргалдаж муудсан зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Б.Ц-ын өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Жалбаа багийн Мөстийн дэнж гэх газар “Адуучин” нэртэй тэмцээн болсон би уг тэмцээнд оролцсон. Тэмцээнд оролцоод байж байхад манай ах Ц хүнтэй маргалдаж харагдсан. Тэгэхээр нь очих гээд найз Жтайгаа алхаж байтал миний толгой руу тас буугаад явчихсан, толгой бариад үзтэл гар цус болсон, мөн хамраас цус гоожсон, надтай хамт явсан найз Ж чамайг морьтой хүн ташуураар цохиод явчихлаа гэсэн. Намайг харахад ташуур барьсан морьтой хүн гүйхээрээ давхиад явчихсан. Тэр хүн бол М буюу Б гэгч морин дээрээс ташуураар цохьчихоод давхисан байсан. Би Улаанбаатар хот руу очиж шинжээч эмчид үзүүлсэн. Б гуай одоогийн байдлаар эмчилгээний зардал гэж 500 000 төгрөг өгсөн байгаа. Миний толгой хааяа өвдөөд байгаа. Дахиж эмнэлэгт үзүүлэх шаардлагатай, тэгэхээр цаашид эмчилгээний зардал хэд гарахыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Ж-ын өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Жалбаа багийн Мөстийн дэнж гэх газар Адуучин тэмцээн болсон би уг тэмцээнд оролцсон. Тэмцээнд оролцоод байж байтал Ц морь сайн бугуйлдаад тэр тэмцээн үзэж байсан залуучуудын дунд би мориноосоо унахгүй юм байна гэсэн утгатай зүйлийг ярихад нь зарим нэг хүмүүс яасан онгироо юм гэхчилэн дургүйлхэсэн юм шиг байгаан тэгээд Ц руу жаахан давшингуй маягтай байхад нь Ц бид 2 очъё гээд алхаж байсан юм. Ц бид 2 хоорондоо бага шиг зайтай хойно урдаа алхаж байсан юм. Ц дээр яваад очтол түүний хамраас цус гоожиж байсан. Мөн толгойноос нь цус гарсан хүмүүс цохичихоод явчихлаа ш дээ гээд шаагилдсан, тэгээд тэнд байсан хүмүүс ерөнхийдөө анхны тусламж үзүүлж толгойг нь маарлаар боосон, хэсэг хугацааны дараа түргэн тусламжийн машин сумаас ирж түүнийг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 11532 тоот дүгнэлтэд:

“...1. Б.Ц-ын биед тархины доргилт хуйхны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1, 2 дугаар хуудас/,

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Ташуурыг эд мөрийн баримтаар хураан авсан, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-15 дугаар хуудас/,

Шүүгдэгч И.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч И.Б нь 2018 оны 09 дүгээр сарын18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн Мөстийн дэнж гэх газарт Б.Ц-ын толгойн тус газарт ташуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Б.Ц-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас, гэрч Ж.Жын өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 11532 тоот дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч И.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч И.Б-ийн гэм бурууд, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч И.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч И.Б цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ташуур 1 ширхэгийг устгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Б-ийн 1 800 000 төгрөгийн үнэлгээ бүхий малчин шар хөргөгч 1 ширхэг, 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий “JAV” брендийн LCD телевизор 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:                                                                     

1. Шүүгдэгч Б овгийн И.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч И.Б-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар И.Б нь 450 /дөрвөн зуун тавин/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч И.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй,  хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар овгийн И.Б-ийн гэмт хэрэгт үйлдлэхдээ ашигласан эд зүйлс болох ташуур 1 ширхэгийг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар И.Б-ийн 1 800 000 төгрөгийн үнэлгээ бүхий малчин шар хөлдөөгч 1 ширхэг, 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий “JAV”  брэндийн LCD телевизор 1 ширхэгийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 40 дугаарт тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар И.Б-ийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б овгийн И.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА