| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/03758/И |
| Дугаар | 210/МА2022/02129 |
| Огноо | 2022-12-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2022/02129
| 2022 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2022/02129 |
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/03545 дугаар шийдвэртэй, ******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** болон ******нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 257,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч ****** нь ******-ийн захирлаар ажиллаж байсан. Тус компани нь 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тухайн үеийн ******* Э- яамтай 12/54 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ******* аймгийн *******, ******* сумын 35 кв-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэхээр болсон. Тухайн гэрээт ажилд манай ******* нь туслан гүйцэтгэгчээр оролцохоор болсон бөгөөд *******-ийн тендерийн баталгаанд зориулан 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 43,000,000 төгрөг, тендерийн гүйцэтгэлийн баталгаанд зориулан 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 214,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд манай компани тухайн тендерийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Э- яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12/54 тоот тушаалаар *******-тай байгуулсан гэрээг цуцалж манай компанитай үндсэн гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан. ******* нь тухайн үед тендерийн ажил гүйцэтгүүлэхээр төрөөс шилжүүлсэн санхүүжилтыг зориулалтын бусаар зарцуулсан учир гэрээ нь цуцлагдсан. Манай компани тухайн ажлыг бүрэн гүйцэтгэж 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Ингээд *******-аас тендерийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн 257,000,000 төгрөгөө гаргуулах гэтэл 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тухайн компанийн захирал *******- хувьдаа завшсан байсан. Манай компанийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст залилан мэхлэх гэмт хэргийг шалгуулахаар хандсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Прокурорын газраас 3333 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад ******* нь дээрх мөнгийг хувьдаа завшсан үйлдэл нь нотлогдсон боловч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гарсан. Бид прокурорын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шат шатны прокурорт гомдол гаргасан боловч анхан шатны прокурорын шийдвэрийг хэвээр нь үлдээсэн бөгөөд хамгийн сүүлийн шийдвэр 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гарсан. Манай компани *******-тай анх туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан бөгөөд дээрх гэрээний дагуу тендерийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанд дээрх 257,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл тухайн компанийн захирал дээрх мөнгийг компанийн данснаас өөрийн хувийн харилцах дансанд шилжүүлэн хувьдаа завшсан болох нь цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотлогдсон. Хариуцагч *******-той хувь хүнийх нь хувьд манай компани ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд хариуцагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлээс болж бид өнөөдрийг хүртэл хохирсоор байна. Бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган өгсөн боловч хариуцагчийн хаяг тодорхой биш байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/01526 тоот шийдвэрээр *******-ийг эрэн сурвалжлах шийдвэр гарч Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс хариуцагчийн хаягийг олж тогтоосон байгаа. Иймд хариуцагч нараас 257,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдсанаар ******* нь ******* ******* яамны Төрийн нарийн бичгийн даргатай 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 17/54 дугаар ******* аймгийн *******сумын 35 кв-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг байгуулж барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Энэхүү гэрээний үндсэн дээр ******* нь туслан гүйцэтгэгчээр *******-ийг оролцуулахаар болж ******* болон ******* нарын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн *******сумын 35 кв цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэхээр захалагч, гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч ******* нь нэхэмжилж буй мөнгийг гүйцэтгэлийн баталгаа болгож байршуулсан. ******* нь *******-ийн хувьцаа эзэмшигч, захирал нь бөгөөд ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн гүйцэтгэлийн баталгааг *******-ийн үйл ажиллагаанд зарцуулсан болно. Түүнээс үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, *******- нь хариуцагч биш юм гэжээ.
3. Хариуцагч О-ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдсанаар ******* нь ******* *******яамны Төрийн нарийн бичгийн даргатай 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 17/54 дугаар ******* аймгийн******* сумын 35 кв-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг байгуулж барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Энэхүү гэрээний үндсэн дээр ******* нь туслан гүйцэтгэгчээр *******-ийг оролцуулахаар болж ******* болон *******-ийн хооронд 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн *******сумын 35 кв цахилгаан дамжуулах агуурын шугам, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч ******* нь нэхэмжилж буй мөнгийг гүйцэтгэлийн баталгаа болгож байршуулсан. *******-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан, ******* нь гэмгүй мэтээр нэхэмжлэлд дурдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн ажлыг гүйцэтгэгч нь ******* байсан бөгөөд гэрээний хугацаандаа ажлаа хийгээгүй, гэрээ цуцлагдахад хамгийн их нөлөөлсөн нь ******* юм. Үүнээс болж ******* нь маш их хохирол амсаж дампуурахад хүрсэн. Мөн *******-ийн тендерийн гүйцэтгэлийн баталгааны мөнгийг 2014 онд авсныг мэдээгүй гэдэг нь худал. 2014 онд гүйцэтгэлийн баталгааны мөнгө орж ирснээр *******-ийн захирал ******* хэлж түүнд 70,000,000 төгрөгийг нь шилжүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч *******-аас 257,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч *******-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,442,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 1,442,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В- ХХК-д олгосугай.
5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй. Нэхэмжлэгч ******* нь *******-тай ажил гүйцэтгэх гэрээтэй, тус гэрээг байгуулахдаа тендерийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааны мөнгө байршуулсан баримтуудыг гэрээндээ хавсаргаж байсан. ******* нь тендерийн гүйцэтгэлийн баталгааны хугацаа хэзээ эхэлж, хэзээ дуусаж анхнаасаа мэдэж байсан. Энэ нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа гэрээ болон түүнд хавсаргасан нотлох баримтуудыг гаргаж өгснөө хуулбарлан шүүхэд гаргаж өгсөн байгаагаас нотлогдож байна. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад илт үндэслэлгүйгээр нотлох баримтыг буруу дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нараас 257,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. хх 1-2, 56, 171/
3.а. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд *******нь *******, *******яамнаас зарласан ******* аймгийн ******* сумын 35 кв-ын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх тендерт оролцож, тендерт ******* шалгарч, *******, ******* яам нь *******-тай 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн ******* сумын 35 кв-ын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ гэх нэртэй гэрээг байгуулжээ. /хх67/
Дээрх гэрээгээр тохиролцсон ажлыг******* нь *******-аар туслан гүйцэтгүүлэхээр тохиролцож, уг гэрээгээр ******* ХХК нь тендерийн баталгаа 43,000,000 төгрөг, тендерийн гүйцэтгэлийн баталгаа 214,000,000 төгрөг нийт 257,000,000 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн байна. /хх 19, 28, 68-69/
3.б. Э- яам нь *******К-тай байгуулсан гэрээг цуцалж, үлдэх ажлыг нэхэмжлэгч *******-аар гүйцэтгүүлэхээр 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын 35 кв-ын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр *******-тай байгуулсан байна. /хх 23, 161/
Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж дуусгавар болсон үйл баримтын талаар зохигч маргаагүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
3.в. *******-ийн төлсөн тендерийн баталгаа 43,000,000 төгрөг, тендерийн гүйцэтгэлийн баталгаа 214,000,000 төгрөг нийт 257,000,000 төгрөгийг ******* яамнаас О*******-д буцаан шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.
3.г. Талуудын хооронд гэрээний харилцаа дуусгавар болсон тул *******-ийн төлсөн тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны мөнгийг ******* нь *******-д буцаан шилжүүлээгүй үйл баримтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
4. Дээрх мөнгийг *******-ийн захирал ******* нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 70,000,000 төгрөгийг Материалын үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар ******* шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх 70-72/
******* нь эрүүгийн журмаар шалгагдаж байх үедээ өгсөн мэдүүлэгтээ *******-ийн захирлаар ажилладаг, 70,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэдэг агуулгаар өгсөн гэрчийн мэдүүлгээс үзэхэд *******-д шилжүүлсэнтэй адилтган үзэх тул 70,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй.
5. Иймд хариуцагч *******-аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 187,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь хуульд нийцнэ.
6. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг үндэслэлгүй хөрөнгөжих буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан арван жилийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчлэх тул гэрээний үүрэгтэй холбоотой 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/03545 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч *******-аас 187,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтад 1,442,950 гэснийг 1,092,950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,443,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХБАЯР