Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 316/ШШ2026/00608

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 316/ШШ2026/00608

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М******* Б******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С*******-Э*******” ОНӨААТҮГ-т холбогдох,

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлс, зохих олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хавсран гүйцэтгэж байсан төслийн менежерийн албан тушаалын цалинг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч М.Байгалмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ө*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******-О*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэцэгсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Байгалмаа нь хариуцагч “С*******-Э*******” ОНӨААТҮГ-т холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай “М.Б******* ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлс, зохих олговрыг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хавсран гүйцэтгэж байсан төслийн менежерийн албан тушаалын цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

– М.Байгалмаа нь “С*******-Э*******” ОНӨААТҮГ-т хөдөлмөрийн харилцаатай ажиллаж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/195 дугаартай тушаалаар ажилд томилогдсон, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/229 дугаартай тушаалаар хүний нөөцийн менежерээр шилжин, төслийн менежерийн ажлыг хавсран 40 хувийн нэмэгдэлтэй гүйцэтгэж байсан; 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурал олон цаг үргэлжилж, өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломж хязгаарлагдсан, ажил олгогчийн дарамттай нөхцөлд ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичсэн тул уг өргөдөл нь ажилтны бодит, чөлөөт хүсэл зоригийн илэрхийлэл биш,

– Ажил олгогч өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэлээ хуульд заасан журмаар тогтоох ёстой байтал өргөдөл бичүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон; захирлын дэргэдэх зөвлөл нь зөвлөх чиг үүрэгтэй боловч ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрхгүй; хүний нөөцийн менежерийн ажлаас гадна бичиг хэрэг болон төслийн менежерийн ажлыг давхар гүйцэтгүүлж байсан атлаа эдгээр ажлын зааг, үүргийг ялгалгүй буруутгасан; цалин, амралтын мөнгө, хавсарсан ажлын нэмэгдэл болон даатгалын асуудлыг зөв шийдвэрлээгүй гэж маргав.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцох, мөн хавсран гүйцэтгэж байсан төслийн менежерийн 40 хувийн нэмэгдлийг харгалзан тооцох шаардлагатай гэж тайлбарласан. Тэрээр цалингийн баримтад үндэслэн нэг сарын үндсэн цалин 1,465,000 төгрөг, 608 ажлын өдрийн цалинг 40,486,720 төгрөгөөр тооцож, үүн дээр ажил хавсран гүйцэтгэсэн 40 хувийг нэмж шаардлагаа тодруулж байна гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч “С*******-Э*******” ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, М.Байгалмаа нь хүний нөөцийн менежерийн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, тушаал шийдвэр хугацаанд нь гаргахгүй удаах, удаан жилийн нэмэгдэл, бичиг баримтын бүрдүүлэлт, тушаал шийдвэрийн засвар, ажил хүлээлцэх зэрэгт дутагдал гаргасан; захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар ажлын гүйцэтгэл, дутагдлыг хэлэлцсэн боловч дарамт шахалт үзүүлээгүй, нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичсэн тул Б/10 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж татгалзав.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбараар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурал нь ажлын гүйцэтгэлийг хэлэлцсэн хурал байсан бөгөөд ажлын шаардлага тавьсныг ажлын байрны дарамт гэж үзэх үндэслэлгүй; нэхэмжлэгчийг хүчээр, айлган сүрдүүлж, эсхүл хүсэл зоригийг нь үгүйсгэж өргөдөл бичүүлсэн нөхцөл тогтоогдоогүй; ажлаас чөлөөлөх тушаалын огноо 2024 оны 01 дүгээр сарын 16 боловч ажил хүлээлцэх хугацаа, цалин хөлстэй холбоотой асуудлыг байгууллага шийдвэрлэсэн гэж тайлбарлав.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэл, ажилд томилох, шилжүүлэн томилох, ажлаас чөлөөлөх тушаалууд, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, цалингийн карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, байгууллагын тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, хурлын бичлэг, бичлэгийн тайлал, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, төслийн менежерийн ажлын байрны тодорхойлолт, цалин гаргуулах дүн тодруулсан баримт зэрэг баримтыг гаргаж, цуглуулжээ.

 

7. Хариуцагч талаас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай тушаал, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд, хариу тайлбар, ажлын гүйцэтгэл, өмнөх хурлаас өгсөн үүрэг, ажил сайжруулах хугацаа, ажлын дутагдалтай холбоотой баримт, ажил хүлээлцэх хугацаа болон 2024 оны 01 дүгээр сарын 16-наас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаатай холбоотой баримт, давж заалдах шатны шүүхийн магадлал болон гэрчийн мэдүүлгүүдийг гаргаж, цуглуулав.

 

8. Шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр Ц.М, Ш.Х, Х.Э, Г.Б, Г.О, Б.У*******баяр нарыг гэрчээр асуусан. Дээрх гэрчүүдийн мэдүүлгийн нийтлэг агуулгаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны хурлаар М.Б******* ажил байдал, гүйцэтгэл, өмнөх үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцсэн, хурал хэдэн цаг үргэлжилсэн, хурлаас өмнө ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөгдөөгүй байсан, хуралдааны явцад дарамт шахалт үзүүлээгүй, нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичихээр болсон гэх агуулгатай байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг харьцуулан үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч М.Байгалмаа нь ажил олгогч “С*******-Э*******” ОНӨААТҮГ-тэй хөдөлмөрийн харилцаатай байсан, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/195 дугаартай тушаалаар ажилд томилогдсон, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/229 дугаартай тушаалаар хүний нөөцийн менежерээр шилжин ажилласан, төслийн менежерийн ажлыг хавсран 40 хувийн нэмэгдэлтэй гүйцэтгэж байсан талаар талуудын маргаангүй байна.

 

3. Харин талууд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн бичсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь ажилтны бодит, чөлөөт хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх, эсхүл ажил олгогчийн дарамт, шахалт, зүй бус нөлөөллийн улмаас бичигдсэн эсэх талаар маргаж байна. Дээрх үйл баримтаас Б/10 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл, улмаар ажилд эгүүлэн тогтоолгох болон түүнд дагалдах шаардлагуудын үндэслэлтэй эсэх нь хамаарахаар байна.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилга гаргах эрхтэй байхаар, 79.2-т ажилтан энэ тухайгаа ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцохоор, 79.3-т уг хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болохоор зохицуулжээ.    

Иймд ажилтны өөрийн санаачилгаар гаргасан хүсэлт нь чөлөөтэй, сайн дурын, бодит хүсэл зоригийн илэрхийлэл байх шаардлагатай бөгөөд ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөллийн улмаас бичигдсэн өргөдлийг ажилтны жинхэнэ хүсэл зориг гэж үзэх боломжгүй. Энэ нөхцөл байдлыг маргаж буй тал өөрийн тайлбар, баримтаар нотлох үүрэгтэй.

 

5. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр олон цаг үргэлжилсэн хурлын явцад сэтгэл зүйн дарамтад орж, бодох хугацаа олгоогүй, өргөдөл бичихээс өөр аргагүй байдалд хүрсэн гэж тайлбарласан. Гэвч энэ тайлбар нь дангаараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь ажилтны бодит хүсэл зоригоос гадуур, ажил олгогчийн хууль бус дарамт шахалтын улмаас бичигдсэн болохыг хангалттай нотлохгүй байна.

 

6. Шүүх хуралдаанд асуугдсан Ц.М, Ш.Х, Г.Б, Г.О, Б.У*******баяр нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэл, өмнөх үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцсэн, ажлын шаардлага тавьсан боловч нэхэмжлэгчийг хүчээр өргөдөл бичүүлсэн, айлган сүрдүүлсэн, эсхүл эрх чөлөөтэй хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг хууль бусаар хязгаарласан байдал тогтоогдохгүй байна.

 

7. Нэхэмжлэгч талаас гаргасан хурлын бичлэгийн талаар талууд маргасан бөгөөд хэрэгт бүрэн хэмжээний бичлэг бус, хуралдааны тодорхой хэсгийн бичлэг, түүнтэй холбоотой тайлал, үзлэгийн тэмдэглэл авагдсан байна. Нэхэмжлэгч өөрөө хуралдааны эхнээс бүрэн бичлэг байгаа боловч гар утсан дээр дахин сэргээж чадахгүй байгаа гэж тайлбарласан. Иймд хэрэгт авагдсан бичлэгийн хэсгээс дангаар нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өргөдөл бүхэлдээ хууль бус дарамт, шахалтын шууд үр дагавар байсан гэж дүгнэх боломжгүй байна.

 

8. Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргийг нэгтгэн үнэлэхэд хариуцагч талаас нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл, алдаа дутагдал, байгууллагын дотоод баримт бичиг, хүний нөөцийн ажлын биелэлттэй холбоотой шүүмжлэл, шаардлага тавьсан байдал тогтоогдож байна. Ажлын гүйцэтгэлийг хэлэлцэж, шаардлага тавьсан үйлдэл нь өөрөө ажилтныг хууль бусаар дарамталсан, ажлын байрны тэвчишгүй орчин үүсгэсэн, эсхүл ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлэхээр албадсан гэж шууд үзэх үндэслэл болохгүй. Хурлын бичлэгт ажил олгогчийн зүгээс “Таны хэрэг манай байгууллагад байхгүй, танд хугацаа өгмөөргүй байна, өргөдлөө өг гэж байна ш дээ, өргөдлөө засаад ороод ир” гэсэн өргөдөл бичих агуулгатай үг хэллэг хэрэглэсэн нь тогтоогдож болох боловч уг нөхцөл байдлыг бусад баримттай хамтатган үнэлэхэд ажил олгогчийн хууль бус дарамт, шахалтын үр дагавар байсан гэж үзэхэд хангалтгүй байна.

Мөн тухай хурлын бичлэгт ажилтан болох нэхэмжлэгч М.Б******* хэлсэн “Та шийдвэрээ гарга, аль нь хамаагүй, тэгээд та шийдвэрээ гарга, мэдэхгүй, тэрийг ёстой хэлж мэдэхгүй байна” гэсэн хариултаас үзвэл тэрээр дарамт шахалтад орсон гэж үзэх үндэслэлгүй байна.

9. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгсөн, түүнд үндэслэн ажил олгогч Б/10 дугаартай тушаал гаргасан үйл баримт тогтоогдож байна. Уг хүсэлт нь ажилтны чөлөөт, бодит хүсэл зоригийн илэрхийлэл биш, ажил олгогчийн хууль бус шахалт шаардлагын үр дагавар байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хангалттай нотлогдохгүй байна.

 

10. Нэхэмжлэгч тал захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд бүх оролцогч гарын үсэг зураагүй, өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулаагүй тул баримтын шаардлага хангахгүй гэж маргасан. Хэдийгээр уг тэмдэглэлийн бүрдүүлэлт, бодит агуулгын талаар талууд маргасан боловч шүүх зөвхөн хурлын тэмдэглэлд бус, гэрчийн мэдүүлгүүд, талуудын тайлбар, бичгийн баримт, бичлэгийн хэсэг зэрэг нотлох баримтыг бүхэлд нь харьцуулан үнэлэв. Эдгээр баримтын нийлбэрээр нэхэмжлэгчийн хүсэлт ажил олгогчийн хууль бус дарамт шахалтаар бичигдсэн гэх нөхцөл тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 90 минутын бичлэг хийсэн гэж тайлбарласан боловч уг бичлэгийг бүхэлд нь гаргаж өгч, хурлын тэмдэглэлд дурдагдсан үйл баримт болон гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх боломж байсан атлаа энэ боломжийг ашиглаагүй байна.

 

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.3-т зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлээ өгснөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллах хүсэлт гаргаж байсан, ажил олгогч ажил хүлээлцэх хугацааг энэ өдрөөр тооцож, тухайн өдөр хүртэлх цалин, улмаар ээлжийн амралтын олговрыг бодож олгосон байна. Иймд ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноо, ажил хүлээлцэх болон цалин тооцох хугацааны ялгааг дангаар нь үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

12. Нэхэмжлэгчийн ажлын үүрэгт хүний нөөцийн менежерийн ажлаас гадна төслийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан, 40 хувийн нэмэгдэлтэй ажиллаж байсан талаар хариуцагч тал бүрэн үгүйсгээгүй. Гэвч энэ нөхцөл байдал нь ажилтны ажлаас чөлөөлөгдөх хүсэлт хүчин төгөлдөр эсэх маргааны үндсэн асуудлыг өөрчлөхгүй. Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үндсэн баримт болох 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлт, түүнд үндэслэсэн тушаал хууль бус болох нь тогтоогдоогүй тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэл бүрдээгүй байна.

 

13. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага хангагдаагүй тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл хөлс, зохих олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх зэрэг дагалдах шаардлага нь бие даан хангагдах эрх зүйн үндэслэлгүй. Учир нь эдгээр шаардлага нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосон нь тогтоогдсон тохиолдолд үүсэх үр дагавартай холбоотой байна.

 

14. Мөн хавсран гүйцэтгэж байсан төслийн менежерийн албан тушаалын цалинг гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч уг ажлыг 40 хувийн нэмэгдэлтэй хавсран гүйцэтгэж байсан гэж маргасан боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосон нь тогтоогдоогүй, ажилд эгүүлэн тогтоох үндсэн шаардлага хангагдахгүй нөхцөлд уг нэмэгдлийг ажилгүй байсан хугацаанд үргэлжлүүлэн гаргуулах үндэслэл бүрдээгүй байна.

 

15. Иймд нэхэмжлэгч М.Б******* “С*******-Э*******” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлс, зохих олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хавсран гүйцэтгэж байсан төслийн менежерийн албан тушаалын цалинг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

16. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргаантай холбоотой нэхэмжлэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 41.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М******* Б******* хариуцагч “С*******-Э*******” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлс, зохих олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хавсран гүйцэтгэж байсан төслийн менежерийн албан тушаалын цалинг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 41.2-т зааснаар нэхэмжлэгч М.Б******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАЯРСАЙХАН