| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2018/0076/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/85 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/85
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,
Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овгийн Ж.Д-ид холбогдох эрүүгийн 1827001910081 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багт оршин суудаг, гавъяа шагналгүй,
Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б овгийн Ж.Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ж.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн нутаг дэвсгэр 5 дугаар цэцэрлэгийн баруун талд байсан хохирогч С.Л-ийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Л-ид бага хэмжээнээс дээш буюу 390 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д нь мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Ж.Д-ийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах О гэх зүс мэдэх айлын гэрийг нүүлгэж өгсөн. Тэр айлд жоохон айраг уусан. Тэрний дараагаар харих гээд явган явж байхад манай гэрээс доош Хархорин сумын цэцэрлэгийн тэнд байрлах Гүн нуур нэртэй цэцэрлэгийн тэнд улаан өнгийн Даюун маркийн мотоцикль байсан. Тэгэхээр нь би уг дэлгүүрт орж энэ мотоциклийн эзэн хаана байна гэж асуутал мэдэхгүй гэж дэлгүүрийн худалдагч хэлсэн тэрний дараа хүнсний дэлгүүрээс гарч мотоциклийг гишгэж үзтэл асаж байсан тэгэхээр нь би мотоциклийг унаж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Хохирогч С.Л-ийн өгсөн: “...Миний хүүхэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар цэцэрлэгт явдаг юм. Тэр өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өөрийнхөө хүүхдийг цэцэрлэгээс нь авахаар өөрийн эзэмшилд байдаг улаан өнгийн улсын дугаар байхгүй Даюун маркийн мотоцикльтой очиж цэцэрлэгийн баруун талд мотоциклийг үлдээсэн. Харин хүүхэд авах гэтэл эцэг эхийн хуралтай гэж 1 цаг орчимд дотор хуралд суугаад гарч иртэл миний мотоцикль байхгүй байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт болон гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Э.Э-ы өгсөн: “...Д-ийн гэр нь манай хүнсний дэлгүүрийн ойр орчимд байдаг юм. Д хаа нэг манай дэлгүүрээр согтуу орж ирдэг. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр цэцэрлэгийн хүүхдүүд тарж байхад буюу 17 цагийн үед Д нь манай хүнсний дэлгүүрт орж ирсэн. Тэгээд гадаа байгаа мотоцикль хэний мотоцикль вэ гэж асууж байсан тэгэхээр би анзаарч хараагүй гэж хэлсэн. Тухайн үед манай дэлгүүрт надаас өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн гаргасан: “...Дээрх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн жиших хандлагаар үнэлэв. Уг хөрөнгийн үнэлгээ нь нийт 390 000 төгрөг /гурван зуун ерэн мянга/ үнэлэгдлээ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-26 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1, 2 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн нутаг дэвсгэр 5 дугаар цэцэрлэгийн баруун талд байсан хохирогч С.Л-ийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Л-ид бага хэмжээнээс дээш буюу 390 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч С.Л-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас, гэрч Э.Э-ы өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 20-26 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Д-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Д нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ж.Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ж.Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ийг 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Ж.Д-ийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б овгийн Ж.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА