| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0058/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/67 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/67
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,
Шүүгдэгч: Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогтой Д-ийн Н-д холбогдох эрүүгийн 1827000460057 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, ах дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ...... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, У овогтой Д-ийн Н.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний орой Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн нутаг “Олон нуур” гэх газар хохирогч Ж.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Г-ийнд буучихаад дараа нь Ж.Б-гийнд буусан. Би малгайныхаа солиог гаргах гэж Ж.Б-гийнд орсон. Тэгээд хэлтэл Ж.Б би чиний малгайг авах хүн биш гэж хэлээд намайг цохиод авсан. Би зөрүүлээд гарынхаа алгаар нэг удаа цохисон. Тэгээд над руу дайраад намайг орны хөндий рүү дараад унасан гэв.
Хохирогч Ж.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 02 цаг 40 минутын үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр баг “Олон нуур” гэх газар эхнэр М.А хүүхдийн хамт гэртээ унтаж байтал Д.Н нь П, Ц, Б нартай ирээд Н чи Дундговь аймгийн Сайхан овоо суманд отроор явж байхдаа танайд цагаан сарын шинийн 2-ны өдөр ороход миний булган малгайг сольсон гээд агсам тавиад отроор яваад буцахдаа чи хүний үхэр туусан лалар, пизда минь гээд сууж байсан чинь миний баруун нүдрүү баруун гараараа 3 удаа цохьсон. Тэгээд би босоод Нн хамар луу нэг удаа цохьсон хамарнаас нь цус гарсан чинь хамт явсан П, манай эхнэр А нар салгасан. ...Миний баруун нүд хавдаж хөхөрсөн, нүдэнд цус хурсан баруун нүд болон 2 шанаа зулгарч толгой өвдөөд нулимас гоожоод байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар хуудас/
Гэрч Л.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тэгээд бид нар Б-гийнд буучихаад явъя гээд Г хөдлөөд Б-гийнд очсон. Хэдэн цагийн үед очсоныг нь мэдэхгүй байна. Тэгээд тэднийд ороод сайн байна уу гэсэн гадаа ирээд мотоцклио чанга дуу гаргалаа гээд уурлаад байсан. Тэгээд Б хувцасаа өмсөөд боссон чинь Н би цагаан сараар булган малгайгаа сольсон байна лээ малгайны солио гаргаж өгөөрэй гэсэн чинь би аваа юу гээд бос чирээд Н-г хамар луу нь гараараа цохисон чинь Нгийн хамраас цус гарсан. Тэгтэл Н, Б нарыг бид нар салгаад Н хамраас гарсан цусаа тогтоочихоод Б, Н хоёр малгайныхаа талаар хоорондоо хэрэлдээд байж байсан чинь Б- ахиад Н рүү дайраад тэр хоорондоо барьцалдаж аваад орны хөндий рүү хоёулаа унаад гэрэл унтарсан. Тэгээд эхнэр А гэрэл асаагаад тэр хоёр боссон чинь Б ахын нүд дээд талд шалбарч цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тэгээд Д.Н би цагаан сараар булган малгайгаа соличихсон байна лээ малгайны солио гаргаж өгөөрэй гэсэн чинь Б би чиний малгайг аваагүй гээд авдарнаасаа малгай гаргаж ирсэн чинь Н энэ миний малгайгаа биш байна гэсэн танай эхнэр чинь авч өгсөн биз дээ миний малгайг яасан бэ гээд Б, Д.Н хоёр барилцаж аваад Бүрагчаа, Нн хамарлуу гараар цохисон чинь Д.Н-н хамарнаас цус гарсан. Тэгээд бид Д.Н, Б хоёрыг бид нар салгаад Н хамарнаас гарсан цусаа тогтоочихоод Б, Н хоёр малгайныхаа талаар хоорондоо хэрэлдээд байж байсан чинь Б ахиад Н рүү дайраад тэр хоорондоо барилцаж аваад орны хөндий рүү хоёулаа унаад гэрэл унтарсан. Тэгээд эхнэр А гэрэл асаагаад тэр хоёр боссон чинь Б ахын нүд дээд талд шалбарчихсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүүлсэн:
“...Манай ах Д.Н төлөв даруу зантай, үг дуу цөөнтэй багаасаа сургуульд сууж байгаагүй бичиг үсэг мэдэхгүй боловсролгүй мал дээр өссөн малчин хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Э.А-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүүлсэн:
“...Манай ах Д.Н төлөв даруу зантай, үг дуу цөөнтэй, ажилсаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ар Жаргалантын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39, 42 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №211 тоот актын:
"...1. Ж.Б-гийн биед тархи догилт, баруун нүдний саласт, баруун нүдний дээд, доод зовхи хэсэгт цус хуралт, дух, нүдний дээд, доод баруун чихний омог, зүүн шанаа хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний орой Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн нутаг “Олон нуур” гэх газар хохирогч Ж.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Ж.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №211 тоот актын: "...1. Ж.Б-гийн биед тархи догилт, баруун нүдний саласт, баруун нүдний дээд, доод зовхи хэсэгт цус хуралт, дух, нүдний дээд, доод баруун чихний омог, зүүн шанаа хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Л.Ч, С.Б, Б.Ц нарын мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20, 23, дугаар хуудас/, шүүгдэгч Д.Нгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Д.Н-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан тэрээр гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1 720 төгрөг гарсныг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогтой Д-ийн Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Д.Н нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.9-т зааснаар Д.Нгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1 720 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА