Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02131

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02131

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01986 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХХБ- ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ХХБ- ХХК-д холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дотоод Аудитын газраас 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр банкны ажилтны цалингийн нууцлалтай дансанд хандсан тодруулгын хариу тайлбар явуулах и-мэйл ирсний дагуу хариу тайлбарыг ковид-19 тусаад ажилдаа эргэж орсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тэмдэглэн илгээсэн. Тус нууцлалтай цалингийн дансны эзэмшигчийн зүгээс ямар нэг гомдол санал гаргаагүй, тус дансанд хандсанаар банканд ямар нэг бодит хохирол учруулаагүй. 2011 оноос хойш тус компанид ажиллах хугацаандаа дээрх Дотоод Аудитын газрын тодруулга, зөрчлөөс өөр ямар нэг зөрчил гаргаж байгаагүй. ХХБ- ХХК нь тайлбар үндэслэлтэй эсэх, дансанд хандсан шалтгааныг нягталж үзээгүй атлаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлж 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажлаас халах тушаал гаргасанд гомдолтой байна. Иймд ХХБ-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б-22/271 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус Нарны зам салбарын Данс хариуцсан ажилтан тушаалд эгүүлэн тогтоох, ажлаас халсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ХХБ- ХХК-ийн Дотоод Аудитын газар нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Шалгуурт суурилсан эрсдэлийн аудитыг 3 сар 12 өдөр хийж гүйцэтгэсэн. Аудитын тайлан албан ёсоор 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарч тус тайлангаар Ж.Б-ийн гаргасан зөрчил баталгаажсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.6 дахь хэсгийг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Ж.Б-э нь тус банкны Баянзүрх салбарын Данс хариуцсан ахлах ажилтан Д.А-ын дансны үлдэгдлийг ажлын бус цагаар, хувийн ашиг сонирхлын үүднээс шалгасан нь Шалгуурт суурилсан эрсдэлийн аудитын тайлангаар тогтоогдсон. Банкны тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуульд заасны дагуу тус банк нь харилцагчийн дансны үлдэгдлийг ХХБ-ны нууц заавар-ын 2.1.8б-д зааснаар маш нууц мэдээлэлд хамааруулдаг. Мөн ХХБ- ХХК-ийн Дансанд хандах эрхийн зохицуулалтын заавар-ын 2 дугаар зүйлийн 2.3.1-д заасны дагуу хандах эрхийн зохицуулалттай данс учир зөвшөөрөл аваагүй ажилтнууд тэдгээр дансанд хандах эрхгүй. Ж.Б-э нь Д.А-ын цалингийн дансны үлдэгдлийг шалгах зориулалт бүхий Грейпбанк программыг ашиглан шалгасан бол Хандах эрхийн зохицуулалттай дансны мэдээлэл харах боломжгүй гэсэн алдаа зааж, зохих этгээдээс зөвшөөрөл авснаар шалгах боломжтой. Гэвч Ж.Б-э шалгахдаа зориулалтын бус Хүсэлт программын Зээл төлөлт/шимтгэлийн гүйлгээ хийх мэдэгдэл гэх программыг ашиглан хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлагдсан дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар шалгасан байдаг. Ж.Б-ийн ирүүлсэн тайлбараар 2021 оны 07 сарын 22-ны өдөр тус ажилтны дансанд хувийн санхүүгийн асуудалтай холбоотой мөнгө зээлэх хүсэлттэйгээр хандсан бололтой./өөрийн кредит картын төлөлттэй холбоотой хүндрэл гарсан тул найз нөхдийн харилцаатай тул цаашид анхаарч ажиллая/ гэсэн нь дээрх дансанд хувийн ашиг сонирхлын үүднээс хандсаныг нотолж байна. Мөн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон түүний ажлын байрны тодорхойлолтыг үзэхэд хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлалтай дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар шалгах эрх олгосон, үүрэг хүлээсэн зохицуулалт байхгүй. Ажилтны цалингийн нууцлалтай дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар, удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр, түүний хяналтаас гадуурх зориулалтын бус программ ашиглан шалгасан үйлдэл нь ХХБ-ны Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1 дэх заалт, Ёс зүйн дүрмийн 3.1.3, 3.3.11, 4.9.4а, 5.15.2 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 4.70, 4.72 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзсэн ба түүний эдгээр зөрчил нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.2.5, 10.2.6, 10.2.13, 10.2.20, 10.2.24 дэх заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарна. Иймд ажил олгогч болох ХХБ- ХХК нь Ж.Б-эд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ж.Б-ийг ХХБ- ХХК-ийн Нарны зам салбарын Данс хариуцсан ахлах ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 13,907,773 төгрөгийг хариуцагч ХХБ- ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-эд олгож, Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б-э болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ХХБ- ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227,488 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн байхад шийтгэл ногдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү анхан шатны шүүх сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэж үзсэн үндэслэлээр ажилтан сахилгын зөрчил гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19/191 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт ажилтан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулна. гэж зааснаар тухайн үеийн Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн дагуу шийтгэл ногдуулах нь хуульд нийцнэ гэж тайлбарлажээ.

Ажилтны гаргасан сахилгын зөрчлийг илрүүлэх болон сахилгын шийтгэл ногдуулах үед Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу ажилтан Ж.Б-эд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрөөгүй байсан. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19/191 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль гэж заасан байхад анхан шатны шүүх гэрээний тус заалтыг хэт явцууруулж тайлбарласан буюу 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Мөн, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасныг үндэслэн ажилтан сахилгын зөрчил гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах хугацааг тодорхойлно гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл нь тус хууль батлагдахаас өмнө байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацааг тодорхойлохдоо талуудын харилцан тохиролцсон хүсэл зоригийг харгалзах тухай заалт болохоос ажилтны үйлдсэн сахилгын зөрчлийг илрүүлэх болон тухайн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацааг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацааг зөрчил гаргах үед мөрдөгдөж байсан хуулиар тодорхойлох тухай агуулга, үр дагавартай зохицуулалт биш юм. Түүнчлэн ажилтан Ж.Б-э нь сахилгын зөрчил гаргасан болохоо хүлээн зөвшөөрдөг, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй байхад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолсон бөгөөд ийнхүү сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Учир нь ХХБ- ХХК-ийн Ж.Б-ийг ажлаас халсан тушаал үндэслэлгүй. Мөн ажилтанд хуулийн хариуцлага буюу сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлж сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тушаал гаргасан нь хууль зөрчсөн. Дээрх маргаан бүхий ажлаас халах тушаалд хууль хэрэглээний хувьд шинэ хуулийг баримталсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Ж.Б-э нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг байсан бөгөөд шинэ хуулиар ямар нэгэн эрх үүрэг хүлээгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан тул хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Нэхэмжлэгч Ж.Б-э нь хариуцагч ХХБ- ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ХХБ- ХХК-ийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б-22/271 дугаар тушаалын 1 дэх заалтаар Тус банкны Нарны зам салбарын данс хариуцсан ахлах ажилтан Ж.Б-э нь банкны ажилтан /харилцагч/ нууцлалтай цалингийн дансанд ажлын бус шаардлагаар буюу хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан нь Дотоод Аудитын газрын А-2021/23 тоот тайлангаар тогтоогдсон ... тул Ж.Б-этэй байгуулсан 21/1967 тоот хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгон үүрэгт ажлаас нь халсугай гэж Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, ХХБ-ны дүрэм-ийн 9.10.6, ХХБ-ны Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.2.5, 7.3, Хөдөлмөрийн гэрээний 8.2.3, ХХБ-ны Ёс зүйн хорооны2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №02/2022 тоот шийдвэрийг тус тус үндэслэн Ж.Б-ийг ажлаас нь чөлөөлжээ.

4. Ажилтан Ж.Б-э нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр банкны ажилтан /харилцагч/ нууцлалтай цалингийн дансанд ажлын бус шаардлагаар буюу хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан зөрчил гаргасан, уг зөрчил нь Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарах талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж, хариуцагч нь Ж.Б-ийн гаргасан зөрчлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Шалгуурт суурилсан эрсдэлийн аудит-ыг 3 сар 12 хоног хийж гүйцэтгэсэн, уг аудитын тайлангаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр илрүүлсэн нь зургаан сарын дотор илрүүлсэн тул уг хугацаанаас нэг сарын хугацаа тоологдох тул хугацаа хэтрүүлээгүй гэж тус тус тайлбарласан.

5. Сахилгын зөрчил гаргасан хугацаа нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед гарсан мөн талууд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж шинэчлэн байгуулаагүй байх тул 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хууль хэрэглээний дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалт нь сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй бол хариуцлага хүлээлгэх ажил олгогчийн эрхийг хязгаарласан зохицуулалт бөгөөд уг зургаан сарын хугацаанд илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа багтах юм.

Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байх бөгөөд үүнээс хойш 6 сарын хугацааг тоолоход 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах байсан атал ажил олгогч 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тушаал гаргаж, сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Шүүх Ж.Б-ийн гаргасан ноцтой зөрчлийг зөвтгөөгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн зохицуулалтын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-д нийцжээ.

7. Анхан шатны шүүх  Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,489 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР