| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0061/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/70 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/70
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:Ц.Хонгорзул,
Шүүгдэгч: Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогтой Т.О-д холбогдох эрүүгийн 1827000810060 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Өвөрхангай аймгийн ........... гэх газар оршин суух гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н овогтой Т.О,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Т.О нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар баг, Ойлон толгойн 1-1 тоот хашаанаас Б.Б-ын “Sanya” маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Б-т 1 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Би Улаанбаатар хотод байсан. Сумын төвд манай нөхөр болох Ө- ганцаараа үлдсэн юм. Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цаг 30 минутын уед нөхөр Ө-тай утсаар холбогдоход гэртээ унтах гэж байна гэж ярьсан.Тэгээд маргааш өглөө буюу 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 06 цагийн үед манай нөхөр Ө- надруу залгаад мотоцикль алга болчихсон байна. Хүн унаад явчихсан болов уу гэж ярьчихаад утсаа салгасан. Нилээд удаж байгаад 14 цагийн үед дахиад надруу Ө- ярьсан. Би мотоциклио алдчихаад цагдаад хэлж байж оллоо гэсэн. Миний эзэмшлийн мотоцикль байгаа юм. Манайд ирээд жил ч болоогүй байгаа мотоцикль. ...Улбар шар өнгийн, Sanya UB150 маркийн, Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклио алдсан юм. Миний мотоцикль банкин дээрээ хажуу талдаа UBmoto гэсэн бичигтэй юм байна лээ. Тийм л содон шинж тэмдэгтэй мотоцикль байгаа юм. Би өөрт учирсан хохирлоо 1 600 000 төгрөгөөр үнэлж байга. ...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Мотоциклио авсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-25 дугаар хуудас/,
Гэрч Б.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны шөний 23 цаг 30 минутын үед Есөнзүйл сумын Ойлон толгойн 01-01 тоот хашаанд байх гэрээсээ гараад хашааныхаа хаалгыг түгжихэд миний Улбар шар өнгийн Sanya нэртэй мотоцикль байсан. Тэгээд би гэртээ орж унтчихаад өгөөл 06 цагийн үед босоод мотоциклио хартал байхгүй байсан. Тэгэхээр нь би мотоциклийнхоо мөрийг нь хөөж явж байтал манай хашааны эсрэг талын гудамруу орчихсон байсан. Тэгэхээр нь би О-гийн хашаанд ороод мотоциклио хайтал байхгүй байсан. Тэгэхээр нь би Б-ийнд ороод Б-ийг О-гийнхрүү оруулаад миний мотоцикль байна уу үзээд өг гээд оруулсан. Тэгээд Б 10 минутын дараа ирсэн. Мотоцикль аваагүй гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Удалгүй цагдаа нар намайг цагдаагийн байрны гадаа дуудсан. Т.О мотоциклийг чинь авсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар надад 5 ширхэг зураг үзүүлж таниулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө хашааныхаа гадаа байж байтал Ө- мотоциклио алдчихлаа гээд ирсэн. Тэгэхээр нь би О-гийн хашаанд ороод О-гээс чи Ө-ын мотоциклийг авсан юм бол өгчих би цагдаад мэдэгдээгүй гэж хэлтэл О- би яасан гэж авах юм бэ. Би өөрөө мотоцикльтой. Би аваагүй гээд байхаар нь Ө-тай хамт цагдаад мэдэгдсэн юм. Тэгээд удалгүй цагдаа нар Ө- бид хоёрыг дуудаад мотоцикль чинь мөн үү гээд 5 кадр зураг үзүүлсэн. ... Иймд хэсгийн төлөөлөгчийн хамт О-гийн гэрт очсон. О-гийн хашаан дотор хоёр гэр байсан тэр хоёр гэрийн урд талд байх эзэнгүй тавилга байхгүй гэрт ортол Ө-ын эхнэр Б-ын мотоциклийг ногоон өнгөөр цуваар бүтээчихсэн байдалтай байсан. Тэгээд мотоциклийг гэрээс гаргуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Л.Д-ий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
О- ах 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө хүний мотоцикль авч ирсэн тэр нь манай бага гэрт байгаа гэж надад хэлсэн. Тухайн үед /ямар учиртай мотоцикль юм бэ? гэсэн чинь ах нь тоглож авч ирсэн юм гэж хэлсэн. Тэр өдрийн өглөө манай сумын Ө О ахын гэрт орж ирээд О ахтай уулзсан тэгэхээр би гэрээс гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
Гэрч П.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Манай хамгийн отгон хүүг О гэдэг. О 1989 энд төрсөн. Эцэг эхээс 7-уул айлын хамгийн отгон хүү байгаа юм. ...Миний хүү О-д эд хөрөнгө байхгүй. О эхнэр хүүхэд байхгүй одоогоор нөхөр бид хоёрын хамт амьдарч байгаа болохоор эд хөрөнгө гэх зүйл нээх байхгүй. Хэдэн тооны хонь байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Т.О нь дөлгөөн тайван, хүний үгэнд их оромтгой гэнэн цайлган хүн. Хүнд муу юм бодоод явдаггүй. Миний мэдэхээр хулгайн хэрэг үйлдэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Т.О нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар баг, Ойлон толгойн 1-1 тоот хашаанаас Б.Б-ын “Sanya” маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Бт 1 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Б.Ө, Э.Б, Насанд хүрээгүй гэрч Л.Д нарын мэдүүлэг /хх-ийн 28-29, 30-33, 47 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Огийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Т.О-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан тэрээр гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 83 575 төгрөг гарсныг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогтой Т.О-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Т.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар Т.О-г тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Т.О-д тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Т.О-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.
6. Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.9-т зааснаар Т.О-гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 83 575 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА