Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/02147

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/02147

 

С.Ү-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/03093 дугаар шийдвэртэй, С.Ү-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НЗД- холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ү-, түүний өмгөөлөгч М.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: НЗД- 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/153 дугаар захирамжаар С.Ү- нь Г- ОНӨААТҮГ-ын захирлын үүрэгт ажилд томилогдон ажилласан. Харин 2022 оны онцгой нөхцөл бүхий гэрээний төслийг Засаг даргад хүргүүлсэн боловч албан ёсоор гарын үсэг зурагдаж ирээгүй байна. НЗД-2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 тоот захирамжаар Г- ОНӨААТҮГ-ын захирлын үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Би НЗД-болон түүний албадуудтай 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл амаар болон бичгээр хэлэлцэн тохиролцоогүй, намайг ажлаас халах тухай саналд зөвшөөрсөн санал, баталгаа өгөөгүй. Ийм нөхцөлд гэрээний талууд зөвшилцөн тохиролцсон гэдэг үндэслэлээр захирамж гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар 2021 оны 11 дүгээр сарын 03, мөн оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд 2 удаа сонсгох ажиллагаа хийсэн бөгөөд би зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн. Хэрэв 2018 оны урамшуулал олгочихбол ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өгч болох талаар дурдсан. Миний 2018 оны урамшуулал 39,622,900 төгрөг олгох тухай захирамж гаргаж, үүний дагуу шимтгэл, суутгал хийгдэж би гар дээрээ 35,225,910 төгрөг авсан. Энэ байдлыг надтай тохиролцсон гэж үзэхгүй байна. Иймд урьд эрхэлж байсан ажил болох Г- ОНӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: С.Ү-г үүрэгт ажлаа гүйцэтгэх явцад Төрийн аудит болон Нийслэлийн аудитын газраас хяналт шалгалтын ажил явагдаж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр С.Ү- нь ажлын байранд тодорхойлолтод нийцээгүй ажилтан авч, сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн гэх зөрчил илэрч, 2021 оны 11 дүгээр сарын 03, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд дээрх зөрчилтэй холбоотойгоор сонсох ажиллагаа хийгдсэн ба сонсох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлд заасны дагуу хийгдсэн. Улмаар хяналт шалгалтын дүгнэлттэй шууд хамааралтайгаар буюу төсвийн шууд захирагчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн С.Ү-г үүрэгт ажлаас чөлөөлж гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Төрийн аудитын газраас хяналт шалгалт хийхдээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн тайланд хяналт шалгалт хийсэн. Тухайн аудит шалгалтаар 6 шаардлага, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр зөрчил арилгах тухай шаардлагыг тус тус Г- ОНӨААТҮГ-т хүргүүлсэн. С.Ү- өөрөө ажлын байран дээрээ ямар зөрчил гарсан талаараа мэдэж байсан учир 2018 онд олгох ёстой урамшуулалт цалинг бүрэн шийдвэрлэж өгсний дараа миний бие ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдэж байна гэх агуулга бүхий тодруулгыг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр НЗД- тамгын газарт ирүүлсэн. НЗД- 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/143 дугаар захирамжийн дагуу 39,622,900 төгрөгийг олгосон. С.Ү-г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Засаг даргын захирамжаар чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ү-г Г- ОНӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч НЗД-бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 14,382,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ү-д олгож, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч С.Ү-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч НЗД- үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ү- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч НЗД-бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 229,864 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12698 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2 дахь хэсэгт зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд, П.Туул нарыг тус бүр 50,000 төгрөгөөр, Г- ОНӨААТҮГ-ыг 100,000 төгрөгөөр тус тус торгосон байна. ... зөрчил гаргасан этгээдийг дуудан ирүүлж шийдвэрлэнэ... гэсэн боловч хариуцагч талд мэдэгдээгүй. Дээрх захирамжийн 5 дахь хэсэгт уг захирамжийг хариуцагчийн төлөөлөгч нарт танилцуулахыг шүүгчийн туслахад даалгасан боловч шүүхээс уг захирамжийг хэзээ албажиж гарсан талаар хариуцагч талд танилцуулаагүй. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дээрх захирамж гарсныг хариуцагч тал мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2 дахь хэсэгт зааснаар мөнгөн торгууль, оногдуулахад шийтгэврээр оногдуулахаар зохицуулсан боловч шийтгэврээр биш шүүгчийн захирамжаар торгууль оногдуулсан нь үндэслэлгүй байх тул мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар дээрх захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй боловч шүүхээс гомдол гаргах эрхийг хангаагүй. Мөн хэрэг хэлэлцэхээс өмнө нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шүүгчээс татгалзан гаргах тухай хүсэлтээ шүүх хуралдааны явцад гаргасан боловч шүүгч уг асуудлыг хүлээн авч шийдвэрлээгүй орхигдуулсан. Иймд дээрх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг алдагдуулсан гэж үзэж байгаа тул дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн төлөөлөгч 2022 оны 09 дүгээр сарын 15, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралд биечлэн ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх боловч шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл нь торгуулийн арга хэмжээ авсан. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш шийтгэврийн бланк хэрэглэхгүй байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд биечлэн ирэх, шүүх хуралд биечлэн оролцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргах, хүсэлтээ дэмжих, мэтгэлцэх, шүүхэд хүндэтгэлтэй хандах үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд шүүгчийн мөнгөн торгуул оногдуулсан захирамж нь үндэслэл бүхий болсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар 92.1 дэх хэсэгт зааснаар шүүгчээс татгалзан гарах үндэслэл байгаа тухай хүсэлт шүүх хуралдааны явцад гаргасан боловч шүүгч уг асуудлыг орхигдуулсан гэж тайлбарлаж байна. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн 13567 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн. Шүүгч хүсэлтийг хэлэлцэх шийдвэр гарсны дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргана гэдгээ илэрхийлсэн. Шүүгч хурлын дэг зөрчихгүй байна уу, хүсэлт хэлэлцэх шат өнгөрсөн байна гэдгийг анхааруулсан, тухайн үед шүүгчээс татгалзах хүсэлт гаргаагүй. Иймд шүүх хуульд заасан үндсэн зарчмыг удирдлага болгон шийдвэрээ гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.Ү- нь хариуцагч НЗД- холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. НЗД-бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 тоот захирамжаар Харилцан тохиролцсоны дагуу С.Ү-г Г- ОНӨААТҮГ-ын захирлын үүрэгт ажлаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 83 дугаар зүйлийг удирдлага болгон ажлаас чөлөөлжээ.

4. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч тал надтай тохиролцоонд хүрсэн, зөвшилцсөн зүйл байхгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...С.Ү- нь гаргасан зөрчлөө мэдэж байсан учраас 2018 оны урамшуулал олгочихвол чөлөөлөгдөх хүсэлтээ өгье гэж өөрөө бичгээр илэрхийлсэн учраас Засаг дарга түүний 2018 оны үр дүнгийн урамшууллыг олгож, ажлаас нь чөлөөлсөн, талуудыг хоорондоо зөвшилцсөн гэж тус тус тайлбарласан.

5. Хариуцагч байгууллагын маргаж байгаа 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус тус явуулсан сонсох ажиллагаа, Нийслэлийн дотоод аудит болон Нийслэл дэх Төрийн аудитын газрын шалгалтын үр дүн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлд хамаарахгүй тул шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлахдаа харилцан тохиролцсон байх урьдчилсан нөхцөл бүрдэх ёстой.

Нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 4 дугаартай Тодруулга авах тухай албан бичигт ...2018 оны контракт гэрээний дагуу олгох ёстой урамшуулалт цалинг бүрэн шийдвэрлэсний дараа миний бие нь удирдах дээд байгууллагаас тулган шаардсан үг, үсэгтэй өргөдлийг бичиж өгөхөө үүргээр мэдэгдэж байна гэх хүсэлт нь талуудыг харилцан тохиролцсон, ажилтан өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, ажлаас чөлөөлөх агуулгатай хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Иймд талуудыг харилцан тохиролцож ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв.

7. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12698 дугаар захирамжаар хариуцагчийн төлөөлөгч Б.Сувд, П.Туул нарыг тус тус 50,000 /тавин мянган/ төгрөгөөр торгожээ. Хариуцагч нь уг шүүгчийн захирамжийг өөрчилж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг шүүхээс хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийн хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй, мөн захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох үр дагавар үүсэхгүй тул гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаанд хамаарахгүй.

Түүнчлэн, хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийн татгалзах хүсэлт нь үндэслэлгүй. Учир нь уг хүсэлт давж заалдах гомдлын үндэслэл болохоос биш шүүгчээс татгалзах үндэслэлд хамаарахгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/03093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР