| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0063/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/71 |
| Огноо | 2018-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/71
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд
Шүүгдэгч: Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогтой Э-ын А-д холбогдох эрүүгийн 1827001570065 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 15-ны Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ....... гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 200 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, С овогтой Э-ын А,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Э.А нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдор Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг “Хужиртын ам” гэх газар өөрийн эхнэр Г.О-ийг чулуугаар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Г.О-ий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
Манайх Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг "Хужиртын ам" гэх газар байдаг юм. 2018 оны 08 дугаар сармн 18-ны өдөр манай нөхөр бид хоёр гэртээ мөнгөний асуудлаас болж ам зөрсөн юм. Тэр нь ямар учиртай вэ гэхээр бид хоёр банкнаас 8 000 000 төгрөг зээлсэн юм. Би нөхрийгөө чи гэрт хийсэн юмгүй дээшээ хараад хэвтээд байх юм тэр зээлсэн мөнгөөрөө юм хийвэл гэсэн юм. 12 цагийн үед манай нөхөр Э.А хүүхдүүдтэй хамт гэрээс хойшоо Орхон гол орж хониныхоо өтийг арилгах гээд явсан юм. Би араас нь очихгүй бол бас хэрүүл болох байх гэж бодоод араас нь гол дээр явж очсон. Тэр үед манай аав голын хойноос морьтой гарч ирсэн. ...Би аавыг ирсэний дараа А намайг хонины наагуур цаагуур явсангүй юу ч хийхгүй юм гэхээр нь би чадахгүй намайг араас чинь ирээгүй бол чи яах байсан юм гэсэн чинь бага давраарай чи хүнийг элдвээр доромжилдог байх шүү гэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ам зөрж байгаад би голын эргээс урагш 30-40 метр зайд 3 настай хүүхдээ шээлгээд сууж байсан чинь А өтийг нь арилгасан хонио голруу угааж байгаа харагдсан. Тэгээд голын эргээс чулуу аваад надруу шидсэн. Чулуу нь миний хамрын зүүн хэсэгт оносон. Тухайн үед би газар унасан. Миний хамрын хэсгээс цус их хэмжээгээр гоожсон. Аав голоос пивоны саванд ус хийж ирээд би хамрын цусаа угаасан. ...А-ыг над руу чулуу шидэх үед аав түүний хажууд нь байсан. ...А голын эргээс чулуу аваад хойноос урагшаа чиглэлтэй над руу шидэж намайг оносон. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,
Гэрч Д.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тэгсэн манай хүргэн өтсөн хонины өт арилгаад түүнийгээ голын эрэг дээрээс гол руу шидэж угаачихаад голын эрэг дээрээс чулуу аваад голын эргээс 10-15 метр зайд хуүхдээ шээлгээд сууж байсан О рүү шидэж хамрын зүүн хэсэгт нь онож язалж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тухайн үед А ах О эгч хоёр маргалдаж байгаад Э.А ах голын эргээс чулуу аваад Г.О эгчрүү шидээд хамрынх нь тэнд оночихсон юм байна лээ. Тэр үед Г гуай саванд ус хийгээд Г.О эгчийн нүүрний цусыг угаалгаад хүүхдүүдтэй нь хамт гэрлүү нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч В.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Э.А нь 1983 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж байсан. 35 настай, сургуульд сурч, цэргийн алба хааж байгаагүй. Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг Хужиртын ам гэх газар эхнэр 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2015 онд Хужирт сумын 1000-т сумын сайн малчин болсон. ... төлөв даруу, хүнтэй эвтэй найртай, нутгийн олондоо нэр хүнд сайтай, ажилсаг хүн байгаа юм. ...А ах өөрийн нэр дээр хөдөө таван ханатай гэр, 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 1200-гаад толгой мал тоолуулсан. Хужирт сумын төвд хувийн байшинтай. Бусад эд хөрөнгийн талаар нь нарийн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №533 тоот актын:
“...1. Г.О-ий биед хамрын нурууны зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гоо сайханд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Э.А-ы оршин суух болон зан байдлын талаарх тодорхойлолт зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Э.А нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг “Хужиртын ам” гэх газар өөрийн эхнэр Г.О-ийг чулуугаар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Г.О-ий мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №533 тоот актын: “...1.Г.О-ий биед хамрын нурууны зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гоо сайханд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч В.Б, Г.Г нарын мэдүүлэг /хх-ийн 31-32, 35-36 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Аы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Г.О нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Э.А-ы эзэмшлийн 15 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 77м.кв хувийн орон сууц битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогтой Э-ын А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Э.А-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Э.А-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Э.А-ы эзэмшлийн 15 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 77м.кв хувийн орон сууц битүүмжилсэн прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА