Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/84

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд,

Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү овогтой Д-ын Т-д холбогдох эрүүгийн 1827001440068 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг 25-172 тоотод оршин суух гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ү овогтой Д-ын Т, /РД:ЙС93110819/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Т нь 2018 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт байрлах “Гуа хайрхан” дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч шар айраг, архи, ундаа, хиам, лаазалсан загас, тамхи зэрэг эд хөрөнгийг хууль бусаар авч Ш.Д-д 177 300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Би 08 дугаар сарын 07-ны орой хөдөө гэрийн мод хүргэж өгчихөөд хөдөөнөөс ирсэн. Хөдөөнөөс ирэхдээ архи уучихсан байсан. Тэгээд ирчихээд тамхи дуусчихсан байхаар нь тамхи авах гэж гарсан. Гэтэл нэг танидаг хүнтэйгээ таараад дахиж нэмж архи уусан. Тэр шөнө нь дэлгүүрийн хашаанд байсан айлд орох гэж хашааг нь давж орсон. Тэгээд нэг сэрсэн чинь гадаа сууж байсан. Дахиад юу болсоноо санахгүй байна. Нэг мэдсэн дэлгүүрийн хажуу талын амралтын өрөөнд унтаж байсан. Гарахдаа хажуудаа байсан тамхи, пиво зэрэг зүйлүүдийг аваад гарсан. Тэгээд гэрийнхээ урд байдаг айлд ирж байж байгаад өглөө гэртээ орсон гэв.

Хохирогч Ш.Д-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...2018 оны 08 дугаар сарын 08-ны өглөө манай дэлгүүрийн худалдагч Сугарсүрэн дэлгүүрт хулгай орсон байдалтай байна. Хойд амралтын өрөөний вакум цонхны поорчикийг хагалж онгойлгосон байна гэж хэлсэн. Тухайн үед нь би битгий хаалгаа онгойлгоорой цагдаа дууд гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 07-ны орой манай худалдагч орой 22 цагт дэлгүүрээ хаагаад явсан гэсэн. Маргааш өглөө нь 09 цагт дэлгүүрээ онгойлгох гээд ирсэн чинь дэлгүүрийн хойд талын амралтын өрөөний цонхны гадна төмөр хаалтыг эвдэлж, вакум цонхны поорчикийг хагалж онгойлгоод хулгай орсон байдалтай байсан гэсэн. ...Манай дэлгүүр гадна дээд хэсэгтээ цагаан өнгийн супер маркет гэсэн хаягтай, бичиг баримтан дээр албан ёсоор “Гуа Хайрхан” супер маркет гэж явдаг. Хужирт сумын 45 дугаар багт Гуагын 10-11 тоотод байрладаг. Дэлгүүр албан ёсоор миний нэр дээр бүртгэлтэй..." гэх мэдүүлэг /хх-ийн 42-46 дугаар хуудас/,

Гэрч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт байрлах Ш.Д-ы дэлгүүрт худалдагчийн ажил хийдэг юм. 2018 оны 08 дугаар сарын 07-ны орой 22 цагт дэлгүүрээ хаачихаад гэртээ харьж хоночихоод 2018 оны 08 дугаар сарын 08-ны өглөө 09 цагт дэлгүүр дээрээ ирээд дэлгүүрээ онгойлгоод орсон чинь кассны доор тавиур дээр байсан эд зүйлүүд газар уначихсан байсан. Би дэлгүүрийнхээ дотор гэрлийг асаах гээд хойшоо явсан чинь дэлгүүрийн арын амралтын өрөөний дотор хаалга онгойчихсон байхаар нь дамжаад амралтын өрөөндөө орсон чинь өрөөний цонхны порчикний шилийг нь хагалж, цонхны гадна байсан ширээн дээр 1 ундаа задлаад дээрээс нь жоохон уучихсан, лаазтай загасан бүтээгдэхүүн задлаад ширээн дээр болон газар асгасан, пиво задалж уусан бололтой пивоны таг зэрэг эд зүйлүүд ширээн дээр болон ширээний доор шалан дээр эмх замбараагүй байдалтай байсан. Тэгэхээр нь би дэлгүүрт туслах хийдэг Батцэнгэл, Эрдэнэбаатар нарыг дуудсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. ...Би одоохондоо яг хэдэн ширхэг ямар нэртэй бараа бүтээгдэхүүнүүд алдагдсан талаар мэдэхгүй байнаа. Тооллого хийхээр алдагдсан барааныхаа тоо ширхэг гарч ирэх байх. Тэр дэлгүүр дотор орсон хүн мөнгөний кассыг онгойлгож үзсэн байсан. Би 2018 оны 08 дугаар сарын 07-ны орой орлогоо хүлээлгээд өгчихсөн байсан болохоор кассанд мөнгө байгаагүй. ...Ямарч байсан бакалтай хүн орж хулгай хийсэн юм шиг байна лээ. Мөр нь тод гарсан байна лээ..." гэх мэдүүлэг /хх-ийн 47-52 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2018 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө намайг гэртэй 1 дүүтэйгээ унтаж байхад шөнө 3-4 цагийн үед манай гэрийн хаалгын хүн нүдээд байсан. Би босоод онгойлгосон чинь манай хойно гэр нь байдаг Т ах согтуу цагаан ууттай юм барьчихсан зогсож байсан. Тэгээд манай гэрт орж ирээд өлсөж байна уу өлсөж байвал энийг идэхгүй юу гээд уутан дотроосоо тал талх, тал хиам, бүтэн лаазалтай сайраа нэртэй загас, 1 шил 0.5 литрын харзтай нэртэй архи, 1 бүтэн нийслэл, 1 талын уучихсан пиво, баахан тамхинууд зэрэг эдз зүйлүүд гаргаж ирээд байсан. Би өөр ямар эд зүйлүүд байсан талаар нь санахгүй байна. Тухайн үед Т ах цэрэгт ах нь ийм байсан тийм байсан гээд яриад авчирсак пивоноосоо ганцаараа уугаад суугаад байсан намайг уух уу гэхээр нь би ууддаггүй гэсэн чинь ахын дүү тэвчээр л шаарддаг юм даа чиний насны хүүхдүүд уухгүй байна гэж байдаггүй юм ах нь хэдэн настайдаа гэлээ санахгүй ангийнхаа хүүхдүүдтэй нийлж уудаг байсан гэж хэлсэн. Би авчирсан талх хаимнаас нь идсэн. Д.Т ах тэгэж байснаа ахын дүү унт унт ах нь чимээ гаргахгүй унтана гэсэн. Тэр шөне Д.Т ах манай гэрт унтаагүй авчирсан юмнаасаа ууж, идээд тамхи угсруулж татаад орилж чарлаад унтаагүй. Тэгээд өглөө 7-8 цагийн үед манай гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Гэрч Ч.З-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...Д.Т нь 1993 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 2015 онд Төв аймагт 1 жилийн цэргийн алба хааж байсан. Д.Т нь миний төрсөн дүү Ж гэх хүний төрсөн хүүхэд нь байгаа юм. Түүний төрсөн аав Ж Д.Т-ыг ээжийнхээ гэдсэнд байхад аянганд нэргүүлж нас барсан. Д.Т аавыгаа нас барсны дараа 1993 оны 11 дүгээр сард төрж байсан. Манай нөхөр Д бид хоёр түүнийг төрөөд 5 сартай байхад ээжээс нь өргөж аваад өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авч байсан. Багаас нь нөхөр бид хоёр түүнийг өсгөж хүмүүжүүлж хүн болгосон. Д.Т манай нөхөр Д-оор овоглож явдаг ..." гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн

“... 1. Үзүүлэгч Д.Т нь хэсэгчилсэн уналт таталт зан төрхийн ужиг өөрчлөлт мэдрэлийн өвчин эмгэгтэй.

2. Үзүүлэгч Д.Т нь  хэсэгчилсэн уналт таталт зан төрхийн ужиг өөрчлөлт мэдрэлийн өвчин нь олдмол өвчин юм.

3. Үзүүлэгч Д.Т 2011 оноос олдмол хэсэгчилсэн уналт таталт зан төрхийн өвчин үе үе сэдэрдэг.

4. 2018 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд ямар нэг өвчнөөр өвчилсөн эсэхийг одоо тогтоох боломжгүй

5. Д.Т нь хэрэг хариуцах чадвартай.

6. Цаашид сэтгэц эмгэг судлалын шинжилгээгээр СЭМҮТ-д хийлгэх шаардлагатай...” гэх дүгнэлт /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 244 тоот актын:

"...1.Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар авсан 2 ширхэг гутлын улны мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. Д.Т-ын гутлын улны мөр хэргийн газраас ирүүлсэн гутлын улны мөр хоорондоо тохирч байна.

З. Ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-84 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 243 тоот актын:

"...1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан 8 ширхэг гарын мөрний 1,3,6,7 гэсэн дугаартай гарын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. 2,4,5,8 гэж дугааралсан 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

З. Д.Т-ын гарын хээтэй дардастай хэргийн газрын үзлэгээр илрүүлэн бэхжүүлж хураан авсан 1, 7 гэж дугаарласан гарын мөртэй тохирч байна.

4. Д.Т-ын гарын хээний дардастай 1, 7 гэж дугаарласан гарын мөр нь салаалалт, нийлэлт, арал, хээний төрөл, дельта зэрэг шинж тэмдэгээрээ тохирч байна..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 93-96 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Т-ын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт байрлах “Гуа хайрхан” дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч шар айраг, архи, ундаа, хиам, лаазалсан загас, тамхи зэрэг эд хөрөнгийг хууль бусаар авч Ш.Д-д 177 300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Ш.Д-ы мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 42-46 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Б, гэрч Б.С нарын мэдүүлэг /хх-ийн 47-52, 61-62 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 244 тоот актын: "...1.Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар авсан 2 ширхэг гутлын улны мөр шинжилгээнд тэнцэнэ. 2. Д.Т-ын гутлын улны мөр хэргийн газраас ирүүлсэн гутлын улны мөр хоорондоо тохирч байна. З. Ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-84 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 243 тоот актын: "...1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан 8 ширхэг гарын мөрний 1,3,6,7 гэсэн дугаартай гарын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. 2,4,5,8 гэж дугааралсан 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. З. Д.Т-ын гарын хээтэй дардастай хэргийн газрын үзлэгээр илрүүлэн бэхжүүлж хураан авсан 1,7 гэж дугаарласан гарын мөртэй тохирч байна. 4. Д.Т-ын гарын хээний дардастай 1,7 гэж дугаарласан гарын мөр нь салаалалт, нийлэлт, арал, хээний төрөл, дельта зэрэг шинж тэмдэгээрээ тохирч байна..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 93-96 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Д.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.Д нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Т-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг /1 хос/ гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг дурдаж, шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдаж байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ү овогтой Д-ын Т-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Т-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг /1 хос/ гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Т-д буцаан олгосугай.

5. Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Б.САРАНТУЯА