Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 205/МА2023/00001

 

 

Ё.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 141/ШШ2022/00234 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн *******гийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлоор 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* онд төрсөн, одоо Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллан амьдарч байна. Би *******гийн ******* гэдэг нэртэй байж байгаад 2011 онд тодорхой шалтгааны улмаас нэрээ сольж ******* болгон өөрчилсөн. Архиваас 1998-2020 оны малын А дансны лавлагаа авахад 2012, 2013, 2014, 2015, 2016 онуудын малын А дансны лавлагаа Ё.******* нэрээр гарсан байна. Нийгмийн даатгалын байцаагчид хандахад дээрх онуудын малын А дансны нэр зөрсөн байна гэсэн учир шүүхэд хандах шаардлага үүссэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж заагаад 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж хуульчилжээ. Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан /дугааргүй/ зөвлөмжийн 2 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасан үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтийг иргэн, хуулийн этгээд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасны дагуу гаргана гэжээ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т ...иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримтыг гэж малын А дансыг хуульчлан шаарджээ. Миний хувьд нэр сольсон бүртгэлийг 2011 онд хийлгэснээс хойш 2012-2016 оны малын А дансыг миний хуучин нэрээр бүртгэж архивт шилжүүлсэн учраас тухайн баримтыг сэргээх өөрчлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Ё.******* нэрээр гаргасан Завхан аймгийн Архивын тасгийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/1420 дугаартай лавлагааг үндэслэн *******гийн *******г Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа Ё.******* нэрээр 2012 онд 72, 2013 онд 138, 2014 онд 120, 2015 онд 137, 2016 онд 143 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 141/ШШ2022/00234 дугаар шийдвэрээр

1. Хүсэлт гаргагч Ё.*******гийн шүүхэд ирүүлсэн Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа Ё.******* нэрээр 2012 онд 72, 2013 онд 138, 2014 онд 120, 2015 онд 137, 2016 онд 143 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ё.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлын агуулга:

Миний бие нь Ё.*******гийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1612 дугаартай шийдвэрийг 2022 оны 11 дугаар сарын 22-ны гардаж авч танилцаад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт "Эрх зүйн ач холбогдол бүхий дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно" гэж заагаад 135.2.14 дахь хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал" гэж хуульчилжээ.

Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас 2012 оны 12 дугаары 24-ний өдөр гаргасан /тогтоолын дугааргүй/ зөвлөмжийн 2 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасан үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтийг иргэн хуулийн этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэсэн зөвлөмж гаргажээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.13 иргэн малчин бол хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиасаа хөдөлмөр эрхлэгч бол хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримтыг гэж малын А дансыг хуульчлан шаарджээ.

Нэхэмжлэгч Ё.*******гийн хувьд 2012-2016 онд түүний малыг тоолж бүртгэхдээ тухайн үеийн багийн дарга нь ******* нэрээр бүртгэж архивт шилжүүлсэн байдаг.

Энэ баримтыг архиваас өөрчлөн авах, мөн 2012-2018 оны мал тооллогын бүртгэлийг сэргээн тогтоолгох ямар ч боломжгүй учраас ИХШХШТ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холболдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг ******* нэрээр 2012-2016 онд малын А дансны лавлагаа гарсан..., ... нэр сольсон лавлагаагаар ямар хугацаанд Е.*******, ямар хугацаанд Ё.******* нэрээр нэрлэгдэж байсан талаар дүгнэлт хийх боломжтой байна.... гэсэн дүгнэлтийг хийж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Ё.******* нь 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэр сольсон болох нь энэ талаарх Улсын бүртгэлийн хэлтсийн 2281801000017 дугаартай лавлагаагаар тогтоогддог бөгөөд 2012 оноос хойш уг малын тооллого ******* нараар тоологдох естой байсан. Гэтэл 2012-2016 онуудад Ё.******* нэрээр мал тооллогын бүртгэлийг бүртгэж архивт шилжүүлсэн учраас тухайн үйл явдлыг архив өөрчлөх, нөхөн тоолуулж бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ё.******* нь 2010 онд ******* гэдэг нэртэй байж байгаад 2011 онд ******* гэж өөрчилсөн байдаг. Үүнээс хойш 2012-2016 оны малын А дансны тухайн үеийн багийн дарга бүртгэж архивд шилжүүлэхдээ ******* гэдэг нэрээр нь бүртгээд шилжүүлсэн. Малчинаар тэтгэвэрт оръё гэхээр 2012-2016 оны малын А данс нь ******* гэдэг нэрээр гараад ******* гэдэг хүний малчны тэтгэврийг ******* гэдэг хүний малын А дансаар тогтоох боломжгүй болоод байгаа юм. Үүнийг яах вэ? гээд судлахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох шаардлага үүссэн. 2012-2016 оны малын А дансыг багийн дарга нар тухайн ондоо тоолж архивд шилжүүлсэн үйл явдлыг дахин сэргээх боломжгүй байгаа. Ё.*******гийн тухайн үед маллаж байсан мал нь амьд байхгүй бөгөөд тухайн үеийн багийн дарга нар нь ажиллахгүй болсон байгаа. Сэргээн тогтоож архивд шилжүүллээ гэхэд архивын баримтын шаардлага хангах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Улсын дээд шүүхийн иргэний танхимаас 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зөвлөмжөөр үйл явдлыг батлах баримт бичиг, өөр журмаар олж авах боломжгүй болсон тохиолдолд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг оршин суугаа газрын шүүхээр тогтоолгоно гэсэн байгаа. Энэ үндэслэлийн дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс эрх зүйн ач холбогдолгүй гэж дүгнэлээ энэ үйл явдлыг тогтоох шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалыг нөхөн тооцох тухай хуульд малчин энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын А дансыг гэж хуульчлан шаардсан. Мөн Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор батлагдсан малчин тэтгэвэр тогтооход баримтлах журам байгаа. Энэ тогтоолын 3.2-т малчин 1995 оноос хойших хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг шаардсан байгаа. Ингээд А дансаа гаргах гэхээр хуучин нэрээр нь тухайн үеийн багийн засаг даргын хариуцлагагүй байдлаас болж архивд ******* нэрээр шилжсэн учраас нэр нь зөрж тэтгэвэрт орох боломжгүй байдал үүссэн. Энэ үйл явдлыг тогтоосноор өөрөө ямар ач холбогдолтой юм бэ гэхээр. ******* буюу ******* гэдэг хүн тэтгэвэрт орох эрх үүсэх эрхзүйн ач холбогдолтой гэж үзэж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 14-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж *******г 2012 онд Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа ******* нэрээр 2012 онд 72, 2013 онд 138, 2014 онд 120, 2015 онд 137, 2016 онд 143 толгой малыг тоолуулж байсан үйл явдлыг тогтоолгох шаардлагатай гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ё.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа Ё.******* нэрээр 2012 онд 72, 2013 онд 138, 2014 онд 120, 2015 онд 137, 2016 онд 143 толгой мал тоолуулж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа би *******гийн ******* гэдэг нэртэй байсан. 2011 онд тодорхой шалтгааны улмаас нэрээ ******* болгож өөрчилсөн.

Би архиваас 1998-2020 оны малын А дансны лавлагаа авахад 2012, 2013, 2014, 2015, 2016 онуудын малын А дансны лавлагаа Ё.******* нэрээр гарсан байна. Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримтыг гэж малын А дансыг хуульчлан шаардсан. Миний бие нэр сольсон бүртгэлийг 2011 онд хийлгэснээс хойш 2012-2016 оны А дансыг миний хуучин нэрээр бүртгэж архивд шилжүүлсэн учраас тухайн баримтыг сэргээх өөрчлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэжээ.

Улсын бүртгэлийн газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22812801000017 лавлагаа, гэрч С., Ж., Ц. нарын ******* нь ******* гэдэг нэртэй байсан, н гэх агуулга бүхий мэдүүлгээр *******ы ******* нь 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *******ы ******* болгож нэрээ өөрчилсөн үйл баримт тогтоогдсон байна.

Ё.******* нь 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө Ё.******* нэрээр нэрлэгдэж, мал тоолуулж байсан ба энэ байдал өөрчлөгдөөгүй 2012 онд 72, 2013 онд 138, 2014 онд 120, 2015 онд 137, 2016 онд 143 малыг мөн Ё.******* нэрээр тоолуулж байсан байдал архивын лавлагаанд тусгагдсан байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч үйл баримтыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал биш гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дахь хэсэгт иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт эрх зүйн ач холбогдолтой үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна.

Нэхэмжлэгч Ё.******* нь 2012-2016 онд Ё.******* нэрээр малаа тоолуулж байсныг тогтоолгох нь Ё.******* нь Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд зааснаар малчнаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхэд ач холбогдолтой байна.

Хэрэгт авагдсан архивын баримтад Ё.*******, /Ё.*******/ нэрээр мал тоолуулсан талаарх мэдээллийг агуулсан байх бөгөөд Ё.******* нь мал тоолуулсан гэж үзэхэд эргэлзээтэй энэ нөхцөл байдлыг шүүх Ё.*******гийн нэрээ сольсон гэх хэрэгт авагдсан баримттай харьцуулан үнэлж, Ё.******* нь 2012-2016 онд мал тоолуулсан гэх үйл явдлыг тогтоох нь Ё.*******д эрх зүйн ач холбогдолтой байна.

Эрх зүйн ач холбогдол бүхий дээрх үйл явдлыг шүүхийн бус журмаар сэргээх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, архиваас Ё.******* /Ё.*******/ нэрээр мал тоолуулсан баримтыг Ё.******* нэрээр өөрчлөн гаргуулах, тухайн үеийн мал тооллогыг болон түүний бүртгэлийг сэргээн засварлах боломжгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбар үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Ё.******* нь мал тоолуулсан нь Завхан аймгийн архивын тасгийн 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн А/1420 дугаартай албан бичигт илт тодорхой, нотлогдсон үйл баримтыг шүүх онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж үзэхгүй дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч нь энэ талаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл эрхгүй болох үр дагаврыг үүсгэсэн, мөн нэхэмжлэгч энэ талаар хаана, хэрхэн хандах нь ойлгомжгүй, дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн байна.

Иймд хэрэгт авагдсан анхан шатын шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн давж заалдах шатны шүүхээс эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 141/ШШ2022/00234 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан *******гийн ******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа Ё.******* нэрээр 2012 онд 72, 2013 онд 138, 2014 онд 120, 2015 онд 137, 2016 онд 143 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Б.АРИУНБАЯР