| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/07068/и |
| Дугаар | 192/ШШ2026/02303 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2026/02303
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, ******** гудамж, ******* байр, ******тоотод байрлах, Г****** ББСБ ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ч.Б****** сураггүй алга болсонд тооцуулахыг хүссэн хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Данзан,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г*********л ББСБ ХХК нь Ч.Б******* сураггүй алга болсонд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г***** ББСБ ХХК нь Ч.Б**** 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 138,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр ҮБГ2009/** тоот барьцааны гэрээ байгуулж Ү-2*******, Y-2*******, Y*********дугаар бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэвч зээлдэгч Ч.Батцогт нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Г******** ББСБ ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Ч.Б***** нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, *** дугаар байрны **** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү Г******* ББСБ ХХК нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/01079 дугаар шийдвэрээр Ч.Б******* эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн.Тус хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэрийн дагуу Ч.**** эрэн сурвалжлах ажиллагаа Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 4 жил үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд Ч.Батцогт нь 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын хилээр гарсан болох нь тогтоогдсон. Зээлдэгч Ч.Б***** эгч Ч.С****** с тодруулахад Америкийн Нэгдсэн Улс руу гарсан, холбоогүй байгаа гэжээ. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т "Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх сураггүй алга болсонд тооцож болох", 23.2-т Сураггүй алга болсонд тооцогдсон этгээдийн эд хөрөнгөд шүүхээс эрхлэн хамгаалалт тогтоох бөгөөд тухайн этгээдийн асрамжид байсан хүмүүсийг тэжээн тэтгэх, хуулиар тогтоосон журмын дагуу татвар, хураамж төлөх, бусдын өмнө хүлээсэн үүргийн дагуу өр төлбөрийг төлж барагдуулах зэрэг хууль ёсоор гүйцэтгэвэл зохих үүргийг уг эд хөрөнгөөс гүйцэтгэх тухай тус тус заасан. Зээлдүүлэгч Г********* ББСБ ХХК-ийн хувьд зээлдэгч Ч.Б****** д холбогдуулан шаардлага гаргах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг зээлийн хөрөнгөө эргүүлэн авах ажиллагаа хийх хүсэл зоригтой боловч хариуцагч нь сураггүй алга болсон тул эрх зүйн хувьд олон саадтай байдал үүсэж байна. Иймд оршин сууж байсан газраасаа явснаас хойш олон жил /хилээр гарснаас хойш 2 жил/ огт сураггүй болсон Ч.Б********г сураггүй алга болсонд тооцож өгнө үү гэв.
2. Хэрэгт Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г******** ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны 1079 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсийн 2025.06.05-ны өдрийн 3011/1-3/**** тоот, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхээс шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 192/ШЗ2025/*** дугаар, 2025 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 192/ШЗ2025/**** дугаар тус тус захирамжийн дагуу шүүхэд ирүүлсэн 52-236 хүртэлх хуудаст авагдсан нотлох баримтууд тус тус авагджээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Г****** ББСБ ХХК нь Монгол улсын иргэн Ч**** овогт Ч.Б******* /РД:ХА*********/-ыг сураггүй алга болсонд тооцуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг уг иргэний сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд, хэрэв сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын харьяалах шүүхэд гаргана” гэж тус тус заажээ. Иргэн Ч.Б*********н сүүлчийн оршин сууж байсан хаяг Хан-Уул дүүрэг * дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, *** дугаар байрны ** тоот хаягт бүртгэлтэй байсны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргасан нь хуульд нийцжээ. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.2-т заасны дагуу сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хуульчилсан ба шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заасан байна. /х.х-ийн 85 тал/
Г******** ББСБ ХХК нь иргэн Ч.Б***** сураггүй алга болсонд тооцуулах зорилгоо 2020 оны ** дүгээр сарын **-ны өдөр хийсэн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж үндэслэлээ хүсэлтэд заажээ.
Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-т “Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх сураггүй алга болсонд тооцож болно” гэжээ.
Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 192/ШЗ2025/38605 дугаар захирамжийн дагуу Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтад “... Тус хэлтсээс 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 30ж1-3/3482 дугаартай алба тоотоор “**********” ББСБ-д Ч.***** (РД: *******)- ийг эрэн сурвалжлан ажиллаж байгаа талаар мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагын ASAP санд 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 54********** дугаараар Ч***** овогтой Б***** (РД: ХА*****0-ыг “Шүүхээс даалгасан бусад хүн” төлөвөөр эрэн сурвалжлалт зарласан. Ч.Б******* 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан болохыг цагдаагийн сургагч ахлагч В.М******* тогтоож эрэн сурвалжлалтыг 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүн эд зүйлс олдсон төлөвөөр зогсоосон байна. Ч.****** 2026 оны 01 дүгээр сарын 16-ны байдлаар Монгол Улсын хилээр Орж ирсэн бүртгэл байхгүй бөгөөд тус хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагын ASAP санд 5411059********* дугаараар “Шүүхээс Даалгасан бусад хүн” төлөвөөр эрэн сурвалжлалт зарлан эрэн сурвалжлах ажил арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байгааг танилцуулъя...” гэснээс үзвэл Ч.Б********** Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, түүнийг 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны байдлаар Монгол Улсын хилээр орж ирээгүй болохыг тогтоодсон байна. /х.х-ийн 232-236 тал/
Сураггүй алга болсонд тооцуулах иргэн Ч.Б****** нь Банк, санхүүгийн харилцаанд оролцож байгаа болох нь Хас банкны Ч.Б******* 500******* дугаартай дансны зээлийн төлбөр төлж байгаа дансны хуулгаар, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар, хаана амьдарч байгаа болох нь төрсөн эгч Ч.С******* болон Ч.Б *******шүүхийн и-мэйл хаягаар ирүүлсэн цахим захидал, Ч.С******* иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 66-69,77, 103-111, 230 тал/
Өөрөөр хэлбэл иргэн Ч.Б******* нь шүүхийн и-мэйл хаягт “ ... Сайн байна уу. Ч******* овогтой Б*******т (ХА*******) миний бие одоогийн байдлаар гэр бүлийн хамт АНУ-д доор дурдсан хаяг дээр амьдарч байгаа болно.
/******* E Algonquin rd. Apt. 3G
Chicago, IL*******, USA /
Г******* ББСБ ХХК-с гаргасан нэхэмжлэлийн хувьд өөрийн Монголд байгаа төлөөлөгчөөр дамжуулан харилцах болно
Ч.Б*******
2026-01-19...” гэж ирүүлснээс үзвэл тэрээр “1******* Зүүн Алгонкуин зам. ******* байр Чикаго, Иллинойс *******, АНУ” гэх хаягт амьдарч байх ба сураггүй байгаа, сураггүй алга болсон нөхцөл байдал дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна. /х.х-ийн 231 тал/
Иймд иргэн Ч.Б******* нь хамаатан садантайгаа холбоо барьж байгаа, оршин суух хаягаа тодорхойлж байгаа, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа, Хас банкнаас зээлсэн зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаагаас тус тус дүгнэвэл сураггүй алга болсонд тооцох үндэслэл тогтоодохгүй байна гэж шүүх дүгнэж хүсэлт гаргагчийн иргэн Ч.Б******* сураггүй алга болсонд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Ч******* овогт Ч******* Б******* /РД:ХА*******/-ыг сураггүй алга болсонд тооцуулах тухай Г******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ