Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/83

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж

Нарийн бичгийн дарга: Н.Ням

Улсын яллагч: Д.Алимаа,

Гэрч: М.Батбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд

Шүүгдэгч: Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогтой Ц-ийн Л-д холбогдох эрүүгийн 1827000450067 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.              

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ...... газар оршин суух, малчин, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, М овогтой Ц-ийн Л,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Л нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Сөрт” гэх газар Д.Дтой маргалдан түлхэсний улмаас зуух руу унаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Ц.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Би хүүхдийн угаалганы найранд оччихоод явахдаа мотоциклио орхиод явсан. Тэгээд шөнө охинтойгоо хамт очиж мотоциклио авсан. Д.Д-ийн зүүн талын орон дээр сууж байсан. Д.Д хойд орон дээрээ унтах гээд хэвтэж байсан. Намайг чи шөнө болсон хойно юу хийж яваа юм шавах руу горьдож байгаа нохой шиг гэсэн. Гэтэл Ц.С босч ирээд зуухны урд руу цохиж унагасан. Намайг гэрийн гадна зодсон. Тэгээд би С-ын доороос босч чадахгүй болохоор нь охиноо гэрт ороод Д.Д ахыгаа дуудаад салгаад өг гээд гаргаад ир гэж хэлсэн. Тэгтэл Д.Д гарч ирээд намайг 2 өшиглөчихөөд Ц.С-ыг аваад явсан. Тэгээд би мотоциклио аваад гэртээ ирээд байж байтал миний чихнээс цус гараад байсан. Эхнэр чиний чихнээс цус гараад тогтохгүй юм байна гээд түргэн дуудсан байсан. Д.Д-той гэрт нь маргасан зүйл байхгүй. Зуух руу би түлхээгүй гэв.

Гэрч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            “...Бид 2 ямар нэгэн холбоо байхгүй. ...Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар хороо Сүүний үйлдвэрийн 4 дүгээр багт оршин сууж байгаа. ...Би согтуу байсан. Мэдэхгүй гэж хэлсэн. ...Би тухайн үед Д.Д-ийнд байсан. ...Ц.Л-г шөнө орж ирсэн гэдгийг мэдээгүй. ...Ц.Л, Ц.Ч 2 нь төрсөн ах, дүү 2 байгаа юм. Адилхан болохоор нь андуурсан байх. ...Би яг хэн түлхэж байхыг хараагүй. ...Хүн байгаагүй. Би согтуу байсан. Тэгээд сайн мэдэхгүй байна...” гэв.

Хохирогч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай гэрт хүүхдийн найр болсон юм. Тухайн үед манай нутгийн хүмүүс ирж архи айраг ууж хэрэглэсэн. Тэгтэл манай нутгийн Л- ирж агсам тавьж байгаад намайг зуух руу түлхсэн. Тэрний дараа манай нутгийн С Л-г аваад гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа би гэрээс гартал С Л- хоёр дээр доороо орж ноцолдож байсан. Тэгэхээр нь би больцгоо гэж хэлсэн. Тэгсэн чинь Л надруу дайрсан. Тэгэхээр нь Л-гийн цээж толгой хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн. ...тэгсэн Л би байжээ гээд гараараа намайг хориглосон тэр үед би гарын аясаар зуух руу унаж өөрийнхөө нурууны баруун хэсгийг хайрсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51, 92 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Хүмүүс явсны дараа манай нутгийн Л Д-ийг зуух руу түлхсэн. Тэр үед Д- нуруу хэсгээрээ дээш харж зуухан дээр ойчсон. Тэгтэл гэрт байсан С ах Л-г гэрээс аваад гарсан. ...Тэрийг сайн мэдэхгүй байна. Намайг гадаа гарч бие засчихаад гэрт орж ирсэн чинь Л- ахтай манай нөхөр барилцаж аваад байсан. Тэгтэл Л ах Д-ийг зуух руу түлхсэн. ...Л- ах С ахаас хэрүүл өдөөд байхаар нь манай нөхөр Д Л ахыг та одоо гэртээ оч согтуу байна гэж хэлсэн чинь манай нөхрийг барьж аваад зуухан дээр дарж унасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34, 54 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Сын мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлсэн:

“...Д-той гэрийн багана дундуур барилцаж аваад Д-ийг зуух руу түлхсэн. Тухайн үед Д унтах  гээд хувцасаа тайлчихсан цээж нүцгэн байсан. Зуух тийм айхтар халуун байгаагүй. Иймд Д-ийн нуруу бага зэрэг түлэгдсэн. Тэрний дараа би Л-г чирээд гэрээс гарсан. ...Тэгэхэд Л, Д бид 3 мгурван талаас суудлаасаа босоод гурвалжин дөрвөлжин юм болсон. Д зуухруу унасан. Би тэр үйл явдлыг бодохдоо Д-ийг түлхсэн гэж бодсон. Үнэхээр май чи гээд түлхэхийг хараагүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 55, 96 дугаар хуудас/,

 Гэрч Ө.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний хувьд архи дарс ууж согтсон зүйл байхгүй. Хүү Д-ийнхоос харанхуй болсон байхад Ч бид хоёр явсан. Бид хоёрыг явснаас хойш юу болсон талаар мэдэхгүй. Дараа нь манай хүүгийн ар нурууны хэсэгт түлэгдсэн харагдсан. Намайг хүүгийнд байхад хэрүүл маргаан зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ч.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Аав бид хоёрыг гэрт ороод сууж байхад миний аав руу Д ах гэрийнхээ хойд талын орон дээр сууж байснаа май гэж хэлээд салаавч өгсөн. Тэгсэн чинь аав яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл С гээд байгаа ах миний аавыг босож ирээд цохисон. Тэгтэл миний аав газар ойчсон. С аавын үснээс чирээд гэрээс гаргаж зодсон. ...Хэрүүл маргаан бол эхэлж Д ахаас гарсан учир нь миний аав руу салаавч гаргасан. Тэгтэл С аавыг зодсон. Ямар учраас цохиж зодсон талаар мэдэхгүй. Д ахын гэрийн баруун талын орон дээр Хишигдорж ах согтуу сууж байсан. Хишигдорж ахын доод талд нь С гэж хүн сууж байсан. Харин Д ахын эхнэр нь хойд талын орон дээр хүүхдээ тэврээд хэвтэж байсан. Түүний хажууд буюу орон дээр Д ах сууж байсан. Д ахын урд буюу гэрийн гол хэсэгт ширээ байсан. Харин аав бид хоёр гэрийн зүүн талын орон дээр сууж байхад С босож ирээд аавыг цохисон. Тэр үед Д хойд орон дээрээ сууж л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний ах Л нь хүнлэг даруухан зан чанартай хүн байгаа юм. Л нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Сөрт” гэх газарт эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Гэрч С.А-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Миний хувьд хэрэг учрал болох үед байгаагүй учир нарийн учрыг сайн мэдэхгүй. Гэхдээ М.Батбаяр гэгч манайд 2017 оны 12 дугаар сард өвөл ирсэн байсан. Тэр үед Батбаяр надад ярихдаа танай хүргэн манай хүргэнийг яагаад цагдаа дээр байлгаад байгаан гэж ярьсан. Тэгэхээр нь би хариуд нь мэдэхгүй, зууралдаад салахгүй юм гэж хэлсэн. Намайг хүүхдийн угаалганд оччихоод шөнө нь гэрт унтаж байхад Ч, Б хоёр хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэн гэсэн. Тэгээд эхийгээ өмөөрөөд Д-ийг босч ирэхэд нь Ч зуух руу түлхсэн юмаа гэж хэлсэн. Дээрх зүйлийг ярьсан. Тэгэхээр нь манай хүргэн биш түүний ах Д-ийг түлхсэн гэсэн утга гарч ирж байгаа юм. Б-ыг дээрх зүйлийг ярихад манай хүүхэд Г бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/,

Гэрч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Намайг хүргэн Д-ийнд унтаж байхад Л-гийн ах Ч гаднаас орж ирсэн байсан. Ч-ийн эхнэр Б гэрийн хоймор хэсэгт газар унтаж байсан. Би зүүн талын орон дээр унтаж байсан юм. Тэгэхэд Ч эхнэр рүүгээ уурлаад бос гэж хэлж сонсогдсон. Тэгсэн xvү Д- нь уурлаад Ч-той барилцаж аваад унахад Д дээгүүрээ цээж нүцгэн байсан тул унахдаа халуун байсан зуух руу ар нуруугаараа унасан. Би дээрх үйл явдал болох үед гэрт унтаж байгаад сэрсэн байсан үе юм. Шөнө хэдэн цагийн үед болсныг мэдэхгүй байна. Дээрх үйл явдап болох үед гэрт Б, С, манай охин Б, Д нар байсан өөр хүн байгаагүй. Ч, Д хоёрыг барилцаж авч ноцолдох үед манай охин салгасан. Өөр хүн амьтан салгаагүй. Д-ийн нуруу түлэгдсэнийг маргааш өглөө нь харсан. Тэр шөнө мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 100 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №456 тоот актын:

"...1. Д-ийн биед нуруу болон бүсэлхий нуруунд эдгэж буй сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь халуун зүйлд хайрагдах үед үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюул учрулахгүй.

4.Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Л-гийн талаарх Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 301 дугаартай тодорхойлолт /хх-ийн 77 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Л-гийн ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Ц.Л нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Сөрт” гэх газар Д.Д-той маргалдан түлхэсний улмаас зуух руу унаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт үйлдсэн болох нь

Хохирогч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Б, Ц.С нарын мэдүүлэг /хх-ийн 35, 54-55, дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үзлэг хийсэн №456 тоот актын: "...1. Д-ийн биед нуруу болон бүсэлхий нуруунд эдгэж буй сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь халуун зүйлд хайрагдах үед үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюул учрулахгүй.  4.Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Ц.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Прокуророос хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад Ц.Л-г яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн учраас хэрийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж тайлбарласан байна. Хэдийгээр прокуророос яллагдагчаар татсан нь хуулийн үндэслэлтэй боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэл тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

            Хохирогч Д.Д нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогтой Ц-ийн Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Л-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Б.САРАНТУЯА