2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2026/03019

 

 2026              03             18                                                 192/ШШ2026/03019                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ** /РД:**/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ** /РД: **/-д холбогдох,

 

30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.О миний бие Т.Т-тай 2025 оны 1 сард БНХАУ-ын Шаньдун мужийн гурилын үйлдвэрээс 35 тонн гурилыг худалдан авахаар харилцан тохиролцож Т.Т-ийн нэр заасан данс руу гурилын үнэд 52 195 840 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн захиалсан гурилыг тээвэрлүүлэхээр БНХАУ-ын Шаньдун мужаас Эрээн хот хүртэлх бараа тээвэрлэлтийн зардалд 3 011 400 төгрөгийг Т.Т-аар дамжуулж Хаан банкны Э.А эзэмшигчтэй ** тоот данс руу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Харин БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэлх тээврийг Т.Т-ийн хэлсний дагуу түүний төрсөн дүү болох Т.Э-аар хийлгэхээр болсон бөгөөд тээврийн хөлсөнд нийт 30 000 000 төгрөгийг Т.Э-ны Хаан банкны ** дугаартай данс руу дараах байдлаар урьдчилан шилжүүлсэн байдаг. Үүнд, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөгийг "** гурил тээвэр" гэсэн гүйлгээний утгатайгаар 5 000 000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөгийг "94007283 /35 тонн гурил тээвэр" гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 30 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Замын-Үүдийн гааль дээр тээвэрлүүлэх гэж байсан гурил гаалийн мэдүүлэг буруу мэдүүлснээс хураагдсан гэж Т.Т хэлсэн бөгөөд Улаанбаатар хот руу гурилыг тээвэрлэлт хийх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл тээвэрлүүлэх гэж байсан гурил хураагдсан тул Т.Э нь Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэлх тээврийг хийж гүйцэтгээгүй болно. Иймд БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл бараа тээвэрлүүлэхээр шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг Т.Э-аас гаргуулж өгнө үү.” гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн нөхцөл байдал маш тодорхой. Нэхэмжлэгч анх Т.Т гэдэг хүнтэй танилцаад харилцан тохиролцоод 35 тонн гурилыг худалдаж аваад Монгол улсад оруулж ирэхээр тохирсон. Д.О, Т.Т хоёрын хооронд харилцан тохиролцоо үүссэн. Т.Т нь гурилаа нийлүүлээд гурилын тээврийн ажлыг өөрийн төрсөн дүү Т.Э-д даалгасан. Гурилын үнэ 52 000 000 төгрөгөөс гадна Д.О буюу нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүл гэсний дагуу бодитоор шилжүүлсэн. Тээвэрлэлт хэрхэн явагдах асуудал дээр нэхэмжлэгчийн оролцоо байхгүй. Зөвхөн манай захиалсан барааг Монгол улсад оруулаад ир үүний хөлсөнд 30 000 000 төгрөгийг Т.Э-ны данс руу шилжүүлсэн. Нэгэнт зөвшөөрөлгүйгээр гурил оруулж ирсэн нь Т.Т нь зөвшөөрөлтэй мэт ойлголтыг нэхэмжлэгчид өгөөд түүнийгээ дүүдээ хэлсэн. Т.Т болон түүний дүү тухайн барааг гурил гэдгийг мэдсэн хэр нь Монгол руу явуулах боломжтой гэх ойлголтыг нэхэмжлэгчид өгч нийт 82 000 000 төгрөг аваад явсан. Д.О-ийн нөхөр н.Д нь бараагаа алдахгүйн тулд дуудлага худалдаанд орж тухайн гурилыг авсан. Үндсэндээ нийт 120 000 000 төгрөгийн хохирол гаргасан. Бодит байдал дээр хууль бусаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардаж байгаа. Т.Э, Д.О нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Т.Т-тай харилцан тохирсон. Т.Э нь Т.Т-ийн заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан учир Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр хариуцагч руу шилжүүлсэн мөнгө шаардаж байгаа. Нэхэмжлэгч хариуцагчид төлбөр шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байна. Энэхүү шилжүүлэг нь эрх зүйн үндэслэлгүй болох нь оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30 000 000 төгрөгийг Т.Э-аас гаргаж өгнө үү  гэв.

 

3. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч над руу 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Манайх тээвэр хийж гүйцэтгэсэн буюу Эрээнээс Замын-Үүд хүртэл тээвэрлэсэн ба Улаанбаатар хот оруулах зорилготой байсан. Манайх тээврийн үүргийг гүйцэтгэсэн. Надад анх гурил гэж хэлээгүй ба надад эрдэнэшишийн цардуул гэж хэлсэн. Манайх зөвхөн тээврийн компани болохоос тусгай зөвшөөрөлтэй байгаад нэхэмжлэгчийн гурилыг манайх оруулж ирж чадна гэсэн зүйл биш. Манай эгчтэй Д.О болон түүний нөхөр н.Д нар ярилцаад, тохиролцоод аман гэрээ байгуулж, мөнгийг нь миний данс руу шилжүүлсэн. Манайхыг тусгай зөвшөөрөлгүй гэж тухайн барааг хураан авсан. Би эрдэнэшишийн цардуул гэж гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн. Гэтэл бодит байдал дээр тухайн эрдэнэшишийн цардуул нь гурил байсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тусгай зөвшөөрөлгүйн улмаас гааль гурилыг хурааж авсан. Жолооч гэдэг хүн байгаа ба тухайн хүний машин Замын-Үүдийн ложистик дээр ирээд 1 сар гаруй хугацаа болж байгаа. Жолоочийн тээврийн зардлыг 30 000 000 төгрөгөөс 4 500 000 төгрөг, 5 000 000 төгрөг, 2 500 000 төгрөг бэлэн мөнгөнүүд хоногийн алдангийн мөнгө зэргийг тооцож жолоочид өгсөн ба тухайн жолооч нь өдрийн 500 юань гэсэн боловч ярьж тохиролцож гуйгаад нэг өдрийн 300 юань өгөхөөр тохирч өгч байсан. Энэ талаар баримтуудыг өгсөн. Мөн нэмээд н.Ц гэх гаалийн бүрдүүлэлт хийдэг хүнд бүрдүүлэлт хийлгэхээр 16 000 000 төгрөгийг төлсөн гэв.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ямар харилцаа анх үүссэн талаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдсан. Гурил тээвэрлүүлэхээр анх харилцаа үүссэн. Хавтаст хэрэгт авагдсан гүйлгээний баримтуудыг харвал 30 000 000 төгрөг шилжиж орж ирэхдээ тээвэр хөлс гэж орж ирсэн. Нэхэмжлэгч тал хүсэл зоригоо ийм байдлаар илэрхийлсэн. Хариуцагчийн зүгээс гэрчийг асуухдаа тухайн тээвэрлэх барааг Эрээнээс Замын-Үүд хүртэл авч ирсэн гэдэг үйл баримт тогтоогдсон ба цааш улсын хилээр гарах гэхэд ямар бараа хураагдах бэ гэхэд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа гэж заасан. Улсын хилээр нэвтрүүлэхдээ дагалдах бичиг баримтыг бүрдүүлэх үүрэг нь захиалагч талд байдаг. Үүрэг гүйцэтгэхэд саад учруулж байгаа нөхцөл байдал нь хэний буруу юм. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж үүрэг гүйцэтгэгдэхгүй байна. Манайх үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор нэмэлт зардлууд гарч байсан ба жолооч энэ талаар хэлсэн. Гааль руу тээвэрлэж орж ирсэн машины барааг гааль дээр хурааж шалгахад буцаад зөвхөн тухайн тээврийн хэрэгсэл дээр нь ачиж гаргадаг. Энэ нөхцөл байдлын улмаас жолооч 15 000 000 төгрөгийн нэмэлт төлбөр авсан тухайгаа мэдүүлэг дээрээ хэлсэн. Зөвхөн тээврийн хөлснөөс гадна ийм нэмэлт зардал гарсан. Энэ асуудал дээр сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй талаар хэлэхэд нэхэмжлэгч талыг юмаа алдсан байгаа, монгол хүний жудгаа бодоод яахын гэсэн. Тохирсон тээврийн хөлсөөрөө дуусгачихъя гэсэн. Талуудын хооронд ийм эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд хэн аль нь үүргээ гүйцэтгэсэн байна. Үүргээ гүйцэтгэхэд саад болсон нөхцөл байдал нь хэнээс болсон бэ гэдэг ийм л зүйл байгаа гэв

 

5. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Голомт банкны Мемориалын баримт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэргийг,

Хариуцагчаас, хариу тайлбар, Хаан банкны дансны хуулга, Т.Б-ын тайлбар, Дорноговь аймаг Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Дуудлагын  худалдааны тэмдэглэл 01, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03202513088 дугаар Лабораторийн сорилтын дүн, 2884УЕС дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Т.Э-д холбогдуулан тээврийн хөлсөнд шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Т.Т-аар дамжуулан БНХАУ-ын Шаньдун мужаас 35 тонн гурил худалдан авахаар захиалсан бөгөөд Т.Т нь өөрийн дүү Т.Э-аар Эрээнээс Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлэх санал тавьсны дагуу тээврийн хөлс 30 000 000 төгрөгийг хариуцагчийн дансанд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Гэвч тээвэрлүүлэх гэж байсан гурил гаалийн мэдүүлэг буруу мэдүүлснээс хураагдсан, тээвэрлэлт хийгдээгүй тул тээврийн хөлсөнд төлсөн 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулна...” гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч “...нэхэмжлэгч над руу 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Манайх тээвэр хийж гүйцэтгэсэн буюу Эрээнээс Замын-Үүд хүртэл тээвэрлэсэн ба Улаанбаатар хот оруулах зорилготой байсан. Манай эгчтэй Д.О болон түүний нөхөр н.Д нар ярилцаад, тохиролцоод аман гэрээ байгуулж, мөнгийг нь миний данс руу шилжүүлсэн. Манайхыг тусгай зөвшөөрөлгүй гэж тухайн барааг хураан авсан. Би эрдэнэшишийн цардуул гэж гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн. Гэтэл бодит байдал дээр тухайн эрдэнэшишийн цардуул нь гурил байсан. Машин Замын-Үүдийн ложистик дээр ирээд 1 сар гаруй хугацаа болсон тул жолоочид өдрийн 300 юань өгсөн. Мөн нэмээд н.Ц гэх гаалийн бүрдүүлэлт хийдэг хүнд бүрдүүлэлт хийлгэхээр 16 000 000 төгрөгийг төлсөн...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

5. Зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байх хэдий ч мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэл эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байна.

 

6. Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 199 дугаартай, Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор “гурил”-ыг оруулахыг хориглосон байна.

 

7. Улсын хилээр оруулахыг хориглосон барааг тээвэрлэхээр тохиролцсон талуудын тохиролцоо нь хуульд нийцэхгүй тул хэлцэл эрх зүйн үр дагавар үүсгэх учиргүй. Өөрөөр хэлбэл, өгсөн авснаар харилцан буцаах үр дагавар үүснэ.

 

8. Нэхэмжлэгчээс хариуцагчид 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан талаар зохигчид маргаагүй болно.

 

9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Т.Э-аас 30 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Э-аас 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.О-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-т олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                            

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ